Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0097/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                       Э.Э  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн     Э.Э –д холбогдох 2039...........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчиийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,         Э.Э  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Э.Э нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг “Сэрүүний ар” гэх газраас иргэн Б.Бын хээр зүсмийн үрээг хулгайлж, бусдад 750.000 төгрөгний хохирол учруулсан гэмт холбоджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Э.Э нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот баг “Сэрүүний ар” гэх газраас иргэн Б.Бын хээр зүсмийн үрээг хулгайлж 750.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Б.Бын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: ”... 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би адуу малаа хайж явахад миний давхар саран дээр дөлтэй тамгатай хээр шүдлэн үрээ, чандмана тамгатай эр хээр даага, хээр шүдлэнгийн дүү давхар саран дээр дөлтэй тамгатай халиун зүстэй даага ийм гурван тооны адуу Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Сэрүүдийн ар гэх газар Тавинбэхийн олон тооны адууны захад байхыг хараад явсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 адуугаа Тавинбэхийн адуунаас салгаж авахаар хайж очиход миний дээрх гурван адууны 2 адуу нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Холбоогийн үзүүр гэх газарт Загдсүрэнгийн адуунд харин давхар саран дээр дөлтэй тамгатай хээр зүстэй, шүдлэн үрээ огт сураггүй алга болсон байсан ...Тэгээд хэд хоногийн дараа Тавинбэхийн дүү Мөнхтогтох надтай утсаар холбогдож хэлэхдээ таны давхар саран дээр дөлтэй тамгатай хээр зүстэй, шүдлэн үрээг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай малчин Ганбаатарын гэрийн гадаа Э.Э авчирч Б.Амаржаргалаар нядлуулсан гэж байна та надтай ирж уулзах уу гэж утсаар ярихаар нь Багануурын төврүү орж Мөнхтогтохтой уулзаад Амаржаргалын утсыг аваад түүнтэй очиж уулзахад тэр надад хэлэхдээ би таныг алдсан үрээгээ сураад явж байдаг өдөр өөрөө хэрэгт холбогдож байгаа юм байна гэж бодоод тухайн үед айгаад хэлж чадаагүй таны хээр үрээг Э.Э ах 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр намайг гуйж надаар нядлуулаад жижиг тэрэгтэй настай эхнэр, нөхөр хоёрт өгөөд явуулсан гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/

2. Гэрч Б.Амаржаргалын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Тавинбэхийн адууг малладаг,  Г.Эрдэнэцогт бог малыг малладаг, Ганбаатар, Мөнхцоож гэх эхнэр нөхөр хоёр нийт гурван хүн намайг очиход байсан юм, тэгээд би малаа маллаад байж байхад 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр жижиг тэрэгтэй настай эхнэр, нөхөр хоёр, 2 хүүхдийн хамт ирсэн, урьд өмнө Тавинбэхийн адуучин Г.Эрдэнэцогтын найз гэж манайхны хот айлаар нэг удаа ирж байсан Э.Э гэх залуу жижиг тэрэгтэй хүмүүстэй ирээд удаагүй байхад 200 гаран тооны адуу мал хурааж ирээд тухайн адуун дотроос хээр зүстэй үрээг барьж Мөнхцоож эгч, Э.Э нар энэ адууг нядлаад өгөөч гээд намайг гуйгаад байхаар нь жижиг тэрэгтэй ирсэн 2 настай хөгшинтэй цуг ирсэн 2 хүүхдээр нь хамжуулж тухайн адуу малыг нядалж янзлаад ирсэн хүмүүс машиндаа мах, толгой, ширийг ачиж авч яваад дөрвөн шийрийг нь хашааны ард орхисон юм. ... Б.Б гэдэг ах миний 2 хоногийн өмнө Э.Эын гуйлгаар нядалсан хээр зүстэй, давхар саран дээр дөл тамгатай үрээг манай үрээ байгаа юм харсан уу гээд зүс тамгаар нь асууж ярьсан ... ” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/

3. Гэрч Х.Доржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Э гэж хүн Загдсүрэн гэх хүний адуучин залуутай цуг манайд ирсэн байхад нь тэр хоёртой өвлийн идшэнд шүдлэн насны адуу 350.000 төгрөгөөр авахаар амаар тохиролцсон  юм. Аман тохироо хийснээс хойш Цогоо, Э хоёр манайхаар байнга ирж бэлэн мөнгө, архи зэргийг авсаар 300.000 төгрөг болоод байсан юм, сүүлд манай эхнэр Пүрэвжал, Эаас 50.000 төгрөгний авлагатай юм. ....тэгээд Э, Цогоо хоёроос тохирсоноороо адуугаа авах гээд залгаад утас нь холбогдохгүй болохоор нь Мөнхцоожоор залгуулаад Эад хэлэхэд Э 4 дэх өдөр ирээд ав гэж байна гэж хэлсэн.  Мөнхцоожийг хэлэхээр нь хэлсэн өдөр нь эхнэр Пүрэвжалын хамт Ганбаатарын хөдөө гэрт очиход Э адуугаа удалгүй хурааж ирээд бид нар гэрээс гарч ирэхэд Э хээр зүстэй үрээг адуунаас барьсан байсан тэгээд тэнд байсан хүмүүс хамжиж тухайн адууг нядлаад би аваад явсан... ” гэсэн  мэдүүлэг/хх-ийн 16-17 хуудас/

4. Гэрч Э.Эын өгсөн: “... Би Загдсүрэн гэх хүний адуу малыг Багануурын төвөөс хөдөө явж хураагаад буцаж Багануурт гэртээ ирэх байдлаар маллдаг юм, 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Эрдэнэцогт би хоёр Хэрлэнгийн гүүрэн дээр байдаг Х.Дорж гэх айлынд очиход Х.Дорж гэх хүн бид хоёрт хандаж ахдаа өвлийн идшэнд ганц шүдлэн адуу 350.000 төгрөгөнд өгөөрэй гэхээр нь тэр үед тэгье гээд архи зээлж аваад явсан, сүүлд дахиад хэд хэдэн удаа архи, тамхи, бинзений мөнгө зэргийн авсан, тэгээд нийт тооцоо өвлийн идэш өгнө гэсэн 350.000 төгрөг болсон гээд Х.Дорж гэх хүн нөгөө идэшний адуугаа гээд Эрдэнэцогтыг Багануурын төврүү бие нь өвдөөд явсан байх хойгуур Х.Доржид ирээд идэшний адуугаа ав гэж Мөнхцоож эгчээр хэлүүлээд адуу хураахаар явсан адуугаа хураагаад ирэхэд Х.Дорж эхнэр 2 хүүхдийн хамт 2019 оны 12 дугаар 06-ны өдөр жижиг тэрэгтэй Ганбаатар ахынд ирсэн байсан, би хурааж ирсэн адуун дотроос манай адуунд сүүлийн үед байх болсон Б.Бын хээр зүстэй, давхар саран дээр дөл тамгатай үрээг бариад Тавинбэхийн үхэр малыг маллаж байсан Амаржаргалд хандаж ахын дүү энэ адууг нядлаад өгөөч гэж гуйгаад нядуулсан, тэгээд Дорж тухайн адууны мах, шир, толгой зэргийг машиндаа ачаад аваад явсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/

5. Хохирогч Б.Бын 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Э.Э нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Э надад орныхоно адууг өгсөн....манай адуу ойр хавиараа болон Сэрүүний ар хавидаа л бэлчдэг...ер нь Тайванбэхийн адууны захад байгаад байсан юм. Тэгээд авах гээд очиход 1 тооны адуу маань байхгүй байсан юм. Тухайн үед Тайванбэхийн адуу сэрүүдийн ар хэсэгт байсан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 101-102 хуудас/

6.Гэрч Ж.Загдсүрэнгийн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явацад өгсөн: ”... Манай хүрэн морийг унаж адуундаа явдаг байсан...манайх хүрэн морио 2020 оны өвөл идшиндээ хэрэглэсэн байхгүй... “ гэсэн мэдүүлэг,

7.Эд хөрөнгийн  үнэлгээний шинжээчийн №095 дугаартай: ”... 1 тооны адууг 750.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 хуудас/

8.Эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн №217 дугаартай: ”... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морийг 1.020.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-120 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 750.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь  “... ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ /хх-ийн 130 тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно ” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй... ” гэж заасан байх тул гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эыг  бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаанбаатар хот Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн морины үнэ болох 1.020.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болоно битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Эад авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.ГАНЗОРИГ