Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Хохирогч Д.Б

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Г-т холбогдох 2016000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын   24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овгийн Ч-н Г.

Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 3-5 тоот хашааны баруун талд гудамжинд Д.Б-тай “мөнгөөр толгой руу цохиж доромжиллоо” гэж маргалдан хохирогч Д.Б-н салтаа орчим руу нэг удаа өшиглөж, шээсний сүвийн гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ч.Г-н 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 0-0 тоот хашааны баруун талд гудамжинд Д.Б-тай “мөнгөөр толгой руу цохиж доромжиллоо” гэж маргалдан хохирогч Д.Б-н салтаа орчим руу нэг удаа өшиглөж, шээсний сүвийн гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Г гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...06 дугаар сарын 22-ны өдөр би мотоциклон таксигаар хангамжийн хойд талд хүн буулгачихаад явж байгаад хангамжийн хашааны ард Д.Б-тай таараад ийм согтуу байж явж чадах юм уу буу гэсэн тэрнээс болоод би Д.Б-г салтаанд нь нэг өшиглөсөн. Биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ... Би энэ хүнд гэмтэл учруулсан хэргээ өөрөө хүлээгээд төлбөр хохирлыг төлсөн. Хүүхэд гэрлэх гэж байгаа тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үү ... Энэ хүний нэхэмжилсэн мөнгийг өөрийн чадлаар төлж барагдуулна. Эцсийн удаа ял шийтгэлийг хөнгөрүүлж ар гэрийн байдлыг харгалзаж үзнэ үү ... ”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... 22-ны өдөр ажлынхантайгаа уучихаад явж байсан. Мөнгө төгрөгөөр цохисон зүйл байхгүй. Тонгойж байхад өшиглөснийг санаж байна. Тэр талаар мэдүүлэгтээ хэлсэн. Шээсний сүвээр цус алдаад гэрт очиход 3, 4 литр цус гойжсон гэрт хүн байхгүй. Эмнэлэг дуудахад ирээгүй. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бичлэг хийгээд явсан. Эмнэлэгт очоод 2 хоног шээс гараагүй. Шээсний сүв тасарсан бол хот руу яв гэсэн боловч гайгүй гэмтэл авсан байсан ... Одоо байнгын памперстай байгаа. Доошоо өнгөтэй юм гараад байгаа. Хохирол мөнгөө гаргуулж авбал өөр нэхэмжлэх зүйл байхгүй ... Ажилгүй байсан хугацааны мөнгөө гаргуулж авмаар байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн "... Д.Б-н бие дээрх гэмтэл нь 1 удаагийн өшиглөлтийн улмаас үүсэх боломжтой ..." гэсэн мэдүүлэг /ХХ29/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 206 дугаартай  “... 1. Д.Б-н эрүүл мэндэд хохирол учирсан байна.

2. Д.Б-н шээсний сүвийн гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Д.Б-н биед учирсан шээсний сүвийн битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ20-21/

Яаралтай тусламжийн хуудсын хуулбар /ХХ92/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид 1.212.300 төгрөгийн хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Ч.Г-т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Г-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-н эрүүл мэндэд нь учирсан хохирол бүрэн эдгэрээгүй талаар хохирогч шүүх хуралдаанд “...Одоо байнгын памперстай байгаа. Доошоо өнгөтэй юм гараад байгаа Хохирол мөнгөө гаргуулж авбал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байгаа бөгөөд шүүгдэгч нь хохирогчид хохиролд  1.212.300 төгрөг төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчийн хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.212.300 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Д.Б-н хойшид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийгдурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ч-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Г-т танилцуулсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.212.300 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Д.Б-н хойшид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА