Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 0668

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Р.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Р Р г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008000000869 дугаартай нэг хавтас хэргийг  2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........................................, Ч овогт Р Р /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Р.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Х тоот гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Т.Э маргалдан хэл амаар доромжилж гар, хөл, нуруу руу нь цохиж, зодон түүний эрүүл мэндэд завьжинд няцарсан шарх, бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн орой Р.Р-тай хамт нэг, нэг лааз пиво уусан...бэлгийн харьцаанд орохгүй гэж хэлтэл Р.Р уурлаад намайг машинаас буулгаад яваад өгсөн... 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Р.Р гэрт согтуу орж ирэхэд нь би явлаа гэж хэлтэл, юмаа үлдээлгүй аваад яваарай гэж хэлэхээр нь би уурлаад мөр лүү нь цохисон чинь уурлаж намайг нэг удаа алгадаж аваад нуруу, хөл рүү нь цохисон...миний завьж язарчихсан, нуруу хөндүүр болчихсон, хөл хөхөрчихсөн байсан. Одоо бол зүгээр болчихсон тухайн үед гэмтлийн эмнэлэг орж завжиндаа 2 оёдол тавиулсан. Одоо Р.Р т ямар нэг гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

2. Гэрд Д.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон хэргийн талаар мэдэхгүй... Т.Э 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр утсаар залгаад Р.Р аа цагдаагаас аваарай гэж хэлсэн...Р.Р Т.Э маргалдсан гэж хэлсэн...ийм асуудал анх удаа болж байна...дундаасаа 1 нас 2 сартай хүүтэй...хамт амьдардаг. Урьд өмнө нь цагдаагаар шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5334 дугаартай дүгнэлт: “Хэсэг газрын үзлэгт: аманд зүүн завжинд 1,5х0,1 см 2 ширхэг оёдол тавигдсан зах ирмэг тэгш бус няцарсан шархтай, баруун бугалаганы дотор дунд хэсэгт 2х1 см, баруун шууны дотор дунд 1,5х0,8 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. КТГ-н шинжилгээнд явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.

1. Т.Э-ын биед завьжинд няцарсан шарх, бугалага, шуунд цус хуралт тогтоогдлоо.

  1. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

4. Шүүгдэгч Р.Р ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд машиндаа нэг, нэг лааз пиво уусан...бэлгийн харьцаанд орьё гэхэд жирэмсэн болохгүй гэхээр нь би чиний нөхөр биздээ гээд уурлаад явсан...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд Т.Э гэрээс явах гээд хувцсаа бэлдчихсэн, хүүхэддээ хувцасыг нь өмсүүлчихсэн явах гэж байсан...би чи хувцас хунараа бүрэн авсан уу, эд зүйлээ мартваа гэж хэлсэн чинь Т.Э улам уурлаад гараараа нүүр лүү цохисон...би түлхсэн... би нүүр лүү гараараа нэг удаа алгадаж, хөл рүү нь өшиглөж нуруу руу нь 2-3 удаа гараараа цохисон...би хамтран амьдрагч Т.Э-ын биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

  1. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), түүний Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 53 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 58 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Р.Р нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 78 дугаар тал) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 81-82 дугаар тал)-ыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлсэнийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Р т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Р.Р согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Х тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Э үл ялих зүйлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5334 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), шүүгдэгч Р.Р ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг” ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.

Шүүгдэгч Р.Р , хохирогч Т.Э нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч 2018 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдарч байсан гэж мэдүүлгээр хамтран амьдрагч нар гэж үзлээ.

Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Энхсаруулыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Р.Р ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг шинжийг хангасан байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Р ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

    

Шүүгдэгч Р.Р нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг гаргажээ. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Р т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүгдэгч Р.Р мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч Р.Р т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Р.Р нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 191 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байх ба 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг Р.Р т танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс шүүгдэгч Р.Р ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

 Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Р.Р т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008000000869 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Р нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч  овогт Р  Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р ыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Р т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Р.Р цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Р т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБААБААТАР