| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2020/0149/э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох 2030001440170 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Хайлааст задгай тоотод оршин суух, урьд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан регистрийн дугаар ................. Б.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Хайлааст задгай тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч С.Н-г согтуу агсам тавьж гэрийн эд зүйл эвдэж гэмтээсэн, хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар гэрээсээ хүчээр гаргах үедээ С.Н биед бүсэлхийн 2-3 дугаар нугаламын хажуу сэртэнгийн хөндлөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед Г, У, О нар манайд ирж талын хөзөр тоглосон. Хөзөр тоглохдоо би нэг гаргаад уусан. Н өөрөө У руу залгаад тосуулаад манайд ирсэн. Тэгээд бид тав нөгөө архи уугаад хөзөр тоглосон. Гаднаас Т, С хоёр орж ирээд Сүхбаатар сум руу ямаа самнахаар явах уу гээд гурвуулаа гараад явсан. Тун удалгүй Г-н эхнэр манайд орж ирээд гэрээ нүүлгэхгүй юу хийгээд байгаа юм гээд нөхрөө нэг өшиглөхөд Г одоо дууслаа гэсэн. Тэгээд 19 цагийн үед Н гаднаас шал согтуу орж ирээд би эхнэрт чинь хэлээгүй гээд ширээний булан дээр байсан аягыг аваад Г руу шидсэн. Аяга нь толгой дээр нь оносон. Тэгээд О хагарсан аягыг түүж байтал араас нь очоод өшиглөсөн. Бас Н нь Уг бас алгадсан. Тэгээд би гэрт битгий зодолдоод бай гар гэхэд Н нь хөгжлийн бэрхшээлтэй, сохор, мэдрэл муутай, пязда, чамд хамаагүй гэсэн. Би гар гар гээд хоёр суганаас нь тэврээд ухраагаад гаргах гэтэл хаалга алдлаад, угаалтуур гараараа татсан. Тэгээд угаалтуур дотор байсан ус нь дүүрэн байсан учир нэлийсэн ус болсон, тэр нь дээрээ унаад халтираад унасан. Тэгээд эргэж босгох гэтэл дийлдэггүй, мөрнөөс нь чирээд гаргаад хаалга түгжсэн. Гийг хойноос гар гээд гаргасан. Тэгээд хаалга үүд дуугаргаад л байсан. Удалгүй явсан юм байх гэж бодтол байсан. Хаалга өшиглөөд балбаад байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан гэв.
- Хохирогч С.Н: “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б гэх залуугийн гэр болох Хайлаастын задгай тоот хашаанд 11 цагийн үед Г, Б, О гэх гурван залуустай У гээд нэг найз хүүхэнтэйгээ тавуулаа 3 шил 0,75 литрийн архи ууцгаагаад өдөр 14 цагийн үед Б-н гэрээс өөрийн гэр болох ......... тоот хашаанд байх гэртээ харьсан. Тэгээд байж байтал А гээд манай танил найз маань надад Г гэх залууг эхнэр нь эрээд байна гээд байхаар нь би орой 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад нөгөө архи ууцгаагаад үлдсэн Б-н гэрт очиж Г-г нь гэрээс нь эрээд хайгаад байна гэхээр очоод тэд мөн архи уугаад сууж байхаар нь Г-ийг эхнэр чинь эрээд байна гэж байна шдээ чи гэртээ харилдаа гэж хэлтэл Г намайг өөрийнх нь байгаа газрыг зааж өгсөн байна. Манай эхнэр сая ирээд явсан гээд уурлаад байхаар нь би эхнэрт чинь хэлж өгөөгүй эхнэр чинь эрээд байна гээд надаас хүмүүс асуугаад байна, би гэр орондоо амгалан тайван баймаар байна, чи гэр орондоо харь гэж хэлэхэд надад уурлаж намайг барьж аваад Б-ын гэрийн баруун орон дээр дараад унагаатал гэрийн нь орны моднууд доошоо нураад оочсон юм. Тэгэхээр нь би босоод гэр орондоо тайван баймаар байна чи энд уухаа боль эхнэр рүүгээ яв гэж хэлтэл тэр гэрийн эзэн Б гэгч нь босож ирээд намайг гэрээсээ хөөж байгаад би гарахгүй Г-ийг тэр гэрээс гараад эхнэртээ очих байх гэж бодоод гаргах гээд байж байтал Б нь намайг шууд үстэж унагаагаад газар уначхаад байхад чирээд гэрээсээ гаргаад үүдний амбаартаа оруулсан. Тэгэхээр нь би босож эргээд гэрт нь орсон чинь эргээд намайг үстэж унагаагаад чирч байхдаа гараараа миний цээж рүү 3 удаа цохиод амбаарынхаа үүдэнд чирч гаргачхаад амбаараасаа намайг гаргах гэж хөлөөрөө жийхдээ л миний аарцаг нурууг эвгүй болгочхоод байгаа юм. Би Б-ын гэрээс хөөгдөж чирэгдэж гараад гэрийнх нь гадаа босох гэтэл босож болохгүй байсан юм ...Одоо баруун талын бөөрнөөс доошоогоо сүүж хавьцаа яс бяцарсан юм шиг янгинаж өвдөөд байгаа юм. Тэгшхэн сууж болохгүй болчхоод байна. ...миний баруун талын ташаа орчим хэсэгт хөлөөрөө жийж газар унагасан бөгөөд би унахдаа босгон дээр нь нуруугаараа унасан. Тэгээд босох гэтэл нуруу эвгүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Миний эрүүл мэндэд Г алгадах үед хацар хорсож байсан. Харин Б намайг гэрээсээ чирч гаргахдаа хөлөөрөө жийж газар унагаасан. Би энэ үед нуруугаараа унасан бөгөөд сэртэн ясны хугарал гэмтлийг авсан. Ширээн дээр байсан шаазан давхар аяга байхаар нь Г руу шидсэн. Тэгэхдээ Гийг оноогүй, аяга ч хагараагүй. Миний нуруу өвдөж байгаагүй. Би өмнө нь нуруундаа ямар нэгэн байдлаар бэртэл гэмтэл авч байсан удаа байхгүй. Би Б-ыг сайн танихгүй. Өмнө нь У гэдэг эмэгтэй хамт 2 удаа гэрт нь очиж байсан. Урьд өмнө нь хоорондоо маргалдаж муудаж байсан асуудал байхгүй. Миний зүгээс Улаанбаатар хот руу явахад гарсан эмчилгээний зардал 1.136.000 төгрөг болсон. Энэ мөнгийг би нэхэмжилж байгаа. Мөн хойшид гарах эмчилгээний зардал болон манай хоёр дүүгийн хохирол болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /хх-22-24 дугаар хуудас/
Гэрч Л.Г-н: “...Би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дэд ахлагч Б.Г-н хамт аймгийн төвд зүүн чиглэлд 61 дуудлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 22 цагийн орчим Баруун-Урт сумын 5 дугаар баг Хайлаастын задгай тоотод бусдад зодуулсан гэх дуудлагад очсон. Бид хоёрыг очиход монгол гэрийн гадна талд С.Н гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй хаалгыг нь балбаад зогсож байсан. Тэр эмэгтэй гэрийн эзэн Б гэх хүнд зодуулсан намайг ор руу түлхэж унагаад дээрээс дараад чирч гаргасан гэж ярьж байсан. Хаалгыг нь балбаж байгаад нээлгэж ороход 3 залуу нэг эмэгтэй дотор байсан. Тэгээд гэрт байсан нэг эмэгтэйг үлдээгээд 3 залуу зодуулсан гэх эмэгтэйтэй хамт цагдаагийн газарт авч ирсэн. Гэрт үлдсэн эмэгтэйг С.Н болон хамт байсан хүмүүс нь наад хүн чинь хамаагүй унтаж байсан юм гэхээр нь орхисон юм. Тухайн үед дуудлага өгсөн эмэгтэй хөл болохгүй байна түнхээр хатгаж өвдөөд байна гэж байсан. Ямарч байсан цагдаагийн газарт очиж байж учраа олохуу гэхэд машины эрд дөрвүүлээ сууцгаасан. Харин цагдаагийн газрын хашаанд ирээд хөл бүр хөдөлж болохгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-31 дүгээр хуудас/
Гэрч Ц.О-ын “...Би найз Г, У хоёртой хамт 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим ойролцоо байдаг Б ахын гэрээр очсон бөгөөд тэнд бид гурав хөзөр тоглонгоо 0,75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архи хувааж ууцгаасан юм. Гэтэл Г нь өдөр 11 цагийн үед Н гэх эмэгтэйг дуудаж бид 5 хөзөр тоглосон. Үдээс хойш Т, С гэх нэртэй миний танихгүй хоёр залуу Б ахын гэрт орж ирээд Сүхбаатар сум руу ямаа самнахаар явлаа гээд Н гэх эмэгтэй аваад явсан. Тэгээд Б, Г, У бид 4 сууж байтал 17-18 цагийн орчим Гийн эхнэр гэх эмэгтэй орж ирээд Г-ийг загнаж байгаад гараад явсан. Удалгүй Сүхбаатар сум руу явсан Т, С, Н гурав согтуу ирсэн бөгөөд Т, С хоёр Н-г гэрт оруулж өгөөд яваад өгсөн. Тухайн үед бид 4 хөзөр тоглоод сууж байсан бөгөөд Г нь Н-г чи намайг хаана байгааг эхнэрт хэллээ гэсэн чинь Н нь ширээн дээр байсан угсраатай байсан цайны шаазан аяга аваад Г-ийн толгойг цохиж Г-той маргалдаж муудсан юм. Гэтэл Б ах гэрт маргалдаж муудахгүй гээд Н-г гэрээсээ гаргах гэтэл гарахгүй байсан. Б ах Н гэх эмэгтэйг араас нь тэврээд гэрээсээ гаргаж байтал Н үүдэнд байдаг угаалтуурыг татаж усыг нь асгаж хоёр гараараа тэгнэж зогсоод байсан. Би тухайн үед асгасан угаадас усыг нь арчиж цэвэрлэсэн бөгөөд Б ах тэр чигээрээ аваад гарсан гадаа юу болсон талаар хараагүй. Н гаднаас орж ирээд хэрүүл маргаан болсон. Биед нь гэмтэл бэртэл байсан гэх зүйл ажиглагдаагүй. Гэрээсээ чирээд гаргасан. Зодож цохисон зүйл байхгүй. Харин гадаа гараад юу болсон талаар би мэдэхгүй. Тэгэхдээ Б ах Н-г гадаа гаргаад шууд буцаад орж ирээд хаалгаа түгжсэн. Н гаднаас нь хаалгыг нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг, /хх-32 дугаар хуудас/
Гэрч Г.Г-ийн “...Тус өдөр О, У бид гурав Дэнжийн байранд байдаг саяхан танилцсан Б.Б ахын гэрээр 11 цагийн орчим очиж хөзөр тоглонгоо нэг шил архи хувааж уусан. Өдөр 12 цагийн орчим С.Н-г Б ахын гэрт хүрээд ир гэж дуудсан бөгөөд С.Н удалгүй ирж бид 5 хамт хөзөр тоглосон. 14 цагийн орчим Т, С гэх хоёр залуу ирээд С.Н-тэй хамт Сүхбаатар сум руу ямаа самнахаар явсан. Б, О, У бид 4 хөзөр тоглож байтал орой 19 цагийн орчим манай эхнэр Халиунаа гаднаас орж ирээд нүүдэл суудал хиймээр байна гэхээр нь би тоглоомоо дуусгаад очно гэсэн. Тэгээд манай эхнэр яваад өгсөн. 20 цагийн орчим Т, С, С.Н гурав гаднаас согтуу орж ирээд С.Н-г үлдээгээд Т, С хоёр яваад өгсөн. Гэтэл С.Н нь орж ирээд хэсэг байж байгаад ширээний булан дээр байсан хоёр давхар шаазан аяга авч над руу шидэж нэг нь хагарсан. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Үүнээс болж гэрийн эзэн Б.Б ах С.Н-г гэрээсээ чирээд гаргасан. Гарахдаа С.Н нь гэрийн үүдэн хэсэгт байх угаалтуурын угаадас татаж унагасан. Түүнийг О арчиж, би хагарсан аяганы хэлтэрхийг түүсэн. Б.Б нь С.Н-ггэрээсээ гаргаад хаалгаа түгжсэн. Гэтэл С.Н нь үүдний амбаарын хаалга өшиглөөд байсан. Би тухайн үед хүргэж өгдөг юм билүү гээд гартал цагдаа ирсэн. Цохиж зодсон талаар хэлж мэдэхгүй байна. Учир нь би гэр дотор хагарсан аяганы хэлтэрхий түүж байсан. Яг үүдний хэсэгт юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Н нэлээн согтуу байсан харин Б ах тийм ч их согтуу байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-33 дугаар хуудас/,
Гэрч П.Г-н“...Г.Г, С.Н бид гурвыг очиход гэрийн эзэн Б болон 2-3 танихгүй залуучууд байсан. Ороход намайг архиар шахах шинжтэй болохоор нь “Би Сүхбаатар сум явах ажилтай” гэж хэлээд С гэх залуутай гарахад С.Н би хамт явна гээд гарсан. Гарч ирээд машинд суугаад зүүн тийш хөдлөөд явах гэтэл С.Н буцаад бууя гэхээр нь Б.Б-ын гадаа ганцааранг нь буулгаад хөдөлсөн юм. Тухайн үед бол Н гэх эмэгтэйд өвдөж зовсон талаар гаднаас нь хараад мэдэгдэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-34 дүгээр хуудас/,
Шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаартай “С.Н-гийн биед бүсэлхийн 2-3 дугаар нугаламын хажуу сэртэнгийн хөндлөн хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-36-37 дүгээр хуудас/,
Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 5 дугаар багийн засаг даргын шүүгдэгч Б.Б-ын ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 54/
Хохирогч С.Н-гийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 9-19/
- Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 55/
- Шүүгдэгч Б.Б-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Хайлааст задгай тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч С.Н-г согтуу агсам тавьж гэрийн эд зүйл эвдэж гэмтээсэн, хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар гэрээсээ хүчээр гаргах үедээ С.Н биед бүсэлхийн 2-3 дугаар нугаламын хажуу сэртэнгийн хөндлөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...Тэгээд 19 цагийн үед Н гаднаас шал согтуу орж ирээд би эхнэрт чинь хэлээгүй гээд ширээний булан дээр байсан аягыг аваад Г руу шидсэн. Аяга нь толгой дээр нь оносон. Тэгээд О хагарсан аягыг түүж байтал араас нь очоод өшиглөсөн. Бас Н нь Уг бас алгадсан. Тэгээд би гэрт битгий зодолдоод бай гар гэхэд Н нь хөгжлийн бэрхшээлтэй, сохор, мэдрэл муутай, пязда, чамд хамаагүй гэсэн. Би гар гар гээд хоёр суганаас нь тэврээд ухраагаад гаргах гэтэл хаалга алдлаад, угаалтуур гараараа татсан. Тэгээд угаалтуур дотор байсан ус нь дүүрэн байсан учир нэлийсэн ус болсон, тэр нь дээрээ унаад халтираад унасан. Тэгээд эргэж босгох гэтэл дийлдэггүй, мөрнөөс нь чирээд гаргаад хаалга түгжсэн... ” гэх,
хохирогч С.Н-гийн “...Тэгэхээр нь би босоод Г-ийг би гэр орондоо тайван баймаар байна чи энд уухаа боль эхнэр рүүгээ яв гэж хэлтэл тэр гэрийн эзэн Б гэгч нь босож ирээд намайг гэрээсээ хөөж байгаад би гарахгүй Гийг тэр гэрээс гараад эхнэртээ очих байх гэж бодоод гаргах гээд байж байтал Б нь намайг шууд үстэж унагаагаад газар уначхаад байхад чирээд гэрээсээ гаргаад үүдний амбаартаа оруулсан. Тэгэхээр нь би босож эргээд гэрт нь орсон чинь эргээд намайг үстэж унагаагаад чирч байхдаа гараараа миний цээж рүү 3 удаа цохиод амбаарынхаа үүдэнд чирч гаргачхаад амбаараасаа намайг гаргах гэж хөлөөрөө жийхдээ л миний аарцаг нурууг эвгүй болчихсон... Б намайг гэрээсээ чирч гаргахдаа хөлөөрөө жийж газар унагаасан. Би энэ үед нуруугаараа унасан бөгөөд сэртэн ясны хугарал гэмтлийг авсан. Миний зүгээс Улаанбаатар хот руу явахад гарсан эмчилгээний зардал 1.136.000 төгрөг болсон. Энэ мөнгийг би нэхэмжилж байгаа. Мөн хойшид гарах эмчилгээний зардал болон манай хоёр дүүгийн хохирол болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна”... гэх,
гэрч Л.Г-н “...Тухайн өдөр 22 цагийн орчим Баруун-Урт сумын 5 дугаар баг Хайлаастын задгай тоотод бусдад зодуулсан гэх дуудлагад очсон. Бид хоёрыг очиход монгол гэрийн гадна талд С.Н гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй хаалгыг нь балбаад зогсож байсан. Тэр эмэгтэй гэрийн эзэн Б гэх хүнд зодуулсан намайг ор руу түлхэж унагаад дээрээс дараад чирч гаргасан гэж ярьж байсан. Тухайн үед дуудлага өгсөн эмэгтэй хөл болохгүй, түнхээр хатгаж өвдөөд байна гэж байсан бөгөөд цагдаагийн газрын хашаанд ирээд хөл бүр хөдөлж болохгүй байна гэж байсан...” гэх,
гэрч Ц.О-ын: “...Н нь ширээн дээр байсан угсраатай байсан цайны шаазан аяга аваад Г-ийн толгойг цохиж Г-той маргалдаж муудсан юм. Гэтэл Б ах гэрт маргалдаж муудахгүй гээд Н-г гэрээсээ гаргах гэтэл гарахгүй байсан. Б ах Н гэх эмэгтэйг араас нь тэврээд гэрээсээ гаргаж байтал Н үүдэнд байдаг угаалтуурыг татаж усыг нь асгаж хоёр гараараа тэгнэж зогсоод байсан. Б ах тэр чигээрээ авч гаргаад шууд буцаад орж ирээд хаалгаа түгжсэн...” гэх
гэрч Г.Г-ийн “...С.Н нь орж ширээний булан дээр байсан хоёр давхар шаазан аяга авч над руу шидэж нэг нь хагарсан. Үүнээс болж гэрийн эзэн Б.Б ах С.Н-ггэрээсээ чирээд гаргасан. Гарахдаа С.Н нь гэрийн үүдэн хэсэгт байх угаалтуурын угаадас татаж унагасан. Түүнийг О арчиж, би хагарсан аяганы хэлтэрхийг түүсэн. Б.Б нь С.Н-г гэрээсээ гаргаад хаалгаа түгжсэн...” гэх
гэрч П.Г-н: “...Г.Г, С.Н бид гурвыг очиход гэрийн эзэн Б болон 2-3 танихгүй залуучууд байсан. Ороход намайг архиар шахах шинжтэй болохоор нь “Би Сүхбаатар сум явах ажилтай” гэж хэлээд С гэх залуутай гарахад С.Н би хамт явна гээд гарсан. Гарч ирээд машинд суугаад зүүн тийш хөдлөөд явах гэтэл С.Н буцаад бууя гэхээр нь Б.Б-ын гадаа ганцааранг нь буулгаад хөдөлсөн юм. Тухайн үед бол Н гэх эмэгтэйд өвдөж зовсон талаар гаднаас нь хараад мэдэгдэх зүйл байгаагүй... гэх мэдүүлгүүд
Шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаартай “С.Н-гийн биед бүсэлхийн 2-3 дугаар нугаламын хажуу сэртэнгийн хөндлөн хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг түлхэж, хүчээр чирэхэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч С.Н-г гэрт агсам тавилаа гэдэг шалтгаанаар гэрээсээ хүчээр чирч гаргах явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Б-ын үйлдлийн улмаас хохирогч С.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний болон бусад зардалд нийт 1.736.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эмчилгээний зардалд 246.000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхэд зарцуулагдсан буудал, хоол унааны зардалд 890.000 төгрөг нийт 1.136.000 төгрөгийг зарцуулсан тухай баримтаа хэрэгт хавсаргажээ.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогч С.Н-гийн Улаанбаатар хот руу машин хөлсөлж явсны үнэд 500.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн нь үндэслэлгүй, бодит үнэ нь 240.000 төгрөг байгаа үүнийг төлнө гэж улсын яллагчтай мэтгэлцэх бөгөөд улсын яллагчийн зүгээс 500.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн нь үндэслэлгүй тул 240.000 төгрөгөөр тогтооход татгалзах зүйлгүй гэсэн болно.
Харин С.М, Б.Б нарын ажилгүй байсан хугацааны цалин 600.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, энэ талаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр сургуулийн захирлын “... тус сургуульд физикийн багш ажилтай, М, туслах тогооч Б нар нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 15-ныг хүртэл цалинтай чөлөө авсан нь үнэн...” / хх-н 14 х / гэх тодорхойлолтоос өөр баримт хэрэгт авагдаагүй, тодруулбал хохирогчийг асарсан дээрх хүмүүсийн цалингийн шатлал, хэдэн төгрөгийн цалин авдаг, түүнээсээ татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаар баримт байхгүй, мөн бариа засал хийлгэсэн 90.000 төгрөг, тодосгогчтой MRI шинжилгээний төлбөр 390.000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.
Иймээс энэ талаарх нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин хохирогчийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож 876.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж хохирогч С.Н-д олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогч С.Н биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Б-аас 876.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын .... тоотод оршин суух С.Н-д олгож, хохирогч С.Н нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7. Хохирогч С.Н-гийн 1 736 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас СБ, М.М нарын ажилгүй байсан хугацааны цалин 600.000 төгрөг, бариа засал хийлгэсэн 90.000 төгрөг, тодосгогчтой MRI шинжилгээний төлбөр 390.000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР