| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2018/0660/З |
| Дугаар | 289 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 289
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааныг 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ж”,
Нэхэмжлэгч: “А”,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: “М” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № ******* дугаар “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “М” ХХК нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш. “Ж”, Д. “А”, түүний өмгөөлөгч Г. “З”, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. “А”, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. “Б”, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г. “Э”, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян дөхмийн 21-ийн 3 тоот өөрсдийн өмчилж авсан газар дээрээ улсад шударгаар ажиллаж бий болгосон байшиндаа хүүхдүүдийн хамт 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заажээ. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 354 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар “М” ХХК-д 1.600 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс хойш бид тэсрэх бөмбөгтэй зүйрлэн “М” ХХК-ийн 84 дүгээр шатахуун түгээх станцтай хаяа нийлэн айдастай амьдарч байна.
Өөрсдийн орон байрандаа амар тайван амьдрах боломжгүй болж, аргаа барахдаа 2009 оноос хойш хот руу нүүж түрээсийн байр дамжин нүүдлийн амьдралтай явсаар ирлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. “М” ХХК-ийн 84 дүгээр шатахуун түгээх станц нь манай гэртэй хаяа нийлэн ажиллаж эхэлснээс хойш байнгын шатахууны үнэр үнэртэж, гал гарчих вий гэсэн айдастай өөрсдийн байрандаа эрүүл амар тайван аж төрөх ямар ч боломжгүй болсон. Бидний тарьж ургуулсан мод, хүлэмжийн ногоо бүгд үхэж, хүүхдүүд маань эхнээсээ уушгины өвчнөөр өвчилж, эмнэлгээр явах болсон.
Мөн Д. “А”-гийн амьсгалын замын эрхтэн дэх өөр эрхтний системд ч өөрчлөлт орсон. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ чөлөөтэй эдлэх боломжийг төр яагаад ийнхүү хязгаарлаж байгаа юм бэ? Бид өөрсдийн зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын “11-11” утсанд “М” ХХК-ийн хууль зөрчиж буй үйлдлийн талаар гомдол гаргасан. Ийнхүү гомдол гаргасны үр дүнд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10/73 тоот дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийн 3-т “М” ХХК-ийн шатахуун түгээх станц 84 дүгээр салбарын үйлчилгээний байрнаас манай эзэмшлийн 2 давхар амины орон сууцны барилгын хана хүртэл 17 метр 27 см, тус орон сууцны барилгын хана хүртэл 29 метр, 44 см байна. Энэ нь тухайн үед Шатахуун түгээх станцын барилга байгууламжийг ашиглалтад ороход мөрдөгдөж байсан шатахуун түгээх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ерөнхий шаардлага MNS4628:1998 стандартын 3.3 дахь хэсэгт “Шатахуун түгээх станцаас зэргэлдээ орших барилга байгууламж хүртэл хамгийн бага зай түлшээр галладаг байрнаас 150 метр байна” гэж заасныг зөрчсөн. Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм БНВД-210714 норм дүрмийн 5.8 дахь хэсэгт “шатахуун түгээх станцаас зэргэлдээ орших барилга байгууламж хүртэл хамгийн бага зай хүснэгт 1-ийн 13-т зааснаар хатуу түлшээр галладаг байрнаас 50 метр байна” гэж заасныг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан.
Мөн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хууль зөрчиж буй асуудлыг шалгуулах, дүгнэлт гаргуулах, арга хэмжээ авахуулах талаар гомдол гаргасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 0210-10/******* тоот албан бичгээр гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар Улсын ахлах байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02-04-194/******* үйл ажиллагааг зогсоох тухай хамтарсан акт үйлдсэнийг хавсралтаар хүргүүлсэн. Уг актад Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан дүгнэлттэй ижил дүгнэлтийг хийсэн байсан. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч, газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02-07-104/******* актаар “М” ХХК-д Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгонд байрлах 84 дүгээр шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн.
Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2 хэлтсийн улсын ахлах байцаагчдын үйлдсэн актуудаар өнөөдрийг хүртэл уг шатахуун түгээх станц нь зөрчлөө арилгаагүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь бидний эрх ашгийг зөрчсөн хэвээр төрийн байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байна. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд гаргасан өргөдлийн хариуд тус газрыг чөлөөлж, иргэний өмчөө ашиглах, эзэмших эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлье гэсэн агуулгатай хариу өгсөн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд гаргасан гомдлын дагуу “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэе” гэсэн хариу өгсөн. Энэхүү хариу нь бидэнд маш их итгэл найдвар төрүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргатай уулзвал хууль зөрчиж буй уг асуудлыг шийдвэрлүүлж чадна гэж бодож биечлэн уулзахаар зорьсон.
2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзах хүсэлт тавьсан боловч сонгуулийн улмаас уулзаж чадаагүй. Ингээд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой уулзах өргөдөл захиаг илгээсэн боловч хариу өгөлгүй уулзаж чадахгүй байна. Бидний зүгээс хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрсдөд тулгараад байгаа хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад өргөдөл гомдлыг удаа дараа гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл шуудангаар илгээсэн болон биечлэн очиж өгсөн гомдолд бичгээр хариу өгөөгүй. Иймээс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад дахин бичгээр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн. Энэхүү гомдлын хариуг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гардаж авсан. Иймд бид арга мухардаж шүүхийн байгууллагад хандаж байна. “М” ХХК-ийн үйл ажиллагаа хууль зөрчиж буй талаар бидний зүгээс холбогдох байгууллагад гомдол гаргаж, энэ талаар дүгнэлт гарсан бөгөөд албан тушаалтнууд бүгд мэдсээр байсан. Гэтэл “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр сунгасан байх тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “...Нэхэмжлэлийн агуулгыг судалж үзэхэд Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудын дүгнэлтүүд “М” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой газар эзэмших эрх олгосон захирамж нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг яг юуг нь хөндөөд байгаа вэ гэдэг асуудал тодорхойгүй. Зөвхөн үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлийнхээ агуулгыг тавьж маргадаг. Газар эзэмшүүлэх захирамжийг анх “М” ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2014 оны 354 дүгээр тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,344 м.кв талбай бүхий газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон. Тус компани албан бичгээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хугацаагаа сунгуулах хүсэлт өгсний дагуу Нийслэлийн Засаг даргаас “М” ХХК-ийн гаргасан хүсэлт нь газар эзэмших эрхээ сунгуулах ерөнхий шаардлагуудыг хангасан байсан тул 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн ******* тоот захирамжийг гарган газар эзэмших эрхийг сунгасан. Газар эзэмших эрхийг олгохдоо нэхэмжлэгч хоёр иргэний хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй. Газрын тухай хууль тогтоомжийн дагуу захирамж гарсан. Газрын хугацааг сунгасан захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Манай компани нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд өөрийн 84 дүгээр шатахуун түгээх станцын газрыг 2006 онд захирамжид заасан зориулалтын дагуу авсан. Энэ хугацаандаа тухайн шатахуун түгээх станц нь барилга байгууламжийг ашиглалтад оруулан, улсын комисст хүлээлгэн өгч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх шинэчилсэн шатахуун түгээх станцыг ашиглалтад оруулахад Улсын комисс нь 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, аливаа хууль, дүрэм, стандартад нийцэж буй эсэхэд чиглэл бүр дээрээ шалган нягталж, цаашид үйл ажиллагаагаа явуулж болох талаар дүгнэлтийг гаргаж шийдвэрлэсэн.
Бидний зүгээс нэхэмжлэгч нарын газар, эд хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан зүйл байхгүй. Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. Нэхэмжлэгч нар нь манай шатахуун түгээх станцыг зэргэлдээ байдаг байдлыг ашиглаж, хэл ам хийж, 500 сая төгрөг өгч манай газрыг ав эсвэл 100 сая төгрөг өгвөл ямар ч хэл ам хийлгүйгээр чимээгүй байя гэх зэргээр удаа дараа мөнгө нэхэж байсан. Манай шатахуун түгээх станц нь газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа нь хэний ч эрх ашгийг хөндөөгүй. Манай байгууллага нь Газрын хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох үйлдэл гаргаж байгаагүй болно.
Нотлох баримт шинжлэн судлах явцад тухайн газар эзэмших эрхийг сунгахад хавтаст хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх, ашиглах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт гэж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар хойд айл гомдол гаргасан нь “М” ХХК нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. Биелэлтийг дүгнэх актын 9 дүгээр зүйлд заасан “гэрээний үүргийг биелүүлсэн” гэж дүгнэсэн байсан. Үүнээс үзвэл газар эзэмшиж ашиглахдаа “М” ХХК-иас газартай холбоотой хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл байхгүй гэдэг нь нотлогдоно. Түүнчлэн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг сунгасан нь буруу гэж тайлбарлаж байгаа бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр гаргасан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаар тодорхойлолтод тавигдаж буй шаардлагыг “М” ХХК бүрэн хангасан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораториос 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр сүүлийн шинжилгээг хийсэн бөгөөд үүнд сөрөг нөлөөгүй талаар тодорхой дүгнэсэн. Энэ дүгнэлтээс ч мөн тухайн газрыг ашиглахад ямар нэг сөрөг нөлөөлөл байхгүй гэдэг нь харагдана. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшаар ашигласан бол ...” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс тайлбарладаг боловч “М” ХХК тухайн газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар ашигласнаар нэхэмжлэгчид бие, эрүүл мэндийн ямар хохирол үүссэн гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № 147 дугаар “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч Ш. “Ж”-д Баяндөхөмийн 21 дүгээр гудамжны 03 тоот 700 м2 газрыг өмчлүүлжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн № 354 дүгээр “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар гуравдагч этгээд “М” ХХК-нд тус дүүргийн 20 дугаар хороонд шатахуун түгээх станцын зориулалтаар 1600 м2 газрыг 5 жилийн хугацаагаар олгож, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн № 116 дугаар , 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № ******* дугаар захирамжуудаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгажээ.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар газрын давхцалын талаар маргаагүй, тэдгээрийн өмчлөл, эзэмшлийн газрууд давхцаагүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № 1/1835 тоот албан бичгийн хавсралтаар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч нараас эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гуравдагч этгээдийн эзэмшлийн 84 дүгээр шатахуун түгээх станцын галын аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар удаа дараа гомдол, хүсэлт гаргасан бөгөөд
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № 10/73 дугаар “Зай хэмжээг шалгасан тухай” дүгнэлт ,
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 02-04-194/******* дүгээр “Үйл ажиллагааг зогсоох тухай” акт,
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 02-07-104/******* дүгээр “Үйл ажиллагааг зогсоох тухай” акт ,
- Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн № 33 дугаар “Галын аюулгүйн зай хэмжээ тодорхойлох тухай” дүгнэлт ,
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн № 09 дүгээр “ажиллагаа зогсоох” тогтоол зэргийг гаргажээ.
Дээрх байгууллагуудын дүгнэлт, улсын байцаагч нарын актуудад 84 дүгээр ШТС нь Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан хүснэгтийн 13-т “газар доор байрлах савтай ШТС-аас хатуу түлшээр галладаг байр хүртэл 50 метр байна” гэсэн заалтыг зөрчсөн, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэлтэй гэжээ.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д газрын талаар баримтлах зарчмуудыг хуульчилсан бөгөөд 4.1.4-д “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, 56 дугаар зүйлийн 56.3-т “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ” гэжээ.
Гуравдагч этгээдээс дээрх эрх бүхий байгууллага албан тушаалтнуудын гаргасан дүгнэлт, улсын байцаагч нарын актуудад дурдсан зөрчлийг арилгасан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч Т. “М”-ын дүгнэлтэд энэ талаар дурдсан, Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан хүснэгтийн 13-ийн тайлбар 2-д “ШТС нь аюул осол, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн үед хөрсөнд болон талбайд шатахуун алдагдахаас бүрэн хэмжээнд урьдчилан хамгаалсан, шатахууны сав, технологийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавих, хяналтыг автоматжуулсан хэрэгслүүдийн тусламжтайгаар гүйцэтгэх техник, технологитой байхаар төлөвлөсөн бол зайг 25-аас ихгүй хэмжээгээр багасгаж болно” гэсэнтэй нийцнэ гэжээ.
Гэтэл Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 12 дугаар 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд дээрх зөрчил арилаагүй, 84 дүгээр ШТС-ийн түгээгүүр, шатахуун хадгалах саваас иргэн Ш. “Ж”, Д. “А” нарын өмчлөлийн байшин хоорондын зай нь 37,2 м байна” гэжээ.
Хэдийгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч Т. “М”-ын дүгнэлтэд “ШТС-ын талбайд үлдсэн нэг түгээгүүрт АНУ-ын OPW компанид үйлдвэрлэсэн шатахуун хадгалах сав болон түгээгүүрийн хийн буцаах системийг суурилуулсан. Уг технологи нь машин шатахуун цэнэглэх үед агаарт үүсэх шатахууны ууршилтыг гадагшлуулалгүй буцаан саванд цуглуулах технологи” гэж дурьдсан боловч уг технологи нь Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан хүснэгтийн 13-ийн тайлбар 2-д хамаарах эсэх талаар дурьдаагүй, гуравдагч этгээдээс энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нөгөөтэйгүүр дээрх технологи нь Шатахуун түгээх станц, Галын аюулгүйн норм БНбД 21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан хүснэгтийн 13-ийн тайлбар 2-д хамаарах байсан ч ШТС-байшин хоорондын зай хамгийн багадаа 37,5 метр байх шаардлагад нийцэхгүй байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № ******* дугаар “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “М” ХХК нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлйин 4.1.4, 4.1.5, 56 дугаар зүйлийн 56.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш. “Ж”, Д. “А” нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № ******* дугаар “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “М” ХХК нь холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус түр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ