Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 0772

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008000001025 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......................................................................Б н овогт Э Б (РД:...........................................)

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ............................. гэртээ эхнэр Э.П-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар, шанаа нүүр хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, нуруу, баруун бугалга, хоёр шуу, зүүн тохойд цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

 

2. Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

 

3. Дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дугаар тал),

 

4. Хохирогч Э.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 108-52 тоотод гэртээ нөхөр Б , түүний найз Д  бид гурав архи уусан. Б  бид хоёр өмнө нь бага зэргийн... асуудалтай байсан архи уугаад согтоод тухайн асуудал хөндөгдөж муудалцсан...эвлэрээд Д ыг архинд дэлгүүр лүү гаргасан. ...Д  дэлгүүрээс дахиад архи авчраад бид гурав уусан. Тэр үеэс хойших асуудлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Б  намайг зодож байсан... гаднаас манай дүү Ариунхишиг орж ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

5. Гэрч Т.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Сонгинохайрхан дүүрэг “Содон” хорооллын эсрэг талд байдаг гэрт нь өдрийн 12 цаг өнгөрч байхад очиход Б , эхнэр П-ын  хамт байсан. Бид гурав юм ярьж сууж байгаад нэг шил 0,5 литрийн архи хувааж ууж байтал Б , П   хоёр муудалцаад эхэлсэн. Би юунаас болж муудалцсаныг тухайн үедээ сайн мэдээгүй. П   босоод Б  руу хутга авч шидээд Б г оноогүй хажуугаар нь өнгөрсөн... би босоод Б д “эхнэрээ аргад аа, та хоёр битгий муудалцаарай” гэж хэлэхэд Б  П  ыг тайвшруулаад аргадсан... би дэлгүүр лүү гарч дахиад нэг шил 0,5 литрийн архи аваад ирэхэд тэд орон дээрээ хэвтэж байсан...гурвуулаа авчирсан архиа хувааж ууж байтал Пүрэвсүрэн Б гийн ээжийг “цагаан сараар саравчнаас олдсон биз дээ” гээд муулаад байсан... Б  босож ирээд П-ын  ард зогсоод хоёр гарыг ард нь нийлүүлж бариад толгойн араас нь гараараа 2-3 удаа цохисон... би босож очоод тэр хоёрыг салгаад гурвуулаа жоохон юм ярьж сууж байгаад би нойлын өрөө орж бие засчхаад тэр хоёрыг эвлэрчихсэн юм шиг харагдахаар нь гэртээ харих гээд тэдний гэрээс 18 цаг болж байхад явсан...П   нэлээд согтсон байсан. Б  гайгүй өөрийн ухаантай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

6. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний төрсөн хүү Б  нь П   гэх эмэгтэйтэй 2016 онд хамтран амьдрах болсон... 6 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн... тэдний хоорондын харилцааны талаар сайн хэлж мэдэхгүй байна. Хэрүүл маргаан гарлаа гэж утсаар ярьж хэлж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

 

7. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... би тухайн өдөр 20 цагийн орчимд П   эгчийн гэрт ортол Б  ах согтуу манай эгчийг зодчихсон байсан... би цагдаад мэдэгдсэн... эгчийн нүүр бие нь хөхөрсөн байсан. Б  ах газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6350 дугаа дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн зовхи хацар нэлэнхүйдээ хавдсан хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн чихний дэлбээний дээд 2/3 хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, нурууны зүүн дээд хэсэгт 1x1 см 2ш, 1x1.5см, Зх2см, 7х5см, баруун бугалганы дотор дээд хэсэгт 2х2см, баруун шууны ар доод хэсэгт 2хЗсм, 2x2.5см хөх ягаан өнгийн цус хуралт, баруун тохойд 2х2см, 2x2.5см цус хуралт, 1x1 см зулгаралт, зүүн тохойд 2хЗсм, 4хЗсм, 3x3.5см, 1x1 см, зүүн шууны дунд хэсэгт 1.5х1.5см Зш, 1x1 см 2ш, доод хэсэгт 2x2.5см, ЗхЗсм улаан ягаан өнгийн цус хуралттай, дагз хэсгийн хуйханд нэлэнхүйдээ хавдсан эмзэглэл ихтэй.

1. Э.П  -н биед тархи доргилт, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, нуруу, баруун бугалга, хоёр шуу, зүүн тохойд цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

6. Э.П  -н охин хальс 7 болон 9 цагийн түвшинд хуучин урагдалтай байна.

7. Э.П  -н үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс илэрсэн.

8. Э.П   нь тэмбүү өвчний архаг халдвартай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

9. Шүүгдэгч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 12 дугаар сараас хойш Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 108-52 тоотод эхнэр П  тай амьдарч байгаа... хамт амьдраад 4 жил болж байна. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20-21 цагийн хооронд гэртээ... эхнэр П  , найз Дамиданбазар нартай 0,5 литрийн архи уусан... эхнэр өмнө нь үерхэж байсан охины талаар яриад уурлаад намайг маажих гээд дайраад байхаар нь би нүүр лүү  гараараа 2 удаа алгадсан...найз Д  надад “миний хоёр найз битгий муудалцаад бай” гэж хэлээд явсан. Энэ үед эхнэрийн дүү Ариунхишиг орж ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

 

10. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 60, 64 дүгээр тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 68 дугаар тал),

 

11. Шүүгдэгч Э.Б гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:  Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дугаар тал), шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Б д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ......................................... тоот гэртээ эхнэр Э.П-тай маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, цохиж зодон тархи доргилт, зүүн зовхи хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээ, нуруу, баруун бугалга, хоёр шуу, зүүн тохойд цус хуралт, баруун тохойд цус хуралт, зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), дуудлага лавлагааны хуудас (хх-8), хохирогч Э.П-ын мэдүүлэг (хх-13), гэрч Т.Д ын мэдүүлэг (хх-18), гэрч Э.А мэдүүлэг (хх-25), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6350 дугаар дүгнэлт (хх27-28), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх6-7), шүүгдэгч Э.Б гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх49-50) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, урьд болсон асуудлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогч Э.П-ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилжээ.  

Шүүгдэгч Э.Б , хохирогч Э.П нар нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 488/000717 тоот “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”-гаар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг бүртгэжээ.

Иймд шүүгдэгч Э.Б г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч Э.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тус тус заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.П   нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Э.Б г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг щүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Э.Б нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-59) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх-64) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хх-68)-ыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Э.Б г 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008000001025 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э н Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б г 1700 (нэг мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000  (нэг сая долоон зуу) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

4.  Эрүүгийн 2008000001025 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР