| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0082/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
180/2020/0082/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч М.Б, Т.Т нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн М.Б, Т.Т нарт холбогдох 193900......дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн М.Б, Т.Т
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б, Т.Т нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хос Аялгуу” караокены гадна иргэн Б.Дийн нүүрэн тус газар нь цохиж унаган, нүүр рүү нь өшиглөж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б, Т.Т нар нь бүлэглэн согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хос Аялгуу” караокены гадна иргэн Б.Дийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед байгууллагын гражид очиход хамт ажилладаг жолооч Бямбаахүү ах, Цогоо ах хоёр 0.75 литр экс нэртэй ууж байсан. Тэгэхээр нь би тэр 2-той хамт уугаад, архи дуусахаар нь эргэж би ганцаараа “Хос Аялгуу” нэртэй караокенээс орж дахин 0.75 литр экс нэртэй архи аваад граж руу очоод Бямбаахүү, Цогоо ах нартай уусан. Тэгээд юу болсоныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би ганцаараа хос аялгуу караокены гадаа зогсож байсан. Тэр үед караокеноос нэг цагаан өнгийн пудволктой залуу гарч ирээд гадаа бахираад хашгираад байсныг санаж байна. Би нэг мэдэхэд өглөө шүүх рүү орсон юм шиг байсан. Тэгэхдээ хаанаас тийшээ орсон талаар сайн мэдэхгүй байна... Би өглөө 06 цагийн үед сэрэхэд гадаа гудамжинд хэвтэж байсан. Тэгээд би ажил руугаа очиход шүүхийн цагдаа Болороо ах байсан. Тэндээсээ цагдаа руу очиж дуудлага өгсөн. Би сэрэхэд миний 2 гутал байхгүй, баруун талын нүд хавдаад нээгдэхгүй болсон, чихээр шуугиад байсан, бас дух халзарсан, цээжээр хөндүүрхий байсан. Би цагдаад мэдэгдээд эмнэлэгт очиж үзүүлээд нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт шууд хэвтэж эмчлүүлсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/
2. Гэрч А.Буманбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний орой найз болох Октябрын Дугар, Б, Т нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах “Хос Аялгуу” нэртэй караокед суусан. Тэгээд бид нар тэнд эдэн нэртэй 0.75 граммын архи авч хувааж уугаад бас бүгд 1 ширхэг боргио уусан. Тэгээд манай Б, Т хоёр караоке хаагаад нилээд удсаны дараа нада харих гэж явахдаа Б сая нэг хүн караокены гадна Т руу дайрахаар нь би нэг цохьсон чинь унаад өгсөн, тэгэхээр нь Т дэвссэн гэж ярьсан. Би энэ асуудал болоход караоке дотор Дугартай цуг сууж байсан. Тын баруун хөлөнд шил орсон гээд доголоод яваад байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/
3. Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед Хан бүргэдийн барилга дээр ажиллаж байгаад хамт ажиллаж байсан Т, Дугараа нартай Хос Аялгуу караокед 2 шил соёрхол архи аваад дуу дуулж суусан. Тэгээд Т гадаа гарч тамхи татсан, би араас нь гарсан тэгээд хамт тамхи татаад зогсож байсан чинь нэг согтуу ах ирээд намайг өдөөд хэл амаар доромжлоод зодох гээд байсан. Гараа далайгаад цохих гээд дайрахаар нь би түлхээд унагасан. Тэгээд нүүр лүү нь 3 удаа өшиглөөд зугтсан өөр зүйл болоогүй, би тэр ахыг тэнд нь орхиод зугтсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/
4. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 464 дугаартай: “... Б.Дийн биед тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал , духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 26 тал/
5. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаартай: “... Б.Дийн биед хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 тал/
6. Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Т гарч тамхилъя гээд гарсан. Тэгээд гадаа тамхи татаад байж байтал нэг ах өөдөөс баахан юм яриад үг хэлээр доромжлоод цохих гээд байсан. Тэгэхээр нь би өшиглөө газар унагаагаад 3-н удаа нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд тэр ахыг тэнд нь орхиод явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 тал/
7. Гэрч О.Дугарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б, Т.Т Буманбаатар бид дөрөв ажлаа тараад 21 цагийн үед Хос Аялгуу караокед орж 0.75 граммын 2 шил эдэн нэртэй архи, мөн архины даруулга ус ундаа захиалаад нийтийн зааланд нь дуулаад сууцгаасан. Тэгээд сууж байхад Т, Б хоёр тамхилна гээд гарсан. Тэгээд Буманбаатар бид хоёр дотор хэсэг сууж байгаад тэр хоёрын араас мөн тамхилах гээд гарсан. Тэгсэн караокены үүдний хаалганаас урагш байдаг хашаан дотор Б, Т хоёр нэг залууг зодсон байдалтай нөгөө залуугийнх нь хамарнаас цус гарчихсан газар хэвтэж байсан. Тэгээд юу болсон бэ гэхэд Б цохьчихсон гэж байсан. Тэгээд бүгдээрээ буцаж караоке руу орж ширээн дээрх архиа уугаад хэсэг сууж байгаад тооцоогоо хийгээд гарсан. Яг хэдэн цагт гарснаа санахгүй байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 131 тал/
8. Шүүгдэгч Т.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... тэгээд караокены нийтийн талбайд ширээ авч суугаад 0.75 граммын эдэн архи2 ширхэгийг, лаазтай кола, паприка чипс, мульт ундаа захиалаад дуулаад сууцгаасан. Тэгээд захиалсан 1 шил архиных нь нэг бараг дууссан шиг санаж байна. Тэр үед би ганцаараа тамхи татах гээд караокеноос гарахад караокены урд талд нэг ах шээгээд зогсож байхаар нь та яагаад шээгээд байгаа юм гэж хэлэхэд нөгөө ах амандаа нэг юм хэлээд над руу дайрахаар нь би арагшаа ухарсан тэр үед Б караокеноос гарч ирснийг мэдээгүй, тэгсэн Б миний хажуунаас орж ирээд нөгөө ахын хөл рүү нь өшиглөсөн чинь нөгөө ах газар ойчоод өгсөн, тэгэхээр нь би нөгөө ахын нүүр лүү нь өшиглөөд хоёр хөл рүү нь нэг нэг удаа өшиглөснөө санаж байна, би тухайн үед нилээн согтуу байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна, нэг мэдсэн такси барьчихсан харих гээд Дугартай явж байснаа санаж байна... 2 шил архи задлаад ууцгаасан. Би архи нээх ууж чаддаггүй юм тэр залууг зодох үед би нилээн согтуу байсан. Миний ухаан орж гараад байсан, тэгэхдээ тэр залуугийн нүүр лүү өшиглөөд, хөл рүү нь 2 удаа өшиглөж байснаа санаж байгаа, тэрнээс хойших зүйлийг огт санахгүй байгаа... Тэр хоёрыг бол гач ирснийг бол санахгүй байна, тэр ах эхлээд над руу дайрах үед бол Б гараад ирчихсэн миний хажуугаар орж ирээд тэр ахыг өшиглөөд унагаасан, тэр ахыг унах үед нь би очоод нүүр лүү нь нэг өшиглөөд хоёр хөл рүү нь хоёр өшиглөснөө бол санаад байгаа, тэрнээс хойш яаснаа бол санахгүй байна.. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 133 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд нийт 2.500.000 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч М.Б нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч Т.Т нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль харшлаагүй байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б, Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Т.Т нарыг 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын тамгын газарт, шүүгдэгч Т.Тод оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр тус тус хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Т.Т нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тс 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дид олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Дид эмчилгэний зардалд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч Т.Т нь хохирогч Б.Дид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар сайн дураараа тохиролцсон болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ