Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 443

 

Ш.Санаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01664 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Санаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Сайхантуяад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Санаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Баасансүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Сайхантуяад 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг нийт 2 000 000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Эхний 1 000 000 төгрөгийг сарын 6%-ийн хүүтэй, сүүлийн 1 000 000 төгрөгийг сарын 7%-ийн хүүтэй зээлдүүлсэн ба зээлийн гэрээний хугацааг тухай бүр сунгаж байсан. 2015 оныг хүртэл сар бүр хүүгээ өгч байгаад 2015 оноос мөнгө өгөхгүй болсон. Ингээд 2015 оны 5 сард Ард кино театрын өмнөх талбайд уулзаад үндсэн зээл болон хүүд нийт 2 700 000 төгрөгийг өгөөд салъя гэж тохиролцсон. Ш.Сайхантуяа нь 2012 оноос хойш нийт 1 990 000 төгрөг төлсөн, сүүлд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 20 000 төгрөг төлснийг зөвшөөрч байна. Иймд сүүлд тохирсон 2 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой ба бид бичгээр ямар нэг гэрээ байгуулаагүй тул Ш.Санаад хүү өгөх ёсгүй байсан. Гэвч би хүнээс мөнгө авсан гэдэг үүднээс сар бүр 60 000 төгрөг, сүүлдээ сар бүр 140 000 төгрөгийг төлж байсан. Ш.Санаад 60 000 төгрөгөөр 17 удаа, 140 000 төгрөгөөр 12 удаа, нийт 2 700 000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь анх авсан мөнгөөс илүү төлсөн байна. Иймд Ш.Санаа нь надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан Ш.Сайхантуяагаас 2 680 000 төгрөгийг гаргуулан Ш.Санаад олгож, нэхэмжлэлээс 20 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Сайхантуяагаас 57 830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Санаад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээс харахад 5 700 000 төгрөгийг цувруулан өгөх асуудал мэт ойлгогдож байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй тул хүчин төгөлдөр бус юм. Энэ нь өмнөх зээлийн харилцаанаас үүссэн үүрэг болох 2 000 000 төгрөг, 2015 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сарын хүү 700 000 төгрөг, нийт 2 700 000 гэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхад Иргэний хуулийн 236 дугаар зүйлийи 236.1.3-т зааснаар өөр үүргээр солисон гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймээс тус зүйлийн дагуу харилцаа үүсээгүй тул 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээс харахад шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь "2014 оны 2.25 /2 дугаар сарын 25-нд/ 2 000 000 төгрөг 2 жилийн хугацаатай авав 7%...." гэсэн байхад 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг авсан гэж огноог буруу дүгнэж, хариуцагч талын 2014 оны дугаар сарын 25-ны өдрийн дансны хуулгаар нотлогдох 140 000 төгрөг болон хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан зээл төлж байсан талаар нотлох баримтыг үнэлэлгүй Ш.Сайхантуяа нь өөрийн төлсөн мөнгөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь "2014 оны 9.25-нд 2 000 000 төгрөг авсан. 2015 оны 1, 2, 3 сарын хүү 420 000 төгрөг өгөөгүй. 4.15-ны дотор 1, 2 сарын хүүг 280 000 өгөх ба чадвал 140 000 төгрөгийг нэмж өгөх саналтай байна /420 000/ төгрөг" гэсэн баримт "2014 оны 2.25 /2 дугаар сарын 25-нд/ 2 000 000 төгрөг 2 жилийн хугацаатай авав 7%...."гэсэн байна. Энэ нь тус бүр 2 000 000 төгрөг авсан мэт бичсэн байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй ба хариуцагч Ш.Сайхантуяа нь нэхэмжлэгчийн шаардсан тухай бүрт нь нийт зээлсэн үнийн дүнг 2 000 000 төгрөг бичиж өгч байсан болохыг нэхэмжлэгч өөрөө нотолдог.

Түүнчлэн 2014 оны 9 дүгээр сарын 25-нд 2 000 000 төгрөг авсан гэх баримтын агуулгаас харахад 2015 оны 3 дугаар сараас хойш, 4 дүгээр сарын 15-аас өмнө нөхөн бичүүлсэн болох нь нотлогдож байна. Харин 2014 оны 2 дугаар зарын 25-нд 1 000 000 төгрөгийг амаар тохиролцон авсан. Хариуцагчийн 2014 оны 5 дугаар сард нэхэмжлэгчийн "Хас" банкны 45222 тоот дансаар шилжүүлсэн 140 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сард шилжүүлсэн 20 000 төгрөг тооцоолоогүй. Мөн 2014 оны 7 дугаар сарын 25-нд гэрч Э.Маралмаад 140 000 төгрөг өгсөн ба энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр асуух гэтэл гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан үйлдэл нь нэхэмжлэгч Ш.Санаад 140 000 төгрөг хариуцагч Ш.Сайхантуяагаас авч хүлээлгэн өгсөн болохоо хэлэхээс татгалзаж байгаагаар өөрөө нотолж байна. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Санаа нь хариуцагч Ш.Сайхантуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 700 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийг бүрэн төлж дууссан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 7 хувийн хүүтэй тус тус зээлсэн гэх боловч хэрэгт авагдсан  гар бичмэл баримтаар талуудын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээ байгуулж /хх-ийн 27/ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хуулийн шаардлагыг хангасан байх тул хүү шаардах эрхтэй байна.

 

Харин дараагийн 1 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн боловч бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй байна. Иймд хариуцагч нь бичгээр байгуулагдсан гэрээний дагуу үндсэн зээлд 1 000 000 төгрөг, хүү 720 000 төгрөг, дараагийн зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг, нийт 2 720 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Ш.Сайхантуяа нь зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн буцаан төлүүлж авсан гэж хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу 1 990 000 төгрөгийн үүргийг хариуцагч биелүүлсэн гэж үзнэ. Иймд хариуцагч нь 730 000 төгрөг /2 720 000–1 990 000/-ийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний үүргээс 20 000 төгрөг төлсөн талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн байх тул уг төлбөрийг хасч 710 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01664 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын “186 дугаар зүйлийн 186.1” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1” гэж, “2 680 000” гэснийг “710 000” гэж, “20 000” гэснийг “1 990 000” гэж, 2 дах заалтын “57 830” гэснийг “21 590” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Сайхантуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ      

                                        ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                                                            Ш.ОЮУНХАНД