Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0064

 

 

 

 

 

 

 

Г.Г-гийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар

Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн  2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01177306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 834

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0071/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Г.Г нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Батболдод холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн  2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01177306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 834 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 2.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан иргэн Г.Г-гээс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Батболдод холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн  2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01177306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.” гэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заажээ Гэтэл нэр дэвшигч Г.Г хуульд зааснаар сонгуулийн данс нээлгээгүй, өөрийн нэр дээрх дансаа ашигласан болохоо илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 49.4-д “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно” гэж сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу нээлгэсэн зардлын дансанд төвлөрүүлж зарцуулах, өөр данснаас сонгуулийн зардал зарцуулахыг хоригложээ” гэж дүгнэсэн нь хуулийг дараах байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалт нь заавал данс нээлгэсэн байхыг шаардаагүй тусдаа ойлголт юм.

3.2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дэх хэсэг нь сонгуулийн зардлын данс нээлгэх, 51.4 дэх хэсэг нь сонгуульд ашиглах зардлын дансаа төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэхийг тус тусад нь зохицуулсан.

3.3. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасан ба “хуульд заасан журам зөрчсөн бол” гэдэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4 дэх заалтууд хамаарах буюу нэр дэвшигч данстай байх, данс нээлгэх, дансны дугаараа бүртгүүлэх үүрэгтэй байх гэсэн дарааллыг журамласан гэж ойлгож байна.

3.4. Иргэн Г.Г хувийн дансаараа сонгуулийн хандив авсан болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга болон өөрийн мэдүүлгээр тогтоогдсон ба анхан шатны шүүхийн шийдвэрт ч дурдагдсан байна.

3.5. Нэр дэвшигчийг сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэхийг хуулиар үүрэг болгосон байхад хувийн дансаа ашигласан бол хууль үйлчлэхгүй, бүртгүүлэхгүй, хянуулахгүй байж болохоор шийдвэрлээд байгаа нь дараа дараагийн сонгуульд оролцож буй нам, эвсэл нэр дэвшигч төрийн аудитын дээд байгууллагад орлого, зардлаа хянуулахаас зайлсхийх, хяналтгүйгээр хандив авах боломжийг бүрдүүлэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү.” гэжээ.

4. Гомдол гаргагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх бүрэлдэхүүн хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Учир нь

3.1. Гомдол гаргагч Г.Г-гээс “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн  2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01177306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

3.2. Анхан шатны шүүх “...нэр дэвшигч Г.Г- хуульд зааснаар сонгуулийн данс нээлгээгүй, өөрийн нэр дээрх дансаа ашигласан болохоо илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 49.4-т “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно” гэж сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу нээлгэсэн зардлын дансанд төвлөрүүлж зарцуулах, өөр данснаас сонгуулийн зардал зарцуулахыг хоригложээ...” гэсэн дүгнэлт хийсэн атлаа гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасантай нийцээгүй байна.

3.3. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0177306 дугаартай шийтгэлийн хуудсаар нэр дэвшигч Г.Г нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг зөрчсөн нь холбогдогчийн мэдүүлэг, Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/3287 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна хэмээн үзэж 10.000 нэгжээр торгох шийтгэл ногдуулжээ.

3.4. Хэдийгээр гомдол гаргагчаас аливаа хувь хүн, хуулийн этгээдээс мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй, зөвхөн өөрийн хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан гэж тайлбарлаж байх боловч шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаж байх энэ тохиолдолд гомдол гаргагч нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн эсэх, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

3.5. Учир нь энэ тохиолдолд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тухайд маргаж байх ба уг харилцааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмаар илүү нарийвчлан зохицуулсан бөгөөд журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзвэл нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнахтай холбоотой буюу хууль бус хандив цуглуулж, төвлөрүүлэхийг хориглож, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий зохицуулалтыг агуулжээ.

3.6. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт нь намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, мөнгөн ба мөнгөн бус хандиваас бүрдэнэ”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Сонгуулийн зардалд зарцуулах нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан орлогод хамаарах мөнгөн хөрөнгө хамаарна” гэж тус тус зааснаар нэр дэвшигч нь зөвхөн хуульд заасан шаардлага хангасан мөнгөн болон мөнгөн бус хандив хүлээн авч болохоос гадна хэрвээ өөрийн хөрөнгийг сонгуулийн зардалд ашиглаж байгаа бол сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт бүртгүүлэх зохицуулалттай байна.

3.7. Дээрх хууль болон журмын заалтуудаас үзэхэд Г.Г нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг журмыг зөрчсөн гэж дүгнэж, шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлтэй байна.

3.8. Тодруулбал, гомдол гаргагч Г.Г нь нэгэнт хуульд заасан журмыг зөрчиж сонгуулийн зардлын дансыг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй байхад гомдол гаргагчийн “аливаа хувь хүн, хуулийн этгээдээс ямар ч хэлбэрээр хандив аваагүй гэдгээ нийтэд мэдээлсэн, үүний хүрээнд хандив аваагүй, сонгуультай холбоотой бүх зардлыг хувийнхаа хөрөнгөнөөс гаргаж зарцуулсан” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, холбогдогчоор өгсөн мэдүүлэг, Үндэсний аудитын газрын албан бичиг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

3.9. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус зааснаас үзэхэд гомдол гаргагч сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэхтэй холбоотой зөрчил гаргасан гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 834 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г.Г-гээс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01177306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                      А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ