Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 62

 

2017 оны 01 дүгээр сарын 24              Дугаар156/ШШ2017/00062                      Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00720/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 18-А-02 тоотод оршин суух, Боржигон овогт Цэсэнгийн Ганчимэг / РД:СЭ77031209/ -ийн нэхэмжлэлтэй
        
        Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Саригийн 10-03 тоотод оршин суух, Хөвчийн жонон овогт Сандагсүрэнгийн Ган-Од / РД: СЭ870412/-д холбогдох 
      
        Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв
       
        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ганцэцэг, хариуцагч С.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч И.Ганцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр яг хэдэн онд суусан гэдгээ мэдэхгүй байна. Манай том охин одоо 12 настай. Ган-Одтой гэрлээд нэг жилийн дараа охин Нямсүрэнг төрүүлсэн. 2010 онд хүү Нямгэрэлийг төрүүлсэн юм. Ган-Од нь намайг зодож дарамталдаг байсан. Тийм учраас Ган-Одоос салахын тулд би хүн дагаж зугтаж байж салсан. Саяхан Ган-Одыг хүнтэй суусан талаар хүнээс сонссон юм. Тэгээд Ган-Одоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, ядаж нэг хүүхдээ хувцаслаж байгаасай гэсэндээ шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би энэ хүнтэй цаашид хамт амьдрахгүй. Бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ган-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ганчимэгийн нэхэмжлэлтэй танилцаад С.Ган-Од би дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Ганчимэг бид 2 2005 онд гэр бүл бололцоод дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Ганчимэг өөрөө 3 дагавар хүүхэдтэй байхад нь би суусан. Би хүүхдүүдийг нь өөрийн хүүхдийн адил хайрлаж, хувцас хунар хоол ундаар дутаагаагүй. Гэтэл Ц.Ганчимэг нь 2015 оны 03 сард ямаа самнахаар хөдөө айл руу яваад өөр хүнтэй болсон. Намайг гэрээсээ хөөж туугаад 
би өөрийн аав, ээж дээрээ ирээд амьдарч байна. Одоо бид 2 тусдаа амьдарч байна. Ганчимэг нь Мөнхөө гэгч залуугийнхаа хүүхдийг хүртэл гаргачихсан, одоо цуг амьдарч байгаа. 
Хариуцагч С.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Надад яриад байх юм байхгүй. 4 хүүхэд маань бүгдээрээ миний хүүхэд мөн. Тайлбартаа би 2 хүүхдээ өөрөө авдаг юм уу гэж бодоод 2 хүүхэд нь минийх, бусад нь минийх биш гэж тайлбар өгсөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хөдөлмөрийн чадваргүй грүппт байдаг, ажил хийдэггүй. Гэхдээ би одоо Баян-Адрага суманд айлын мал харж байгаа. Би сард 127 000 төгрөгийн халамжийн орлоготой. Гэсэн ч би хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд би гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна гэв.
 Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад               
                                                                                                                                                       
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Цэсэн овогтой Ганцэцэг нь хариуцагч Сандагсүрэнгийн Ган-Одод холбогдулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

               Нэхэмжлэгч Ц.Ганцэцэг, хариуцагч С.Ган-Од нар нь 2003 онд гэр бүл болж тэдний дундаас өдөр охин Г.Нямгэрэл, Г.Нямцэцэг, Г. Нямсүрэн, хүү Г. Мягмарсүрэн  нар төрсөн байх ба зохигчид нь 2015 оноос хойш зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тус тусдаа амьдрах болсон байна. Хариуцагч С. Ган-Од нь Ц. Ганцэцэгтэй амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл дарамт үүсгэж, эрх чөлөөнд нь халдаж зоддог байсан байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. 
              Одоогоор нэхэмжлэгч Ц.Ганцэцэг нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон байх ба тэр хүний хүүхдийг төрүүлсэн байна. 
              Хариуцагч С.Ган-Одын хувьд нэхэмжлэгч Ц.Ганцэцэгийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 
              Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар ямар нэгэн маргаангүй байгааг дурдах нь зүйтэй юм 
              
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Цэсэнгийн Ганчимэг /РД: СЭ77031209/, хариуцагч Хөвчийн жонон овогт Сандагсүрэнгийн Ган-Од /РД: СЭ81120714/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ганчимэгийн 2004 оны 09 сарын 18-ны өдөр төрүүлсэн охин Г.Нямсүрэн /РД:СЮ04221800/ 2006 оны 08 сарын 22-ны өдөр төрүүлсэн хүү Г.Мягмарсүрэн /РД:СЮ06282215/ 2008 оны 04 сарын 18-ны өдөр төрүүлсэн охин Г.Нямцэцэг /РД:СЮ08241806/ 2010 оны 01 сарын 24-ний өдөр төрүүлсэн охин Г.Нямгэрэл /РД:СЮ10212441/ нарын эцэг нь хариуцагч Хөвчийн жонон овогт Сандагсүрэнгийн     Ган-Од мөн болохыг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Г.Нямсүрэн /РД СЮ04221800/, хүү Г.Мягмарсүрэн /РД: СЮ06282215/, охин Г.Нямцэцэг /РД: СЮ08241806/, охин Г.Нямгэрэл /РД: СЮ10212441/ нарыг эх Ц.Ганчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Г.Нямсүрэн, хүү Г.Мягмарсүрэн, охин Г.Нямцэцэг, охин Г.Нямгэрэл  нарыг 18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг хариуцагч С.Ган-Одын цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос сар бүр мөнгөн хэлбэрээр гаргуулж  охин Г.Нямсүрэн, хүү Г.Мягмарсүрэн, охин Г.Нямцэцэг, охин Г.Нямгэрэл  нарыг тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч     С.Ган-одоос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Ганчимэгт анхааруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9. Зохигчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар ямар нэгэн маргаангүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ганчимэгийг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлсөн болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР