| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 147/2020/0145/э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Р.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.С-д холбогдох 2030000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Цайрт менарал ХХК-д шаазан шүүлтүүрчин ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн ....... тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ............., Р.С.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Р.С нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн ......... тоотод 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар иргэн Г.Б-тай маргалдаж түүнийг хутгалж эрүүл мэндэд нь “хүзүү болон цээжинд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Р.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Шүүгдэгч Р.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Б бид хоёр архи ууж байхдаа хөзөр тоглож байсан бөгөөд нэг мэдсэн З архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Яг энэ үед би Б-тай маргалдаж муудаж байсан бөгөөд юунаас болж маргалдаж муудаж байсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан би заазуураар Б-н хоолойг зүссэн байсан. Би Б-с уучлалт гуйж бид 2 эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
- Хохирогч Г.Б-ы: “...2020 оны 05 дугаар сарын 30-ны өглөө босоод хоол, цай идэж уугаад 11 цагийн орчимд дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.75 литрийн шилтэй архи авч бид хоёр хувааж уусан. Гэтэл С байрныхаа З гэдэг залууг 14 цагийн орчимд дуудсан З 1 шил архитай ирж тэрийг нь бид 3 хувааж уусан. Нэг мэдсэн чинь би С-тай маргалдаж муудаад байх шиг байсан. Чухам юунаас болж маргалдаж муудсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан би газар сууж байхад С миний хоолойд зуузуур тулгасан байсан. Би тухайн үед арай ч зүсэхгүй байлгүйдээ гэж бодож байтал С миний хоолойг зүссэн. Дараа нь дахиад миний цээжийг зүссэн. Тухайн үед би шууд гэррүүгээ явж гэрээсээ цагдаад дуудлага өгсөн. Хүзүүнд заазуураар зүссэн бөгөөд 2 хоёр оёдол тавиулсан ... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16/,
- Гэрч Г.З-ын: “...2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн орчимд гэртээ байж байтал С ах над руу яриад хүрээд ир гэсэн. Тэгээд би очиход Б С ах 2 нэг шил архи уугаад сууж байсан. Би дэлгүүрээс нэг шил архи авч тэр хоёртой хувааж уусан. Би архиндаа согтоод унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь гэрт ганцаараа байсан. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Намайг сэрүүн байхад тэр хоёр маргаж муудсан зүйл байхгүй. Дараа нь сонсоход С ах Б-тай маргалдаж хүзүүг нь зүссэн гэж С ах надад хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 287 дугаартай: 1. Г.Б-ы биед “хүзүү болон цээжинд зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-25/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 04-06/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08/
Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-11/
Г.Б-д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23-24/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн засаг даргын Р.Сын ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33/
- Шүүгдэгч Р.С-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 34/
- Шүүгдэгч Р.С-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 36/
-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, торгууль төлсөн баримт /хх-ийн 51/
- Шүүгдэгч Р.С-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 52/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/52 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 41 /
- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 71 дугаартай санал /хх-54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Р.С нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 217 тоотод 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар иргэн Г.Б-тай маргалдаж түүнийг хутгалж эрүүл мэндэд нь “хүзүү болон цээжинд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...Б бид хоёр архи ууж байхдаа хөзөр тоглож байсан бөгөөд нэг мэдсэн З архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Яг энэ үед би Б-тай маргалдаж муудаж байсан бөгөөд юунаас болж маргалдаж муудаж байсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан би заазуураар Б-ы хоолойг зүссэн байсан. Би Б-с уучлалт гуйж бид 2 эвлэрсэн...” гэх,
хохирогч Г.Б-ы “...Нэг мэдсэн чинь би С-тай маргалдаж муудаад байх шиг байсан. Чухам юунаас болж маргалдаж муудсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан би газар сууж байхад С миний хоолойд зуузуур тулгасан байсан. Би тухайн үед арай ч зүсэхгүй байлгүйдээ гэж бодож байтал С миний хоолойг зүссэн. Дараа нь дахиад миний цээжийг зүссэн. Тухайн үед би шууд гэррүүгээ явж гэрээсээ цагдаад дуудлага өгсөн. Хүзүүнд заазуураар зүссэн бөгөөд 2 хоёр оёдол хийлгэсэн... гэх,
гэрч Г.З-ын“...Би архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь гэрт ганцаараа байсан. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Намайг сэрүүн байхад С Б нар хоорондоо маргаж муудсан зүйл байхгүй. Дараа нь сонсоход С ах Б-тай маргалдаж хүзүүг нь зүссэн гэж С ах надад хэлсэн...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 287 дугаартай: 1. Г.Б-ы биед “хүзүү болон цээжинд зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт хэргийн газрын үзлэг тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Р.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Р.С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Б-тай маргалдаж түүний хүзүү болон цээжин хэсэгт заазуураар зүсэж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Р.С-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Б нь “миний зүгээс гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Р.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Р.С-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Р.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Р.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч Р.С нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 23.3 см-ийн урттай, ажлын хэсгийн урт нь 13.3 см, бариул хэсгийн урт нь 10 см, ажлын хэсгийн дээд үзүүрт нүхтэй ногоон өнгийн бариултай заазуурыг устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-г 1200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.С-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Р.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Р.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Р.С энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “23.3 см-ийн урттай, ажлын хэсгийн урт нь 13.3 см, бариул хэсгийн урт нь 10 см, ажлын хэсгийн дээд үзүүрт нүхтэй ногоон өнгийн бариултай заазуурыг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР