Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 91

 

2017 оны 02 сарын 10 өдөр     Дугаар 156/ШЗ2017/00313    Хэнтий аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,  тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаагаас ирүүлсэн,

Тайлбар гаргагч: Хэнтий аймгийн, Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 107 дугаар байрны 23 тоотод оршин суух, Найманзуугийн Гэрэлт-Од (РД: СФ 69090805)

Өргөдөл гаргагч: Хэнтий аймаг, Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны захирагчийн ажлын алба, “Сум хөгжүүлэх сан”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Янжмаа нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Өргөдөл гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Янжмаа нь эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл болон эвлэрлийн гэрээндээ: Н.Гэрэлт-Од нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөгийг “сум хөгжүүлэх сан”-аас 36 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл, хүү, нийт 504 000 (таван зуун дөрвөн мянган) төгрөгийг төлсөн байна. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нийт 3 822 194 (гурван сая найман зуун хорин хоёр мянга нэг зуун ерөн дөрвөн) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 22 тал)

Тайлбар гаргагч Н.Гэрэлт-Од нь эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөгийг “Сум хөгжүүлэх сан”-гаас 36 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл, хүү, нийт 504 000 (таван зуун дөрвөн мянган) төгрөгийг төлсөн байна. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нийт 3 822 194 (гурван сая найман зуун хорин хоёр мянга нэг зуун ерөн дөрвөн) төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулъя гэжээ. (хх-ийн 20-22 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч Бэрх тосгоны захирагчийн ажлын алба сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Янжмаа, тайлбар гаргагч Н.Гэрэлт-Од нар нь Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаагийн дэмжлэгтэйгээр Иргэний эрх зүйн маргааны талаар харилцан тохиролцож, өргөдөл гаргагч “сум хөгжүүлэх сан” нь 3 822 194 (гурван сая найман зуун хорин хоёр мянга нэг зуун ерөн дөрвөн) төгрөгийг Н.Гэрэлт-Одоос нэхэмжилсэн ба тайлбар гаргагч Н.Гэрэлт-Од нь 3 822 194 (гурван сая найман зуун хорин хоёр мянга нэг зуун ерөн дөрвөн) төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Өргөдөл гаргагч Бэрх тосгоны захирагчийн ажлын алба, сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Янжмаа, тайлбар гаргагч Н.Гэрэлт-Од нар нь эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулж 3 822 194 (гурван сая найман зуун хорин хоёр мянга нэг зуун ерөн дөрвөн) төгрөгийг гаргуулахаар, тайлбар гаргагч Н.Гэрэлт-Од нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 3 822 194 (гурван сая найман зуун хорин хоёр мянга нэг зуун ерөн дөрвөн) төгрөгийг төлөхөөр тохиролцон талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Тайлбар гаргагч Н.Гэрэлт-Одоос улсын тэмдэгтийн хураамжийн 15 000 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулахаар тохиролцсон болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8-д зааснаар шүүгчийн захирамжийг Н.Гэрэлт-Од нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9-д зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 


ШҮҮГЧ                        Л.ЦЭРЭНДУЛАМ