| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0036/и |
| Дугаар | 73 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Баян багийн ногоо бригад, тариа тэжээлийн бригадад 1982 оны 07 дугаар сараас 1985 оны 0985 оны 06 дугаар сарыг хүртэл ногоочноор ажиллаж байсан билээ. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан огноог бичсэн боловч цалин дутуу бичигдсэн, тамга дарж баталгаажуулаагүй тул тэтгэвэрт гарахад ажилласан жилд орохгүй хохироход хүрээд байна. Иймд миний Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Баян багийн ногоо бригадад 1982 оны 07 дугаар сараас 1985 оны 06 дугаар сарыг хүртэл ногоочноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ч.******* миний бие тус шүүхэд ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд миний бие хөдөө мал малладаг бөгөөд мал төллөөд дахин ирэх боломжгүй, бүл хүч муутай байгаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг миний эзгүйгээр хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэрт тамга дарж баталгаажуулаагүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Баян багийн ногоо бригадад ногоочноор ажиллаж байсан болох нь:
Өмнөговь аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “*******гийн ******* нь Өмнөгвь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Баянгийн ногоо бригад, тариу тэжээлийн бригадад 1982-1984 онуудад ногоочноор ажиллаж байхдаа дараах цалинг авч байжээ. Үүнд: 1982 оны 09 дүгээр сард 176 төгрөг, 10 дугаар сард 176 төгрөг, 11 дүгээр сард 153 төгрөг, 1983 оны 05 дугаар сард 127 төгрөг, 09 дүгээр сард 70 төгрөг, 1984 оны 04 дүгээр сард 149 төгрөг, 05 дугаар сард 148 төгрөг, 06 дугаар сард 152 төгрөг, 07 дугаар сард 180 төгрөг, 08 дугаар сард 180 төгрөгийн цалин авч байсан гэх 26 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлээс 1982 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******гийн *******н нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.*******, Ц.******* нарын тодорхойлолт, мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан Д.*******, Ц.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг нэгдэл, нэг байгууллагад тус тус ажиллаж байсан болох нь тэдний тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд Ч.******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Баян багийн ногоо бригадад ногоочноор ажиллаж байсан гэж үзэн шийдвэрлэсэн болно.
Харин нэхэмжлэгчийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******г 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Баян багийн ногоо бригадад ногоочноор ажиллаж ажиллаж байсныг тогтоосугай.
2.Нэхэмжлэгчийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР