Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/79

 

2020 оны 05 дугаар сарын 13 өдөр                                  Дугаар 2020/ШЦТ/79                                                Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариачин овгийн Сангиадоржийн Эд  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929003380055 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт нүүрс тээврийн хатуу хучилттай автозамын Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн 230 дахь км-т 55-98 ӨВО улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. гэсэн заалтыг зөрчсөний улмаас Нордбенз маркийн 43-78 ӨМӨ улсын дугаартай 51-79 ГЧ улсын дугаартай чиргүүлийн араас мөргөж, зорчигч С.Жаргалсайхан, Ч.Баяржаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Шүүгдэгч С.Эы хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч С.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/,

Шүүгдэгч С.Эы оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 58-64-р хуудас/,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт нүүрс тээврийн хатуу хучилттай автозамын Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн 230 дахь км-т 55-98 ӨВО улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн  заалтыг зөрчсөн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч С.Жаргалсайхан, Ч.Баяржаргал нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

 Шүүгдэгч С.Э нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос С.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч С.Жаргалсайханы өгсөн: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, Хохирогч Ч.Баяржаргалд баримтаар 1 062 593 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч С.Э нь 800 000 төгрөгийн хохирол барагдуулсан. 262 593 төгрөгийн хохирол төлбөртэй ба хохирогч Ч.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээний зардалд 1 085 000 төгрөг нэхэмжилсэн, хохирол төлбөр 1 347 593 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

- Улсын яллагчаас С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг,

- шүүгдэгч С.Э нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох албадан сургалтанд хамруулах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол 1 347 593 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн B ангиллын №1002370 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг тус тус  дурьдах нь зүйтэй.