Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 536

 

Т.Мэндсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06960 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Мэндсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүрэг агт ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүү 30 808 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Зоригтын заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Мэндсайхан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Энхцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ганчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Мэндсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Сүрэг агт” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр СО-13/030 тоот дугаартай байр худалдан авах гэрээ хийсэн. Энэ хүү гэрээнд 1 м.кв-ын үнийг 2 350 000 төгрөгөөр  тооцон нийт 79,47 мкв талбай бүхий  Баянзүрх дүүргийн 26-р хороо Сүмбэр орд хотхоны 603-р байрны 57 тоот  байрыг худалдан авсан. Гэвч бодит байрны хэмжээ нь 69,01 м.кв буюу гэрээнд заасан хэмжээнээс 10,46 м.кв дутуу байна. Байрыг худалдан авах гэрээний нөхцөлд байрны талбайн хэмжээг Монгол Улсад мөрдөгдөж буй MNS6058:2009 стандандартаар бус ханын зузааныг оруулан тооцож нийт талбайн хэмжээнээс 10,46 м кв илүү тооцон байрны төлбөрөө биднээс илүү авсан байна.

Бид энэ байрыг авахдаа Голомт банкнаас 8 хувийн зээлд хамрагдан авсан юм. Байхгүй 10,46 м.кв байрны үнийн зээл, хүү,  байрны дулааны төлбөрийг 79,47 м.кв-аар тооцон cap бүр төлж байна. Энэ мэтчилэн манай гэр бүлд давхар хохирч байна. Т.Мэндсайхан  нь хариуцагч компаниас байрны илүү тооцож авсан 10,46 м.кв-д төлсөн  24 581 000 сая төгрөг,  илүү тооцон авсан мкв байрны төлбөрт cap бүр банкинд 8 хувийн зээлийн хүү болох 163 873 төгрөг, энэ нь 38 сарын турш тушаасан нийт хүүгийн  төлбөрөөр бодоход  6 227 186 төгрөг болж байна.  Иймд нийт 30 808 186 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүрэг агт“ ХХК нь Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт “Сүмбэр орд” нэртэй орон сууцны барилга барьж иргэн Т.Мэндсайхан нь 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ба гэрээний 1.2-т орон сууцны талбайн хэмжээг хүснэгтэд оруулан 4-р баганад MNS60582009 хэмжээ, 5-р баганад захиалгат м.кв хэмжээ гэж тус тус 2 янзаар зааж, 6-р баганад байрны үнийг 186 754 500 төгрөг гэж тодорхойлсон байна. Үүнээс үзвэл орон сууцны талбай нь 2 хэмжилттэй болох нь, үүнд MNS60582009 хэмжилтийг хэрэглэсэн байгаа нь, мөн дээрх талбайн 2 хэмжилт бүхий орон сууцны үнэ нэг адил болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл захиалагч ямар хэмжилтийг сонгохоос үл хамааран гэрээний төлбөр адил байгаа болно. Талууд гэрээний 1.4 дэх заалтаар захиалгат орон сууцны талбайн хэмжилт нь хананы ось тэнхлэгээр хэмжигдсэн болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулж, тусгайлан орон сууцны талбайн хэмжилт зураг бүхий хавсралтад гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Үүнийг бид, гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэж байна. Энэ гэрээ нь Монгол улсад үйлчилж буй хууль тогтоомж болон стандартыг зөрчөөгүй. Иймд  дээрх гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүйгээр захиалагч хүлээн авсан юм. Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “Стандарт гэж бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг ойлгоно” гэж заасан байх ба MNS60582009 стандартын 1 дүгээр зүйлийн 1.1 дахь заалтаар уг стандартын хамрах  хэрэглэх хүрээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлоход хамаарна” гэж тодорхойлжээ. Эндээс үзвэл MNS60582009 стандарт нь орон сууцны барилгын доторх сууцны хэмжээг тооцоход ашиглагдахаас бус тухайн орон сууцны үнэ тодорхойлох хэрэгсэл болохгүй. Ер нь бол орон сууц түүний үнэ гэдэг бол зөвхөн талбайн хэмжээгээр бус тохижилт, байрлал, загвар, өрөөний тоо зэрэг олон хүчин зүйлээр тодорхойлогддог. Нэхэмжлэгч Т.Мэндсайхантай байгуулсан гэрээний 1-р зүйлийн 1.2-т байх хүснэгтийн 4-р баганад “МNS6058:2009 хэмжилтээр 73,63 мкв”, 5-р баганад захиалгат м.кв 79,47 "тэж тус тус тодорхойлсон байна. Эндээс үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын дүнг тооцож тодорхойлохдоо талбайн хэмжээг дээрхи гэрээний захиалгат талбайн хэмжээгээр авсан  атлаа зөрүүг "Цог-Зориг" ХХК-ийн MNS 6058-2009 стандартын дагуу хийгдсэн 69.01мкв гэсэн хэмжээгээр тооцсон байна. Ийнхүү MNS- 60:58-2009 болон захиалгат талбайн хэмжээ гэх 2 өөр хэмжилтийг өөр хооронд иь харьцуулж зөрүүг тооцсон явдал нь үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгч нь гэрээнд худалдах орон сууцны талбайн хэмжээг 2 янзаар тусгасныг, ямар хэмжилтийг сонгосноос үл хамааран үнэ өөрчлөгдөхгүйг, мөн өөрөө  сууцны талбайн хэмжээг хананы ось тэнхлэгээс хэмжигдсэн болохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсныхаа утга агуулгыг тодорхой ойлгож мэдэж байсан. Харин тэрээр орон сууцыг хүлээж авахаас өмнө, эсвэл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх бүрэн боломжтой байхад орон сууцыг хүлээж авсан бол шаардлага гаргах эрхээ алдана. Орон сууцны талбайг баримжаагаар бус бодитоор хэмжих бололцоотой тул орон сууцны талбайн хэмжээг эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэх боломжтой байсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж үзэж байна. Иймд Т. Мэндсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Сүрэг агт ХХК-иас 30 808 186 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Мэндсайханд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,991 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Сүрэг агт ХХК-иас 311 991 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Мэндсайханд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Зоригт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг хариуцагч гэрээнд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй стандартаар бус Стандарт тохирлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Аж ахуйн нэгж үндэсний стандартыг хувилан олшруулах, энэ хуулийн 6.5, 9.1, 9.2-т зааснаас өөр стандарт хэрэглэх, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын товчилсон тэмдэглэгээ тавихыг хориглоно гэснийг зөрчиж өөр хэмжээг бичсэнийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т зааснаар хариуцагч орон сууцны талбайн бодит хэмжээг нэхэмжлэгчээс нуун дарагдуулсан гэж үзнэ. Дээр дурьдсан үнэлгээний тайлангаар хариуцагч "Сүрэг агт" ХХК гэрээний 1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Мэндсайханд 79.49 м.кв талбайтай орон сууцыг худалдах үүргээ биелүүлээгүй, гэрээнд зааснаас 10.46 м.кв талбайг дутуу буюу 69.01 м.кв талбай бүхий орон сууц худалдсан гэж үзэх үндэслэлтэй байна." буюу доголдолтой бараа бүтээгдэхүүн худалдсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

"Сүрэг агт " ХХК нь БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт "Сүмбэр орд" нэртэй орон сууцны барилга барьж иргэн Т.Мэндсайхан нь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ба гэрээний 1.2-т орон сууцны талбайн хэмжээг хүснэгтэд оруулан 4-р баганад MNS-6058:2009 хэмжээ, 5-р баганад захиалгат мкв хэмжээ гэж тус тус 2 янзаар зааж, 6-р баганад байрны үнийг 186 754 500 төгрөг гэж тодорхойлсон. Үүнээс үзвэл орон сууцны талбай нь 2 хэмжилтгэй болох нь, үүнд MNS-6058-2009 хэмжилтийг хэрэглэсэн байгаа нь, мөн дээрхи талбайн 2 хэмжилт бүхий орон сууцны үнэ нэг адил болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл захиалагч ямар хэмжилтийг сонгохоос үл хамааран гэрээний төлбөр адил байгаа нь шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн доголдолтой гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээнд ийнхүү стандарт MNS-6058:2009 хэрэглэж хэмжсэн, мөрдсөн байтал өрөөсгөл дүгнэлт хийж дээрхи стандартыг мөрдөөгүй, зөрчсөн гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т стандарт хэмжээг хэрэглэсэн нь илт тодорхой байхад " Орон сууцны талбайн бодит хэмжээг нэхэмжлэгчээс нуун дарагдуулсан гэх буюу " стандартаас өөр хэмжээс хэрэглэсэн " гэж шүүх дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчээс юуг ч нуугаагүй, харин ч ил тод стандарт хэмжээг тусгасан ба үүнийг нуух ямар ч шаардлага байхгүй, худалдан авагч энэ талаар маш сайн ойлголттой байсан учир гэрээ энэ нөхцлөөр байгуулагдсан. Нэхэмжлэгч уг орон сууцны MNS 6058:2009 хэмжилтээр хэмжигдсэн үнэ 186 754 500 төгрөг болохыг мэдсээр атал " ось тэнхлэгээр тооцсон орон сууцыг худалдаж авсан " гэж буй нь үндэслэлгүй. Бид гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг талууд тодорхойлсон, Монгол улсад үйлчилж буй хууль тогтоомж болон стандартыг зөрчөөгүй. Гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүйгээр захиалагч хүлээн авсан.

Шүүх орон сууцны талбайг ось тэнхлэгээс хэмжсэн нь буруу гэх атлаа энэ хэмжилтээс зөрүү тооцсон нь үндэслэлгүй юм. Гэрээнд нэхэмжлэгчийн худалдаж авсан орон сууц нь MNS 6058:2009 хэмжээгээр 73.63 м2 / бодит байдалд 68.76/ ба харин тухайн орон сууцад хэмжилт хийсэн " Цог- Зориг " ХХК нь MNS 6058:2009 хэмжилтээр 69.01м2 гэж тодорхойлжээ. Үүний зөрүү 4.62м2 болохоор байна. Бодит байдалд маргаж буй энэ байрны MNS 6058:2009 хэмжээ нь 68.76 м2 буюу дээрхи " Цог-Зориг" ХХК-ийн хэмжилт болох 69.01 м2-аас 0.25мкв-аар дутуу байгаа нь манайх авлагатай, төлбөрийг дутуу тооцож авсан байдал харагдаж байна. Ийнхүү хэмжилтийн хоёр өөр арга буюу хоёр өөр хэмжилтийн зөрүүгээр талбайг тооцож төлбөр гаргуулж буй нь үндэслэлгүй тул гомдолтой байна. Т. Мэндсайхан  барааг хүлээн авч актад гарын үсэг зурж, орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байдаг.

 MNS 6058-2009 стандарт нь орон сууцны барилгын доторхи сууцны хэмжээг тооцоход ашиглагдахаас бус тухайн орон сууцны үнэ тодорхойлох хэрэгсэл болохгүй. Ер нь бол орон сууц түүний үнэ гэдэг бол зөвхөн талбайн хэмжээгээр бус барилгын хийц эдлэл,тохижилт, байрлал, дэд бүтэц, загвар, өрөөний тоо зэрэг олон хүчин зүйлээр тодорхойлогддог. Шүүх гэрээг худалдах- худалдан авах гэрээ гэж дүгнэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг анхаараагүй. Ийнхүү талуудын гэрээгээр тохиролцсон үнийг хөндөж дээрхи стандартыг баримтлан доголдолтой бүтээгдэхүүн гэж үзэж доголдлыг арилгахад гаргасан зардал хэмээн уг байрыг худалдан авахад банкнаас авсан зээл, түүний хүүг тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Мэндсайхан нь хариуцагч Сүрэг агт ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээгээр дутуу нийлүүлсэн 10,46 м.кв талбайн үнэ 24 581 000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 6 227 186 төгрөг нийт 30 808 186 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “..,доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн. Нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан“ гэж маргажээ.

 

Зохигчид 2013 оны 07 дугаар сарын 26-нд орон сууц захиалгаар бариулах нэртэй гэрээг байгуулж, нэхэмжлэгч 79,47 м.кв орон сууцны үнэ 186 754 500 төгрөгийг төлж , орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргуулан авсан үйл баримт тогтоогджээ. 

 

Талууд гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэж нэрлэсэн ч гэрээний агуулга, эд хөрөнгийг өмчлөлд хүлээн авсан хугацаа зэргээс үзэхэд ажлын бэлэн үр дүнгийн тухайд тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талууд гэрээгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгө доголдолтой байсан эсэх, доголдлын талаар эд хөрөнгийг хүлээн авах үед худалдан авагч мэдэж байсан эсэх асуудлаар маргажээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахад талууд гэрээндээ орон сууцны талбайн хэмжээг захиалгат болон МNS 6058:2009 гэсэн хоёр янзын хэмжилт ашиглажээ. Гэрээний 3.1-д орон сууцны 1 м.кв-ын үнэ 2 350 000 төгрөг 79,47 м.кв талбай бүхий орон сууцны үнэ 186 754 500 төгрөг гэж тохиролцсоноос үзэхэд үнийг тодорхойлоход орон сууцны м.кв-ын хэмжээ ач холбогдолтой байжээ. Мөн гэрээний 1.4-т захиалгат орон сууцны талбайн хэмжилт нь хананы ось тэнхлэгээр хэмжигдсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан гэжээ.

 

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч тохиролцоо нь хууль, дүрэм журмаар хязгаарлагдах ёстой юм. Талуудын гэрээний 1.4-д заасан ось тэнхлэгээс талбайг тооцох тохиролцоо нь Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан стандарт гэж бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичиг гэж тодорхойлсон ба Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөх, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д барилгын норм, нормативын баримт бичиг гэдэгт барилга байгууламжид мөрдөх нийтлэг шаардлага зарчмыг агуулсан барилгын норм, дүрэм, стандарт, цомог, загвар, журмыг хамааруулахаар заасаг бөгөөд нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөх шаардлагыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасан тул нийтийн зориулалттай орон сууцны барилгын талбайн хэмжээг тогтоох стандартыг заавал мөрдөх шаардлагуудыг зөрчжээ.

 

Хууль зөрчсөн гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Талуудын гэрээний 2.3-т барилгын үндсэн хийцийн ажлын чанарт 3 жилийн баталгаат хугацаа тогтоохоор заасан.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Нэхэмжлэгчийн үнийг нь төлсөн 79,47 м.кв-т талбайгаас 10,46 мкв дутаж байгаа нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Цог зориг” ХХК-иар хийлгэсэн хэмжилтээр тогтоогдсон байна.

 

Орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 27-нд худалдагч, худалдан авагч талууд хүлээлцэхдээ зөвхөн эд хогшлыг актаар хүлээлцсэн бөгөөд талбайг хэмжээгүй, нэхэмжлэгч тал 79,47 мкв-аар орон сууцны зардлыг төлж, мөн холбогдох зээлийн хүүг төлсөөр ирсэн гэсэн тайлбараас үзэхэд 10,46 мкв-ын дутууг эд хөрөнгийг хүлээн авах үед мэдэж байсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх боломжгүй тул  гэрээгээр дутуу шилжүүлсэн 10,46 м.кв-д төлсөн  24 581 000 төгрөгийг буцаан шаардсаныг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Харин иргэн хүн зээл авах, зээлийн хүү төлөх зэрэг нь өөрийнх нь үйлдэл, сонголттой холбоотой үр дагавар бөгөөд зээл, хүү зэргийг нэхэмжлэгч нь хариуцагчаас   Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлын агуулгаар шаардсан байхад анхан шатны шүүхээс шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 6 227 186 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06960 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж, “30 808 186” гэснийг “24 581 000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 227 186 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “Сүрэг агт ХХК-иас 311 991” гэснийг “Сүрэг агт ХХК-иас 280 855” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сүрэг агт ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 991 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                               ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Ш.ОЮУНХАНД