Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 183/2016/01250/И |
Дугаар | 588 |
Огноо | 2017-02-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 588
Б.Цэнджавын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01406 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Цэнджавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Байгалмаад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 40 256 085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Ганхуяг
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Итгэл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Байгалмаатай 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 33 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай зээлж, Б.Байгалмаа нь зээлийн гэрээний дагуу сар бүр хүү өгч сунгуулж байгаад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг хасуулан хүү алдангаа төлөлгүй 4 сар болсон. Зээлийн үлдэгдэл өр төлбөр, зээлийн хүү, алданги нийт 40 256 085 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь “Гэгээн Өндөр Гүмсэд” ХХК-тай тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулж помп машиныг 65 000 000 төгрөгөөр худалдан авсан ба 32 000 000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл 33 000 000 төгрөг дээр зээлийн гэрээг Б.Байгалмаатай байгуулж гарын үсэг зурсан. Хариуцагч Б.Байгалмаад зээл авч ашиглах хүү төлөх хүсэл зорилго байгаагүй харин зөвхөн үл хөдлөх хөрөнгө түүний нэр дээр байдаг тул түүний нэр дээр нь гэрээ хийсэн. 2016 онд авто машинаа барьцаалан түүнийгээ “Гэгээн Өндөр Гүмсэд” ХХК-нд өгсөн. Помпны үнээс хасалт хийж төлбөрийг өгч машинаа авсан. 2014 оны 08 дугаар сард 32 000 000 төгрөг бэлнээр төлсөн түүнээс хойш банкны дансаар удаа дараа зээлээ төлж нийтдээ 37 105 150 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн хүү гэж 23 870 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл авсан байгаа. Алдангид 1 035 150 төгрөг, үндсэн төлбөрт 2 000 000 төгрөг тус тус авсан байдаг. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийтдээ 26 905 150 төгрөгийг төлсөн талаар маргадаггүй юм. Мөн 2016 оны 02 дугаар сарын 02-нд талууд дахиад дүр үзүүлэн 31 000 000 төгрөгийн зээлийн гэрээ шинээр байгуулж байгаа мэт нөхөж хийсэн. Төлбөрт 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 6 200 000 төгрөг төлсөн /хх-26 хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 17-нд 4 000 000 төгрөгийг помп машиныг барьцаанд тавьж, хүүд 10 200 000 төгрөг дахин төлсөн. Зээлийн гэрээгээр 40 000 000 төгрөг нэхэмжилж, 30 гаран сая төгрөгийг хүүд тооцож авсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цэнджавийн хариуцагч Б.Байгалмаагаас 40 256 085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цэнджавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 359 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд мөнгийг шилжүүлсэн тухай нотлогдоогүй тул зээлийн гэрээ биш, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үлдэгдэл мөнгийг баталгаажуулах зорилгоор байгуулсан баримт гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь "Гэгээн Өндөр Гүмсэд" ХХК нь "Power Builc TLLC” компанийн албан ёсны борлуулагч бөгөөд "Яргайтай Дөрөлж" ХХК-д 65 000 000 төгрөгийн өртөг бүхий цемент зуурагч шахагч тоног төхөөрөмжийг нийлүүлэх худалдан борлуулах гэрээ хийсэн байдаг. Уг гэрээ нь байгууллага хоорондын гэрээ ба Цэнджав, Байгалмаа нарын хоорондын зээлийн гэрээтэй огт холбоогүй нь гэрээнээс харагдаж байгаа юм. Уг гэрээ төлбөр барагдсанаар дуусгавар болсон ба "Яргаатай дөрөлж" ХХК-ийн захирал Ё.Ганхуяг нь үлдэгдэл төлбөрийг барагдуулж чадахгүй улмаас өөрийн гэр бүлийн гишүүн болох Б.Байгалмааг иргэн Цэнджаваас 33 000 000 төгрөгийг нэг сарын 5% хүүтэйгээр өөрийн эзэмшилийн үл хөдлөх хөрөнгийн барьцаалан зээл авсан байдаг. Гэтэл хариуцагч талын тайлбарласанаар Б.Цэнджав, Б.Байгалмаа нарын хооронд зээлийн гэрээний 4-т заасанчлан бодитойгоор мөнгийг хүлээн аваагүй учраас зээлийн гэрээ биш гэж үздэг. Учир нь зээлийн гэрээнд Б.Байгалмаа хүлээн авсан, Б.Цэнджав хүлээлгэн өгөв гээд нийт /33 000 000/ гучин гурван сая төгрөг гээд гарын үсэг зурсан байдаг. Шүүх Б.Байгалмаагийн мөнгө хүлээн авсан тухай баримтыг үгүйсгэн "Яргайтын Дөрвөлж" ХХК болон "Гэгээн Өндөр Гүмсэд ХХК" нарын хооронд байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээний баримт гэж зээлийн гэрээг үзэж байгаа нь өөрөөр хэлбэл энэ ИХШХШТ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Цэнджав нь хариуцагч Б.Байгалмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 256 085 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдах авах гэрээний үлдэгдэл төлбөрт зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан баримтаар зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч 33 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд бодитойгоор шилжүүлсэн эсэх асуудлаар талууд маргажээ.
Хариуцагч Б.Байгалмаагийн “...тухайн өдөр 65 000 000 төгрөгөөр помп машин худалдан авахаар тохирч 32 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 33 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ мөнгийг бэлнээр аваагүй” гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд уг тайлбарыг нэхэмжлэгч няцаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцдог.
Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 33 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг бодитойгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй, энэ нь зохигчийн тайлбараар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Мөн хариуцагчийн 33 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан боловч 37 000 000 төгрөг буцаан төлсөн гэх тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар няцаагаагүй болно.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт, алданги шаардаж байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шаардах эрхийг зохицуулсан заалтыг баримталсан нь буруу боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01406 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1 гэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цэнджавын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД