Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0170/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               М.Нарантуяа,

Хохирогч                                                          О.Н,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Б.Жавхлан,

Шүүгдэгч                                                       Э.Б, Э.У   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн             Э.Б, Э.У нарт  холбогдох 2039........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,    Э.Б, Э.У   

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь Хэнтий аймгийн Хэрлэн  сумын  2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Тэс петролиум” колонкын гадна 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Э.Утай бүлэглэн иргэн О.Ныг зодсоны улмаас биед нь хамрын нуруу, эрүү, баруун чамархайд зулгаралт, зүүн бугалга, зүүн даланд зулгаралт баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн далны хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүүний булчингийн чангарал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Э.У нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар  багт үйл ажиллагаа явуулах “Тэс петролиум” колонкын гадна  Э.Бтай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн О.Ныг зодсоны улмаас биед нь хамрын нуруу, эрүү, баруун чамархайд зулгаралт, зүүн бугалга, зүүн даланд зулгаралт, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн далны хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүүний булчингийн чангарал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б, Э.У нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн  сумын  2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Тэс петролиум” колонкын гадна 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн О.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч  О.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймаг дахь Төрийн банкны салбарт жолоочоор ажилладаг. Зулцэцэгт би 10.000.000 /арван сая төгрөг/ зээлсэн юм. Бид хоёрын хооронд дээрх мөнгөний өр авлагын асуудлаас болж 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр маргалдсан юм. Тухайн үед ажлын газраасаа Зулцэцэгийн хамт хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тэс петролиум шатахуун түгээх газарт ажлаар очсон юм. Бид хоёр замдаа албаны машин дотор зээлсэн мөнгөний талаар ярьсан. Би үлдэгдэл мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл Зулцэцэг чи одоо намайг хүмүүст зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж ярьсан байна гэж над руу бухимдалтай хандсан. Тэгээд бид хоёр тэр асуудлаас болж бага зэрэг маргалдсан чинь Зулцэцэг нөхрөө утсаар дуудсан.  Ингээд нөхөр нь болох У гэх залуу өөрийн дүүгийн хамт бас өөр нэг залуу дагуулж гурвуулаа ирсэн. Энэ үед би Зулцэцэгийн хамт машин дотроо сууж байсан.  Тэгтэл нөгөө гурван залуу машинаас бууж ирээд эхлээд У намайг машинаас буулгах гэж татаж чангаасан, намайг машины рулиэс бариад буухгүй болохоор У миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Тэгэхээр нь би та нар болиочээ, яасан гэж намайг цохиж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд намайг Б өмсөж явсан куртикны захнаас боож татаж машинаас буулгаж газар унагасан. Ингээд намайг хэсэг зуур боолтод ороод манараад тэгээд намайг босох гэж байхад У, Б хоёр ээлжилж миний цээж хөл рүү хөлөөрөө дэвсэлсэн. Тэгээд намайг босож ирэхэд колонкын талбайгаас холдуулж хүний нүднээс далд оруулж байгаад ална гээд намайг чирсэн. Тэгээд намайг чирж байгаад газар унагаасан. Тэр үед Уын дүү гэх Б нь миний зүүн гарыг ард маань өчиж, намайг хөдлөх боломжгүй болгож байгаад нүүрэн тус газарт гараараа цохисон. Тэр үед У нь намайг доромжилж, миний толгой дээр хөлөөрөө гишгэж, миний толгой руу ингээд мөнгөө аваарай гээд нулимсан. Тэгснээ миний хацар руу 2,3 удаа алгадсан.  Ингээд намайг сул тавихад нь би босоод машин руугаа явахад, араас ирээд татаж чангаагаад байхаар нь би машинд суулгүй, колонкын үүдний сандал дээр очиж суухад намайг У миний дагз руу гараараа цохиж, өмсөж явсан төмөртэй малгайгаар толгой руу ороолгосон. Тэр үед хажуугаас нь Б нь миний баруун хөлийн бүдүүн гуя, шилбэ рүү 3-4 удаа өшиглөсөн. Намайг тэр хоёр хоёр талаас ээлжилж зодоод байсан. Тэр үед колонкын эрхлэгч Алтанцэцэг болиоч цагдаа дуудлаа гэж байгаад тэр хоёрыг болиулсан. Намайг машинаас буулгаад колонкын талбайгаас холдуулж чирэх үед түгээгч залуу ирж намайг, тэр хоёр салгах гэж оролдсон боловч, энэ бид нарын асуудал гээд тэр залууг цааш нь түлхээд байсан. Тэр залуу намайг хамгаалаагүй бол улам ихээр зодохоор байсан. Би У, Б нарт  зодуулснаас болж миний толгой, дагз хэсгээр өвдсөн. Эрүү маань хөндүүр болсон. Эрүүний доод хэсэг, хүзүү, цээж, баруун зүүн даланд зулгарсан гэмтэл үүсч, баруун талын  хөлний бүдүүн гуя, шилбэ хэсгээр хөндүүр болж хөхөрсөн, баруун хөлний булчин чангараад явж болохгүй байсан. Ингээд эмнэлэг дээр очоод баруун хөлөнд булчин суллах тариа, өвчин намдаах тариа хийлгэж, толгойны өвдөлт намдаах эм уусан. Толгойн зураг 30.000 төгрөг, цээжний зураг 40.000 төгрөг, өвчин намдаах эм 56.000 төгрөгөөр авсан. Эход 50000 төгрөгөөр дотор эрхтэнээ харуулсан. Одоогоор эмчилгээний зардалд 175.000 төгрөг зарцуулсан.  Б, У нарт зодуулах үед тэр хүмүүс миний хувцаснаас татаж чангааж байгаад тухайн үед өмсөж явсан хар өнгийн богино савхин куртик, хөх өнгийн женсен өмд, куртик дотор өмсөж явсан саарал өнгийн подволк урагдсан. Куртикны зүүн гар талын  далны орчим, оёдлын хажуугаар 20-иод см урагдаж, будаг нь халцарсан байсан, куртикны дотуур өмсөж явсан саарал өнгийн подволк зүүн гарын суга хэсгээр оёдлын хажуугаар 15 см урагдсан. Иймд би тухайн үед өмсөж явсан куртик, өмд, подволкоо дахин хэрэглэхгүй гэж бодоод шатаачихсан. Би куртикээ 280000 төгрөгөөр авсан, өмдийг 50000 төгрөгөөр, подволкийг 30000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би куртикээ 250000 төгрөгөөр, женсен өмдөө 50000 төгрөгөөр, подволкоо 15000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 315000 төгрөгөөр үнэлж байна. Би зодуулсандаа гомдолтой байна. Би урьд нь Уын дүү Б гэдэг хүнтэй нэг ч уулзаж байгаагүй, танихгүй гэтэл намайг шууд зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/

  2. Гэрч Б.Гүрцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тэс шатахуун түгээх газарт түгээгч Жамсрангийн хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэх ээлжтэй байсан. Ингээд ээлжээ аваад байж байтал 11 цагийн үед Төрийн банкны теллер Зулаа, Төрийн банкны машинтай жолоочийнхоо хамт ирсэн. Төрийн банкнаас өдөр бүр манай дээр ирж орлогын бэлэн мөнгийг авдаг юм. Тухайн үед манай ажлын байранд эрхлэгч Алтанцэцэг, түгээч Жамсран бид гурав л байсан. Манай шатахуун түгээх станц Улаанбаатар хот руу явдаг зам дагуу замынхаа баруун талд аймгийн төвөөс 4 километр орчим зайтай байдаг юм. Ингэзд Төрийн банкны Зулаа колонк руу орсон. Тэгтэл удалгүй колонк дээр хар өнгийн Тоёото фейлдэр маркын машин ирж зогсоод, машинаас гурван залуу бууж ирсэн. Тэгээд Төрийн банкны машин дээр очоод Б, цуг явсан хар өнгийн куртик, саравчтай малгайтай залуугийн хамт Төрийн банкны жолоочийн машины хаалгыг онгойлгоод “буугаад ир пязда минь” гээд, тэр хоёр хоёулаа ээлжилж, гараараа жолоочийн нүүр рүү цохисон, тэгээд жолоочийг бууж ирэхгүй болохоор тэр хоёр жолоочийн куртикний захнаас татаж байгаад, боож байгаад татаад машинаас нь буулгасан. Тэр залуу машинаасаа буухгүй, машины рулиэс зуураад байсан. Ингээд хүчинд автагдаж буусан. Тэгээд буугаад байхад нь Б, нөгөө хар куртиктэй залуу хоёр, жолооч залуугийн хоёр гарыг нь нэг нэгээр нь бариад байсан. Нөгөө гараараа тэр хоёр жолооч залуугийн куртикны захнаас боож татсан байдалтай харагдаж байсан. Тэр үед жолооч залуу машиныхаа наад талд өвдөглөөд суучихсан хоолойд нь боолт орсон бололтой хоолой нь сөөнгөтөж дуугараад байхаар нь би, цуг ажилладаг Жамсранг чи очоод салга хүн аллаа гэж хэлж салгуулахаар явуулсан. Тухайн үед миний бие өвдөөд байсан юм. Тэр үед Жамсран бид хоёр колонкын гадаа байсан. Өдрийн цагаар байнга гадаа зогсох ёстой юм. Тэр үед Зулаа гэдэг хүүхэн колонкоос гарч ирээд хажууд нь зогсож байсан. Тэгээд Жамсран салгах гэхэд Зулаа Жамсранд зүгээр, зүгээр бид нар хоорондоо яриатай юм гээд байсан. Ингээд жолооч залууг Жамсран салгаж авах гээд тэр гурвын дундуур ороход Б, нөгөө хар куртиктэй, саравчтай малгайтай залуу хоёр салж өгөхгүй байсан. Ингээд Б, цуг явсан хар куртиктэй залуугийн хамт жолоочийг чирээд, цементэн талбай дээрээс буулгаад колонкын урд хэсэгт авчирсан. Яг тэр хэсэгт машинаар түлш, бензин авдаг сав байдаг болохоор тэр рүү харсан камертай, харин Төрийн банкны машин ирж зогссон газар нь камерт орддоггүй юм. Төрийн банкны машины колонкын байрны зүүн руд талд зогссон байсан. Ингээд тэд шороон дээр жолоочийг авч очоод унагаагаад Б жолоочийн дээрээс өвдөглөөд байсан. Тэгснээ дарж байгаад, нэг гарыг нь ард нь өчөөд байсан. Тэгэхэд жолооч зүгээр хэвтээд байхгүй босох гэж оролдохоор нь Б өвдөгөөрөө хоолой хэсэг дээр нь өвдөглөж байгаа харагдсан. Ингээд жолоочийг хөдлөж чадахгүй гараа өчүүлээд хэвтэж байхад, Бтай цуг явсан хар куртиктэй, саравчтай малгайтай залуу жолоочийн хацар дээр 2-3 удаа гараараа алгадаад зэвүүн бацаан гээд байсан. Ингээд жолоочийн гарыг өчихөө больж суль тавьсан. Энэ үеэр манай эрхлэгч Алтанцэцэг цагдаа дуудсан. Ингээд жолооч босоод манай ажлын байрны үүдэнд байдаг- сандал дээр очоод сууж байхад Б, нөгөө цуг явсан хар куртик, саравчтай малгайтай залуу хоёр хажууд нь зогсчихоод ээлжилж жолооч залуугийн хөл рүү хоёр гурван удаа тус бүр өшиглөөд байсан. Цагдаа иртэл тэр Төрийн банкны жолооч залууг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед хар куртиктэй, саравчтай малгайтай залуу хуульгүй бол чамайг алчих юмсан гээд жолооч залууг хараагаад байсан. Тухайн үед бид нар юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдээгүй, тэгээд жолооч залуу та нар мөнгө төгрөг авчихаад хугацаандаа өгөөгүй биз дээ, 10 саяыг аваа биз дээ, гэсэн чинь, нөгөө хар куртиктэй залуу бид нар тохиролцоо биз дээ гэж байсан. Тэгээд л би мөнгөний асуудлаас болж муудсан хүмүүс байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 тал/

  3. Гэрч О.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагийн орчим би ажил дээрээ байж байтал гадаа бөөн дуу шуугиан болоод байхаар нь гартал 5 хүн хэрүүл маргаан үүсгээд зогсож байсан. Тэр 5 хүнд миний танихаас манай колонкийн цүнхтэй мөнгө ирж авдаг Төрийн банкны жолооч залуу, ахлах теллер Зулцэцэг нар байсан. Тэгээд гарч ирээд тэднийг өөр газарт хэрүүл хий битгий албан байгууллагын гадаа шуугиан үүсгээд бай явцгаа гэж хэлээд ажил руугаа орсон. Тэгтэл нөгөө хүмүүс ахиж шуугилдаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 тал/

  4. Гэрч  А.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн танил У, Б нарын хамт машинтай явж байтал Уын эхнэр  утсаар ярьсан. Тэгтэл  У Тэс шатахуун түгээх станц руу явъя гээд бид гурав Хэрлэн сумын 2 дугаар баг, Чингис хаалга руу явдаг зам дагуу Тэс шатахуун түгээх газарт очсон. Тэгээд У, Б бид гурав машинаас буусан. Тэгээд У, Б бид гурав машинаас буусан. Тэгээд У, Б хоёр жижиг машин дээр очоод жолооч залууг машинаас нь татаж буулгасан.  Тэгээд буулгаж ирээд У жолооч залуутай хэрэлдсэн. Тэгээд маргалдаад шатахуун түгээх станцын баруун талд Б жолооч залууг газар унагаад гарыг нь ард нь өчөөд цээжин дээр нь өвдөглөөд дараад байсан. Тэгээд нилээн дээрээс нь дарж байгаад Төрийн банкны жолооч залууг босгосон. Тэрнээс хойш У жолооч залууг колонкын үүдний сандал дээр сууж байхад нь гараараа нэг удаа алгадаж байсан. Би өөр зүйл анзаараагүй. Тэд нар мөнгөнөөс болж маргаад байсан. Тэр жолооч залуу Уын эхнэр Зулаатай хамт ажилладаг гэсэн. Би Быг нөгөө залуугийн тэлээнээс тэврээд барьсан байхаар нь Бы гарыг тавиулах гэж байгаад тэр залуутай хамт газарт унасан. Би жолооч залууг зодож цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/

  5. Гэрч Б.Жамсрангийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед ажил дээрээ 24 цагаар түгээгүүрийн  хажууд  үүрэг гүйцэтгэж байсан. Надтай хамт манай ажлын Гүрцэрэн байсан. Эрхлэгч Алтанцэцэг дотор байсан юм. Тэр үед Төрийн банкны теллер Зулаа, жолоочийнхоо хамт ирж, бэлэн мөнгөний орлого авахаар ирсэн.Тэр үед өөр машинууд түгээлт авахаар ирээд байсан юм. Тэр үеэр хар өнгийн тоёота филдэр маркын машин ирээд зогсож байсан. Тэр машинаас гурван залуу бууж ирсэн. Тэгээд Төрийн банкны жолоочийн барьж явсан машин дээр очоод, жолооч талын хаалгыг онгойлгож, чи муу эмэгтэй хүний нэр төрд халдлаа гээд, саарал подволктой, саравчтай малгай залуу, цуг явсан хар куртик саравчтай малгайтай хоёр залуу, жолочийг машинаасаа буугаад ир гээд, Төрийн банкны жолооч залууг машинаас буулгах гээд татаад байсан. Тэр үед жолооч машиныхаа рульнээс зуураад буухгүй байх үед тэр хоёр жолоочийн савхин куртикны захнаас боож, татаж байгаад жолоочийг машинаас нь чирч буулгасан. Тэр үед жолооч залуу бараг боолтонд ороод ухаан нь балартсан байсан. Тэгээд нөгөө хоёр залуу жолоочийг чирээд манай ажлын байрны зүүн талд аваачиж газар унагаад цагаан подволктой залуу нь, жолоочийн гарыг ард нь өчиж цээжин дээр нь хөлөөрөө өвдөглөөд, нидрээд дараад байсан. Тэр үеэр намайг тэр хүмүүсийн голоор орж салгах гэтэл, Зулаа гэдэг хүүхэн бид нар учраа олчихно цаашаа бай гээд байсан. Хар саравчтай малгайтай, хар куртиктэй залуу намайг ойртуулахгүй түлхээд байсан. Тэгээд жолооч залууг гараа өчүүлээд хөдлөж чадахгүй байхад. хар куртиктэй, саравчтай малгайтай залуу очиж жолоочийг алгадаж байгаа харагдсан. Тэр үед эрхлэгч гарч ирээд цагдаа дуудлаа гэхэд тэд нар дууд, дууд гэж байсан. Ингээд нэг юм нөгөө жолоочийн гарын мушгихаа болиод орхисон. Ингээд жолооч залуу ажлын байрны үүдний сандал дээр сууж байхад нь Зулаагийн нөхөр нь гэх хар өнгийн куртик хар малгайтай залуу, малгайныхаа төмөртөй хэсгээр жолооч залуугийн толгойн тус газарт хүчтэй ороолгосон. Мөн намайг машинд түгээлт хийх хооронд жолооч залууг Зулаагийн нөхөр цуг явсан саарал подволктой залуу хоёр манай бие засах газар руу чирч авч явах гээд байсан. Төрийн банкны жолооч залуу Зулаагийн нөхөр болон нөгөө саарал подволктой, гарыг нь өчдөг залуутай цохилцож зодолдоогүй. Зулаагийн нөхөр, саарал подволк өмссөж явсан Зулаатай цуг ирсэн гуравдагч хар цамцтай залуу хэрүүл маргаанд оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/

  6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 203 дугаартай: “ ...

1.2 О.Нын биед хамрын нуруу, эрүү баруун чамархайд зулгаралт, зүүн бугалга, зүүн даланд зулгаралт, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн далны хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүүний булчингийн чангарал гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-30 тал/

  7. Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ШД-225 дугаартай: “... савхин хүрэм, женсэн өмд, подвалкны зах зээлийн үнэлгээг нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 38 тал/

8. Шүүгдэгч Э.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...  Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн төрсөн ах У, мөн  Энхболд гэх хүний хамт аймгийн төвд явж байтал, манай ах Уын эхнэр Зулцэцэг уйлаад утсаар ярьсан. Тэгтэл У ах Тэс дээр очьё гээд “Тэс колонк дээр яваад очсон. Ингээд У ах машинаас буугаад Төрийн банкны машин дээр очсон би араас нь очсон. Тэр машинд жолооч нь болох нэг залуу, Зулцэцэг хоёр байсан. Ингээд У ах жолооч залуутай маргалдаад машинаас буулгасан. Тэр үед би тэр жолооч залууг ахын хамт татаж буулгасан. Тэгээд жолооч, манай У хоёр зууралдаад байхаар нь би салгасан. Тэрнээс биш тэр залуууг цохиж зодоогүй. Тэр залуу манай ахыг хэл амаар доромжлоод байхаар нь унагаад дээрээс нь дарсан нь үнэн. Тэр залуу манай ахтай зодолдох гээд байсан юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтэнд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан байсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин дүгнэлт гаргуулмаар байна. Надад өөр ярих зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 тал/

9. Шүүгдэгч  Э.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн төрсөн дүү Б, надад туслаж байгаа Энхболд нарын хамт аймгийн төв дотор явж байтал, манай эхнэр Зулцэцэг над руу утсаар яриад манай ажпын Н Тэс колонкын гадаа намайг загнаад, айлгаад байна гээд над руу уйлаад ярьсан юм. Тэгэхээр би за очлоо Хэрлэн сумын 6 дугаар багт байдаг Тэс шатахуун түгээх станцын гадаа яваад очсон. Тэгэхэд манай эхнэр ажпынхаа газрын жолооч Энхболдын хамт колонкын гадаа Төрийн банкны машин дотор сууж байсан. Намайг жолоочийн хаалга онгойлгоход тэр хоёр хоорондоо маргасан байдалтай, манай эхнэр уйлчихсан машины арын суудал дээр сууж байсан. Тэгээд би Ныг машинаасаа буугаад ир уулзъя гэсэн чинь машинаасаа бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь би куртикнээс нь чангаагаад буулгасан. Тэгээд миний куртикнээс заамдаад тавихгүй байсныг дүү Б хажуунаас тавиулсан. Ингээд бид салсан. Би Нын биед ямар нэгэн гэмтэл шарх учруулаагүй. Зодож цохисон асуудал байхгүй. Харин өмсөж явсан малгайгаараа толгойны орой хэсэгт ороолгосон... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б, Э.У нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт  ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б, У нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Э.У нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгч Э.Б, Э.У нарт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж барагдуулахыг тус тус  даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б, Э.У нар  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний  бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б, Э.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                            Д.ГАНЗОРИГ