| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0173/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0173/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Г.Мөнхболд,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч Б.Э, Э.Х нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Э.Х нарт холбогдох 2039....... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Э, Э.Х
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг болох “Лавын дов” гэх газраас иргэн Д.С-гийн 6 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өндөрхааны-Ар” гэх газраас иргэн Т.З-ын гэрийн гаднах хашаатай хониноос 11 тооны бог мал буюу 6 хонь, 5 ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 730.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 01 дүгээр сард тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өндөрхааны энгэр” гэх газарт байх иргэн Х.Н-н хотноос 5 тооны хонь хулгайлж бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Замын бууц гэх газарт нутаглах Б.Л-ийн хашаанд байсан хониноос 5 эр хонь хулгайлж бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э, Э.Х нар бүлэглэж машин механизм ашиглан 2020 оны 05 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Их-Арт гэх газарт нутаглах Д.Ш-ын хашаатай хониноос 10 хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өндөрхааны-Ар” гэх газраас иргэн Т.З-ын гэрийн гаднах хашаатай хониноос 11 тооны бог мал буюу 6 хонь, 5 ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 730.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Замын бууц гэх газарт нутаглах Б.Л-гийн хашаанд байсан хониноос 5 эр хонь хулгайлж бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 01 дүгээр сард тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өндөрхааны энгэр” гэх газарт байх иргэн Х.Н-н хотноос 5 тооны хонь хулгайлж бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг болох “Лавын дов” гэх газраас иргэн Д.С-ийн 6 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Их-Арт гэх газарт нутаглах Д.Ш-ын хашаатай хониноос 10 хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд маргааш нь зүсээрээ 4 эр хонь харагдахгүй болохоор нь малаа тоолж үзэхэд 20 хонь, 10 ямаа дутсан... манай хонины хашаа тулсан машины мөр байсан.Тэр үед тэнгэр муухай байсан... уг нь 30 тооны мал дутсан манай энэ хавь цас ихтэй чоно нохой ихтэй байсан болохоор чонон нохойд бариулсанг мэдээгүй өнгөрөөсөн байх гэж бодож байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 6-7 тал/
2. Гэрч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг Уртын-Ам гэх газар нутагладаг юм. 2019 оны 12 дугаар сарын дундуур шиг санаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Ойрын өдрүүдэд нь хонь ямаагаа бүртгэж үзээгүй байж байгаад нэг өдөр аймаг ороод иртэл гэрт үлдсэн 11 настай хүү жижиг цагаан приус маркийн машинтай хүн ирээд юм асуугаад явсан гэхээр нь маргааш нь малаа бүртгэж үзтэл тоогоор 20 орчим, зүсээр 4 эр хонь дутаж байсан. Тухайн үед ойр хавийн хэдэн айлаас асуугаад олдоогүй. Тэгээд өнгөрсөн юм... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 8-9 тал/
3. Гэрч З.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... З нь манай аавын талын хамаатан байгаа юм. Манай хэдэн мал З ахынд байдаг бөгөөд би өвөлдөө аймгийн төв дээр амьдардаг юм. Гэтэл 2019 оны 12 дугаар сард 20 орчим тооны бог алдчихлаа гээд утсаар ярьж байсан. Түүний дараа хонинд чоно ороод 10 гаран юм барьсан байна гээд ярьж байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 10 тал/
4. Гэрч М.Магваны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би бүртгэлээ шүүж үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 137 кг жинтэй 5 хонь, 144 кг жинтэй 6 ямаа нийт 11 тооны мал аваад мөнгийг нь шилжүүлсэн байна. Би мөнгийг өөрийнхөө 5935147140 гэсэн данснаас шилжүүлсэн. Би тэр Э гэж хүнийг танихгүй. Баримт харж л ярьж байгаа болохоос тухайн үеийг санахгүй байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11 тал/
5. Шүүгдэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын дундуур шиг санаж байна. Би өөрийн 80-62 ХЭҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байтал хангамж орчмийн зам дээрээс танихгүй хүн ойрхон хөдөө машин эвдэрчихсэн 30.000 төгрөгөөр яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрөөд явсан бөгөөд Өндөрхаан уулын баруун хойно очоод машин байсан газраа олохгүй айлын гадна очоод том хүн байна уу? гэж асуутал байхгүй гээд 2 хүүхэд гарч ирсэн. Тэгээд ойр хавьд машин харагдсан талаар асуухад мэдэхгүй байсан. Тэгээд цааш явж байтал замын хажууд жижиг тэрэг байсан. Тэнд хүнээ буулгачихаад буцаж явахдаа түрүүний айлд том хүн байхгүй гэж байсан учраас хотноос нь хонь авъя гэж бодсон. Тэгээд хонины хашааных нь гадна очоод өөрөө дотор нь ороод захаас нь 11 тооны хонь барьж аваад машиндаа ачаад аймаг руу явсан. Замдаа хээр зогсож байгаад хонины голыг нь таслаад зээрчлээд аймгийн төвд хашаандаа авчирсан. Маргааш өглөө нь цэвэрхэн ажиллаад хогийг нь цэвэрлээд хогийн цэг дээр хаясан. Тэгээд махаа аваад Магван гэх ченжид аваачиж өгсөн. 1 сая гаран төгрөг болсон. Би мөнгийг нь өөрийнхөө 5935366069 дугаарын дансаар шилжүүлүүлж авсан. Надаас бичиг гэж асуугаагүй... хонины хашааных нь зүүн талд нь 2 гэр байсан. Хашаа нь урагшаа харсан хаалгатай байсан. Би хаалганы баруун талаар нь давж ороод хашаан дээгүүр хонио давуулсан гэж бодохоор 5 давхар шургаагаар барьсан хашаа байсан байх... Би 6 хонь 5 ямаа ачсан тэр дотор 3 эр хонь 3 эр ямаа байсан гэдгийг санаж байна. Тэрнээс зүс, имийг нь санахгүй байна... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 14-16 тал/
6. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны шинжээчийн “... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 2019 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 730.000 /долоон зуун гучин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 19-20 тал/
7. Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Замын бууц гэх газар манайх өвөлжиж байхад буюу 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай хашсан хониноос 8 тооны эр хонь хулгайд алдагдсан бөгөөд 3 хонь 10 хоногийн дараа эргэж ирсэн. Алдсан 5 хонио тус бүрийг нь 200.000 төгрөгөөр үнэлж байна... тухайн үед манай хойд айлын орчмоор цагаан өнгийн приус явж байсан гэж ярьж байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 тал/
8. Гэрч Б.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 08 цагийн үед босоод гадаа гарахад цас будраад орж байсан. Тэгэхээр нь малын хашаан дээрээ очтол хашааны зүүн урд талд тээврийн хэрэгслийн мөр байсан... 5 тооны эр хонь байхгүй байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37-38 тал/
9. Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би хүнээс мах худалдаж авахдаа гүйлгээний утга дээрээ дандаа мах гэж бичиж шилжүүлдэг юм. Бүртгэл дээрээс харахад 5 тооны хонины мах 487.600 төгрөгөөр авсан гэж бичсэн байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 39 тал/
10. Шүүгдэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед гараад 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Чингис хотоос 80-62 ХЭҮ улсын дугаартай приус маркийн автомашинтай Галшар сумын чигтээ замаар явж байгаад цас ихтэй болохоор нь эргэж буцаад явж байсан. Тэгээд явж байхдаа шөнө хэнийх нь мэдэхгүй айлд очоод зам асуух гээд сигналдаад байхад хүн гарч ирэхгүй байхаар нь хашаатай хониноос 5 эр хонь бариад амьдаар нь хүлээд машины багаажинд ачаад хөдөлсөн. Тэгээд Галшар сумаас аймаг орох замд зогсож байгаад 5 хонио ажиллаад өглөө Хэнтий аймаг руу ороод Нараагийн бойнд аваачиж өгсөн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 тал/
11. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ШД-216 дугаартай: “... 5 тооны эр хонины зах зээлийг үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын байдлаар 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 46-49 тал/
12. Хохирогч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сард манайх Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг Өндөрхааны-Энгэр гэх газар өвөлжиж байсан юм... Тэр үед зүсээрээ ганц, нэг хонь дутаад байхаар нь хонио тоолж үзэхэд 5 тооны хонь дутсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61 тал/
13. Гэрч П.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллааганы явцад өгсөн: “... Манайх 2020 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Ганц, нэг хонь харагдахгүй болохоор нь тоолж үзэхэд 5 тооны хонь дутсан. Тэгээд саяхан манай хойд айлын хонийг хулгайлсан машины дугаар тодорсон гэхээр нь цагдаад хандсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65 тал/
14. Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний хувьд өдөр болгон хүмүүсээс мах аваад мөнгийг нь дансаар шилжүүлдэг учраас нарийн санахгүй байна. Тэгээд өөрийнхөө данс хөтөлдөг дэвтрээ шалгаж үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Э гэх хүн нийт 120 кг жинтэй 5 хонь авчирч өгөөд би мөнгийг нь буюу 592.000 төгрөгийг 5935366069 дугаарын данс руу шилжүүлсэн байна. Би өөрийн эзэмшлийн 5945203901, 5959163094 гэсэн 2 дансны аль нэгнээс нь мөнгө шилжүүлсэн байгаа... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 тал/
15. Шүүгдэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Хүмүүстэй мөрийтэй тоглоод өрөнд орсон. Тэгээд тэр мөнгөө өгөхийн тулд ойрхон хөдөөнөөс хэдэн хонь ачиж ирье гэж бодоод явсан. Тэгээд Мөрөн сумын Өндөрхаан уулын баруун доогуур явж байтал уулын жалганд гэрэлгүй гэр байсан. Тэгээд эзэнгүй байж магадгүй гээд гэрийнх нь гадаа очоод 10-20 минут зогстол хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь хашаатай байсан хонь руу нь ороод захаас нь 5 хонь барьж аваад машиндаа ачаад явсан. Тэгээд замдаа хонио ажлаад гэдэс, толгойг нь хаяад махаа аймгийн төвд Мандах дэлгүүрийн Оюунцэцэг гэж хүнд зараад мөнгө дансаар авсан 500 гаран мянган төгрөг болсон... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 тал/
16. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны шинжээчийн: “... 2020 оны 01 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 73-74 тал/
17. Хохирогч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх 2020 оны өвөл Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багийн нутаг “Ламын Дов гэх газар нутаглаж байсан юм. Тэгсэн энэ хавар сувай хонь, хургатай хонио ялгаад тус тусд мал маллаж байсан юм, сувиа хонь болохоор тэр Ламын дов гэх газар байдаг байсан, өдөртөө гаргаад орой нь хашаад орхичихдог юм. Би өөрөө хургатай хонио дагаад сувиа хонь байгаа газраасаа хойшоо 1 км хэртэй газар амьдарч байсан юм Тэгээд 4 сарын 20-доор сувиа хонио тоолж үзэхэд 6 тооны хонь дутсан. Өдөртөө бол хараад байдаг болохоор шөнө орой нь хотноос авсан байх гэж бодож байгаа...Хөрөнгийн үнэлгээний байгууллагаас таны алдсан 6 тооны хонийг 420000 төгрөгөөр үнэлсэн байна... “ гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 84 тал/
18. Гэрч Д.Байгальмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2008 оноос хойш Хэнтий аймгийн Хэрлэн суманд мал, мах бэлтгэн Улаанбаатар хот “Хүчит шонхор” худалдааны захад нийлүүлдэг юм. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн үед тус сумын 2 дугаар баг Өргөө 7-ЗБ тоотод байрлах өөрийн гэртээ байж байтал мах өгье гээд нэг залуу орж ирсэн тэгэхээр нь дагаад гартал машиныхаа ард талын тээшинд 6 тооны хонины гулууз байсан тэгээд үзэж хараад авахаар болж 1 кг махыг 6500 төгрөгөөр нь бодож 6 тооны хонины мах буюу 109 кг махыг нийт 708.000 төгрөгийг өөрийн 5954113377 дугаарын данснаас Э гэх залуугийн 5935366069 дугаарын дансаар шилжүүлсэн тэгээд махаа зөөлгүүлж гэрлүүгээ оруулаад тэр залуу явсан. Тухайн үед тэр залуугаас мал эмнэлгийн гэрчилгээг нь асуусан байх аваад ирье гэж хэлсийн байж магадгүй, одоо сайн санахгүй байна, арьс шир, гэдэс толгой нь яасан юм бэ? Гэдэс толгой нь үнэтэй байгаа шүү дээ гэж асуухад багтахгүй орхичихлоо гэж байсан... “ гэсэн мэдүүлэг,/ 1-р хх-ийн 88-89 тал/
19. Шүүгдэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр хүмүүстэй мөрийтэй тоглох гээд яаж мөнгөтэй болох уу гэж бодож байгаад урьд хэд хэдэн удаа хонь хулгай хийгээд болоод байсан болохоор ойрхон хонь ачиж ирье гэж бодсон. Тэгээд өөрийн эзэмшлийн 80-62 хэү улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр аймгийн төвөөс баруун урагшаа Хэрлэн зуслангийн ард айлын гадна очсон тэгээд ойролцоогоор 10-20 минут зогстол хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд хонины хашааруу нь ортол дандаа сувай хонь хашсан байсан тэндээс захаас нь 6 хонь барьж аваад машиндаа ачаад явсан тэгээд аймгаас хойшоо яваад хогийн цэгийн ойролцоо очиж ажиллаад гэдэс толгойг нь тэнд нь хаяад махыг нь Байгаль гэх ченжед зарсан. Мөнгийг нь дансаар авсан бөгөөд 700 гаран мянган төргөг болсон....5 ханатай 1 гэр байсан бөгөөд гэрийнхээ зүүн урд талд хонины хашаа байсан, 5 юмуу 6 давхар шургаагаар барьсан хашаа байсан. Уг 6 хонинд айхтар содон зүстэй хонь харагдаагүй им, зүсийг нь санахгүй байна. дундын л хонь байх шиг байсан... “ гэсэн мэдүүлэг,/ 1-р хх-ийн 90-92 тал/
20. Вендо эд хөрөнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ХЦ20-11 дугаартай 6 тооны хонийг нийт 420.000 төгрөг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 95-96 тал/
21. Хохирогч Д.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Улаан худаг гэх газар 3 салгаж хонио хариулан мал маллан амьдардаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ны хооронд манай гэрээс зүүн хойд зүгт 1 км орчим зайд байрлах манай хашаатай хониноос өглөө тоогоор тоолоход 10 тооны хонь дутсан.... Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс 05-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед миний алдсан гэх 10 тооны хонины 6 хонийг нь борлуулсан I мөнгө гэх 1.166.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн байгаа гэх 3 хонины гулууз махыг надад үзүүлсэн бөгөөд уг махыг үзэхэд муудсан шинжтэй байсан тул аваагүй учир одоо би 4 хонины хохирлыг нэхэмжилж байна... “ гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 119-121 тал/
22. Гэрч Л.Чинбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Галшар сумын 3 дугаар баг Их арт уулын ард байрлах Түмэнгийн улаан хадны зүүн талд цагаан өнгийн приус 20 зогсож байхаар нь хүн бие засаж байна гэж бодоод...ойртож очиход 2 босоод ум хумгүй машиндаа суугаад зүүн хойшоо чиглэлтэй давхисан. Тэгээд уг байсан газарт ирэхэд 3 хонины толгой байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 126-127 тал/
23. Гэрч Д.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд манай нагац ах Э нь өөрийн машин болох 80-62 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрөө ганцаараа ирээд “Хүний хонь байгаа юм, түр амбаарт чинь тавьж болох уу" гэхээр нь “Тэг тэг” гээд машиных нь багажийг нь онгойлгоход арын суудлаа дэлгэж 10 тооны хонины гулууз мах, 1 хонины толгой ачсан байсан... “ гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 132-133 тал/
24. Шүүгдэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд хүргэн дүү Э.Хтай хамт 80-62 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн машинтай Галшар сумын Арвин баг руу 2 хүн хүргэж өгөөд буцах гэтэл Э.Х нэг шөлний хонь аваад яв гэхээр нь нэг хонио ажиллаад бид 21 цагийн орчимд яваад төөрсөн...Галшар сумын төв ороод буцаад аймаг руу гарсан ба дахиад төөрч яваад айлын гадаа 2020 оны 05 дугаар сарын 3-наас 04-нд шилжих шөнө очоод хашаатай хониноос 5 хонь ажиллаад машины багаажинд хийсэн, хойд суудлаа буулгаад амьдаар нь 5 хонь ачаад зүүн зүг рүү хөдөлсөн... “ гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 145-147 тал/
25. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ШД-212 дугаартай 10 тооны хонийг нийт 1.280.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 156-159 тал/
26. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ШД-255 дугаартай шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80-62 ХЭҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 193-198 тал/
27. Иргэний нэхэмжлэгч Б.Жаргалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат Б.Эийн манай банктай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1040026510 тоот бичил зээлийн гэрээгээ байгуулж 2.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний дагуу барьцааны үүрэг хангуулахаар 1040026510-01 барьцааны гэрээгээр Б.Эийн өөрийн эзэмшлийн 8062 ХЭҮ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашины барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлийн төлөлт хэвийн явагдаж байгаа ба зээлийн үлдэгдэл нь 193“ 162 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн хэрэгслийг хураасан тохиолдолд манай байгууллага шүүхийн шийдвэр гарсан тухайн үеийн зээлийн үлдэгдлээр мөнгөө нэхэмжилнэ.... Этэй барьцааны гэрээ байгуулсан учир тээврийн хэрэгслийн гэрчилгээ харилцагчийн өөрийнх нь нэр дээр байгаа... “ гэсэн мэдүүлэг/ 2-р хх-ийн 2-3 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Эийн бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Харин Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Хыг Б.Этэй бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг Их-Арт гэх газарт нутаглах Д.Шын хашаатай хониноос 10 хонь хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хын хувьд хулгай хийх субьектив шинж байгаагүй, тухайн үед шөнө орой болсон байсан, хүний машин гуйж явсан, би оролцохгүй гээд Эөөс салаад явах боломж нөхцөл байгаагүй, би энд оролцохгүй гэдгээ илэрхийлээд машинд суусан байдаг. Хулгайн гэмт хэрэг ашиг олох зорилгоор хийгддэг. Гэтэл Хт ийм санаа сэдэлт байгаагүй юм. Нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлт гаргасан. Учир нь тухайн үед мэдүүлэг авч байгаа хүн эрх үүргийг бүрэн гүйцэд тайлбарлаж өгөөгүй. Эрүүл мэндийн картаар харааны бэрхшээлтэй нь харагдаж байгаа. “Би харж чадахгүй” гэдгээ мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Гэтэл энэ хүнд танилцуулаагүй гарын үсэг зуруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “...агуулгыг өөрчилж бичсэн байвал засвар оруулах...” талаар зааж өгсөн байдаг. Иймээс мэдүүлгийг хуульд зааснаар аваагүй учраас нотлох баримтаар тооцуулахгүйгээр 1-р хавтаст хэргийн 139 дүгээр талын доороосоо 5 мөрийг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлт гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн “хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөнөөс хойш арьс, толгойг хаясан” үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилготой хийгдсэн өөр гэмт хэргийн шинжтэй байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх саналтай байна...” гэж дүгнэсэн ба улсын яллагч шүүгдэгч Э.Хыг Б.Этэй бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар шүүгдэгчийг гэрчээр асууж мэдүүлэг авснаас өөр нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Харин шүүгдэгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт холбогдуулан, үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хуульд заасан хариуцлагыг сануулж өөрийнх нь эсрэг гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн үндсэн эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул шүүхээс уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй байна. Харин шүүгдэгч Э.Х нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөнөөс хойш арьс, толгойг хаясан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдасан буюу мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнд сонсгосон зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Мөн шүүгдэгч Б.Э нь мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх байдал тогтоогдоогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-д 420.000 төгрөгийн, Т.Зт 730.000 төгрөгийн, Х.Нд 350.000 төгрөгийн, Б.Лд 750.000 төгрөгийн, Д.Шт 1.600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцуулах зорилгоор хохирогч нарт хурлын тов мэдэгдэж дуудахад: “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80-62 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эөөс гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Эийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуульд заасан ялаас доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Хын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Эийг машин, механизм ашиглаж олон тооны бог мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг, шүүгдэгч Х-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун дарагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Хт анхааруулсугай.
7. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.Хын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80-62 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эөөс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ