| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0600/Э |
| Дугаар | 0615 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 0615
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Ц.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 2008015380862 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......................................................, Б овогт Ц И т /РД: /
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ц.И нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Депогийн автобусны буудал дээр Д.Ч “хажуугаар машинтай зөрөхдөө машин шүргэж сэв гаргалаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж Д.Ч зүүн талын чих, эрүү хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 22 цагийн үед би эгч Хандүүгийн гэрээс гараад өөрийн эзэмшлийн 35-64 УБЕ улсын дугаартай Sanota-7 маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудлаас ертөнцийн зүгээр урагшаа явж байтал “Натур” эмнэлгийн зам дээр 2, 3 машин мөргөлдсөн байхаар нь би “7а б” байрны туслах замаар урагшаа уруудаад явж байтал өөдөөс 57-94 УНҮ улсын дугаартай хар саарал өнгийн Prius-20 маркийн автомашин урд зогсчихоод нэг үл таних залуу Ц.И машинаасаа бууж ирчихээд “хажуугаар гараад яв. Багтана шүү дээ. Машин барьж чадахгүй бол яах гэж машин барьдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ зайнд чинь багтахгүй. Чиний машиныг шүргэчихвэл яах вэ. Сүртэй муу хар гөлөг вэ” гэж хэлсэн. Тэгээд хажуугаар нь гараад явсан...Депогийн баруун талын буудал дээр машинаа тавьчхаад ундаа авах гээд ТҮЦ-рүү орох гэхэд Ц.И урдуур машинтайгаа шахаж зогсоод бууж ирээд “яадаг муу банди вэ” гээд миний хувцаснаас зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа зүүн чих рүү гурван удаа цохисон. Би “ахын дүү одоо болно шүү дээ” гэж хэлэхэд намайг тавьчхаад машиндаа суугаад зугтаасан. Манай найзын бэлэглэж байсан мөнгөн гинж тасарсан. Мөнгөн гинжтэй хамт байсан чонын соёо хугарчихсан...Тухайн үед Депогийн автобусны буудал дээр нэг үл таних залуу байсан. Өөр хүн байсан эсэхийг би сайн санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар тал)
2. Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Надад эмнэлгийн байгууллагад үзүүлсэн болон эмийн сангаас авсан эмийн баримт байхгүй. Надад эмчилгээний зардлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэг гомдол, санал байхгүй. Би гинж, соёо хоёрын хохирлоо барагдуулж авсан тул надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4170 дугаар дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Зүүн чихний дэлбэнгийн дотор дээд хэсэгт 4.5х3.8 см хөхөлбөр цус хуралттай, хаван хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн эрүүний дээд хэсэгт 0.3х0.2 см улаан хүрэн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй гэж тодорхойлжээ.
1. Д.Ч биед зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал)
4. Шүүгдэгч Ц.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн оройны 22-23 цагийн орчимд гэрлүүгээ явах гээд өөрийн эзэмшлийн 57-94 УНҮ улсын дугаартай бор өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ “Миний зах”-ын хойд талд байрлах 7а байрны туслах замаар хойшоо зогсоол руу орох гээд явж байтал өөдөөс 35-64 УБЕ улсын дугаартай саарал өнгийн Sanota-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних жолооч Д.Ч нь хажуугаар зөрж чадахгүй зогсоод байхаар нь би машинаасаа буугаад “ахаа та хажуугаар гарчих багтана. Би харж байя” гэхэд Д.Ч “багтахгүй” гэж хэлсэн. Би “та баруун гар тал руугаа шахаж байгаад чигээрээ гараад явчих” гэж хэлэхэд “юу яриад байгаа юм. Яаж багтаах гээд хуцаад байгаа юм. Чи өөрөө яваач” гэж хэлсэн. Бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгсэн хаалгаа онгойлгож гарч ирэхдээ тэр ах миний машины зүүн талын хойд хаалгыг зурчихсан юм. Миний машины хаалга бага зэрэг зурагдсан болохоор би зогсоол руу явсан. Тэгээд байж байтал миний машины урд талаас том машинууд зөрч чадахгүй зогсохоор нь би урагшаа ухарч гараад төв зам руугаа ороод явж байтал Д.Ч ах машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Депогийн баруун талын буудалд зогсож байхаар нь би “та миний машиныг зурчихсан байсан” гэж хэлэх гээд машинаасаа буугаад Д.Чинбаттай уулзсан. Миний машиныг зурсан талаар хэлж амжаагүй байтал Д.Ч намайг хэл амаар доромжлоод миний цээж хэсэг рүү түлхсэн. Миний уур хүрээд зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа эрүү рүү нь 2 удаа цохисон. Тэр үед зүүн чихэнд нь миний гар хүрсэн байж магадгүй. Тэгээд Д.Ч надтай ноцолдоод байхаар нь би гараараа нүүр лүү нь нэг удаа түлхчихээд явсан. Миний хаалгыг санаатай зураагүй учраас надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-78 дугаар тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.И нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 91 дүгээр тал) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 92, 93 дугаар тал)-ыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.И-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.И нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Депогийн автобусны буудал дээр Д.Ч “хажуугаар машинтай зөрөхдөө машин шүргэж сэв гаргалаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Ч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дугаар тал); Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4170 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал); шүүгдэгч Ц.И-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Ц.И-ыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ч нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар тал)-ээр 220.000 төгрөгийг үнэ бүхий мөнгөн гинж, чонын соёог хохирогч Б.Чинбатад төлсөн болох нь хохирогч Б.Чинбатын “...гинж, чонын соёог төлж барагдуулсан, гомдол санал байхгүй...” гэсэн өргөдөл (хавтаст хэргийн 90 дүгээр тал) тогтоогдсон тул шүүгдэгч Ц.И нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба дээрх дүгнэлттэй шүүгдэгч Ц.И мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.И нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч тохиролцож, шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.И-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ц.И-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2008015380862 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-ыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.И-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ц.И цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР