| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0755/Э |
| Дугаар | 0769 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 0769
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908063111020 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................................., Со овогт Б..................... Б. (РД: ......).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х караоке, баарны ойролцоо Б.О-ийг “зүгээр байхад дайрч, доромжилсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гар болон хөлөөрөө цохин өшиглөж түүний биед “2 шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний шарх, цээжний цус хуралт” бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн бол нэмж мэдүүлэхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би нөхөр З-ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд Х нэртэй караоке баарыг түрээслэн ажиллуулдаг... 2019 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу утсаар залгаад гараад ирээч... цагдаа дуудчих хүмүүс агсан тавиад байна гэсэн... подвал руу буугаад ороход манай нөхөр рүү гурван залуу согтуу агсраад байж байсан... би цагдаа дуудсан... намайг цагдаа дуудахад тэд нар бүгдээрээ гараад явсан... нөхөр бид хоёр тэр хүмүүсийг гаргачхаад подвалийн хаалгаа цоожлоод нэг давхар руу ордог хаалгаар орох гэж байтал нөгөө гурван залуу гадаа зогсож байсан... нөхөртэй хэрэлдээд байсан. Би салгах гээд дундуур нь ортол бор намхан залуу миний хамар руу гараараа маш хүчтэй цохисон.... цохиулчхаад утсаа аваад цагдаа дуудсан... тэгтэл нөгөө буржгар үстэй залуу нь миний хажуугаас цохиод авсан... цохиулаад миний гар утас газар унасан... тэд манай нөхрийг зодох гээд бужигнаад би дахин салгах гэж ноцолдож байх явцдаа тэр намхан бор буржгар үстэй залууд ам болон нүүр толгой, цээж орчимд олон цохиулж өшиглүүлсэн. Цагдаа дуудлаа гэх сургаар нөгөө залуу нь яваад өгсөн. Буржгар үстэй залуу болон эрүүлжүүлэхэд ордог залуу хоёр үлдсэн. Буржгар үстэй нь манай нөхөр рүү зодох гэж дайраад би болохоор нөгөө залууг нь салгаад барьж зуураад байж байхад манай тэнд таксинд явдаг зүс таних залуу ирээд туслаад тэр залууг нөхөр ах бид гурав баар руу чирж оруулаад цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгсөн...”
- “...2020 оны 05 дугаар 13-ны өдөр бэлнээр 240.000 төгрөг... 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 300.000 төгрөг Хаан банкны дансаар, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг дансаар нийт 740.000 төгрөг авсан... үлдэгдэл 1.400.000 төгрөг авбал надад гомдол саналгүй болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21 дүгээр тал),
2. Гэрч Х.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө... манайх хүн багатай байсан... шөнийн 02 цаг болж байхад 20 гаруй насны хоёр залуу орж ирсэн... тэр хоёр пиво авч дуулах нэг цаг аваад суусан... тэр хоёр дээр нэг залуу нэмэгдэж ирсэн... гурвуулаа болоод цаг нь дуусаад гарах гэж байсан...коридорт 2 тоот өрөөнд байсан хүмүүстэй маргалдаад байхаар нь 2 тоот өрөөний хоёр хүнийг өрөөнд буцааж оруулсан. Нөгөө гурван залуу буцаад ороод ирсэн...хүмүүс явсан гэдгийг хэлэхэд агсраад байсан... би эхнэр лүүгээ залгаад цагдаа дуудчих энд хүмүүс агсан тавиад байна гэж хэлсэн... би тэд нарыг гар одоо манайх хааж байна. Шөнийн 03 цаг болж байна гээд... гадагшаа гаргасан... хаалгаа түгжих гэтэл нэг залуу чи түрүүн бид нартай муудалцаад байсан залуучуудыг таних уу, хаана байдаг юм гэж асуусан. Би мэдэхгүй. Үйлчлүүлээд гараад явсан гэж хэлсэн... маргалдаад зогсож байтал манай эхнэр гарч ирээд салгасан...манай эхнэрийг буржгар үстэй залуу хамар нүүр лүү нь цохисон... эхнэр Одгэрэл... салгах гэж байгаад өшиглүүлж цохиулсан... гадаа харанхуй байсан учир хаана нь цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
3. Гэрч Х.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн шөнийн 02 цаг болж байхад найз Баярмагнайн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд Х нэртэй бааранд орсон... бид хоёр... нэг нэг пиво аваад булангийн ширээнд суусан... гаднаас “Хар хорин” захад наймаа хийдэг Нямаа гэх залуу орж ирээд бид гурав хамт суусан... би тамхи татах гээд гарсан. Намайг тамхи татаж байхад Баярмагнай, Нямаа хоёр үл таних залуучуудтай маргалдсан гэсэн. Баар ажиллуулдаг залуу тэд нарын талд ороод гаргаад явуулсан гэсэн. Баярмагнай үүнээс болж маргалдаад чи таньдаг хүмүүсээ явуулчихлаа гэж хэлээд зүгээр ярилцаад зогсож байтал баарнаас дахиад нэг үл таних эмэгтэй гарч ирээд Баярмагнай руу яв зайл гээд байсан. Баярмагнайг түлхээд байхаар нь нүүрэн тус газар руу цохисон. Би Баярмагнайг салгаад одоо болио явъя гээд салгаад байтал эхнэр нь дахиад дайраад цагдаа дуудсан наад залуучуудаа явуулж болохгүй шүү гээд дахиад зуураад авахад Баярмагнай унагаагаад цохиод өшиглөсөн... Баярмагнай, Нямаа хоёрыг явуулахгүй байсан болохоор Баярмагнай зодсон. Би салгаад байж байсан. Баярмагнай, Нямаа хоёрыг явсны дараа нөгөө эмэгтэй, залуу бас нэг үл таних ахтай зуураад цагдаа дуудсан. Би чамайг зодоогүй шүү дээ цагдаа иртэл хүлээнэ. Хүн зодсон биш гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд зодсон залуугаа зааж өг гээд намайг саатуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14504 дүгээр дүгнэлт: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн доод 5-р шүд, баруун дээд 1-р шүд хөдөлгөөнтэй, зүүн нүдний дээд, доод зовхи овойж хавдсан, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруунд 0.5х6см босоо байрлалттай зах ирмэг тэгш шарханд мэс заслын оёдол тавигдсан, баруун чих овойж хавдсан, Зх5см хөх ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний баруун доод хэсэгт 0.5x1 см хүрэн улаан өнгийн язарсан шархтай, цээжний баруун хэсэгт 2х5см хөх ягаан өнгийи цус хуралттай.
1. Б.О-н биед 2 шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний шарх, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
5. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х нэртэй бааранд орсон. Өсөхбаярын танил Нямаа гэх залуутай тааралдсан. Бид хэд бааранд хүнийн 0,5 литрийн 3-4 пиво уусан. Өсөхбаяр тамхи татлаа гэж хэлээд гараад явсан. Би караокед дуулж байгаад хэсэг хугацааны дараа Өсөхбаярын араас гарах үед хажуу өрөөнд сууж байсан 5-6 залуу намайг зодолдох уу гэж хоргоосон. Би тэдгээр залуус олуулаа байсан учир юм ярилгүй тэд нараас холдоод караоке ажиллуулж байсан залуу дээр очоод энэ залуус намайг зодож цохих гээд байна гэж хэлэхэд чи өөрийгөө хичээ гэж хэлсэн. Би караокенаас гараад Өсөхбаяртай уулзаад караокед сууж байсан 5-6 залуу намайг өдөөд байна гэж хэлэхэд Өсөхбаяр цагдаад дуудлага өгье гэж хэлсэн... цагдаад дуудлага өгөөгүй. Өсөхбаяр бид хоёр буцаж өрөөндөө орж дуулаад үлдсэн пиво уучхаад буцаж караокенаас гарахад хажуу өрөөний залуус байхгүй явсан байсан. Би гарахдаа караоке ажиллуулж байсан залуу зогсож байхаар нь “нөгөө 5-6 залуу хаачсан юм бэ” гэж асуухад “би яаж мэдэх юм бэ” гэж хэлсэн. Би “чи тэдгээр залуусын талд орлоо гэж” хэлээд хэрэлдэж маргах үед... Одгэрэл гарч ирээд учрыг ойлголгүй над руу дайраад миний хөл гарнаас барьж чангаагаад байхаар нь миний уур хүрээд гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа хүчтэй цохисон. Өсөхбаяр намайг салгаад явах гэтэл Одгэрэл намайг явуулахгүй зууралдаад байхаар нь түүний нүүр лүү нь дахиж нэг удаа цохиход хөл алдаад газар унаад миний зүүн хөлийг гараараа тэвэрч бариад тавихгүй байхаар нь би баруун хөлөөрөө Одгэрэлийн хоёр гар луу нь 2-3 өшиглөсөн. Одгэрэл цагдаа дуудсан гэхээр нь Нямаатай хамт зугтаасан. Өсөхбаяр Одгэрэлийн нөхөртэй нь зууралдаад үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал),
6. Хохирол хүлээн авсан тухай баримт (хавтаст хэргийн 63 дугаар тал),
7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 78 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 79-81 дүгээр тал),
8. Шүүгдэгч Б.Б хувийн байдалтай холбоотой баримтууд: Баянгол дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), Б.Б нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 55-62 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дугаар тал), Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 72-73 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х караоке, баарны ойролцоо хохирогч Б.Одгэрэлтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний биед хоёр шүдний сулрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний шарх, цээжний цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.О-ийн мэдүүлэг (хх20, 21), гэрч Х.З-ийн мэдүүлэг (хх-24), гэрч Х.Өсөхбаярын мэдүүлэг (хх-28), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14504 дүгээр дүгнэлт (хх-34), шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-47) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 03 цагт үйлдсэн гэмт хэргийн шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.
Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.
Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.
Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.
Мөн шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тус тус заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О нь эмчилгээний зардалд баримтаар 128.000 төгрөг нэхэмжилсэн ба “Б.Б 1.640.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-78)-ийг гаргажээ.
Иймд шүүгдэгч Б.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх-78) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хх-79-81)-ыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 1908063111020 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 470 (дөрвөн зуун далан) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 (дөрвөн зуун далан мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1908063111020 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР