Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 93

 

2017 оны 02 сарын 07 өдөр           Дугаар 156/ШШ2017/00093    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00037/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт оршин суух, иргэн Буд овогт Лхаагийн Ууганбаатар /РД:ЛД78020710/-ын  нэхэмжлэлтэй 

            “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нэргүйн Цэцэгдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Л.Ууганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Наранболдоос мод авна гэж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Ц.Анхбаяраар дамжуулан утсаар ярилцаж, урьдчилгаа мөнгө 1 000 000 төгрөгийг Э.Наранболдын ХААН банкны 5935127452 дугаартай дансанд хийсэн. 7-10 хоногийн дотор модоо бэлтгээд хүргэж өгнө гэсэн. Хэд хоног өнгөрсний дараа залгахад эхнэр нь авч, өнөө өглөө модоо авчрахаа явсан, Мөнххаан сум явна гэж хэлсэн. Тэрнээс хойш утсаа аваагүй ба холбоо барьж чадаагүй. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвд байрлах Барзгар хад гэж цехэнд очиж, гэрийнх нь хаягийг заалгаж авсан боловч хөдөө явсан гээд уулзаж чадаагүй. Одоо түүний хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
   
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгдэлгэр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Миний нөхөр Л.Ууганбаатар нь 2011 оны 05 дугаар сард Эрдэнэбаатарын Наранболд гэх хүнээс 7*8-ийн харьцаатай байшингийн мод авна гээд урьдчилгаа        1 000 000 төгрөгийг 5935127452 гэсэн ХААН банкны данс руу шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн. Анхбаяр гэдэг хүн нөхөр бид хоёрт Наранболд мод зарж байгаа та хоёр мод ав гэж хэлсэн. Наранболдод модны мөнгийг шилжүүлснээс хойш 7-10 хоногийн дотор модоо бэлдэж өгнө гэж хэлсэн боловч модоо авчирч өгөхгүй болохоор утас руу нь залгахад эхнэр нь аваад манай нөхөр модонд явсан гэж хэлсэн. Одоо болтол мөнгө, мод авсан зүйл байхгүй холбоо барьж чадахгүй байна. Оршин суугаа газартаа хаягтаа амьдрахгүй байгаа тул шүүхэд хандсан юм гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Л.Ууганбаатар нь Эрдэнэбаатарын Наранболдыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 
Нэхэмжлэгч Л.Ууганбаатар нь Эрдэнэбаатарын Наранболдтой байшингийн мод авахаар хэлцэл хийж, түүний ХААН банкны 5935127452 дугаартай дансанд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийсэн болох нь ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 3х/
Иймд Эрдэнэбаатарын Наранболдыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Л.Ууганбаатарын  нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эрдэнэбаатарын Наранболдыг (Э.Наранболдын ХААН банкин дахь харилцах данс 5935127452-ыг) эрэн сурвалжилсугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Наранболдыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Наранболдтой холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ууганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР