| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00746/И |
| Дугаар | 92 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 92
2017 оны 02 дугаар сарын 03 Дугаар156/ШШ2017/00092 Хэрлэн сум
Зохигчдын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00746/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, С29 дүгээр байрны 30 тоотод оршин суух, иргэн Хандын Гонгор /РД:СЮ55012870/-т холбогдох
5 948 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газын дарга Б. Сүнгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Мэргэжлийн хяналтын газар нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой сайн дурын үндсэн дээр хамт олны хурлаар хэлэлцэж “Хамтын сан”-г 2012 оноос үүсгэн байгуулж сонгогдсон дарга, гишүүд нь одоог хүртэл журмын дагуу зарцуулалтаа хамт олонд тайлан тавьж хяналттай ажиллаж ирсэн байдаг.
2014 онд Мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Х.Гонгор “Хамтын сан”-г хариуцан ажиллаж байсан юм. 2014 оны хамтын сангийн зарцуулалтын тайлангаа тавихгүй өдийг хүрч байгаа нь хамт олны эргэлзээг төрүүлж байна. Ажлаа хийж байх хугацаанд нь тайлан тавих талаар удаа дараа албан тоот хүргүүлж байсан төдийгүй байнга утсаар дуудаж байсан боловч өдийг хүртэл тайлан тавихгүй хамт олныг хохироож хамтын сангийн хуримтлалыг шамшигдуулж байгаа тул 2014 оны хамтын сангийн хуримтлал болох 5 948 600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Гонгор шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хамтын сан”-гийн 2014 оны зарцуулалтыг хамт олонд танилцуулж, тайланг тавиагүй гэж тус байгууллага 5 948 600 төгрөг нэхэмжилснийг иргэн Х.Гонгор би шүүхээс 206 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан юм. Зарцуулалтын зарим зүйлийг Аж ахуйн нэгж байгууллагаас тодруулах, баталгаажуулах тооцоо хийж дуусгах гэсэн боловч тухайн үед тооцоог хариуцах хүн нь Улаанбаатар хот болон гадаад явсан, миний хувьд Улаанбаатар хотод өвчтэй хүн сахиж байгаад нас барсан хүний ажилд оролцох шаардлагатай байгаа тул хугацааны хувьд хариу тайлбар өгөх хугацааг сунгах хэрэгтэй болсон..
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, хариуцагч Х.Гонгор нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ нь нэхэмжлэлийн шаардлага 5 948 600 төгрөгийн 4 628 200 төгрөг нь хариуцагч Х.Гонгор нь хамт олонд тайлагнасан тайлангаар нотлогдож байх тул уг мөнгөнөөс татгалзаж, баримтгүй зарцуулсан 1 365 800 төгрөгийг хариуцагч Х.Гонгор нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Хамтын сан”-гийн Төрийн банкин дахь 250000455102 тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлэв гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ нь хариуцагч Х.Гонгорт холбогдуулан тус байгууллагын Хамтын сангийн 5 948 600 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, хариуцагч Х.Гонгор нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ нь нэхэмжлэлийн шаардлага 5 948 600 төгрөгийн 4 628 200 төгрөг нь хариуцагч Х.Гонгор нь хамт олонд тайлагнасан тайлангаар нотлогдож байх тул уг мөнгөнөөс татгалзаж, 1 365 800 төгрөгийг хариуцагч Х.Гонгор нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Мэргэжлийн хяналтын газрын “Хамтын сан”-гийн Төрийн банкин дахь 250000455102 тоот дансанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Гонгороос 5 948 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ нь нэхэмжлэлийн шаардлага 5 948 600 төгрөгийн 4 628 200 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 1 365 800 /нэг сая гурван зуун жаран таван мянга найман зуу/ төгрөгийг хариуцагч Х.Гонгор нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР