Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 09

 

            

А.С, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Н.Амаржаргал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч А.С, Д.Б нарт холбогдох, эрүүгийн 1720000700012 дугаартай, 1 хавтас, 216 хуудас бүхий хэргийг прокурор Э.Болорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур сумын харьяат, 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, Мон цемент ХХК-д токарчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын Мон цемент ХХК-ийн ажилчдын А байрны ... тоотод түр оршин суух, Мянгатынхан овогт А-ын С /РД: НЙ91072615/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харъяат, 1980 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мон цемент ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өргөн сумын Мон цемент ХХК-ийн ажилчдын А байрны ... тоотод түр оршин суух, Боржигон овогт Д-ийн  Б /РД: ЕЙ80022816/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.Б, А.С нар нь бүлэглэн 80-73 УНӨ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдний элс” сувиллын газар амарч байсан Б.Баярмаагийн эзэмшлийн 4 хүний майхан, эвхдэг сандал ширээ, виски 1, хүнсний зүйл, Б.Ганцацралын шар өнгийн эвхдэг сандал 1 ширхэг, эрэгтэй хүний цамц, хүнсний зүйл, Д.Туулын битүү чанагч, хийн зуух, гааз 4 ширхэг, нярай хүүхдийн 2 ширхэг өмд зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 229.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.С, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1720000700012 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж,

Шүүгдэгч А.С, Д.Б нар нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж,

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 80-73 УНӨ улсын дугаартай Субару форестер маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Д.Бд буцаан олгож,

 

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байна, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан хохирлын хэмжээнд хамаарч байна,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байхад шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтуудын хэмжээнд үнэлж, хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна, харин хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүх нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй гэж дүгнэчихээд шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “улсын яллагчаас ...шүүгдэгч нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч уг үйлдэл дээр хамт байсан гэрч Б.Цэнд-Аюуш, Г.Золзаяа нарыг энэ хэрэгт оролцсон эсэх талаар шалгаагүй нь ойлгомжгүй, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно” гэж дүгнээд байгаа нь хулгайлах хэрэг гэж үзээд, хэргийг дутуу шалгасан гэж дүгнэсэн байгаа мэт ойлгомжгүй болжээ. Харин шүүгдэгч Д.Б, А.С нар нь бүлэглэн машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Баярмаагийн цагдаагийн хэлтэст гаргасан “...тэд надаас энэ хавьд сүүдэрлэчихээр газар байна уу гэж асуухад нь би байхгүй. Манай майхан, эд зүйлс энд байгаа майханд маань байвал бай. Бид нар өдрийн халуун өнгөрөөгөөд эргэж ирнэ гэж хэлээд явсан...” гэх өргөдөл /хх-ийн 05-р хуудас/, 2017оны 08 дугаар сарын 11-ний өдөр Бгаас эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/, хохирогч Баярмаагийн “..Тэд элснээс урагшаа сүүдэр хийчихээр юм байна уу гэхэд би байхгүй байна лээ ганц манай майхан байгаа хүүхдүүдээ оруулвал оруулахгүй юу гэхэд тэр хүмүүс за за гээд манай майхан руу явсан....Тэгээд хоол хийх гээд Отгонсүрэн бид 2 майхан руу очиход майхан, бидний хэрэглээний зүйлс алга болсон байсан гэх ...мэдүүлэг/ хх-ийн 21-р хуудас/, шүүгдэгч Д.Бгийн гэрч, яллагдагчаар өгсөн “...майхны эзэнд мэдэгдэхгүй, нууцаар майхан болон бусад эд зүйлийг машиндаа ачиж авч явсан. Би өөртөө авч хувьдаа хэрэглэх санаатай хулгайлсан. Би бусдын эд зүйлийг авсан үйлдлээ 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Би дүү Санжаадамбын хамт хамтран авсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 36, 62-р хуудас/, гэрч Д.Туулын “...Хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан, эд зүйлсээ эрж хайж явсан 40000 төгрөгөө Б, С нараар төлүүлсэн .. .гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, Хохирогч Б.Ганцацралын “...Баярмаа, Отгонсүрэн 2 майхнаас хүнсний зүйл авах гэж яваад буцаад ирэхдээ майхан алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд бид очиж үзэхэд нээрээ майхан алга болсон байсан. ...Бид өөрсдийн машиндаа бензин хийж хүслийн уул руу явж хайгаад олоогүй. Тэгээд цагдаад мэдэгдсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, А.С гэрч, яллагдагчаар мэдүүлэхдээ ”...Би майхны эзэд майхан болон бусад эд зүйлээ орхиод явсан байна гэж бодсон. Яагаад гэвэл өдөр ирэхэд зөрсөн тэр хүмүүс машинаа асаагаад бүр явчихлаа гэж бодоод үлдсэн майхан, бусад зүйлийг авъя гэж бодоод авсан. Би тэр хүмүүсийн зүйлийг авъя гэсэн шийдвэрийг гаргаж, Б ахын хамт авсан. ...Би бусдын эд зүйлийг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 38, 64-65-р хуудас/, гэрч Отгонсүрэнгийн “...манай майханд бид нарыг иртэл түр байж байгаарай гэж хэлээд явсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, гэрч Б.Цэнд-Аюушийн /яллагдагч Бгийн эхнэр/ “...Тэд нилээн удаан хугацаагаар хүн нь ирэхгүй байсан бөгөөд орой 16 цагийн үед буцах болоод явахдаа Б, С нар нь хүн нь ирэхгүй эзэнгүй юм биш үү, аваад явчих уу гээд тэр хоёр майхан сандал, битүү чанагч, аяга бүгдийг машиндаа ачаад тухайн газрыг цэвэрлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/, гэрч Г.Золзаяагийн”...Бид нар явах болоод нөгөө майханы эзэн хүмүүс нь ирэхгүй болохоор нь тэнд байсан эд зүйлсийг бүгдийг нь машиндаа ачаад явсан ...гэх мэдүүлгүүдээр хангаттай нотлогдож байна. Харин хөрөнгө завших гэмт хэргийн талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...гэж хуульчилж зааж өгсөн бөгөөд 'хөрөнгө завших" гэмт хэргийн гол шинж нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг бусдад хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг хэлэх ойлголт юм. Гэтэл хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Б, А.С нарын бусдын хөрөнгийг хулгайлсан үйлдэлд хөрөнгө завших гэмт хэргийн шинж байхгүй, өөрөөр хэлбэл хохирогч Б.Баярмаа нь өөрийн өмчөө Д.Б, А.С нарт хариуцуулж өгөөгүй бөгөөд тухайн үед хүүхдүүдтэйгээ явж байгаа болохоор майханд түр байлгах л зөвшөөрөл амаар өгсөн, шүүгдэгч нар ч бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээгээгүй нь тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: Уг хэрэгт яллах дүгнэлтийг би үйлдсэн. Ээлжийн амралттай байсан учраас Болор прокурор шүүх хуралдаанд оролцож, эсэргүүцэл бичсэн байгаа. Одоо Болор прокурор чөлөөтэй байгаа учраас Болор прокурорын эсэргүүцлийг төлөөлж оролцож байна. Анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Яагаад гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл байх ёстой гэж заасан байгаа. Шүүгч, өмгөөлөгч 2 юу гэж дүгнэсэн бэ гэхээр хулгайн гэмт хэрэг байна, хулгайн хэрэгт яагаад Д.Б, А.С нарын гэр бүлийн хүмүүсийг Прокурор яагаад шалгаагүй, дутуу шалгасан байна гэж дүгнэсэн, мөн энэ нь хулгайн гэмт хэрэг биш байна, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг байна гэж, мөн гэмт хэргийн шинжгүй байна гэсэн 3 өөр төрлийн дүгнэлт гаргаад хэргийг цагаатгасан.

Хэргийг цагаатгахдаа ямар нотлох баримтыг үндэслэсэн бэ гэхээр өмгөөлөгч Батбаяр энэ хэрэгт хамааралтай бүх гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулсан. Оролцуулахдаа хохирогч нар энэ хэргийн хувьд гомдол саналгүй, хохирлоо авчихсан гэж байгаа боловч шүүх хуралдаан дээр зориудаар худал мэдүүлэг өгүүлсэн, үүнийг нь шүүх цагаатгах тогтоолдоо дурдаж нотлох баримтын хүрээнд дүгнэсэн.  С, Б хоёр бүлэглээд машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Баярмаагийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, /хх-05/, Бгаас эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-7/, хохирогч Баярмаагийн мэдүүлэг/ хх-21/, Бгийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36, 62/, гэрч Д.Туулын мэдүүлэг /хх-35/, А.Санжаадамбын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-38, 64-65/, гэрч Отгонсүрэнгийн мэдүүлэг /хх-39/, гэрч Б.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-40/, гэрч Г.Золзаяагийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна.  Гэтэл шүүх зөвхөн шүүх хуралдаанд оролцуулсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлчихсэн, хавтаст хэргээс нэг ч нотлох баримтыг үнэлээгүй. Хөрөнгө завших гэмт хэргийн талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол гэж хуульчилж зааж өгсөн бөгөөд хохирогч Баярмаа шүүгдэгч нарт майханыг хариуцаад байж бай гэж огт хэлээгүй. Монгол хүний нинжин сэтгэлээр энэ халуунд хүүхдүүдтэйгээ явж байгаа юм чинь манай майханд түр байлгахгүй юу гэж хэлж байхад нь хударгагүй зан гаргаад хүүхдийн хувцаснаас хаяхыг нь хаяад, майхныг нь машинд ачаад явж байгаа энэ үйлдлийг шүүх завших гэмт хэрэг гэж үзсэн. Хулгайн гэмт хэрэг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан. Шүүх ямар ч хуулийн үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй. Баярмаа өөрийн өмчөө шүүгдэгч нарт хариуцуулж өгөөгүй, шүүгдэгч нар ч бусдын эд хөрөнгийг хариуцах үүрэг хүлээгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаад зүйлчлэл дээр маргаантай байсан учраас хохирогч нарыг оролцуулах хүсэлтийг бичгээр гаргасан. Үүнийг би хууль зөрчсөн асуудал биш гэж үзэж байгаа. Шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болохгүй гэдэг зүйл заалт байхгүй. Хууль сануулаад Баярмаагаас мэдүүлэг авсан байгаа. Баярмаа мэдүүлэгтээ бид нарын хувьд эдгээр хүмүүст майханаа хүлээлгэж өгсөн гэж үзэж байна. Хулгайн гэмт хэрэг юм уу, завших юм уу гэдгийг бид нар мэдэхгүй байсан учраас хуулийн байгууллага нь ялгах байх гэж шүүх хуралдаан дээр хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргахад шүүх хуралдаанаар хэлэлцүүл гээд хүлээж авахгүй байсан мөртлөө хурлаар хэлэлцүүлээд тухайн үед юу болсон талаар мэдүүлэг өгөхөөр тийм юм болоогүй гэж яриад байгааг би улсын яллагчийг үндэслэлгүйгээр эсэргүүцэл бичсэн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хэргийг хянан хэлэлцвэл 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд орших Бүрдний элсний сувиллын газарт шүүгдэгч А.С, Д.Б нар нь гэр бүл, хүүхдүүдийн хамт амрахаар очихдоо хохирогч Б.Баярмаа, Д.Туул, Б.Ганцацрал нартай таарч “энд сүүдэрлэчих газар байна уу” гэж шүүгдэгч нар асуухад Б.Баярмаа “ ...манай майхан байгаа, та нар хүүхдүүдээ оруулж болно”  гэж зөвшөөрснийг үндэслэн шүүгдэгч нар нь сувиллаас буцахдаа хохирогч нарын майхан, эвхдэг сандал, ширээ, виски архи 1 ш, хүнсний зүйл, эрэгтэй хүний цамц, хүүхдийн 2 ширхэг өмд зэрэг нийт 229.400 төгрөгийн эд зүйлүүдийг нь аваад явсанд Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас шүүгдэгч нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүхэд шилжүүлснийг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн боловч, учруулсан хохирол нь бага хэмжээний хохиролд хүрэхгүй байна гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох 1720000700012 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын прокурор Э.Болорын бичсэн эсэргүүцлийн дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл хохирогч Б.Баярмаагийн зүгээс майханд түр байрлахыг зөвшөөрснөөс эд зүйлүүдийг авч авахыг зөвшөөрөөгүй байхад шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Баярмаагийн “ ...тэр өдөр эдгээр хүмүүс олон жаахан хүүхдүүдтэй хамт амрахаар явж байхаар нь эх хүний хувьд манай майхан тэнд байгаа, хүүхдүүдээ оруулж болно гэж хэлсэн. Тэгээд орой нь ирэхэд манай майхан байхгүй байсан тул цагдаад утсаар хэлсэн” гэсэн мэдүүлэг, мөн хохирогч Б.Ганцацрал, Д.Туул нарын мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдол бүхий хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарсан гэж үзсэн нь мөн ойлгомжгүй болсон.

 

Харин шүүгдэгч нарын хувьд гэр бүлээрээ элсний сувилалд амрах гэж автомашинтай ирцгээсэн тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар хулгайн гэмт хэрэгт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн машин механизм ашигласан гэж үзэхгүй.

 

Иймд Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байгаа боловч хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөг”-тэй тэнцэх бага хэмжээний хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул энэ гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.С, Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй нь болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс энэ талаарх буюу прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2,  39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3,  39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Мянгатынхан овогт Ариунболдын С, Боржигон овогт Дорждэрэмийн Б нарт холбогдох эрүүгийн 1720000700012 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай” гэснийг,

 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.С, Д.Б нарт холбогдуулан Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.С, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг  хэрэгсэхгүй болгож,  хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.” гэж өөрчилж,

 

2 дугаар заалтын “Шүүгдэгч А.С, Д.Б нар нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэснийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                          А.САЙНТӨГС