| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0061/Э/ |
| Дугаар | 63 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 11.2.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 63
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогч Д.Д.Б
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2016000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Д овгийн Б-н Б.
Шүүгдэгч Б.Б нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 0-0 тоот хашаанд байх Б.А-н монгол гэрийн цагаан бүрээсийг ханзлахаар хутга авч, гэр дээр гараад буухдаа нөхөр Д.Б-н хэвлийн тус газарт бологоомжгүйгээр хутгаар хатгаж, хохирогч Д.Б-н биед аюулхайн зүүн доод хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч, ходоодыг цоолсон шарх, хэвлийн хөндий дахь шингэн хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б-н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 0-0 тоот хашаанд байх Б.А-н монгол гэрийн цагаан бүрээсийг ханзлахаар хутга авч, гэр дээр гараад буухдаа нөхөр Д.Б-н хэвлийн тус газарт бологоомжгүйгээр хутгаар хатгаж, хохирогч Д.Б-н биед аюулхайн зүүн доод хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч, ходоодыг цоолсон шарх, хэвлийн хөндий дахь шингэн хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... 06 дугаар сарын 24-нд бид хоёр гэртээ байж байгаад нэг шил архи хувааж уусан. Тэр өдөр эгч А нүүх гээд гэрээ буулгаж байсан. Би урагшаа цех рүү ороод хар иштэй хутга аваад гэр дээр гараад ханзалж байсан чинь Д.Б гарч ирээд буу гэж хэлсэн. Тэгээд би буух гэж байгаад Д.Б-н биед гэмтэл үүсгэсэн. Хутгалсан талаар мэдээгүй. Гулгаад буухад барих юм байхгүй байсан. Тэгэхдээ дүрчихсэн юм шиг байсан. Санаандгүй тийм юм болсон ... Орой 8 цагийн үед болсон байх. Би гэрээс буухад Д.Б чи намайг хутга дүрчихлээ гэж хэлсэн. Тэгээд харахад хутганы ором орсон байсан. Тэгээд өөрийг нь хөтөлж оруулаад орон дээр хэвтүүлсэн. Хүргэн рүүгээ залгаад би гэрээс буух гэж байгаад хутга дүрчихлээ гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Гэртээ байж байгаад гараад ирсэн чинь Б.Б А эгчийн гэр дээр гарчихсан байсан. Тэгээд буу гэж хэлээд татаад тэврээд авахад миний бие шарх гэсэн. Тэгээд чи над руу хутга дүрчих шиг боллоо гэсэн тэгээд харахад Б.Б гартаа хутгатай байсан. Тэгээд Б.Б манай базыг дуудсан. Тийм л юм болсон. Тэр өглөө би найзтайгаа жоохон архи уучихаад нэг архи аваад орж ирсэн. Б.Б-д жоохон өгсөн. Үлдсэнийг нь уучихаад араас нь гарахад айлын гэрээ дээр гарцан буулгаж байсан. Тэгэхээр нь буулгасан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч О.Е-н мөрдөн байцаалтад өгсөн “... Гэнэт эмэгтэй хүн гэрийн хажууд орилохоор нь сэрсэн. Тэгээд гэрээс гарсан ... Д.Б ах манай гэрийн хажууд зогсож байсан. Цус ерөөсөө хараагүй зүгээр зогсож байна гэж бодоод явсан... Би тэр хоёрыг муудалцаж байхыг хараагүй, нэгнийгээ гэмтээсэн гэж бодоогүй гарч явсан. Б.Б эгч нөхөр Д.Б санаатай хутгалсан гэж бодохгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ31-33/,
Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад өгсөн “... Б.Б гар утсаар залгаад Н-г дуудсан. Н бид 2 очоод би хашааны гадна талд очоод айгаад байна гээд Н-г ороод ир гээд явуулсан. Гарч ирээд Б.Б Д.Б-г хутгалсан, нилээн их цус гарсан гэж надад хэлэхээр нь би эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн... Д.Б, Б.Б хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байдаггүй архи хааяа уудаг ... Б.Б надад хэлэхдээ Д.Б-г санамсаргүй хутгалсан энэ миний буруу ахиж архи дарс уухгүй гээд уйлаад байхаар нь дүүгээ тайвшруулаад аргадсан...” гэсэн мэдүүлэг /ХХ37-39/,
Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... Д.Б-н гэрт ороход Д.Б баруун талын орон дээрээ хажуу талаараа хэвтэж байсан. Футволк нь цус болсон байхаар нь сөхөөд хартал зүсэгдсэн шарх мэт зүйл үүссэн байсан. Тэгээд хажууд нь байсан Б.Б-с юу болсон талаар асуухад Б.Б би санамсаргүй хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би түргэн дуудсан ... Түргэн тусламжийн эмч яаралтай эмнэлэг явах шаардлагатай, цагдаа дууд гээд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөөд Д.Б-г аваад явсан. Цагдаа ирээд Б.Б-г эрүүлжүүлэх гээд авч явсан ... Б.Б би гэр дээрээс буух үедээ санаандгүй хутгалсан гэж ярьсан. Би өөрөө тухайн үйл явдлын дараа нь очсон ...” гэсэн мэдүүлэг /ХХ40-42/,
Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “... дүрж хатгагдсан шарх байсан... хохирогч өөрөө үүсгэх боломжгүй ... ташуу байрлалтайгаар буюу аюулхайн доод хэсгээс ходоод руу чиглэсэн шарх үүссэн байсан ... ир нь 1 цагийн чигд эсрэг тал нь 7 цагийн чигт хутгалагдсан ... Дээрээс буух үед үйлдсэн байж болох юм...” гэсэн мэдүүлэг /ХХ78-79/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 211 дугаартай “... 1. Д.Б-н биед гэмтэл учирсан байна.
2. Д.Б-н биед аюулхайн зүүн доод хэсэгт хэвлийн хөндийн рүү нэвтэрч ходоодыг цоолсон шарх, хэвлийн хөндий дахь шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ58-59/
Шинжээч Т.Назарбекийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан судалтай, ногоон өнгийн футволкны урд доод оёдлоос эгч дээш 27 см, зүүн хажуу залгаас оёдлоос баруун тийш 25 см зайд 2.5х0.5 мм хэмжээтэй зүсэгдэлт, зүүн мөрний ханцуйны залгаас оёдлоос баруун тийш 5 см зайд 8 см хэмжээтэй ханзралт байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн футволк дээр үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой шинэ зүсэгдэлт, ханзралт байна.
3. Футволкны урд хэсэгт үүссэн 2.5х0.5 мм хэмжээтэй гэмтлийн зах ирмэг хэсэг нэгэн жигд, суналтгүй, сэмрэлтгүй, өнгөө алдаж гандаагүй, ир үзүүрийн мөртэй байгаа нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлт байна. Зүүн мөрний хэсэгт оёдлын дагуу 8 см хэмжээтэй үүссэн гэмтэл нь оёдол дагуу утасны тасралтын зах ирмэгүүд нь сэмрэлттэй, суналттай, жигд бус далд байсан хэсгүүд өнгөө алдаж гандаагүй, утасны зах ирмэг тасарсан байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралт байна.
4. Футволк дээр үүссэн нэг удаагийн зүсэлтийн ир нь эд мөрийн баримтаар хураан авсан гэх хутгаар үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ64-68/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ4-5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ6-7/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ8-9/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ19/, 2702 дугаартай өвчний түүхийн хуулбар /ХХ120-139/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүйтэн зэвсэг хэрэглэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч хохирол нэхэмжлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бариултай хутга 1 ширхэг, футволка 1 ширхэгийг устгаж, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н хүйтэн зэвсэг хэрэглэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бариултай хутга 1 ширхэг, футволка 1 ширхэг зэргийг устгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА