Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/75

 

2020 оны 04 дүгээр сарын 29  өдөр                          Дугаар 2020/ШЦТ/75                                                Ханбогд сум

 

                             

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овгийн Дамдинсүрэнгийн Гт холбогдох эрүүгийн 1929002590051  дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт байрлах Оюу толгой ХХК –ийн уурхайн талбайн нэгдүгээр босоо амны хувцас солих өрөөнд байх 679 дугаартай хувцас солих шүүгээнээс Б.Алтанбаганын  эзэмшлийн iphone-6 маркийн гар утсыг хулгайлан авч, интернет банкнаас 700,000 төгрөг зөвшөөрөлгүй авч нийт 900,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч Б.Алтанбагана өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой 18 цагт Оюутолгойн Даян уурхайн нэгдүгээр амны хувцас солих өрөөнд өөрийнхөө хариуцдаг хувцасны шүүгээнээс хувцсаа солиод ажлын хувцасаа өмсөөд шүүгээгээ цоожлоод ажилдаа гарсан. Тэгээд шөнийн ээлжинд ажлаад 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 05 цаг 55 минутанд гарч ирээд хувцас солих шүүгээнээс хувцасаа аваад өмссөн чинь миний эзэмшлийн iphone-6 маркийн гар утас байхгүй байхаар нь тэр хавиар хайгаад тухайн хувцас солих өрөөг хариуцсан хамгаалагчид утас алга болсон талаар хэлсэн чинь цоожийг нь эвдлээгүй бол бид нар мэдэхгүй гэхээр нь би байрладаг байрлуугаа яваад хүний утас гуйгаад эхнэр Мөнгөнзулруу утсаа алга болгочихсон байна гэсэн чинь дансанд чинь гүйлгээ хийгдсэн байна чи мөнгө авсан юм уу гэхээр нь би аваагүй гэж хэлсэн.” “...Миний утас алга болдог орой миний фэйсбүүк хаягнаас мессежээр миний төрсөн дүү Ариунсайханруу ахынхаа регистрийн дугаарыг өгөөдөхөө гэхээр нь манай дүү явуулсан байсан. Тэр орой бас миний гар утасны дугаараас эхнэр Мөнгөнзулруу хайрынхаа регистрийн дугаарыг өгчих өө гэж мессэж бичихэд манай эхнэр хариу бичээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138-р хуудас/

Гэрч Т.Аринзулын өгсөн: “...Д.Г 2019 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө надруу утсаар залгаад мөнгө зээлсэн хүнийхээ дансыг өгчих гэхээр нь би Т.Үүрцайхын 5114195959 гэсэн Хаан банкны дансыг явуулсан чинь 22 цаг өнгөрөөгөөд Д.Г надруу 700 000 төгрөг хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/36 дугаартай дүгнэлт /хх-ийн 150-р хуудас/

Яллагдагч Д.Гын мэдүүлэг /хх-ийн 156-р хуудас/

Шүүгдэгч Д.Гын хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Д.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 197-р хуудас/,

Шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 158-161-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба хулгайлах гэмт хэргийн арга нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Гыг  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэмт хэргийг бусдад хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Алтанбаганад хохирол төлбөр 900 000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэв.

-Улсын яллагчаас Д.Гт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ авуулах ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Д.Гыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах нь зүйтэй.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөрт 900 000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.