| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0054/Э/ |
| Дугаар | 57 |
| Огноо | 2020-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Ч--д холбогдох 2016000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, О овгийн О-н Ч.
Шүүгдэгч О.Ч нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15-17 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэр Хөшөөний гол гэх газарт надтай золгосонгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан Ж.Д-н биед зүүн дээд доод зовхинд хөх өнгийн цус хуралттай, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд цус хуралт үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч О.Ч-н 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15-17 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэр Хөшөөний гол гэх газарт надтай золгосонгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан Ж.Дийг зодож, биед нь зүүн дээд доод зовхинд хөх өнгийн цус хуралттай, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд цус хуралт үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч О.Ч гэм буруутай болох нь:
Шүүгдэгч О.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Би Говь-Алтай аймгийн Цогт сумын Хөшөөний гол гэдэг газар айлын хүүхэн гуйлтад очсон байсан. Гэтэл өдөр 14-15 цагийн үед Ж.Д гэдэг хүн ирсэн. Золгоё гэхэд золгохгүй гэсэн, гар баръя гэхэд гар барихгүй гэсэн. Тэгээд өөр юм хэлээгүй байж байсан. Сүүлд гараад явахаар нь араас нь гарч ирээд айлаасаа зайдуу очоод яагаад цагаалахгүй байгаа юм бэ? гэхэд жоохон байж байгаад цагаалъя хүмүүс яваг гэж хэлсэн. Тэгэхэд нь би жоохон халамцуу байсан учир нэг цохичихсон хавсарч унагааж нүдэн тус газар бас нэг цохисон ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Утасны эвдрэлд 200.000 төгрөг, эмчилгээний зардал 40.000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Ж.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Цогт сумын Баян-Өндөр багийн хөшөөний гол гэх газар П гэх айлд ороод О.Ч-тай хөөрөглөсөн. Тэгэхэд надтай зогоё гэхээр нь хүмүүс гарсны дараа золгоё гэсэн. О.Ч тэр гэрээс гарсны дараа би тамхи татах зорилгоор гарахад О.Ч надтай юм ярьж байгаад намайг дагуулаад айлаас холдоод чи яагаад золгодоггүй юм бэ гэхэд хүмүүс гарсны дараа золгоё гээ биз дээ гэхэд намайг хавсарч унагаагаад зүүн шанаа руу 1 удаа цохиж дахиж зүүн нүд рүү 1 удаа цохисон ... Тухайн үед миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Мөн миний биед байсан Samsung j-3 загварын гар утас эвдэрсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ10-11/,
Гэрч О.О-н мөрдөн байцаалтад өгсөн “ ... П гэх айлаас гарч ирэхэд тэр хоёр нилээн зайтай Ж.Д уначихсан харагдаж байсан. О.Ч гэр лүү алхаж байсан... золгоё гэхэд хүн гарсны дараа золгоё гэж хэлснээс болж маргалдсан гэж О.Ч хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ12/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаартай “... 1. Ж.Д-н биед зүүн дээд, доод зовхинд хөх өнгийн цус хуралттай, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ14-15/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ч-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч О.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч О.Ч-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 200.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Ч-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 240.000 төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн О-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 200.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ч-д танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 240.000 төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА