Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 473

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

 

Иргэдийн төлөөлөгч Б.Батбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Б.Бөд холбогдох эрүүгийн ..........дугаартай хэрэг ирүүлсэнийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..оны ... дугаар сарын ... өдөр .... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б.Б /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 4 дүгээр гудамж Ноосны нэгдлийн байрны 6-28 тоотод хамт архи уусан З.Гтэй үлдсэн архийг авч гарах гэлээ гэж уурлаж, улмаар түүнийг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр талийгаач Г, Э, С, Ж,ийн гэрт архи уусан. Гэтэл Г “айлд тал шилтэй архи үлдээгээд гарах гэж явах гэж байгаа юм уу, дуусгаад гар” гэхээр нь би тухайн архийг ууж дуусгахаар үлдсэн. Үлдэгдэл архийг ууж байх үед амь хохирогч гэнэт надад агсам тавьж надтай маргалдан миний нүүрэн тус газар цохиход нь би түүний зөрүүлж цохисон. Улмаар Шижирбат, Сайнбат нар талийгаач Ган-Эрдэнийг өргөөд гэрт нь оруулсан. Дараа нь би гэртээ харьсан. Маргааш өдөр нь манай гэрт Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа нар ирж намайг Яаармагт байрлах цагдаагийн хэлтэс рүү авч явсан.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 4 дүгээр гудамж Ноосны нэгдлийн байрны 6-32 тоотод талийгаач хүү Ган-Эрдэний хамт амьдардаг. 2017 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 9 дүгээр хэсгийг хариуцсан хэсгийн ахлагч ажил хийж байгаа. Миний хүү Г эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан. Хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй би тухайн өдөр амарч байсан. Тэгээд 16 цагийн үед дэлгүүр орох гээд явж байхад хүү Г хоёр эрэгтэй хүнтэй гурвуулаа хамт явж байсан хэнтэй хамт явж байсныг нь сайн анзаараагүй энэ өдөр гэртээ ирж хоноогүй. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө би ажилдаа 07 цаг өнгөрч байхад ажилдаа явахад Г ирээгүй байсан. Ажил дээрээ байж байсан чинь 16 цагийн үед манай бэр Отгончимэг 80950115 дугаарын утсаар миний 94119791 дугаар руу залгаад Г амбаарын үүдэнд хэвтэж байсныг охин Азаа хараад надад хэлэхээр нь би очоод үзсэн чинь хөдлөхгүй байна гэхээр нь 103 дуудчих би ажлаасаа гараад очлоо гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 16 цаг 15 минутанд гэртээ ирэхэд хамаатны дүү нар болох Отгончимэг, Зулаа, Сайнбаяр нар байсан. Намайг ирээд удаагүй байсан чинь 103-н эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Талийгаач хувийн машинтай таксинд явдаг байсан. Тэр ямар нэг хууч өвчин байгаагүй, эмнэлэгийн хяналтанд байгаагүй. Архи бол уудаг байсан. Сүүлийн 4 жил архи уудаг бослон. Нас барахаасаа өмнө 10-аад хоног тасралтгүй уусан. Гудамжныхаа хүмүүстэй нийлдэг байсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Буруутай хүнээс нь оршуулгын зардал нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг./хх-31-33-р тал/

 

Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 27- ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд манай хүүхэд Анхням орж ирээд Г ах доошоо харсан байдалтай байна гэж хэлсэн юм. Тэгээд гэрээсээ гарахад Ган- Эрдэнэ доошоо харсан хэвтэж байхаар нь шууд түргэн тусламжийн 103-н утсанд дуудлага өгсөн юм. Би удалгүй дахиж цагдаагийн 102 дугаарын утсаар дуудлага өгсөн.”....гэх мэдүүлэг /хх-36-37-р тал/

 

Гэрч Ж.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр намайг ажил дээрээ /Яармаг худалдааны төв/ байхад Г ганцаараа ажил дээр ирээд Нокиа гар утас барьчихсан та энэ утсыг авчих гэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тухай үед талийгаач бага зэрэг халамцуу байсан. Би түүнд 5000 төгрөг өгсөн. Мөн өдрийн орой 19 цагт ажил тараад гэртээ байж байхад талийгаач ах хаана байна гээд нөхрийг асуухад ажилтай гадуур явж байгаа гэж хэлсэн. Тэгтэл ширээн дээр байгаа хоолыг идчих үү гэхээр нь тэг тэг гэхэд аягатай хоолыг идчихээд гараад явсан. Маргааш нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 16 цаг 40 минутын үед манай хүүхэд 5 настай, 6 настай хоёр хүүхэд гэрт орж ирээд “Молцого” ах талийгаач Ган- Эрдэнэ гэрийнхээ үүдэнд доошоо хараад уначихсан байна гэж хэлэхээр нь эгч Саран руу утсаар хэлэхэд чи очоод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би дүү нар болох Мягмарчимэг, Эрдэнэбаатар нарын хамт 16 цаг 50 минутын үед очиход талийгаач доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд цагдаа түргэн дуудсан. Талийгаач урьд өдөр нь манай ажил дээр болон гэрт орж ирэхэд бага зэрэг халамцуу, ил харагдах шарх гэмтэлгүй байсан” гэх мэдүүлэг /хх-40-41-р тал/

 

Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны орой 19 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр Алтан дорви хүнсний дэлгүүр дээр очсон чинь “Молцого” /Г/, нэрийг нь мэдэхгүй хочийг нь Махан толгой гэдэг залуутай байж байсан. Дэлгүүр рүү нөхөр маань Молцоготой хамт ороод 6000 төгрөгөөр архи авч өгсөн. Гэртээ ирээд юмаа угааж байгаад 00 цагийн үед худгаас ус авах гээд очиход Молцого, Монгол гэх хочтой залуугийн хамт Энхбаатар ахынхаас гарч ирлээ. Усны картаараа ус аваад өгөөч, Энхбаатар ахынд ус авч өгөх гэсэн юм гэхээр нь ус авч өгөөд явсан.... 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед хашаандаа байж байхад нөхрийн эгч Мягмарчимэгийн хүүхэд орж ирээд Молцого ахын амнаас хеөс гарсан доошоо харсан гэрийнхээ үүдэнд хэвтэж байна гэж хэлэхээр нь Мягмарчимэг, Отгончимэг, Эрдэнэбаатар бид нара очиход талийгаач доошоо харчихсан хэвтэж байсан. Түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Дэлгүүр дээр таарахад бараг эрүүл шахуу байсан. Талийгаачийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Худаг дээр Молцоготой таарахад нилээн согтсон, биед нь ил харагдах шарх байгаагүй, хувцас нь урагдсан, шороо болсон зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-43-44-р тал/

 

Гэрч Т.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Молцого /Г/ гэдэг залуу орж ирж бид нарыг харчихаад буцаад гарч яваад нөгөө гадаа сууж байсан Монголоо /Шижирбат/ бас нэг шар залуу /Төгсөө/ хоёрыг дагуулж орж ирсэн. Тэгээд нөгөө архиа бүгдээрээ хувааж ууж байтал архи яг дуусахын алдад 100 грамм архи үлдсэн байсан байхаа тэрийг нь Молцого /Г/ би энийг хүнд аваачиж өгнө гээд өмднийхөө ар талын завсараар хийсэн. Тэгсэн нөгөө шар залуу /Төгсөө/ Монголоо хоёр аваачиж өгөөд яах юм бэ гэсэн чинь Молцого /Г/ тэр шар залууг /Төгсөө/ очоод заамдаад авсан. Тэр хоёр маргалдсан. Тэгсэн нөгөө шар залуу Төгсөө Молцого-г /Г/ толгойнд нь баруун гараараа нэг удаа цохиод авсан чинь Молцого /Г/ ухаан алдаад газар унасан. Тэр шар залуу /Төгсөө/ цохичихоод холдсон чинь Молцого /Г/ урд нь гулжиганаад доошоо хараад уначихсан. Тэгсэн тэд нар Молцогийг босоорой гээд 2-3 татсан чинь босохгүй байсан. Монголоо /Шижирбат/ нөгөө шар залуу хоёр Молцогийг хоёр талаас нь өргөөд босгоод ирсэн Тэгэхээр нь би үүрчихье гээд үүрээд гэрийнх нь үүдэнд хүргэж өгсөн. Надтай хамт Монголоо, нөгөө шар залуу /Төгсөө/ хоёр хамт явсан. Би Молцогийг /Г/ гэрийнх нь үүдэнд буюу 80 айлын нийтийн байрны ард байдаг байшингийн үүдний таамбарт хүргэж өгөөд явсан. Би явахдаа Монголоо, шар залуу /Төгсөө/ хоёрт оруулаад өгөөрэй гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд явсан. Намайг үүрээд хүргэж өгөхөд Молцогог юу ч яриагүй. Дуугараагүй. ...Талийгаачийг би архиндаа согтоод уначихлаа гэж бодсон. Би ганцаараа нуруун дээрээ үүрээд явсан. Өөр хүн хүрээгүй. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн миний санаж байгаагаар 13 цагийн үед үүрээд гэрийнх нь гадаа очсон. Учир нь би гэртээ орчихоод 10-аад минутын дараа ус авах гээд худаг гуу явж байхад 13 цаг 10 минут болж байсан. Би бараг эрүүл шахуу байсан. Тухайн өдөр нэг хундага архи л уусан байсан. Намайг үүрээд явж байхад талийгаач амьд байсан. Миний нуруу руу амьсгалаад байсан” гэх мэдүүлэг /хх-47-52-р тал/

 

Гэрч Х.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Жанчив ахынд ороод буцаж Жанчив ахтай хамт гарч ирээд Төгсөө бид хоёрыг дагуулаад орсон. Ороход Жанчив ахынд Найс эгч, Хөөмөө ах, Сайнаа ах нар байсан. Жанчив ах, Г хоёр гарч ирээд Төгсөө бид хоёртой хамт орсон. Жанчив ахынд ороод Их Монгол нэртэй нэг шил .75- тай архи байсан тэрийг хувааж уусан. Тэгээд архиа яг дуусч байхад бага зэрэг үлдсэн байсан чинь Г Төгсөөгийн гэрийн хашааны хажууд байдаг хамар хашааны Алтанбаяр гээд ахад аваачаад өгчихье гэсэн. Тэгэхээр нь нэгэнтээ явуулчихсан юм чинь наадхаа тойруулаад явуулчих гэсэн. Тэр архинаас болоод Төгсөө Г хоёр маргалдсан. Тэгсэн талийгаач Г Төгсөөг нэгудаа цохисон. Тэгсэн Төгсөө босож ирээд толгой хавьцаа нь нэг удаа цохисон чинь Ган- Эрдэнэ газар унасан. Босож ирээгүй. Босгох гээд татахад босохгүй байсан. Тэгсэн Жанчив ах гэрт унтуулахгүй шүү хүргээд өгөхгүй юу гэсэн. Тэгээд Төгсөө бид хоёр Ган-Эрдэнийг хоёр талаас өргөөд гэрийн хаалгаар нь гаргасан. Тэндээс Сайнаа ах үүрээд Төгсөө бид хоёр хамт дагаад явсан. Ган-Эрдэний гэрийн гадаа ирээд гэр нь цоожтой байхаар нь үүдний таамбарт нь ханыг нь түшүүлж суулгаж үлдээгээд явсан. ... 2020 оны 04 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үед Г, Баттөгс бид гурав хамт явж байхад Лхагваанаа Гтэй маргалдсан, тэрнээс биш нэг нэгнийгээ цохижзодсон асуудал болоогүй. Ган-Эрдэний нүд бага зэрэг хөхөрчихсөн шанаа бага зэрэг шалбарчихсан байсан. Энэ талаар Мөнгөншагай утсаар хэлэхдээ Ган-Эрдэнийг ах Шонхой нь архи уулаа гээд уурлаад цохьсон гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-59-62-р тал/

 

Гэрч Т.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байгаад 09 цагийн үед гэрээс гарахад урд талын өргөн гудамжинд манай гудамжинд байдаг Сайнаа ахтай тааралдсан. Сайнаа ах надад гурил зараад өгөөч гэхээр нь 1 уут 25 кг-ын савалгаатай гурилыг аваад гудамжинд зогсож байсан, бүдүүн Дээгий гэх залууд зараад өгөөч гэхэд гурилыг аваад Алаг адуу нэртэй хүнсний дэлгүүр рүү ороод Хамаг Монгол нэртэй 0.75 литрийн 1 шил архи бариад гараад ирсэн. Тэгээд уг архийг яаж гудамжинд уух юм вэ? Манайх руу явья гээд Дээгий Сайнаа нар манай гэрт очсон. Манай гэр лүү явж байхад гудажинд Монголоо, Төгсөө, Молцог нар зогсож байсан ба хамт манай гэр лүү орсон. Манай гэр 2 өрөөтэй бөгөөд бид нар том өрөөнд Монголоо архийг задлаад тойруулсан. Архины шилний ёроолд жоохон архи үлдсэн байхад Төгсөө үлдсэн архийг таньдаг хүнд өгчихье гээд архийг таглах гэхэд Молцог яах гээд байгаа юм вэ, уугаад дуусгачихъя гэж хэлэхэд Төгсөө архи харамласан гээд босоод Молцогийг орны баруун талын буланд сууж байхад цохиход шалан дээр байсан улаан хивсэнд дээшээ харсан байдалтай ухаан алдаж унасан. Сайнаа, Дээгий нар Молцогийг сэрээх гэж манай гэрийн том өрөөний орон дээр байсан миний гар нүүрний шар өнгийн алчуурыг норгоод Молцогийн нүүрэн дээр тавихад 4-5 минутын дараа Молцог ухаан орсон ба Сайнаа Молцогийг үүрээд Монголоо, Төгсөө, Дээгий нарын хамт гарсан. Би тухайн үед том өрөөний цонхны хажууд байдаг орон дээр сууж байсан ба Төгсөө Молцогийг яаж цохисныг анзаараагүй. Молцогийг аваад гарсны дараа хөлс гараад байхаар нь нүүрээ арчих гэж шар өнгийн алчуураа хайхад том өрөөний орны доод талд байдаг 3 тасалгаатай толин дээр норгоод тавьсан байсан” гэх мэдүүлэг хх-53-54-р тал/

 

Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би өчигөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед Энхбаатарын гэрт очиж барилгын ажил байгаа эсэх талаар асуухаар Энхбаатарын амьдардаг40 айлын нийтийн байранд гэрт нь очиход орцны гадаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Монголоо, танихгүй нэг залуутай хамт зогсож байхаар нь Энхбаатарыг гэртээ байна уу гэж: асуухад байхгүй гэхээр явах гэтэл Молцог /Г/ цаанаас жорлонгийн араас гарч ирээд Монголоо, нэрийг нь мэдэхгүй залуутай хамт юм яриад үлдсэн. Би Монголоо, Молцог гэх залуучуудтай хамт архи уудаггүй эд нар шорон оронгоор явсан болохоор санаа нь дийлдэхгүй байдаг болохоор, айгаад хамт архи уудаггүй юм. Би хамгийн сүүлд Молцогтой тэгж тааралдсан надтай тааралдах үед Молцог халамцуу жорлонгийн араас Жанчивдоржын гэрээс гарч ирж байхыг нь харсан дахиж Молцогтой таараагүй байж байгаад өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 28-нд гэрээсээ гараад явж байхад манай тэр хавьд байдаг хүн болгон Молцогыг нас барсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-57-58-р тал/

 

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өчигөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр талийгаач болсон Молцог манайд Монголоотой цуг хоноод 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 06 цагийн үед Төгсөө орж ирээд 06 цаг өнгөрч байхад талийгаач босон Молцог, Монголоо, Төгсөө гурав манай гэрээс гараад явсан. Би ажилтай гэж хэлээд цуг явалгүй гэртээ үлдсэн. Би гэртээ өдөржин зурагт үзээд хэвтэж байгаад өдөр 14 цагийн үед хотруу явах гэж байхад талийгч болдог Молцогын ах Шонхоо манай гэрт орж ирээд хэсэг сууж байгаад Молцогыг хаачсан гэж асуухаар нь мэдэхгүй манайд хоноод өглөө гараад явсан гэж хэлээд удалгүй гарч явахаар нь би араас нь гараад хотын төвд буюу Бичил хороололд очоод орой 22 цагийн үед гэртээ ирээд хоол хийж идчихээд унтсан. Энэ хооронд манай гэрт хэн ч орж ирээгүй. Өнөө өглөө нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөөмөө гэх залуутай таарахад надад. Молцог нас барсан, би өчигдөр гэрт нь хүргэж өгсөн гэж хэлэхээр нь хэн хзнтэй хамт архи уусан талаар нь асуухад Хөөмөө надад хэлэхдээ Жанчивын гэрт архи уухад Молцог согтоод байхаар нь гэрт нь хүргэж өгсөн гэхээс өөр зүйл надад хэлээгүй. Хамгийн сүүлд талийгч болдог Молцог манай гэрт 2020 оны 04 дүгээр сарын 26-нд хоноод маргааш өглөө нь 04 дүгээр сарын 27-ны өглөө 06 цаг өнгөрч байхад манай гэрээс Шонхоо, Монголоо хоёртой хамт гарсанаас нь хойш тааралдаагүй. Өнөө өглөө Молцогыг нас барсан гэж Хөөмөөгөөс сонссон Хөөмөө надад согтоод байхаар нь гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед амнаас нь хөөс сахраад, гар нь татаад байсан гэж надад хэлсэн өөр мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-55-56-р тал/

 

Гэрч Ж.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Г гараад Шижирбат, Баттөгс хоёрыг дагуулаад ороод ирсэн. Тэгээд бид долоо архиа уугаад дуусч байхад Г энэ жоохон архийг Алтанбаярт аваачиж өгнө гэхэд нь бид нар жоохон юмыг хүнд өгч яах юм бэ гэсэн чинь Баттөгс очоод Гэс архийг аваад надад өгсөн. Тэгсэн Г Баттөгсөд уурлаад маргалдаад Г эхлээд Баттөгсийг Ган-Эрдэний цээж орчимд цохих шиг болсон. Тэгсэн Баттөгс Ган-Эрдэнийг баруун гараараа зүүн шанаан тус газар нэг удаа цохьсон чинь Г газар толгойн зүүн хэсгээрээ хүчтэй шалан дээр унаад сэрэхгүй байсан. Ухаан ороогүй хэрнээ амьсгалаад байсан. Тэгээд Шижирбат, Баттөгс хоёр Ган-Эрдэнийг өргөж босгосон чинь хөл дээрээ зогсохгүй гулжигнаад байсан. Тэгээд Сайнбат Ган-Эрдэнийг үүрээд гарсан араас нь Шижирбат, Баттөгс хоёр гараад явсан. Би Шижирбатын курткийг аваад араас нь явж байхад Сайнбат Ган-Эрдэнийг гэрийнх нь үүдэнд хүргэчихлээ гээд хажуугаар гараад явсан. Би очиход Г гэрийнхээ үүдэнд сууж байгаа харагдсан. Өөдөөс Шижирбат ирээд би курткийг нь өгөөд би гэртээ харихаар явсан. Архи ууж байхад Ган-Эрдэний баруун нүд бага зэрэг хөхөрсөн, өөр ил харагдах шарх байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-63-64-р тал/

 

Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ган- Эрдэнэтэй таарч хамт архи уусан. Тэгэхэд Г би өнөө өглөө ах Ганпүрэвтэй маргалдсан гэж хэлж байсан. Тэрнээс цохиж зодсон талаар яриагүй. Ган-Эрдэний баруун шанаа бага зэрэг хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-69-70/

 

Яллагдагч Б.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “... би очоод архийг аваад Хөөмөө ахад өгөөд буцаад суудал дээрээ суух гэж байхад Г баруун гараараа зүүн шанаан тус газар цохихоор би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаан тус газарт нэг удаа цохисон чинь газар унасан хэвтэж байсан байрлалыг өөрөө хэвтэж үзүүлэв /зураг 7/ Тэгээд сэрэхгүй байхаар нь хамрынх нь доор дарж сэрээсэн, гэрийн эзэн Жанчивдорж наад хүнээ аваад гарцгаа гэхэд Сайнбат ах Шижирбат ах хоёр Ган-Эрдэнийг сугадаад өргөөд гэрээс гаргаад Сайнбат ах мөрлөөд гэрт нь хүргэж өгнө гээд Шижирбатын хамт явсан” гэсэн /хх-16-18/

 Гэрч Т.Сайнбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-29/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн цогцост шинжилгээ хийсэн №999 тоот дүгнэлт: “...Талийгаачийн цогцост зүүн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай, дагз хэсгийн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчинд цус хуралт, баруун дээд зовхинд цус хуралт, баруун хацар, дух, зүүн тохой, зүүн мөр, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархай хэсгийн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүд нь зүүн чамархай тус газарт мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дээд зовхины цус хуралт, баруун шилбэний зулгаралт нь хуучин, дагз хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун хацар, дух, зүүн тохой, зүүн мөр, баруун өвдөгний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач дээрх зүүн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи шаантаглаж төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож нас баржээ. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай. Нас барах үедээ дунд зэргийн ёогтолттой байжээ. Үхэлд хүргэх өвчин тогтооглсонгүй, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 10 минутын үед хийгдсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ.” гэсэн дүгнэлт /1хх-92-94/

 

Шинжээч эмч Н.Номинцэцэг мөрдөн байцаалтын мэдүүлэхдээ: “...Талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нь толгой зүүн чамархай хэсгээр унахад үүсэх боломжтой. Баруун зовхины гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун зовхины цус хуралт нь хуучин буюу 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Үхэлд хүргэсэн гамтэлтэй холбоогүй. Талийгаачийн баруун гар, нурууны хэсэгт арьсны өнгөц давхарга хуурсан байгаа гэмтэл нь нас барсны дараа үүссэн гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хэт дулааны үйлчлэлээр арьсны өнгөц хавхарга үүсч болно. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг 10 минутийн үед хийгдсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон гэсэн. Тэгэхээр тус өдрийн 13-14 цагийн үед нас барсан байх боломжтой байна. Цусан хураа гэмтэл нь шинэ гэмтэл цаг хугацааны хувьд тухайн үед буюу унахад үүссэн байна. Мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх мэдүүлэг /хх-98-100-р тал/ .

 

Шүух сэтгэц, гэм судлалын дүгнэлтэд “...Б.Баттөгөс нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн /хх-191/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2341, 999, 2656 дугаартай дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн задлан шинжилгээний дүгнэлт, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-ийн 79, 87, 191-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9, 22-25-р хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/, ял шийтгэлийг шалгах хуудас /хх-141/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-142-153/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-193/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 4 дүгээр гудамж Ноосны нэгдлийн байрны 6-28 тоотод хамт архи уусан З.Гтэй үлдсэн архийг авч гарах гэлээ гэж уурлаж, улмаар түүнийг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Ж.Т-гийн “... Баттөгс Ган-Эрдэнийг баруун гараараа зүүн шанаан тус газар нэг удаа цохьсон чинь Г газар толгойн зүүн хэсгээрээ хүчтэй шалан дээр унаад сэрэхгүй байсан. Ухаан ороогүй хэрнээ амьсгалаад байсан. Тэгээд Шижирбат, Баттөгс хоёр Ган-Эрдэнийг өргөж босгосон чинь хөл дээрээ зогсохгүй гулжигнаад байсан. Тэгээд Сайнбат Ган-Эрдэнийг үүрээд гарсан араас нь Шижирбат, Баттөгс хоёр гараад явсан. Би Шижирбатын курткийг аваад араас нь явж байхад Сайнбат Ган-Эрдэнийг гэрийнх нь үүдэнд хүргэчихлээ гээд хажуугаар гараад явсан. Би очиход Г гэрийнхээ үүдэнд сууж байгаа харагдсан. Өөдөөс Шижирбат ирээд би курткийг нь өгөөд би гэртээ харихаар явсан. Архи ууж байхад Ган-Эрдэний баруун нүд бага зэрэг хөхөрсөн, өөр ил харагдах шарх байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-63-64-р тал/, гэрч Т.С-ын “...Төгсөө Молцого-г /Г/ толгойнд нь баруун гараараа нэг удаа цохиод авсан чинь Молцого /Г/ ухаан алдаад газар унасан. Тэр шар залуу /Төгсөө/ цохичихоод холдсон чинь Молцого /Г/ урд нь гулжиганаад доошоо хараад уначихсан. Тэгсэн тэд нар Молцогийг босоорой гээд 2-3 татсан чинь босохгүй байсан. Монголоо /Шижирбат/ нөгөө шар залуу хоёр Молцогийг хоёр талаас нь өргөөд босгоод ирсэн Тэгэхээр нь би үүрчихье гээд үүрээд гэрийнх нь үүдэнд хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2341, 999, 2656 дугаартай дүгнэлтүүд, цогцост үзлэг хийсэн задлан шинжилгээний дүгнэлт, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-ийн 79, 87, 191/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9, 22-25/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 4 дүгээр гудамж Ноосны нэгдлийн байрны 6-28 тоотод хамт архи уусан З.Гтэй үлдсэн архийг авч гарах гэлээ гэж уурлаж, улмаар түүнийг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, санаатай алсан нь хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохисоны улмаас зүүн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи шаантаглаж төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Б.Бт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Б.Бийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон бусад хохирол нэхэмжлэнэ гэх боловч нотлох баримтаар ирүүлсэн зүйлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хх-141/ тогтоогдсон байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртлэх нийт цагдан хоригдсон 73 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б.Б-ийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм бруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Б.Бт оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тамирын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С нь амь хохирогчийг оршуулах зардалтай холбоотой хохиролд нэхэмжилсэн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Шүүгдэгч нь холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ

 

                                                       ШҮҮГЧИД                                         Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                                                    Д.ДОРЖСҮРЭН