| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0066/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/72 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/72
2020 оны 04 дүгээр сарын 22 өдөр Дугаар 2020/ШЦТ/72 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Хохирогч Г.Мягмар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Шүүгдэгч Ц.T /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд хөрх овгийн Цэдэнноровын Tд холбогдох эрүүгийн 2029000020036 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.T нь 2019 оны 12 дугаар 16-17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Дөрөлжийн адгийн бууц гэдэг газарт байсан иргэн Г.Мягмарын эзэмшлийн 2 тооны хээлтэй ингэн тэмээг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.T нь мэдүүлэхдээ: “Намайг Алтансүх гэдэг айлд байхад Уранчимэг ирээд 2 тэмээ зарчих гэж хэлсэн. 2019 оны 12 сарын 16-ны орой очиж 2 тэмээг хашиж үлдээгээд 17-ны өглөө очиж төхөөрч Уранчимэгт зарсан” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/,
Хохирогч Г.Мягмарын өгсөн: “...2 тэмээний толгойны арьсыг нь хуулаад мушгаад хийчихсэн байсныг гаргаж ирээд үзэхэд манай тэмээний им буюу 2 чихний үзүүрийг гурвалжин хайчилсан онь эмтэй хоёр толгойн арьс гэрч ирсэн ба чихнээс нь ээмгийг нь сэтлээд авчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Ж.Тогтоолын өгсөн: “...12 дугаар сарын 17-ноос 19-ны үед мал услах гээд тэнд явж байхад саарал өнгийн ланд 80 маркийн машин тухайн газар зогсож байгаад миний хажуугаар зөрөөд явсан би араас нь харахдаа улсын дугаарыг нь хараагүй ямар ч байсан хойд талын шилэн дээрээ Монгол улсын газрын зураг бүхий автомашин байсан дээрээ тэмээний шир ачсан байсан хэдэн шир гэдэг нь мэдэгдэхгүй байсан тэгээд тухайн машинаас зөрөөд Дөрөлжийн адгийн бууц гэх газар очиход тэмээний шингэн хээл хоёр ширхэг хаячихсан тэмээний эрүүг нь загааад арьсыг нь хуулаад үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,
Гэрч Б.Уранцэцэгийн өгсөн: “...Тэгээд манай аав, ээж, хүргэн ах нар 2019 оны 12 дугаар сарын 16-ны үдээс хойш 16 цагийн орчимд ирэхээр нь би Заяаруу залгаад манай хэд ирчихлээ тэмээ чинь бэлэн байгаа юу гэсэн чинь би сая бууцан дээрээ барьж уячаад рлээ өглөө эрт явъя гэж хэлээд хоноод өглөө 7 цагийн үед Заяаруу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь Алтансүх ахынд яваад очоод Заяа хаана байна ярьсан уу? гэсэн чинь Төрөөрүү ярьсан одоо ирнэ гэсэн тэгсэн чинь Төрөө босоод мотоцикль унаад яваад Заяаг аваад ирсэн тэгээд мотоцикль Заяа унаад машинд аав, ээж, Төрөө бид хоёр машинд сугаад хүргэн ах машин жолоодоод сумын төвөөс зүүн урд зүгт 5-6 км орчим яваад нэг өвөлжөөн дээр очсон чинь 2 тэмээ уяатай байсныг нэг тэмээг нь эхэлж Заяа төхөөрөхөд хүргэн ах машиныхаа дугуйгаа янзалсан. Нөгөө тэмээгээ төхөөрөөд янзлаад дуусахад хээлтэй, нөгөө тэмээг мөн янзалсан чинь бас хээлтэй байхаар нь Заяад хандаж “яанаа 2-лаа хээлтэй байна шдээ чи тэмээнийхээ хээлийг мэддэггүй юмуу” гэсэн чинь “би ямар байнга хажууд нь байдаг биш дээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч Н.Отгонбаатарын өгсөн: “...Тэр тэмээ зарах Заяа гэх хүн нэг тэмээг нь хөтлөөд цаашаа явахад би машиныхаа дугуйг задлаад засаад очиход нөгөө тэмээг нугаслаад төхөөрч байхаар нь элбээд янзалж нөгөө үлдсэн тушаатай тэмээг хөтөлж авчраад хүлээд элбэж төхөөрч дуусгаад хоёр тэмээний махыг машинд ачаад би хадам аав Хүүхэн, хадам ээж Болормаа, дүү Уранцэцэг нарын хамтаар буцаж Ханбогд суман дээр ирээд Цогтцэций сумын нутаг хөдөө гэрлүүгээ авч явахад 17 цаг болж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
Гэрч О.Хүүхэний өгсөн: “...2 тэмээг төхөөрөхөд Заяа гэх залуу болон Отгонбаатар тэр хүү 3 элбэлцсэн, 2 тэмээний талаар ямар нэг зүйл хоорондоо болон бид нартай ярьсан зүйл огт байхгүй. Би тэр Заяа гэх залуугийн тэмээ юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
Гэрч Н.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Гэрч Ц.Төрбатын өгсөн: “...тэр 2 тэмээ хоёулаа хээлтэй тэмээнүүд байсан хээлийг нь тэнд нь гаргаж тавиад T хоёр тэмээний толгойны арьсыг нь өвчөөд чихнийх нь ээмгийг тасдаж аваад халаасандаа хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ны хөрөнгө үнэлгээний 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/02 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/,
Яллагдагч Ц.Tгийн өгсөн: “...Төрбатын мотоциклыг унаад дагуулаад нөгөө бууцан дээр очоод би тушсан 2 тэмээгээ янзлаад Ланд 80 маркын машины багаж хэсэгт махыг нь ачиж, ачаан дээр нь ширийг нь тавиад Ханбогд сумруу орж ирсэн. Тэмээний мөнгө болох 700 000 төгрөг өмнө нь Уранцэцэг надаас 100 000 төгрөг зээлсэн байснаа нийлүүлж 800 000 төгрөгийг миний виза картны эрх хаагдсан байсан болохоор манай дүү охин Б.Энхзулын 5595080287 дугаарын тоот дансруу шилжүүлсэн ба би уг мөнгийг авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
Банк болон түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авсан баримтууд /хх-ийн 72-73-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Ц.T нь 2019 оны 12 дугаар 16-17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Дөрөлжийн адгийн бууц гэдэг газарт байсан иргэн Г.Мягмарын эзэмшлийн 2 тооны хээлтэй ингэн тэмээг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан, бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ц.T нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Ц.Tд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Tгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруутай шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл тогтоогдож байна гэж үзэв.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Г.Мягмарт 5 000 000 төгрөгийн хохирол учирсаныг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны дотор бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Ц.Tд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх дүгнэлтийг,
-шүүгдэгч Ц.T нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Ц.Tд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ц.T нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 5 000 000 төгрөг төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан болохыг тус тус дурдвал зохино.