Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 0767

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч М.Сансарсайхан /томилолтоор/

шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Х  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008000001007 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............................................................................................., Х овогт Ц Х (РД:). 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.Х нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цамба” төвд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн М.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед дух, зүүн нүдний зовхи, алиманд цус хуралт шалбаралт, хаван бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цамба” төвийн хоёр давхарт 202 дугаартай лангууг түрээслэн хувиараа хөөрөгний даалин бэлдэж зардаг... 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд... ажил дээрээ байхад Х  хүргэлтийн бараанаас “нэг хүн бараагаа солиулья гэсэн” гэж хэлэхэд би “энэ хүн чинь өмнө нь бараагаа солиулсан хун байна. Дахиж бараа сольж өгөхгүй” гэхэд “тэгвэл энэ бараагаа ав. Би энийг чинь мэдэхгүй” гээд даалингаа лангуун дээр шидсэн... би “Чи чинь одоо манай ажилтан байж яагаад надад хамаагүй гэж байгаа юм. Чи тэр хүндээ тайлбарлаж хэлэхгүй яасан юм” гэж хэлээд...“чиний барааг одоо тоолно. Чи түр хүлээж бай” гэж би хэлэхэд хүргэлтийн 50-60 даалингаа лангуун дээрээ цацаж шидээд “хурдан тоолооч” гэж хэлсэн... би “чи яагаад бараа шидээд байгаа юм” гээд уурласан... Х  намайг “чи ийм ааштай болохоор өдий насандаа үр хүүхэдгүй яваа” гээд намайг доромжилсон... миний уур хүрээд “чи намайг юу гээд байгаа юм” гээд ойртоод очиход Х  шууд миний үснээс татахаар нь би зөрүүлж Х ын хувцас, үснээс зуураад бид хоёр зууралдсан... би хөл алдаад Х ын доор орж унасан... Х  миний нүд, дух зэрэг газрууд руу гараараа 2, 3 удаа цохиод, гараараа нүүрийг маань самардсан...туслах ажилтан Дариймаа, зохион байгуулагч нар Х ыг надаас холдуулсан... Х  миний дээрээс босохдоо хөлөөрөө миний гэдэс, цээжний хэсэгт 4, 5 удаа дэвссэн... Х ыг хүмүүс надаас холдуулж байхад...би цагдаа дуудсан ба удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6139 дүгээр дүгнэлт: “...Хэсэг газрын үзлэгт: духанд 1х0,2 см, зүүн нүдний доод зовхинд 0,6х0,5 см, 1х0,2 см, 0,4х0,2см зураасан шалбаралтуудтай. Зүүн нүдний алиманд 13-18 цагийн түвшинд цус хурсан. Зүүн нүдний доод зовхинд бүдэг хөх цус хурсан. Духанд 4х3 см, 3х2,5 см талбайд овойж хавдсан.

1. М.Б-ийн биед дух, зүүн нүдний зовхи, алиманд цус хуралт, шалбаралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. “ гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

3. Шүүгдэгч Ц.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 05 дугаар сард би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Цамба” төвийн 202 дугаартай лангуунд М.Б-ын туслахаар буюу хөөрөгний даалингийн бэлдэц хүргэлтээр зардаг ажил хийж байсан. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг өнгөрч байх үед “хүргэлтээр явж байхад нэг иргэн хөөрөгний даалинг солиулмаар байна гэж” хүсэлт гаргасан учир би уг асуудлыг М.Буяндэлгэрт хэлэхэд “энэ хүн чинь өмнө нь бас бараагаа солиулж байсан хүн байна. Дахиж солихгүй” гээд уурлахаар нь “тэгвэл чи энэ бараагаа ав” гээд хүргэлтээр өгөх гэж байсан бараануудаа лангуун дээр нь тавиад уг асуудлаас болж М.Б бид хоёр маргалдаж бид хоёр, бие биенийхээ үснээс татаж зууралдахад М.Б өөрөө хөл алдаж газар унахад нь би хамт унасан... би уурандаа М.Б-ийн нүүр рүү нь гараараа 1, 2 удаа цохисон... хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан... би М.Б-ийн дээрээс босохдоо хөлөөрөө түүний  гэдэс рүү нь 1, 2 удаа өшиглөсөн санагдаж байна... намайг хүмүүсийн хажууд “хулгайч чи миний бараанаас мөнгө унагаадаг” гэсэн утгатай юм яриад байсан учир миний уур их хүрсэн...намайг доромжлоод байхаар нь “чи өөрөө хүүхэдгүй болохоор хүүхэдтэй хүний зовлонг мэдэхгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

4. Хохирогч М.Б хохиролд 330.000 төгрөг авсан тухай баталгаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 65, 66 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал (хавтаст хэргийн 67, 68 дугаар тал),

5. Шүүгдэгч Ц.Х ын хувийн байдалтай холбоотой баримтууд: “БАХМӨ” ХХКомпанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дүгээр тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дугаар тал), Ц.Х ын нэр дээрх Төрийн банкиндахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Х т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цамба” төвд иргэн М.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж түүний эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний зовхи, алиманд цус хуралт шалбаралт, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч М.Б-ийн мэдүүлэг (хх9-10), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 6139 дүгээр дүгнэлт (хх28-29), шүүгдэгч Ц.Х ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх49-50) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.Х нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд халдаж Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч Ц.Х гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б эмчилгээний зардалд баримтаар 278.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Ц.Х нь хохирогчид 330.000 төгрөгийг төлсөн болох нь (хх-58) нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Х ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Х нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх-66) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хх-67,68)-ыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Ц.Х ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Х т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008000001007 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ц  Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Х т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.  Эрүүгийн 2008000001007 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор  нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР