Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар Д.Хорлоо,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Э-д холбогдох 2030000000189 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл ..., ....  хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Хуарангийн ..... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ..............., С.Э.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн иргэн Б.А-г ус буцалгагчаар нүүр рүү 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, духанд язарсан шарх”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокурор уншиж танилцуулсан учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Яллагдагч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  Н.О нь  надад Ж гэх айл ямаа боосон гэсэн хоёулаа оръё гээд бид хоёр Ж гэх айлд ороход тэнд байсан айлын хүмүүс соёрхол нэртэй архи тойруулаад сууж байсан. Бид хоёр тэр архинаас хувааж ууж  дуусаад тухайн айлаас гараад Б.А, нөхөртэйгөө Н.О бид нар Ч.С-нх руу ороход тэднийх хар экс нэртэй архи гаргаж өгсөн. Экс нэртэй архийг  бүгдээрээ тойруулаад сууж байхад Б.А нь нөхөртэйгөө  маргалдаж эхэлсэн тэгэхээр би та яасан юм бэ яагаад нөхөр чинь таныг хардаад байгаа юм гэж асуухад чамд  хамаагүй чи эр болгоны толгой залгихаас өөр юу мэдэхийн гэхээр нь би уурлаж босож ирээд үснээс нь зулгаахад Б.А нь миний үснээс зулгааж бид хоёр барьцалдаж гэрийн баруун орны ар тал руу унахад Н.О бид хоёрыг салгаад нөхрийн хамт гэр лүүгээ явсан. Тэгээд Б.А гэрээс гараад явах гэж байхаар нь би уурандаа гэрийн зүүн урд талын шүүгээн дээр байсан ус буцалгагчаар нүүр рүү нэг удаа цохисон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан Б.А-д эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг бэлнээр өгөхдөө та уг мөнгийг эмчилгээний зардалдаа хэрэглээрэй гэж хэлээд өгсөн. Бид хоёр эвлэрсэн  Б.А-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

- Хохирогч Б.А-н : “...2020 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагт гэртээ нөхөр, хүүхдийн хамт байхад манай урд талын айлын М.О гэх хүн орж ирээд  манайх ямааны боолт хийчихлээ орж идээрэй гэж хэлэхээр нь би нөхрийн хамт гэрт нь ороод ямааны боолт идэж байхад С.Э, Н.О нар халамцуу орж ирсэн. Нөхөр бид хоёр ямааны боолт идэж дуусаад тухайн айлаас гараад явж байхад Н.О нь эгчээ бүгдээрээ Ч.С гэх айлд  ороод  гаръя гэж хэлэхээр тухайн айлд ороход Ч.С нь хар экс нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд надад архи өгөхөөр нь би амсаад өгсөн. Дахиад тойроод ирэхээр нь уухгүй гэхэд С.Э нь чи хэзээ архи уухгүй болсон юм бэ чамайг  мэдэхгүй юм байна гэхээр нь эгч нь ойрд уухгүй байгаа гэхэд чи нөхрийнхөө толгой дээр гарсан авгай, янхан гэх мэтээр намайг доромжилсон. Би тэгэхээр нь С.Э-г чи эр болгоны толгойг залгидаг гэж хэлэхэд уурлаж босож ирээд миний үснээс зулгаахаар нь би бас үснээс нь зулгаахад Н.О бид хоёрыг салгасан. Тэнд байсан бүх хүмүүс гараад явчихлаар нь би ардаас нь гараад явах гэтэл миний үсний ард талаас зулгааж, ус буцалгагчаар нүүр лүү 1 удаа цохисон. Эмнэлэгт очиж үзүүлэхэд  хоёр  хөмсөгний голд нь зүсэгдсэн оёулахгүй бол цус нь тогтохгүй гэж хэлээд 6 оёдол тавьж боож өгсөн. С.Э гэх хүнд зодуулсны улмаас нүүрэндээ 6 оёдол тавиулсан. Зүүн нүд хөхөрч хавдсан толгой өвдөнө. Өөр учирсан гэмтэл байхгүй. Би гомдолгүй. Надад С.Э нь эмчилгээний зардал гэж 500.000 төгрөгийг өөрийн биеэр ирж өгсөн. Тухайн мөнгө нь миний эмчилгээний зардалд зориулагдсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг, /хх 4-5 хуудас/,

 

- Гэрч Ч.С-н: “...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 19 цагт Б.А, Т.Ж, Т.О, Д.Г, Ш.Ч нарын хүмүүс Н.Ж гэх айлаас ямааны боолт идээд орж ирлээ гэхээр нь хар экс нэртэй архи гаргаж өгсөн. Тухайн архинаас орж ирсэн бүх хүмүүс тойруулж өгч дуусаад бие засаад гэр лүүгээ орох гэж байтал манай гэрээс хэдэн хүмүүс гараад явж байсан. Гэртээ ороход Б.А, С.Э нар нь хоорондоо зууралдаж байхад Ш.Ч голоор нь орж салгаж байсан. Ш.Ч нь энэ 2 хоорондоо маргалдаж байгаад С.Э нь Б.А-н нүүр лүү 1 удаа ус  буцалгагчаар цохисон тухай надад хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б.А-н хүүхэд нь орж ирээд эмнэлгийн тусламж дуудсан. Б.А, С.Э нар ямар учир шалтгаанаас болж хоорондоо маргалдаж муудсан талаар  мэдэхгүй байна. тухайн үед С.Э, Б.А нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг   /хх-ийн 7/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаартай: 1. Б.А-н биед “тархины доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, духанд язарсан шарх”  гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-15-16/,

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн засаг даргын шүүгдэгч С.Э-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33/

 

- Шүүгдэгч С.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 34/

 

- Шүүгдэгч С.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 35/

- Шүүгдэгч С.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 41/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020  оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/31 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 41 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 67 дугаартай санал /хх-43/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн иргэн Б.А-г ус буцалгагчаар нүүр рүү 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, духанд язарсан шарх”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... ”гэх,

хохирогч Б.А-н “...Нөхөр бид хоёр ямааны боолтоо идэж дуусаад тухайн айлаас гараад явж байхад Н.О эгчээ бүгдээрээ Ч.С гэх айлд  ороод  гаръя гэж хэлэхээр тухайн айлд ороход Ч.С нь хар экс нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд надад архи өгөхөөр нь би амсаад өгсөн. Дахиад тойроод ирэхээр нь уухгүй гэхэд С.Э нь чи хэзээ архи уухгүй болсон юм бэ чамайг  мэдэхгүй юм байна гэхээр нь эгч нь ойрд уухгүй байгаа гэхэд чи нөхрийнхөө толгой дээр гарсан авгай, янхан гэх мэтээр намайг доромжилсон. Би тэгэхээр нь С.Э-г чи эр болгоны толгойг залгидаг гэж хэлэхэд уурлаж босож ирээд миний үснээс зулгаахаар нь би бас үснээс нь зулгаахад Н.О бид хоёрыг салгасан. Тэгэхэд тэнд байсан бүх хүмүүс гараад явчихлаар нь би ардаас нь гараад явах гэтэл миний үсний ард талаас зулгааж, ус буцалгагчаар нүүр лүү 1 удаа цохисон. Эмнэлэгт очиж үзүүлэхэд  хоёр  хөмсөгний голд нь зүсэгдсэн оёулахгүй бол цус нь тогтохгүй гэж хэлээд 6 оёдол тавьж боож өгсөн. С.Э гэх хүнд зодуулсны улмаас нүүрэндээ 6 оёдол тавиулсан. Зүүн нүд хөхөрч хавдсан толгой өвдөнө. Өөр учирсан гэмтэл байхгүй. Би гомдолгүй. Надад С.Э нь эмчилгээний зардал гэж 500.000 төгрөгийг өөрийн биеэр ирж өгсөн... гэх,

гэрч Т.М-н“...Гэртээ ороход Б.А, С.Э нар нь хоорондоо зууралдаж байхад Ш.Ч голоор нь орж салгаж байсан. Ш.Ч нь энэ 2 хоорондоо маргалдаж байгаад С.Э нь Б.А-н нүүр лүү 1 удаа ус буцалгагчаар цохисон тухай надад хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б.А-н хүүхэд нь орж ирээд эмнэлгийн тусламж дуудсан. Б.А, С.Э нарын хүмүүс ямар учир шалтгаанаас болж хоорондоо маргалдаж муудсан талаар  мэдэхгүй байна. Тухайн үед С.Э, Б.А нарын хүмүүс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 295 дугаартай: 1. Б.А-н биед “тархины доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, духанд язарсан шарх”  гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

С.Э-н үйлдлийн улмаас хохирогч Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “Э нь надад эмчилгээний зардалд 500 000 төгрөг өөрийн биеэр ирж өгсөн.  Би  тэр мөнгийг эмчилгээний зардалд зориулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.

  Иймд шүүгдэгч С.Э-гэнэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч С.Э-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      

Шүүх шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал,  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл  байдлыг  харгалзан  үзэж  шүүгдэгч  С.Э-д  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч С.Э нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.         

 

Шүүгдэгч С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч С.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч С.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР