Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 15

 

           Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн…. сумын …. дугаар багийн иргэн Б Агийн нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Дорнод аймгийн Матад сумын Засаг даргад холбогдох, 

         Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг  гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч В.Давааням, хариуцагч Матад сумын Засаг дарга Д.Д, гэрч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Матад сумын Засаг даргын 07 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах болсон. Энэ хугацаанд өөрийн эрхэлж буй албаны чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлсээр ирсэн.

          Тухайлбал: Сүүлийн 2 жилд буюу 2016 оны үр дүнгийн гэрээгээ 89.7 хувь буюу В-хангалттай сайн, 2017 онд 82.7 хувь буюу В-хангалттай сайн үнэлгээгээр үнэлэгдсэн. Төрийн албан хаагчийн хувьд чиг үүргээ ийнхүү хангалттай биелүүлж, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаагүй.

          Гэтэл Матад сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/60 дугаар захирамжаар намайг ажлаас халснаар, 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болсон. Дээрхи захирамжаа үндэслэхдээ “...Сумын Засаг даргын Тамгын газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг доголжуулж, харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг болон албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих талаар хангалтгүй ажилласан” гэж үзжээ. Миний бие дээрхи захирамжийг гардан аваад хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд хандсан бөгөөд, миний өргөдөлд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “...Засаг даргын 2018 оны А/60 дугаар захирамжийг хууль, эрх зүйн алдаатай” гэж дүгнэсэн.

          Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад гаргасан уг шийдвэрийг сумын Засаг дарга хүлээж авсан боловч өөрийн шийдвэрээ хүчингүй болгохгүй байна. Намайг ажлаас халсан А/60 дугаар захирамж нь хууль бус бөгөөд миний төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халах талаар зохицуулсан.

Иймд Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг Матад сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  олговрыг гаргуулж өгнө үү” гэв. 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу маргаан бүхий захиргааны акт болох Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Аг халахдаа баримталсан хуулийн заалт болон хариуцагчийн бичгээр гаргасан тайлбаруудтай танилцаад Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 буюу албаны чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр төрийн албанаас халсан гэж ойлгосон. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг баримтлаад, мөн захирамжийн захирамжлах хэсэгт Тамгын газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг доголдуулж, харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг болон албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих талаар хангалтгүй ажилласан гэх зэргээр Б.Аг 30 нэр төрлийн зөрчлийг гаргасан гэж буруутгаад байгаа юм болов уу гэж хариуцагчийн тайлбарыг дүгнэж байна. Төрийн албаны тухай хуулийн сахилгын шийтгэл ногдуулах болон төрийн албанаас халах зохицуулалтыг тус тусад нь заасан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн буюу чиг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн, мөн албаны чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан сануулах, цалингийн хувь, төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн зүйлүүдийн аль нэгийг сонгож шийтгэл ногдуулах боломжтой байсан. Сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл нь яаж бүрдэх вэ гэхээр, сахилгын зөрчил гэсэн бие даасан зөрчил гаргасан нь тогтоогдох ёстой. Гэтэл тайлбараас харахад зөрчил гэж үзсэн нь өөрийн үнэлэмжээр дүгнэсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагаар шалгагдаж тогтоогдох ёстой. Санхүүгийн болон төрийн албаны ноцтой асуудлууд хөндөгдөж байгаа. Эдгээрийг ямар ч нотлох баримтгүй ярьж байгаа нь хангалтгүй байна.  Эдгээр зөрчлүүд тус тусдаа нотлогдоод, зөрчил гаргаснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байсан бол сахилгын зөрчлийн асуудлыг ярьж болох байсан юм гэж үзэж байна. Нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар ажлаас халсан байгаа учир төрийн албанаас халах үндэслэл байсан уу, үгүй юу гэдэг дээр шалгана гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдийг ялгамжтай хэрэглэх талаар шүүхийн практикт нэгэнт тогтсон ойлголт байгаа. Төрийн захиргааны албан хаагчийн хувьд харъяа дээд шатны буюу өөрийг нь томилсон албан тушаалтантай үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнүүлж ажилладаг. Үүний дагуу Засаг даргын Тамгын газрын дарга төсвийн ерөнхийлөн захирагч буюу тухайн сумын Засаг даргатай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнүүлж ажилладаг. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг харъяалах байгууллагаас тогтоосон хугацаанд, зохих журмын дагуу үнэлж, дүгнэнэ гэж байгаа. Тиймээс дүгнэх нь дээд шатны албан тушаалтны үзэмжийн асуудал биш юм. Б.Агийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин үнэлж, дүгнэх” журмын дагуу яригдах ёстой. Энэхүү журмын 7.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж, өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад актуудад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий байгууллагад саналаа тавьж болно” гэж заасан. Ингээд 5 төрлийн үнэлгээг заасан. Эдгээрээс “F” буюу хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах болон төрийн албанаас халах арга хэмжээг авахаар заасан. Энэ тохиолдолд тухайн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд өөрт нь хуульд заасан журмын дагуу сонсгох ажиллагаа явуулна. Бичгээр мэдэгдээгүй бол өөр арга хэлбэрээр мэдэгдсэн баримт байх ёстой. Гэтэл Б.Агийн хувьд 2016 онд 82.7 хувь буюу “В” хангалттай, 2017 оны 10 сард урьдчилсан байдлаар дүгнэхэд 89.7 хувь буюу “В” хангалттай хангалттай дүгнэгдсэн. Биелэлтээ гаргаж өгөх нь доод шатны албан тушаалтны үүрэг, дүгнэх нь дээд шатны удирдлагын үүрэг байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд эмэгтэй хүний хөдөлмөр гэсэн зүйл байдаг. Үүнд зааснаар эмэгтэй хүн онцгой эрх, үүрэг эдэлж оролцоно. Энэ заалтад эмэгтэй төрийн албан хаагч ч мөн адил хамаарна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т жирэмсэн буюу 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг хуульд заасан 2 үндэслэлээс бусад тохиолдолд халахыг хориглохоор заасан. Үүний дагуу Б.Агийн хүүхдийнх нь төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

           Хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Матад сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Аг ажлаас халсан Засаг даргын захирамжийг үндэслэлтэй, нотолгоотой, хууль ёс, дэг журмыг баримталсан шийдвэр болсон гэж үзэж байгаа.

          1. Сумын Засаг даргын Тамгын газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг доголдуулж, харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг болон албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлснийг 19 үндэслэлээр нотлож болох ба тодорхой хэдэн үндэслэлийг дурдвал:

            - Б.А нь тус сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар өөрийн томилсон албан тушаалтан буюу газрын даамлаар ажил огт хийлгээгүйгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар дээрх төлөвлөгөөний тайланг хэлэлцээд “Хангалтгүй” гэж дүгнэсэн болно. Үндсэн чиг үүргээ биелүүлж ажиллаагүй Б.Агаас 2017 оны ажил үүргээ гүйцэтгээгүй газрын даамлын цалинг жич нэхэмжлэн гаргуулж төрийн байгууллагыг хохиролгүй болгохоор төлөвлөж байна. Энэ тухай Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, өөрт нь мөн мэдэгдсэн болно.

             -Б.А нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас 2016-2017 онд сумын Засаг даргын захирамжаар 3 удаа сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд шилэн дансны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Тамгын газрын төсөв, хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд болон сумын удирдлагад ил тод, нээлттэй байлгах талаар өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Энэ талаар Засаг даргын Зөвлөлийн хурал болон байгууллагын ажилтнуудын хурал дээр олон удаа үүрэг өгснийг биелүүлээгүй.

            -Засаг даргын Тамгын газрын цайны газар, ундны усны худаг, халуун усны зориулалттай объектүүдийг гэрээ хийлгүй бусдад ашиглуулах, эсвэл хийсэн гэрээгээ дүгнэхгүй ажилласны улмаас иргэд, төрийн байгууллагуудын хооронд үйл ойлголцол үүсч, улмаар хөрөнгө мөнгө шамшигдах асуудал олонтаа үүссэн. Б.А нь усны орлогын 50 мянган төгрөгийг хувьдаа авсан байна.

            -Өөрийн нөхрийн машинд 40 литр шатахуун хийж хувийн ажилд зарцуулснаа нуун дарагдуулсныг илрүүлж, байгууллагыг хохиролгүй болгох шаардлага өгсөн боловч биелүүлээгүй байна.

            -“Засаг даргын Тамгын газарт 2.5 сая төгрөгийн авилгал өгч ажилд ордог” тухай иргэдээс гаргасан шүүмжлэл, гомдлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариу өгөх үүргийг огт биелүүлээгүй. Уг асуудал сумын ИТХ, Тамгын газрын хуралдаанууд дээр байнга яригдаж ирсэн болно.

           -Төрийн албан хаагчдын 2017 оны ажлын үр дүнд тулгуурлан 300 мянган төгрөгийн урамшуулал олгох талаар холбогдох дээд шатны байгууллагын гаргасан шийдвэр, өгсөн чиглэлийг үл ойшоон сахилгын арга хэмжээ авагдсан ажилтнуудад хавтгайруулан олгосон. Энэ зөрчлийг арилган буруутай этгээд болох Б.Агаар уг мөнгийг буцаан төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа болно гэх мэт

             2. Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих талаар хангалтгүй ажилласныг 12 үндэслэлээр нотлож болох ба тодорхой хэдэн үндэслэлийг дурдвал:

            -Матад суманд 2017 оны эхний улиралд дэгдсэн малын гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед ажилласан хүмүүст олгох томилолтын мөнгийг бодохдоо Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд сумын Онцгой байдлын штабын дарга Б.А хийгээгүй ажлынхаа төлөө өөртөө илүү мөнгө гаргуулж авсныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан, шаардсаны дагуу тэрбээр 84.0 мянган төгрөгийг буцааж өгсөн бөгөөд мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна. Удирдах ажилтны хувьд санхүүгийн сахилга бат, ёс зүй зөрчсөн нь ийнхүү нотлогдсон.

           -Өөрийн төрөл садны хүн болох Б.Уянгыг тушаал гарган нягтлан бодогчоор томилон ажиллуулж байсан бөгөөд ажлаас халагдах өдрөө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн Б.Агийн дүүгийн эхнэр Э.Энх-Отгон нягтлан бодогчоор ажиллаж иржээ.

            -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар төсвийн тодотгол хэлэлцүүлэх өдөр ажилдаа байхыг шаардаж, чөлөө өгөхөөс татгалзсан Засаг дарга, Засаг даргын орлогчийн шийдвэрийг зөрчин 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа таслан хувийн ажлаар хөдөө явсан.

             -Ажилтнуудын хооронд хов жив, цуу яриа зөөх, нэгийг нь нөгөөтэй нь хагаралдуулах, үндэслэлгүй худал ярих, Засаг  даргыг хуурамч мэдээллээр хангах зэрэг ёс зүйн зөрчлийг байнга гаргаж ирсэн. Түүнчлэн аймгийн төрийн байгууллагуудын ажилтнуудад мөн адил хандаж байсныг нэр бүхий зарим хүн мэдэгдсэн болно гэх мэт зөрчлүүдийг үндэслэн шийдвэр гаргасан болно.

             Б.Ад Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд ажилдаа үл тэнцэж байгааг 2018 оны эхнээс удаа дараа мэдэгдэж, ямарваа дарамтад байгаа эсэхийг лавлаж, өгөгдсөн үүрэг даалгавар, ажлын төлөвлөгөөг биелүүлэх талаар хуулийн хүрээнд идэвхи чармайлттай ажиллахыг байнга сануулж, ирсэн боловч ажлын сахилга хариуцлагаа дээшлүүлэн, үүрэг даалгавар биелүүлж, ёс зүйн алдаа доголдлоо арилгахын оронд “дарамт шахалт байхгүй, ажлын зохион байгуулалт, мэдлэг чадвараас хамааран ажлын ачаалал дийлэхгүй байгаа, цаашид чөлөө авч 2020 он хүртэл гэрээр байж, үр хүүхэд төрүүлэх” тухайгаа хэлж байсан. Түүний саналыг сонсоод:

              1. нягтлан бодогчийн ажилд шилжин ажиллах,

              2. ажлаасаа сайн дураар чөлөөлөгдөх,

              3. дээрх хоёр нөхцлийн эс зөвшөөрвөл ажлаас халах арга хэмжээ авахыг сануулж ирсэн.

Миний хувьд Б.Атай хувийн, ашиг сонирхлын бөгөөд өш хонзонгийн сэдэлттэй санаа огт байгаагүй, одоо болон цаашид ч байхгүй. Энэ хүн намайг Засаг даргаар ажиллаж эхлэхээс өмнө миний барьж буй бодлого, зарчмыг дэмжиж над дээр орж ирж байсан. Хэрэв би Засаг даргаар ажиллавал Засаг даргын орлогчоор ажиллах талаар өөрт нь санал тавьж байсан. Энэ хүн эелдгээр татгалзсан хариу өгсөн. Миний хувьд энэ хүнийг ажилд нь дэмжиж ажилласан. Төрийн захиргааны албан хаагчийн хамгийн дээд шатлалын цалинг авч ажиллаж байсан. Тамгын газрын даргын цалингийн шатлалыг нэмэх талаар санал авах бичиг аймгаас ирэхэд өөртэй нь ярилцаж, боломжтой бол цалинг нь нэг шат алгасаад ахиулаад нэмчих юмсан гэсэн хандлагаар ажиллаж байсан. Цалин нь нэмэгдээд явсан. Өнөөдөр надаас нэхэмжилж байгаа энэ цалин миний ийнхүү дэмжиж, хүнд ажлыг нь ойлгосон санаа шингэсэн байгаа. Явцын дунд төрийн ажил яаж завхарч болдог, яаж дампууруулж болдог гэдгийг харуулсан. Өнгөрсөн онд 3 удаа арга хэмжээ авсан байдаг. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн ажлаас хамаарч маш олон ажил доголдсон. Нэг хоёроор зогсохгүй Матад суманд төрийн ажил тэр чигээрээ нурсан. Санаатай нураасан гэхэд би үнэмшихгүй байгаа. Санаандгүй нурааж чадах авъяас хүнд байдаг гэж төсөөлж байгаагүй. Энэ бүх байдлыг харгалзаж, өнгөрсөн оны сүүлээс маш хатуу шаардлага тавьж эхэлсэн. Хурал болгон дээр ажлаа ингэж хий, өгсөн үүрэг даалгавар биелэгдэхгүй байна, хариуцлага хүлээлгэх ийм ийм заалтууд байна гэж хэлж байсан. Миний зүгээс ажлаас нь халахын төлөө биш ажлыг нь хийлгэхийн төлөө явсан. Өнгөрсөн оны сүүлээс хойш тодорхой хугацаа өгсөн. Шаардлага тавьснаар “сахил хүртээд шал дордов” гэдэг шиг бүр миний эсрэг ажиллаж эхэлсэн. Төрийн захиргааны албан хаагчдаар гарын үсэг зуруулаад, “...Дэмчигсүрэн чамайг нүүрэн дээр чинь магтаад нурууны чинь ар талд муулдаг...” гэж тиймдээ тултлаа ёс зүйг зөрчих биш уландаа гишгээд ухаанаасаа хөөгөөд гаргачихсан. Сүүлдээ төрийн захиргааны албан хаагчдыг уриалан дуудаж, Засаг даргыг огцруулъя гэж бичиг бариад айлуудаар явсан. Би энэ талаар аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр хэлсэн. Төрийн алба бусад газарт ямар байдгийг мэдэхгүй, Матад суманд дампуурчихлаа, үүнд та бүхэн ямар арга хэмжээ авах вэ гэж онцгойлон ярьсан. Төрийн захиргааны албан хаагчийнх нь хувьд удаа дараа шаардлага тавиад, шахаж шаардаад, сануулаад ажлыг хийлгэж чадаагүй. Энэ тал дээр энэ хүн өөрөө ч хувь хүнийхээ хувьд сонин байдалд орсон байх гэж бодож байна. Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс миний гаргасан шийдвэрийг болохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Б.Агийн талд шийдвэр гаргах шалтгаан байсан юм байна лээ. Энэ талаар би дээд шатны байгууллагад нь хандана. Энэ асуудалд Ариунтуяа, Дэмчигсүрэн гэдэг хоёр хүний асуудал биш, сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэсэн субъектүүдийн асуудал гэдгээр миний хувьд хандаж байгаа гэв.

              Гэрч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Матад сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажилд орсон. Энэ хугацаанд жил бүр Тамгын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ажлаа хийсэн гэж үзэж байгаа. Иргэдээс өргөдөл авч ажилласан. Манай сумын газар нутаг уул уурхай, лицензтэй талбайтай давхцдаг тул үүнээс үүссэн зөрчлийг арилгах үүднээс өмчлөлийн асуудлыг хойш тавьсан зүйл байгаа. Энэ асуудал дээр манай сумаас аймгийн Засаг даргын Тамгын газарт санал хүсэлт хүргүүлж, үүний дагуу ажлын хэсэг очиж ажиллаж байсан. Миний хувьд 2017 оны 01 сараас 09 сар хүртэл сумын Засаг даргын Тамгын газартаа ажиллаж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 08 сард ээлжийн амралтаа авсан. 2017 оны 01 сараас 08 сар хүртэл ажил дээрээ байнга байж, ажлаа хийж байсан. Шүлхий, цагаан зээр үхэж байгаа асуудал дээр ч өдөр шөнөгүй ажиллаж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.А нь “Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно[1].

           Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Д.Д нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Ажлаас халах тухай” А/60 дугаар захирамжаар, Б.Аг ”Сумын Засаг даргын Тамгын газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг доголдуулж, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг болон албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих талаар хангалтгүй ажилласан” гэх үндэслэлээр ажлаас халах шийдвэрийг гаргажээ.

           Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Матад сумын Засаг даргын 07 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах болсон. Энэ хугацаанд өөрийн эрхэлж буй албаны чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлсээр ирсэн.  Сүүлийн 2 жилд буюу 2016 оны үр дүнгийн гэрээгээ 89.7 хувь буюу В-хангалттай сайн, 2017 онд 82.7 хувь буюу В-хангалттай сайн үнэлгээгээр үнэлэгдсэн... Миний бие дээрхи захирамжийг гардан аваад хуулийн дагуу Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан бөгөөд, миний өргөдөлд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “...Засаг даргын 2018 оны А/60 дугаар захирамжийг хууль, эрх зүйн алдаатай” гэж дүгнэсэн. Миний бие албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, намайг ажлаас халах талаар хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй” гэж маргадаг.

            Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ...” Б.А нь тус сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар өөрийн томилсон албан тушаалтан буюу газрын даамлаар ажил огт хийлгээгүйгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар дээрх төлөвлөгөөний тайланг хэлэлцээд “Хангалтгүй” гэж дүгнэсэн болно. Үндсэн чиг үүргээ биелүүлж ажиллаагүй Б.Агаас 2017 оны ажил үүргээ гүйцэтгээгүй газрын даамлын цалинг жич нэхэмжлэн гаргуулж төрийн байгууллагыг хохиролгүй болгохоор төлөвлөж байна. Энэ тухай Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, өөрт нь мөн мэдэгдсэн болно.

           -мөн ажил үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас 2016-2017 онд сумын Засаг даргын захирамжаар 3 удаа сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд шилэн дансны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Тамгын газрын төсөв, хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд болон сумын удирдлагад ил тод, нээлттэй байлгах талаар өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Энэ талаар Засаг даргын Зөвлөлийн хурал болон байгууллагын ажилтнуудын хурал дээр олон удаа үүрэг өгснийг биелүүлээгүй.

           -Засаг даргын Тамгын газрын цайны газар, ундны усны худаг, халуун усны зориулалттай объектүүдийг гэрээ хийлгүй бусдад ашиглуулах, эсвэл хийсэн гэрээгээ дүгнэхгүй ажилласны улмаас иргэд, төрийн байгууллагуудын хооронд үйл ойлголцол үүсч, улмаар хөрөнгө мөнгө шамшигдах асуудал олонтаа үүссэн. Б.А нь усны орлогын 50 мянган төгрөгийг хувьдаа авсан байна.

           -Өөрийн нөхрийн машинд 40 литр шатахуун хийж хувийн ажилд зарцуулснаа нуун дарагдуулсныг илрүүлж, байгууллагыг хохиролгүй болгох шаардлага өгсөн боловч биелүүлээгүй байна.

            -Засаг даргын Тамгын газарт 2.5 сая төгрөгийн авилгал өгч ажилд ордог тухай иргэдээс гаргасан шүүмжлэл, гомдлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариу өгөх үүргийг огт биелүүлээгүй. Уг асуудал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тамгын газрын хуралдаанууд дээр байнга яригдаж ирсэн болно.

           -Төрийн албаны хаагчдын 2017 оны ажлын үр дүнд тулгуурлан 300 мянган төгрөгийн урамшуулал олгох талаар холбогдох дээд шатны байгууллагын гаргасан шийдвэр, өгсөн чиглэлийг үл ойшоон сахилгын арга хэмжээ авагдсан ажилтнуудад хавтгайруулан олгосон.

           -Матад суманд 2017 оны эхний улиралд дэгдсэн малын гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед ажилласан хүмүүст олгох томилолтын мөнгийг бодохдоо Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд сумын Онцгой байдлын штабын дарга Б.А хийгээгүй ажлынхаа төлөө өөртөө илүү мөнгө гаргуулж авсныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан, шаардсаны дагуу тэрбээр 84.0 мянган төгрөгийг буцааж өгсөн бөгөөд мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна. Удирдах ажилтны хувьд санхүүгийн сахилга бат, ёс зүй зөрчсөн нь ийнхүү нотлогдсон.

             -Өөрийн төрөл садны хүн болох Б.Уянгыг тушаал гарган нягтлан бодогчоор томилон ажиллуулж байсан бөгөөд ажлаас халагдах өдрөө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн Б.Агийн дүүгийн эхнэр Э.Энх-Отгон нягтлан бодогчоор ажиллаж иржээ.

             -Ажилтнуудын хооронд хов жив, цуу яриа зөөх, нэгийг нь нөгөөтэй нь хагаралдуулах, үндэслэлгүй худал ярих, Засаг  даргыг хуурамч мэдээллээр хангах зэрэг ёс зүйн зөрчлийг байнга гаргаж ирсэн. Түүнчлэн аймгийн төрийн байгууллагуудын ажилтнуудад мөн адил хандаж байсныг нэр бүхий зарим хүн мэдэгдсэн болно гэх мэт 30 орчим зөрчлүүдийг үндэслэн шийдвэр гаргасан болно” гэж маргадаг.

              Маргаан бүхий захиргааны акт болох Матад сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/60 дугаар захирамжийн тухайд:

              1.Сумын Засаг дарга дээрхи захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн...33 дугаар зүйлийн 33.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ.

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д ...сумын Тамгын газрын даргын хэрэгжүүлэх 7 чиг үүргийг хуулчилсан бөгөөд дээрхи хуулийн аль зүйл, хэсгийг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод[2] заасан ямар чиг үүргийг хэрхэн биелүүлээгүй нь захирамжид тодорхойгүй байна.

             Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13...дугаар зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд...сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байхад дээрхи хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна.

            Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж хуульчилсан. Гэтэл хариуцагч  2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/17[3], 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/02, 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Б/04 дүгээр захирамжуудаар Б.Ад сахилгын шийтгэл ногдуулсан захирамжуудыг болон 2016, 2017 оны хууль ёсоор нотлогдоогүй үйл баримтуудыг үндэслэл болгож,  сумын Засаг даргын  2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/60 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас халсан шийдвэрийг гаргаж байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байна.

            Мөн нэхэмжлэгч Б.Агийн “Сумын Засаг даргын Тамгын газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг доголдуулж, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг болон албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих талаар хангалтгүй ажилласан” гэх асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, дээрхи зөрчлүүдийг хуулийн болон холбогдох бусад эрх бүхий байгууллагад хандаж, шалгаж тогтоосон албан ёсны шийдвэр байхгүй байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           2.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т  “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” ...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэжээ.

            Хариуцагч сумын Засаг дарга дээрхи шийдвэрийг гаргахдаа үндэслэл болгож олон зөрчлүүдийг нарийвчлан судалж, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын чиг үүрэгт хамааралтай эсэх, зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа зэргийг анхаарч, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах зэрэг ажиллагаа хийгдээгүй нь хуульд нийцэхгүй байна.

              Иймд Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

             1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Б Агийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

          2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Агийн ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тооцоолон, зохих журмын дагуу татвар, шимтгэлүүдийг суутган, үлдэх олговорыг нэхэмжлэгчид олгохыг Матад сумын Тамгын газарт даалгасугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 9-р хуудас

[3] Хавтаст хэргийн 94, 95,96,97 дугаар хуудас