Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 86

 

2017 оны 02 сарын 02 өдөр     Дугаар 156/ШШ2017/00086    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00744/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт  гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Орхонтуяа,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Сариг”-ийн 7 дугаар гудамжийн 8 тоотод оршин суух, Сорогчин овогт Дэлэгдондовын Энхбатын “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 07-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Энхбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад зурагчнаар ажиллаж байсан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 12 тал) 
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Орхонтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Энхбат нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад зурагчнаар ажиллаж байсан юм. Эдгээр хугацаанд ажиллаж байсан баримтууд байхгүй болсон. Иймд хэрэгт өгсөн баримт материалууд болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж Д.Энхбатын ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Сорогчин овогт Дэлэгдондовын Энхбат нь 1986 оны 07 дугаар 
D:\2017 он\2015 ШХНБД Г.Мөнхномин [2]\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\шийдвэр\86-Ш-И.docx
сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад зурагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзсэн байна. 
Хүсэлт гаргагч Д.Энхбатын хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Энхбат нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СТ-64101917 регистрийн дугаартай, Сорогчин овогт Дэлэгдондовын Энхбат нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад зурагчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1.Гэрч Л.Баттөмөрийн: ... Би 1972 оны 07 дугаар сараас 2002 он хүртэл Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний комбинатад оёдолчин, гуталчин, гэрэл зургийн мастераар ажиллаж байсан юм.  ... Д.Энхбат нь 1986 оны 6 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад зурагчнаар ажилд орж 1990 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд ажиллаж байсан. ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  17-18 тал)
2. Гэрч Ж.Мягмаржавын: ... Би 1976 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 он хүртэл Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан юм. ... Д.Энхбат нь 1986 оны 6 дугаар сарын сүүлээс, 1990 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн ахуй үйлчилгээний комбинатад зурагчнаар ажиллаж байсан....  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  19-20 тал) 
3. Зурагчны мэргэжлийн үнэмлэхийн хуулбарт: ... Д.Энхбат нь хар цагаан зураг авах технологи, ... зураг авах, угаах, ... гуравдугаар зэрэг олгов гэжээ , (хх-ийн 5 тал)
4. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Сорогчин овогт Дэлэгдондовын Энхбат, 1964 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, СТ-64101917 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 6 тал)
5.Хүсэлт гаргагч Д.Энхбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Орхонтуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 14 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлээгүй байна. 
Иймд Д.Энхбат нь 1986 оны 7,8,9,10,11,12 дугаар сард, 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СТ-64101917 регистрийн дугаартай, Сорогчин овогт Дэлэгдондовын Энхбатыг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад зурагчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ