| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0071/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/74 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/74
2020 оны 04 дүгээр сарын 29 өдөр Дугаар 2020/ШЦТ/74 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Р.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адгаа овгийн Ренчиндоржийн Гэд холбогдох эрүүгийн 2029000000059 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Хар алтан уул” ХХК-ийн хашааны гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Шинэбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар гараараа зодож, чулуу шидэж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхины гадна, дотор талд үүссэн шарх хамрын угийн хэсэгт үүссэн шарх, духанд 3 хэсэг шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Р.Шинэбаярын өгсөн: “...Цагаан хадны төмөр хаалтны хажууд байдаг гэрээс Р.Г нэг шил Хараа архи аваад бид нар “Хар Алтан уул” ХХК-ийн харуулын постны гадна талд ирээд машин дотроо хувааж ууж байгаад Р.Г бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл Р.Г машины ард сууж байтал миний нүүрэн тус газарт гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд Р.Гийн нүүрэн тус газар цохиж аваад бид хоёр машин дотор зууралдаж аваад байж байтал Б.Оргилсайхан Р.Г бид хоёрыг салгаад машин дотроос гараад байж байгаад дахиад Р.Г бид хоёр зууралдаж аваад газар дээр доороо ороод байж байтал Р.Г бид хоёрыг Б.Оргилсайхан нөгөө хоёр танихгүй залуу ирээд бид хоёрыг салгаад байж байтал Р.Г газраас нэг юм аваад надруу чиглүүлээд шидсэн чинь миний баруун нүдэн дээр ирээд шидсэн чулуу нь намайг оносон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Гэрч Б.Оргилсайханы өгсөн: “...Ууж байсан архи дуусаад бид 5 хамт гараад өмнөх архи авсан газраас очиж 0.5л хэмжээтэй Хараа нэртэй архи аваад “Хар Алтан уул” ХХК-ийн үүдэнд зогсож байсан миний унадаг 35-81 УБТ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Шинэбаяр, Г бид 3 хувааж ууж дуусаад юм яриад сууж байтал Г Шинэбаярын нүүр хэсэгрүү зүүн талаас нь цохиж эхлээд тэр хоёр зодолдороор нь би Шинэбаярыг машиныг гадна талаас татаж буулгаад байж байтал Г машин дотроос бууж ирээд Шинэбаяртай дахиж зодолдохоор нь Бямбарагчаа Мөнхбаяр бид 3 тэр 2-ыг салгаад тэр хоёрыг холдуултал Шинэбаяр “наадах чинь чулуу шидээд байна” гэж орилсон. Тэгээд бид нар очоод хартал Шинэбаярын баруун талын нүд орчимоос цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Д.Бямбарагчаагийн өгсөн: “...Тэгээд буцаад “Хар Алтан Уул” ХХК-ийн харуулын постны хажуу талд ирээд Б.Оргилсайхан, Р.Г, М.Мөнхбаяр, Р.Шинэбаяр нар нэг хундага архи ууж байгаад Р.Шинэбаяр, Р.Г хоёр хоорондоо ярилцаж байгаад Р.Шинэбаяр, Р.Г ахад “таны түргэн охин хоёр хүн чанар муутай юм байна” гээд дахин дахин хэлээд байхаар нь Р.Г ах “би хүргэн охин хоёртоо хэлнэ” гээд Р.Шинэбаяраас “уучлаарай” гээд гуйгаад байсан. Тэгээд байж байтал гэнэт Р.Г, Р.Шинэбаяр хоёр хэрэлдэж маргалдаад түк түк гээд цохилцоод эхэлсэн. Тэгэхээр нь Б.Оргилсайхан бид хоёр машинаас буугаад Р.Шинэбаяр, Р.Г хоёрыг татаж гаргаад байж байтал Р.Шинэбаяр, Р.Г хоёр дахиад зууралдаад газарт унаад дээр доороо оролцоод байж байтал М.Мөнхбаяр машин дотроос “юу болоод байна” гээд гарч ирээд Р.Г, Р.Шинэбаяр хоёрыг хамт салгаад байж байтал Р.Г газраас харанхуйд нэг юм аюаад Р.Шинэбаяр гэдэг залууруу шидэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч М.Мөнхбаярын өгсөн: “...Цагаан хад ороод Цагаан хадны төмөр хаалтны тэнд байсан айлаас нэг шил архи Р.Г ах аваад гарч ирээд “Хар Алтан Уул” ХХК-ийн харуулын постон дээр ирээд харуулын постны гадна талд машин дотроо нэг нэг хундага уугаад би машины ард уусан архиндаа согтоод унтаж байж байтал машин дотор түр тар гээд хүн зодолдох чимээ гараад Р.Г, Р.Шинэбаяр хоёр зодолдож эхлээд Р.Г, Р.Шинэбаяр, Б.Оргилболд 3 машинаас буугаад явчихсан. Тэгэхээр нь би тэр 3-ын араас машинаасаа буутал харуулын постны хажууд Г, Шинэбаяр хоёр дээр доороо ороод ноцолдоод зодолдоод байж байхаар нь Б.Бямбарагчаа, Б.Оргилсайхан бид 3 очоод Г Шинэбаяр хоёрыг салгасан. Тэгтэл Р.Г газар самардаад газраас юм аваад шидэж байгаа харагдсан. Тэгэхээр нь Р.Г ахыг татаж приус-30 маркийн 35-81 УНТ машинд суулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 256 дугаартай:
Р.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/
Шүүгдэгч Р.Гийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Р.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/,
Шүүгдэгч Р.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38-40-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Р.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Р.Шинэбаяр нь шүүхэд мэдүүлэхдээ: “...миний зүгээс гомдол санал байхгүй Р.Г миний эмчилгээний зардал мөнгө болох эм тариа авсан эмнэлэгт үзүүлсэн зардал мөнгө төлж 1 000 000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ байх тул шүүгдэгч Р.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
-улсын яллагчаас Р.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Р.Г нь тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.