| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2020/0203/э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-т холбогдох 2030000000192 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дэнд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуульд жижүүр ажилтай, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, Монгол улсын онц тээвэрчин тэмдгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй /РД:............/ Д.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “БХ” гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота ланд круйзер-80 маркийн ........ СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Б-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Баруун-Урт сумын төвөөс Сүхбаатар сум руу явсан юм. Тэгтэл аймгийн төвөөс 30 орчим км-т замын шанд таараад замынхаа баруун гар тал руу шарваад ойчсон юм. Тэгээд нэг харахад арын суудалд суугаад явж байсан Б суудлаа даваад миний дээр дарчихсан, зүүн гар талд суугаад явж байсан эхнэр С мөн дээрээс дараад ороод ирсэн байсан. Тэгээд бүгдээрээ машинаас гараад эхнэр гар утсаараа төрсөн дүү Б-н эхнэр Б руу ярьж осолд орсон талаараа хэлсэн юм...” гэв.
Хохирогч Д.Б-н“...Би 2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед өөрийн төрсөн ах Д.Б болон түүний эхнэр С.С нарын хамтаар хувийн ажлаар Д.Б ахын эзэмшлийн Ланд круйзер-80 маркийн ........ СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймаг руу 09 цаг өнгөрөөгөөд явсан бөгөөд орой 16 цагийн үед Сүхбаатар аймгаас Сүхбаатар сум руу мөн 3-уулаа гарсан. Манай ах Д.Б нь машинаа бариад явсан. Би машиных нь арын суудал дээр унтаад явж байсан бөгөөд гэнэт машин нь шарваад ойчсон. Тэгээд би сэрэхэд машин жолооч талаараа буюу баруун талаараа хажуулдаад ойчсон байсан. Миний хажуу талаар буюу бараг дор маань С.С эгч ойчсон байсан. Тэгээд Д.Б ах түрүүлж машинаас гараад дараа нь би машинаас гарсан. Хамгийн сүүлд С эгч машинаас гарч ирээд өндөр дээрээс С эгч утсаар ярьж дуудлага өгсөн. Удаагүй 30-аад минутын дараа аймаг, сумаас эмч нар ирсэн ба бид 3-ыг аймаг руу авч явсан. Тэгээд аймгийн эмнэлэгт бид гурав ирээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б ах, С эгч 2 суудлын бүс зүүсэн байж магадгүй. Би арын суудал дээр хамгаалах бүс бүслээгүй унтаад явж байсан. Тэгш тал дээр явж байсан бөгөөд цаг агаарын хувьд тогтуун цэлмэг байсан. Миний зүүн гар бугалга хэсгээрээ хугарсан. Мөн баруун шанаа зүсэгдсэн шархтай байна. Одоо эмнэлэгт хэвтээд эмчлүүлсэн учир өвдөх өвчин байхгүй байна. Гомдол санал байхгүй. Хэргийг хурдан шалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна ...Д.Б нь миний төрсөн ах юм Намайг Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад гарсан зардал мөнгийг бүгдийг хариуцаж төлсөн. 600.000 орчим төгрөг болсон. Одоо суманд ирээд миний эм тариаг авч өгч байгаа. Миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие зүгээр эдгэрсэн. Гарынхаа боолтыг авчихсан байгаа. Эдгэж байна гэсэн. Хэргийг нь хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шалгаж өгөхийг хүсэж байна. Би шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-13-16, 20 дугаар хуудас/,
Гэрч С.С-гийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед нөхөр Д.Б болон хадам дүү Д.Б нарын хамтаар хувийн ажлаар Ланд круйзер-80 маркийн .......... СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймаг явсан бөгөөд буцаад орой 16 цагийн үед аймгаас Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Б-ийн ард гэнэт машин нь шарваад ойчсон. Би жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан бөгөөд машин жолооч талаараа хажуулдаад ойчсон байсан ба би нөхөр Д.Бын дээрээс дараад ойчсон байсан. Миний хажуу талаар Д.Б нь мөн ойчсон байсан. Тэгээд бүгдээрээ машинаас гараад би өндөр дээрээс сумын төв рүү утсаар яриад дуудлага дуудсан. Удаагүй 30-аад минутын дараа сумаас эмч нар ирсэн. Тэгээд аймгийн эмнэлэгт бид гурвыг хүргэж өгөөд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр Д.Б нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Харин Д.Б бид 2 хамгаалах бүс хэрэглээгүй байсан. 50 км цагийн хурдтай явж байсан. Тэгш тал дээр явж байсан бөгөөд цаг агаарын хувьд тогтуун цэлмэг байсан. Тухайн үедээ миний толгой их өвдөж байсан. Баруун гарын хоёр дугаар хуруу язарсан. Өөр гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 304 дугаартай: С.Сгийн биед тархи доргилт, духанд цус хуралт, баруун гарын 2 дугаар хурууны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-24-28 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 301 дугаартай “Д.Б-нбиед тархи доргилт, зүүн талын бугалганы гандан хэсгийн далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-33-37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаартай “Д.Бын биенээс авсан гэх цусанд спиртийн агуулга илрээгүй” гэх дүгнэлт /хх-38-42 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 24 дугаартай: Зам тээврийн осол гарах болсон шалтгаан Тоёота Ланд круйзер-80 маркийн 32-08 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарсан байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-21-23 дугаар хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7 дугаар хуудас/,
зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-8 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-10 дугаар хуудас/,
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн засаг даргын ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодрхойлолт /хх-ийн 33/
- Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 59/
- Шүүгдэгч Д.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 53/
- Шүүгдэгч Д.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 67/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/55 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 61 /
- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 73 дугаартай санал /хх-69/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “БХ” гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота ланд круйзер-80 маркийн 32-08 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Б-нэрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед Баруун-Урт сумын төвөөс Сүхбаатар сум руу явсан юм. Тэгтэл аймгийн төвөөс 30 орчим км-т замын шанд таараад замынхаа баруун гар тал руу шарваад ойчсон юм. Тэгээд л нэг харахад арын суудалд суугаад явж байсан Б суудлаа даваад миний дээр дарчихсан, зүүн гар талд суугаад явж байсан эхнэр С мөн дээрээс дараад ороод ирсэн байсан. Тэгээд бүгдээрээ машинаас гараад эхнэр гар утсаараа төрсөн дүү Б-н эхнэр Б руу ярьж осолд орсон талаараа хэлсэн юм...” гэх,
хохирогч Д.Б-н“...Манай ах Д.Б нь машинаа бариад явсан. Би машиных нь арын суудал дээр унтаад явж байсан бөгөөд гэнэт машин нь шарваад ойчсон. Тэгээд би сэрэхэд машин жолооч талаараа буюу баруун талаараа хажуулдаад ойчсон байсан. Миний хажуу талаар буюу бараг дор маань С.С эгч ойчсон байсан. Тэгээд Д.Б ах түрүүлж машинаас гараад дараа нь би машинаас гарсан... гэх,
гэрч С.Сгийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед нөхөр Д.Б болон хадам дүү Д.Б нарын хамтаар хувийн ажлаар Ланд круйзер-80 маркийн 32-08 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар сум явсан. Б-ийн ард гэнэт машин нь шарваад ойчсон. Би жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан бөгөөд машин жолооч талаараа хажуулдаад ойчсон байсан ба би нөхөр Д.Б-ын дээрээс дараад ойчсон байсан. Миний хажуу талаар Д.Б нь мөн ойчсон байсан...” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 301 дугаартай “Д.Б-н биед тархи доргилт, зүүн талын бугалганы гандан хэсгийн далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”
Техникийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 24 дугаартай: Зам тээврийн осол гарах болсон шалтгаан Тоёота Ланд круйзер-80 маркийн .......... СҮА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарсан байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Б-ын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Д.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б нь “Д.Б нь миний төрсөн ах юм намайг Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад гарсан зардал мөнгийг бүгдийг хариуцаж төлсөн. 600.000 орчим болсон. Одоо суманд ирээд миний эм тариаг авч өгч байгаа. Миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие зүгээр эдгэрсэн. Гарынхаа боолтыг авчихсан байгаа. Эдгэж байна гэсэн. Хэргийг нь хялбаршуулсан журмаар хурдан шуурхай шалгаж өгөхийг хүсэж байна. Би шүүх хуралд суухгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б-т ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрдэв.
Шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-т оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Д.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР