Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Сайнхүү

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.М-д холбогдох 2016000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын   17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Ж овгийн Ч-н М.  

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Р-г ноолуураа надад тушаасангүй хэмээн маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь ханатай хавсран цохиж эрүүл мэндэд нь баруун зулайд шарх, хуйханд цус хуралт, зүүн хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ч.М-н 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Р-г ноолуураа надад тушаасангүй хэмээн маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь ханатай хавсран цохиж эрүүл мэндэд нь баруун зулайд шарх, хуйханд цус хуралт, зүүн хөмсгөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.М гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.М-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Намайг тэр үед ажлын байранд байхад тэр хүн согтуу ирээд ийм зүйл болсон байгаа. Өөрт нь хохирол юмыг төлсөн. Өөртэй нь уулзаад 7 сарын дундуур 150.000 төгрөг дансанд өгсөн ... Гадаа байхдаа элэг рүү нь нэг нудраад  түлхээд авсан. Складанд байхад нэг цохисон. Дараа нь толгой руу нь цохиход хана руу  очоод хуйхны дээд талд цохиод цус гарсан ... Үнэхээр цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Л.Р-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 21-ний 16 цагийн орчим Дэлгэр сумд хөдөөнөөс эхнэрийн хамт ирсэн ... Би машинаас буугаад М-г дуудаж уулзсан. Х машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Гадаа зогсож байхад М миний нүдний зүүн талд 1 удаа цохисон. Тэгээд складаа онгойлгоод наашаа ороод ир гэхлээр нь би дагаад орсон. Оронгуут миний элэг рүү нэг удаа цохиж, биеийн аль нэг хэсэг рүү цохиод толгой ханатай хавсрах шиг болсон. Тэгээд хоорондоо юм яриад зогсож байхад гаднаас манай охин Э намайг хайж орж ирсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ14-17/,

Гэрч Р.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “ ... Намайг склад руу ороход складны гол хавьцаа хайрцагтай шинэ мотоциклийн хажууд аав М-д зодуулчихсан зогсож байсан. Аавын толгойн баруун талаас цус гарсан, өмсөж явсан хувцас нь цус болсон байсан. Тэгээд ааваас хэнд зодуулсан юу болсон талаар асуухад аавыг нь ийм болтол зодчихлоо гэж хариулсан. Тэгээд аавыг дагуулаад гарах гэтэл М чи гарч бай, бид 2 учраа олоотохьё гээд намайг хөөсөн... Аавын толгой нь баруун талдаа хагарсан, өмсөж явсан хувцс нь цус болсон байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ19-20/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай охин Э над дээр ирээд аав М-д зодуулаад цустайгаа хутгалдсан байна гэж надад хэлсэн. Охин бид 2 шууд М-н түүхий эд авдаг граж дээр нь очиход  Р-н толгой баруун талдаа хагараад цус гоожсон байдалтай байхаар нь сумын эмнэлэг дээр авч очиж 1 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ28-30/,

Гэрч Т.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... Л.Р хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй ирсэн. Л.Р-н баруун талын чамархайн дээд духны хэсэгт 3.6 см урт зүсэгдсэн шархтай, хамрын дунд хэсэгт хавдсан өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан... Өвчин намдаах эм өгөөд шархыг нь цэвэрлээд 1 ширхэг оёо тавьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ37-38/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 204 дугаартай “... 1. Л.Р-н биед баруун зулайд шарх, хуйханд цус хуралт, зүүн хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна....” гэсэн дүгнэлт /ХХ42-43/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /ХХ4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6/, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн албан бичиг, амбулаторийн үзлэгийн журналын хуулбар /ХХ479-80/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч хохиролтой холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь хохирогчид хохиролд 150.000 төгрөг төлсөн талаар болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө  шүүх хуралдаанд илэрхийлсэн тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ч.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Ч.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 200.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.М-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Л.Р хохирол бүрэн эдгэрээгүй, дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа хэлсэн гэж шүүгчийн туслах Ч.Э утсаар ярьсан тэмдэглэлд тусгасан байх тул хохрогчийн хойшид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 150.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Р хойшид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй  зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Ч-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 200.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

         4.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.М-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 150.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Р хойшид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

       10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА