Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 527

 

Эйвергиард ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/01144 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Эйвергиард ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Явуу-Импекс ХХК-д холбогдох

 

Харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс 576 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одгэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч: Ц.Явуухулан

Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Одгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Эйвергиард ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр "Их наяд хөгжил" ХХК-тай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж ажиллаж байгаад Улаанбаатар хотын банкны барилга дээр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр болсон. Сарын 1 800 000 төгрөгийн төлбөртэйгөөр гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 18-наас эхлэн "Явуу-Импекс" ХХК, "Тэргүүн жинс" ХХК, "Бумангал" ХХК, "Тод класс" ХХК гэсэн 4 компани нэмж тус барилгад туслан гүйцэтгэгчээр орж ирсэн. Компанийн удирдлагууд зөвлөлдөөд 5 компани байгаа учир 5 хувааж төлөх санал гаргаж компани тус бүр 360 000 төгрөг төлөхөөр тохиролцож төлж эхэлсэн. Хариуцагч нь 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын төлбөрийг төлсөн. Харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 1 cap 18 хоногийн төлбөр 576 000 төгрөг төлөөгүй. Бусад туслан гүйцэтгэгч компани нь төлбөрөө төлсөн байдаг. Хариуцагч "Явуу-Импекс" ХХК нь манай компанитай гэрээ байгуулсан, байгуулаагүй гэж асуудал ярьдаг. Манай компанийн талаас үйлчилгээгээ үзүүлж байсан. Иймд хариуцагч байгууллагаас 576 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Хөдөлмөрийн ордоны барилгын агааржуулалтын системийн угсралтын ажлыг тус барилгын захиалагч болох "Улаанбаатар хотын банк"-тай 2015 оны 07 дугаар сарын 31 –нд гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа. Энэ гэрээний 3.1заалтад гэрээний үнэд холбогдох татвар, хураамж, тээвэрлэлтийн зардал, автоматикийн тохируулгын зардал мөн уг барилгын харуул хамгаалалтын 3 сарын төлбөр болох 1 110 000 төгрөг байх ба ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх зардал багтсан болно" гэж заалтыг гэрээ байгуулах үед захиалагчийн хүсэлтээр гэрээний үнийн дүн багтааж төлөхөөр тусгасан. Үүнээс өөр тус барилгын харуул хамгаалалтын талаар  ямар нэгэн байгууллагатай, тэр тусмаа "Эйвергиард" ХХК-тай  гэрээ, тохиролцоо хийгээгүй.

Дээрх гэрээнд заасан гурван сарын харуул хамгаалалтын төлбөрийг "Улаанбаатар хотын банк"-ны зааврын дагуу эхний төлбөрийг тухайн үед барилгын ерөнхий гүйцэтгэгч байсан "Их наяд хөгжил" ХХК-д төлсөн бөгөөд үлдсэн хоёр төлбөрийг "Эйвергиард" ХХК-д цаг тухайд нь бүрэн төлж дуусгасан гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч "Явуу-Импекс" ХХК-иас 576,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Эйвергиард" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Эйвергиард" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Явуу-Импекс" ХХК-иас 18 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Эйвергиард" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллагч, ажиллуулагчийн харилцаа 2 компанийн хооронд үүсээгүй, байр багаж тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээгээгүй, хийх ажил болон төлөх хөлсний талаар ямар нэг тохиролцоо амаар болон бичгээр хийгдээгүй. Харин "Эйвергиард" нь барилгын ерөнхий гүйцэтгэгч болох "Их наяд хөгжил" компанитай харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх талаар харилцан тохиролцож энэ тухай гэрээ байгуулж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Энэ гэрээгээр харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсний нэг сарын хөлс нь 1 650 000 төгрөг болох тухайд гэрээний талууд тохиролцсон байна.

 Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1, 8.2-т заасан нөхцлийг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар тус тус тогтоосон байх тул хуулинд заасан шаардлагыг хангаагүй нөхцлөөр ажил үйлчилгээ явуулах эрх Эйвергиард ХХК-д хуулиар олгогдоогүй, шаардах эрхгүй гэж үзэж байна.

Явуу импекс ХХК нь Улаанбаатар хотын банктай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээний дагуу захиалагчийн зүгээс гүйцэтгэгч компани болох "Явуу импекст" төлөх ажлын хөлсөнд захиалгат ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бүх төрлийн зардал багтсан гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлээд байгаа 560 000 төгрөг нь чухам юуны төлбөр бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Анхны шүүх хурал дээр нэг сарын 360 000 төгрөг, түүний алданги 210 000 төгрөг гэж тайлбарлаж байсан бол дараагийн хурал дээр 1 cap 18 хоногийн төлбөр гэж байгаа боловч хэрхэн яаж тооцоод байгааг тодруулах боломжгүй, ямар ажил үүргийг "Явуу импекс" компанид хийж өгсний төлөө энэ мөнгийг төлөх ёстой бэ гэдэг нь нотлогдоогүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Эйвергиард ХХК нь хариуцагч Явуу-Импекс ХХК-иас харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний хөлс 576 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,Улаанбаатар хотын банкинд харуул хамгаалалтын 3 сарын төлбөр 1 110 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй тул төлөх үндэслэлгүй“ гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Эйвергиард ХХК нь Улаанбаатар хотын банк ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын талбай дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд уг талбай дээр барилгын туслан гүйцэтгэгчээр хариуцагч Явуу-Импекс ХХК ажиллаж байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Эйвергиард ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч Явуу-Импекс ХХК нь харуул хамгаалалтын зардалд 360 000 төгрөгийг 2 удаа түүнд шилжүүлсэн нь нотлогдож байна.

 

Хэдийгээр талууд бичгээр байгуулсан гэрээ байхгүй ч нэхэмжлэгчээс хариуцагч нь харуул хамгаалалтын ажил үйлчилгээг авч байсан нь хэргийн баримтаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны  шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Гэвч Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан харуул хамгаалалтын үйл ажиллагааны төрөл, ашиглах техник, тусгай хэрэгсэл, алба хаагчийн тоо, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал, хамгаалалтанд авсан объекод нэвтрэн орох, гарах журам, гэрээний хугацаа, гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, төлөх журам, талуудын хүлээх хариуцлага зэрэг хуулийн тусгай шаардлагуудыг тусгаж хангасан гэрээг талууд байгуулаагүй бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д зааснаар амаар ажил үйлчилгээ үзүүлсэн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус юм. Гэвч хариуцагч нь бусдаас үнэгүй ажил үйлчилгээ авч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 560 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Хариуцагч нь 560 000 төгрөгийн ажил үйлчилгээг аваагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдлийн хувьд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/01144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “359 дүгээр зүйлийн 359.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Явуу-Импекс ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

          

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                            ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

                                                                                            Ш.ОЮУНХАНД