Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0065

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 65/2 байрны 9 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, 19 дүгээр байрны 1 тоот, 60 м.кв талбай бүхий орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14010/ 1 дүгээр гудамжны 337 тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16/1 дүгээр байрны 1 дүгээр давхар, А хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргуулахыг даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 773

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2020/0560/Захирамж

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э- нь Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нарт холбогдуулан “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 65/2 байрны 9 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, 19 дүгээр байрны 1 тоот, 60 м.кв талбай бүхий орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14010/ 1 дүгээр гудамжны 337 тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16/1 дүгээр байрны 1 дүгээр давхар, А хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргуулахыг хариуцагч нарт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 773 дугаар шийдвэрээр “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 65/2 байрны 9 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, 19 дүгээр байрны 1 тоот, 60 м.кв талбай бүхий орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14010/ 1 дүгээр гудамжны 337 тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16/1 дүгээр байрны 1 дүгээр давхар, А хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн барьцааны эрх дуусгавар болсныг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч  нарт даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалаар “К” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилогдон, Капитал банкны зээл, авлагыг нэн даруй төлүүлж, хадгаламж эзэмшигчид, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал бусад төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулах чиг үүрэтэй ажиллаж байна.

3.2. Зээлдэгч “Г” ХХК нь К банкнаас 450,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 385 дугаар, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар гэрээгээр 330,000,000.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 2017 оны 05 дугаар 14-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан.

3.3. Зээлийн барьцааны 385, 63, 63-1 дугаар гэрээний улсын бүртгэлийн Ү-2205026146 дугаартай, Баянгол дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байр 01 тоот 60 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205037402 дугаартай, Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 65/2 байр 09 тоот 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202008931 дугаартай, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16/1 байр А хэсэгт байрлалтай 165.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, улсын бүртгэлийн Ү-2202009662 дугаартай, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 29-р гудамж 447 тоот хаягт байршилтай 228 м.кв талбайтай, агуулахын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Г-2202002574 дугаартай, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 29-р гудамж 447 тоот хаягт байршилтай 597.83 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Ү-2203026400 дугаартай, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлх /14010/, 1 дүгээр гудамж 337 тоот хаягт байршилтай 74.2 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай барилга, улсын бүртгэлийн Ү-1307001876 дугаартай, Сэлэнгэ аймаг Мандал сум Баян-Арцат 9 дүгээр багийн нутагт байршилтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 450 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, улсын бүртгэлийн Ү-1307002233 дугаартай, Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар багийн Баянбулагт орших 345 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 18650324504405 дугаартай, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхэд байршилтай 554 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, гэрчилгээний №000503567 дугаартай, Сэлэнгэ аймаг Баянсуудал сум 3 дугаар багийн Баянбулаг 0 тоот хаягт байршилтай 2630 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, гэрчилгээний 000428385 дугаартай, Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар багийн Баянбулагт А хэсэгт орших 0.35 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, гэрчилгээний 0321990 дугаартай, Сэлэнгэ аймаг Мандал сум Баян Арцат 9 дүгээр багийн Нэгдсэн эмнэлгийн урд орших 2000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт тус тус барьцаалсан болно.

3.4. “Г” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1,284,629,844.17 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

3.5. Барьцааны 385, 63, 63-1 дугаар гэрээнүүд хүчин төгөлдөр бөгөөд энэхүү барьцаалуулагч нар нь зээл эрсдэл үүссэн тохиолдолд барьцааны хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулахаар үүрэг хүлээн гэрээний харилцаанд оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

4. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч шийдвэрлээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Учир нь

 3.1. Анхан шатны шүүх “...Зээл төлөх үүрэг буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор зээлийн гэрээтэй шууд холбоотойгоор түүнийг дагалдан байгуулагдсан барьцааны гэрээний үүрэг мөн дуусгавар болох бөгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох нь барьцааны гэрээний үүрэг мөн дуусгавар болох агуулгыг илэрхийлнэ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасантай нийцээгүй байна.

3.2. Зээлдэгч “Г” ХХК нь “К” ХХК-аас 450,000,000.0 төгрөгийн зээлийг 25.2 хувийн хүүтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр №385 дугаар, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №63 дугаар гэрээгээр 330,000,000.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 2017 оны 05 дугаар 14-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авчээ.

3.2.1. Улмаар, “Г” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Г” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийг татварын өр болон нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болсныг, мөн “Г” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэжээ.

3.3. Нэхэмжлэгч Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст, 2020 оны 02 дугаар сарын 17, 21-ний өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст, 2020 оны 02 дугаар сарын 10, 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан маргаан бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд “К” ХХК-ийн зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгосныг бүртгүүлэх хүсэлт гаргасныг улсын бүртгэгч нарын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 03 дугаар сарын 05-ны өдрүүдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлүүдээр “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-т “барьцаалагч нь өөрийн эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн бол барьцааны эрх дуусгавар болно” гэсэн заалтын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг банкнаас авсан байх шаардлагатай ... улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийн шаардлагыг хангасан тохиолдолд дахин мэдүүлэг гаргаж болно хэмээн татгалзаж шийдвэрлэжээ.

3.4. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 65/2 байрны 9 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, 19 дүгээр байрны 1 тоот, 60 м.кв талбай бүхий орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14010/ 1 дүгээр гудамжны 337 тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16/1 дүгээр байрны 1 дүгээр давхар, А хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Г” ХХК нь бид нарт үл хөдлөх эд хөрөнгөө банкны барьцаанд барьцаалуулах хүсэлт гаргаж “К” ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан ... Гэтэл 2014 оны 09 дүгээр сард “Г” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх агуулахын байранд гал гарч, 600 гаруй сая төгрөгийн хохирол учирснаар компанийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан ба “К” ХХК гол нэхэмжлэгчээр дампуурлын хэрэгт оролцсон. “К” ХХК нь нэхэмжлэлдээ дурдсан барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэсэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй шийдсэн. Учир нь барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүд нь “Г” ХХК-ийн хөрөнгө биш, хувь хүмүүсийн хөрөнгүүд юм ... Иймд шүүхийн шийдвэрээр “К” ХХК-д төлөх зээлийн төлбөрийн үүрэг бүрэн дуусгавар болсон” хэмээн тайлбарлан маргаж байна.

3.5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.3-т заасанчлан улсын бүртгэгч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийлгэхдээ нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах зохицуулалттай бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бол улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын”-ыг 10 дугаар зүйлийн 10.7-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заажээ.

3.6. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Э Улсын бүртгэлийн хэлтсүүдэд хандан дээр дурдсан эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргахдаа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 443 дугаар шийдвэрийг хавсаргаж өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлүүд дээрх буцаасан баримт бичиг зэргээр тогтоогдож байна.

3.7. Маргаан бүхий актууд болох улсын бүртгэгчдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдлүүдэд дурдсанчлан хариуцагч нар нь Б.Э-аас гаргасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “бүртгүүлэхээр мэдүүлж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/698, 3/1021 дүгээр албан бичгүүдээр тус тус түдгэлзүүлсэн байна, барьцаалбар болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг мэдүүлэгтээ эх хувиар нь хавсаргаагүй ... улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийн шаардлагыг хангасан тохиолдолд дахин мэдүүлэг гаргаж болно” хэмээн тодорхойлсон байх боловч шүүх хуралдааны явцад хариуцагч нараас өөрийн татгалзлын үндэслэлээ ...барьцааны бүртгэл хийгдсэн гэдэг үндэслэлээр татгалзсан ... барьцааны тухай дурдсан нь гэрчилгээ эх хуваариа “К” ХХК-д хадгалагдаж байгаа болохыг л тодруулж өгсөн хэрэг хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна.

4. Шүүх бүрэлдэхүүн хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нарын татгалзал хуульд нийцсэн байна гэж үзлээ.

4.1. Учир нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон тайлбарлаж буй нотлох баримт болох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийг “К” ХХК-д төлөх өр төлбөр болох нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн ч гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, холбогдох бусад баримтаар “Г” ХХК-ийн барьцаалбар болгосон үл хөдлөх эд өмчлөх эрхийн бүртгэлийн 000506492 дугаартай гэрчилгээнүүд нь эх хуваариа “К” ХХК-д хадгалагдаж байгаа, барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байна.

4.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээнүүд эх хувь “К” ХХК-д бүрэн бүтэн хадгалагдаж байгаа, барьцааны гэрээ хүчингүй болоогүй нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс тухайн гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан шүүхийн шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэх нөхцөл байдалд хамааруулж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасанчлан хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авч бүртгэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан улсын бүртгэл үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Үүнтэй холбогдуулан, хариуцагч нараас улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийг арилгаж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь авч ирсэн тохиолдолд бүртгэлийг хийх боломжтой хэмээн тайлбарласан бөгөөд барьцааны гэрээг дуусгавар болгохоор иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 29.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-аас Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 65/2 байрны 9 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, 19 дүгээр байрны 1 тоот, 60 м.кв талбай бүхий орон сууц, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх /14010/ 1 дүгээр гудамжны 337 тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16/1 дүгээр байрны 1 дүгээр давхар, А хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ