Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2020/0167/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              Г.Отгонзаяа 

Улсын яллагч                                                          Б.Бямбасүрэн

Өсвөр насны шүүгдэгч                                            Б.А

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч                    П.Амаржаргал                                                                                    

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч                  Д.Т

Шүүгдэгч                                                                  Г.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Д.Оюунцэцэг нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 17.1 дугээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон  овгийн Батцэнгэлийн А,  Библикашбагад овгийн Гэрэлгаравын Т нарт холбогдох 2039001070143 дугаартай хэргийг 2020 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Г.Т, Б.А нар нь бүлэглэн  2020 оны  02 дугаар сарын 07-08-нд шилжих  шөнө  Хэнтий аймгийн Биндэр   сумын  5 дугаар   багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Загаст Онон” хүнсний дэлгүүрийн  цонхоор  нууцаар, хууль бусаар, нэвтэрч  тамхи, утасны нэгж,  бэлэн мөнгө, бэлэн гоймон 3 ширхэг,  түмний кола ундаа  1 ширхэг зэргийг  авч бусдад  нийт 216.400 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Д өгсөн:...Би Хэнтий аймгийн  Биндэр сумын 5 дугаар багийн нутагт хүнсний дэлгүүр  ажиллуулдаг юм.  2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний  10 цагийн  орчимд дэлгүүртээ ирж  дэлгүүрээ онгойлгоход  манай дэлгүүрт хулгай орсон  байсан. Манай дэлгүүрийн урд талын цонх  хагарсан,  хамгаалалтын төмөр дотор тал руугаа  онгойсон байдалтай  байсан. Мөн  манай дэлгүүрийн  гадна гэрэл  унтарсан, манай  дэлгүүр лүү орсон цахилгаан утас тасарсан, хяналтын камер ажиллахгүй байсан.  Дэлгүүрээ онгойлгоод дотогш ороход лангууны ард талд  байсан хайрцагнуудыг гаргаад  дотор нь байсан хүмүүсийн мөнгөний хариултанд өгдөг 72 ширхэг 20 төгрөг, 13 ширхэг  50 төгрөг,  9 ширхэг 100 төгрөг, 1 ширхэг 500 төгрөг  болон эссэ  тамхи 8 хайрцаг, улаан шонхор 32 хайрцаг,  нарийн улаан шонхор  11 хайрцаг, ЛД тамхи  23 хайрцаг, Жи мобайлын 15 мянган нэгж  зэрэг зүйл  алдагдсан байсан... өөрийн  дэлгүүрээс алдагдсан эд зүйлээ  дутуу хэлсэн  байна, би  юу дутуу хэлсэн байна вэ гэвэл бөөрөнхий  савтай доширак  бэлэн гоймон 3 ширхэг, түмний коло ундаа  1 ширхэг тус тус тухайн  үед манай дэлгүүрээс  бас алдагдсан байсныг би анх  мэдүүлэг өгөхдөө  мартаж  хэлж  яриагүй байна, гэхдээ Г.Т, Б.А нар  нь одоо миний  хохирол төлбөрийг бүрэн  барагдуулж дуусгасан тул  надад ямар нэгэн  гомдол санал, нэхэмжлэх зүйл   байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэний өгсөн:...найз Аыг эм авчирч өгөөч гэж 11 цагийн үед дуудсан. Аыг манайд ирэхэд нь би гэртээ найз Тийн хамт байсан. А ирээд бид 3 утсаараа тоглоом тоглож байхад шөнийн 03 цагийн үед Т дэлгүүрээс хулгай хийх үү гэж хэлсэн. Би Т, А хоёрыг загнаад юу яриад байгаа юм, та хоёрт ухагддаг дэлгүүр гэж юу байдаг юм энэ жил төгсөхийн хооронд битгий дэмий юм яриад бай гэж хэлэхэд Т, А хоёр надаас зөрөөд гараад явсан....А, Т хоёр 4 цаг өнгөрч байхад гаднаас орж ирсэн. Т, А хоёр орж ирэхдээ дэлгүүр ухсан гэж хэлээд бэлэн гоймон, ундаа зэрэг зүйл барьж орж ирсэн. Би тэр хоёрыг нилээн загнаж байгаад орхисон. Тэр хоёрыг гэрээс гарахад нь арай  хулгай  хийхгүй  байлгүй дээ гэж  бодож байсан юм.  Нөгөөдөр нь 11 цагийн  орчимд  гаднаас  цагдаа нар  манай гэрт ирсэн.  Т,  А  хоёрыг  гоймон,  ундаа хоёроос  өөр  юм авсан гэж мэдээгүй байсан.  Цагдаа нар ирээд манай гэрийн хойд талд нуусан байсан  тамхийг нь гаргаж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

Гэрч М.Чимэгтогоогийн өгсөн:...миний зээ хүүхэд болох Т нь зан байдлын хувьд 4 настайдаа хэлд орсон, даруу төлөв, үг дуу цөөн, учир битүүлэг, гэр орны ажилд сайн, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, тамхи бол татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, өмнө нь хулгайн хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байсан, одоо бас хулгайн гэмт хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна...гэр бүлийн хувьд аав нь 5 сартай байхад нь нас барсан, аавыг нь нас барснаас хойш ээж нь архинд ороод одоо хаана ч байдаг юм мэдэгдэхээ больсон, бодвол амьд л байдаг байх гэж бодож байна, сургууль соёлын хувьд бол сая 2020 онд Биндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийг төгсөж бүрэн дунд боловсролтой болсон, гэхдээ одоо хараахан бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь гараагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/

Гэрч Н.Даваагийн өгсөн:..Т нь багаасаа эмээ дээрээ өсч, эмээгийнхээ хамт өдийг болтол амьдарч байгаа хүүхэд...зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөн хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/

Гэрч Ж.Байгалмаагийн өгсөн:...Г.Т нь манай Биндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгаа юм...зан байдлын хувьд даруу төлөв, дотогшоо, хүнтэй харилцахдаа нээлттэй бус, огцом ууртай, дуу муутай...эмээгийнхээ хамт байдаг, хааяа эмээтэйгээ бага зэрэг маргалдаж муудалцах гээд байдаг сул талтай...12б ангийн сурагч Б.А нь төлөв даруу, хүний үгэнд сайн ордог, нийгмийн идэвхи сайтай, аливаа ажил үүрэг даалгавар өгөхөд гүйцэтгэл сайтай хийдэг, бусдад уруу татагдах магадлалтай, бүжиг сайн бүжиглэдэг, аав ээжийн хамт амьдардаг, ар гэрийн анхаарал халамж бага зэрэг сул...гэх мэдүүлэг /хх-ийн 44,49 хуу/

Гэрч Д.Туяацэцэгийн өгсөн:..миний ахын хүүхэд болох А нь зан байдлын хувьд даруу төлөв, дөлгөөн, олон таван үггүй, дуу муутай, хүний үгнээс гардаггүй...гэр бүлийн хувьд А-г бага байхад нь манай ах Батцэнгэл ээжээс нь салчихсан юм, одоо А нь ээж, 3 дүүгийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суудаг, гэхдээ А нь сургууль соёл гээд өөрийн 2 дүүтэйнхээ хамт Биндэр сумын төв дээр айлын хашаан дотор гэрээ барин түр амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

Өсвөр насны яллагдагч Б.А-н өгсөн:...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  ойролцоогоор  23 цагийн үед  гэртээ байж байхад манай найз Бат-Эрдэнэ  нь над руу утсаар  яриад  надад хандан чи  манай гэрт хүрээд ирээч тоглох уу  гэж хэлсэн, тэгэхээр нь тэгье яваад очьё гэхэд Бат-Эрдэнэ нь надад хандан найз нь бага зэрэг халуураад байна чи ирэхдээ халууны эм  аваад ирээч гэж хэлсэн.  Тэгэхээр нь би тэгье гээд Бат-Эрдэнийн гэрт очсон юм. Тэгээд Бат-Эрдэнийд очиход манай бас нэг найз  болох Т  нь байж байсан.  Тэгээд бид гурав өөр өөрсдийнхөө гар утсаар тоглоом тоглоцгоосон. Тэгээд  байж байхад 2020 оны 02 сарын 7-8-нд  шилжих шөнө ойролцоогоор  02-03 цагийн  үед  манай найз Т, Бат-Эрдэнэ  бид хоёрт хандан  хэдүүлээ гарцгаах уу гэж хэлсэн, тэгэхэд Бат-Эрдэнэ гарахгүй гэж хэлсэн.  Харин би гарья гэж хэлээд Т бид хоёр  Бат-Эрдэний гэрээс хамтдаа гарцгаасан.  Тэгээд бид хоёр Биндэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг  Загаст онон гэх  дэлгүүр дээр очсон.  Тэгэхэд  уг дэлгүүрийн урд талын цонх нь хагарчихсан, хагархайг нь дараад скочдсон байсан. Тэгэхээр нь Т бид хоёр  уг дэлгүүр лүү  орж  хулгай хийхээр  болсон, тэгэхэд Т  нь Бат-Эрдэнийн гэрээс гарахдаа  авч гарсан  байсан заазуураар  Загаст онон дэлгүүрийн  тогных нь утсыг  салгасан тэгээд Т  бид хоёр   Загаст Онон дэлгүүрийн  цонхон дээр нь очоод  цонхныг скочийг нь гараараа  цааш нь  түлхсэн.  Тэгэхэд уг цонхны наад талд байсан  хамгаалалт төмрийг нь  гараараа цааш нь  түлхсэн, тэгэхэд  уг хамгаалалт  төмөр нь ангайж  завсар гарсан тэгээд Т  бид хоёр  уг завсараар  нь Загаст Онон дэлгүүр лүү ороод  доширак бэлэн гоймон 3 ширхэг, түмний коло ундаа 1 ширхэг,  15.000 төгрөг, Жи мобайлын  нэгж  бутархай мөнгөнүүд / яг хэдэн төгрөг байсан болохыг нь бол мэдэхгүй байна/  тамхинууд / ямар нэртэй  нэртэй хичнээн тооны тамхинууд  авсан болохоо  хэлж мэдэхгүй байна/  зэргийг хулгайлж  авсан. Тэгээд  бид хоёр анх орж ирсэн завсараараа буцаж гараад тэндээсээ шууд  Бат-Эрдэнийн гэрт нь очсон, тухайн  үед ойролцоогоор  04-05 цагийн үел болж байсан тэгээд Т  бид хоёр хулгайлж авсан бэлэн гоймон ундаа зэргээ  Бат-Эрдэнийн гэрт  очоод  идэж уугаад  дуусгасан, бусад эд зүйлсээ бүрэн  бүтнээр нь  цагдаад баригдахдаа  хүлээлгэж  өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71  хуу/

Яллагдагч Г.Тийн өгсөн...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  ойролцоогоор  21 цагийн  үед өөрийн найз  Бат-Эрдэнийн гэрт  очсон юм, тухайн үед Бат-Эрдэнэ нь гэртээ ганцаараа  хонож байсан. Тэгээд бид хоёр гар утсаараа  тоглоом тоглоцгоогоод  нилээн орой болсон бөгөөд  бараг 23 цаг нилээн өнгөрч байх гэж бодож байна. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёр  бас нэг найз болох А-г хүрээд ир гэж дуудахаар болоод Бат-Эрдэнэ  нь гар утсаараа  А  луу залгаад  гэрт хүрээд ир гээд дуудсан, тэгэхэд А тэгье гээд  Бат-Эрдэний гэрт  нэг их удалгүй хүрээд ирсэн.  Тэгээд бид гурав  нийлээд гар утсаараа тоглоом тоглоцгоосон  бөгөөд  нэг мэдэхэд  2020 оны 02 дугаар сарын 07-08 нд шилжих шөнийн 02-03 цаг болчихсон  байсан. Тэгээд би Бат-Эрдэнэ, А нарт хандан  хэдүүлээ гадагшаа гарах уу  дэлгүүрээс хулгай хийе  гэх утгатай зүйл хэлсэн, тэгэхэд Бат-Эрдэнэ нь эрс дургүйцээд би  гадагшаа гарахгүй гэж хэлсэн,  харин А зөвшөөрсөн. Тэгээд А бид хоёр  Бат-Эрдэний гэрээс хамтдаа гарч яваад  Биндэр сумын төвд үйл ажиллагаа  явуулдаг Загаст онон  гэх нэртэй  дэлгүүр дээр очсон.  Тэгээд уг дэлгүүрийн цонхыг  нь  харахад уг  дэлгүүрийн урд  талын цонх  хагачихсан хагархай хэсгийг нь скочоор  скочидсон байсан. Тэгээд би Бат-Эрдэнийн гэрээс гарахдаа гэрээс нь  авч гарсан байсан ногоон  өнгийн заазуураараа  Загаст Онон  дэлгүүрийн гаднах тогны  утсыг нь салгасан.  Тэгээд А бид хоёр  Загаст Онон  дэлгүүрийн цонхон дээр  очоод цонхны скочийг  нь хуулж  аваад цонхны  цаад талд  буюу дотор  талд байсан цонхны  хамгаалалт төмрийг  нь гараараа  цааш хүчтэй  түлхэж  өөрсдөө  багтахаар зай гаргасан, тэгээд уг зайгаараа  А бид хоёр  Загаст Онон  дэлгүүр лүү нэвтрэн  орсон тэгээд  А бид хоёр  уг дэлгүүр дотроос доширак бэлэн гоймон 3 ширхэг, түмний коло ундаа 1 ширхэг,  15.000 төгрөг Жи мобайлын  нэгж  бутархай мөнгөнүүд / яг хэдэн төгрөг байсан болохыг нь бол мэдэхгүй байна /тамхинууд / ямар нэртэй  нэртэй хичнээн тооны тамхинууд  авсан болохоо  хэлж мэдэхгүй байна/  зэргийг хулгайлж  авсан тэгээд А бид хоёр  анх дэлгүүр лүү  орж ирсэн газраараа  буцаж дэлгүүрээс гараад  тэндээсээ шууд Бат-Эрдэнийн гэр лүү  явсан  тухайн  үед ойролцоогоор  04-05 цагийн үел  байсан байх гэж бодож  байна яг сайн хэлж мэдэхгүй байна тэгээд А бид хоёр дэлгүүрээс  хулгайлж авсан  бэлэн гоймон ундаа зэргээ  Бат-Эрдэнийн гэрт  очоод идэж  уугаад дуусгасан бусад бүх  эд зүйлсээ бүрэн  бүтнээр нь  цагдаад баригдахдаа  хүлээлгэж  өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75  хуу/

 

Хэргийн газрын  үзлэг   хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд  /хх-ийн 15-18 хуудас/

Г.Т, Б.А нараас ЛД тамхи 23 хайрцаг, эссэ тамхи 8 хайрцаг, улаан шонхор тамхи 43 хайрцаг, Gмobile-ийн 15.000 нэгж, бэлэн мөнгө 3490 төгрөг  хураан авч хохирогч С.Дад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 19-21 хуу/

 

Хохирогч С.Д алдсан эд зүйлсийн үнэлгээг нийтэд нь 216.400 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний ФЭЙР ВАЛУЭШН ХХК-ийн  шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 137,  2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШД261 дугаартай  /хх-ийн 51, 59 хуу/

 

Г.Тийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23 , 88, 120 хуу/

Б.Аын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 25, 95 хуу/

Г.Т, Б.А нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76, 84 хуу/

Г.Тийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 91 хуу/

Г.Т, Б.А нарын зан байдлын тодорхойлолт /хх-ийн 92, 100 хуу/

Г.Т нь Биндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангид сурдаг нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 93 хуу/

Б.А-н суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 99 хуу/

Б.А нь Биндэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангид сурдаг үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 101 хуу/

Г.Т-н бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 132 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 103-105 хуу/

Хохирогч С.Д гаргасан “хохирол барагдуулсан тул гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 102 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд  өсвөр  насны шүүгдэгч Б.А, шүүгдэгч Г.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  өсвөр насны шүүгдэгч Г.Т, шүүгдэгч Б.А нар нь бүлэглэн  2020 оны  02 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Биндэр   сумын  5 дугаар   багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Загаст Онон” хүнсний дэлгүүрийн  цонхны хамгаалалт төмрийг эвдэн нэвтэрч  ЛД тамхи 23 хайрцаг, эссэ тамхи 8 хайрцаг, улаан шонхор тамхи 43 хайрцаг, Gмobile-ийн 15.000 нэгж, бэлэн мөнгө 3490 төгрөг, доширак бэлэн гоймон 3 ширхэг,  түмний кола ундаа  1 ширхэг зэргийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  нийт 216.400 төгрөгний хохирол  учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.               

Өсвөр  насны шүүгдэгч Б.А, шүүгдэгч Г.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь хохирогч С.Д, гэрч Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нь  гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас өсвөр  насны шүүгдэгч Г.Т, Б.А нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч Б.А, шүүгдэгч Г.Т нь уг хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан хамгаалалт төмрийг эвдэж орон эд зүйл хулгайлсан байх бөгөөд энэ үйлдлийг нь хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Б.А нь 2002 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй буюу 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 17 нас 6 сар 3 хоногтой байсан,  Г.Т нь 2002 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй буюу 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 17 нас 11 сар 16 хоногтой байсан болох нь тэдний иргэний үнэмлэхний лавлагаагаар / хх-ийн 88, 95 хуу/  тогтоогдож байх бөгөөд шийтгэх тогтоол гарах үед Б.А нь 18 насанд хүрээгүй, Г.Т нь 18 насанд хүрсэн байна.

Шийтгэх тогтоол гарах үед Б.А нь 18 насанд хүрээгүй байх тул түүнийг өсвөр насны хүн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Т-н хувьд шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байгаа боловч мөн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмших боломжийг олгох үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ гэж заасан байх тул өвсөр насны шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга  хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.А, Г.Т нарыг  бүлэглэн  хулгайлах гэмт хэргийг хүн  үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх заасны дагуу ял оногдуулахыг тэнсэж, шүүгдэгч Г.Т-д 1 жил 6 сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Б.А-д 1 жилийн хугацаагаар  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь  зүйтэй гэж үзлээ.

Хохирогч С.Д нь  “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.А, шүүгдэгч Г.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ахайн ашбагад овгийн Гэрэлгаравын Т, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Батцэцэгийн А нарыг   хулгайлах  гэмт  хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  3.7 дугаар зүйл, 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.А, шүүгдэгч Г.Т  нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, Г.Т-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, Б.А-д 1 /нэг / жилийн  хугацаагаар  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5  дахь заалтад заасныг дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Ат оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа  эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх, шүүгдэгч Г.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус  хэрэглэсүгэй.

 

  1.  Өсвөр насны шүүгдэгч  Б.А, шүүгдэгч Г.Т нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу  Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт  даалгасугай.

 

  1. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Б.А, шүүгдэгч  Г.Т нарт мэдэгдсүгэй.

 

6. Өсвөр насны шүүгдэгч Б.А, шүүгдэгч Г.Т нар  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол өсвөр насны шүүгдэгч Б.А, шүүгдэгч Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ