Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00063

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01452 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1971 дүгээр магадлалтай         

            Ч.Г-ын нэхэмжлэлтэй,

            “З” ОНӨААТҮГ-т холбогдох

             Дутуу олгогдсон тэтгэмж 5.779.896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Г- нь “З” ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2005 оны 01 сарын 21-нд 4 тоот тушаалаар ажилд орж 2017 оны 01 сарын 23-нд Б-42 тоот тушаалаар 12 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ч.Г- нь энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч “Автобус нэг” ОНӨҮГ-ын захиргаа, үйлдвэрчний хороо хоёрын хооронд 2013 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 сарын 22-ны нэмэлт өөрчлөлтийн 8.5 заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж дутуу олгосон. Ч.Г-ын 1 сарын дундаж цалин  616.033 төгрөг, хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8.5-д заасны дагуу 12 сарын тэтгэмж 7.392.396 олгох байтал надад 1.612.500 төгрөгийг олгосон. Харин олгогдоогүй 5.776.896 төгрөгийн тэтгэмжийг тус байгууллагаас олгуулж өгнө үү гэжээ. 

 

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ч.Г- нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 004 дүгээр тушаалаар жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Ч.Г- өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1.612.500 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь “Автобус-1” ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаарх албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Учир нь Автобус-1 нь НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “З” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16.4-т “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. “З” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон энэ хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан нь Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус 3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрууд нь Иргэний хуулийн 31.1 дэх хэсэгт зааснаар Зорчигт тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт нийцэж байгаа юм. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээр байгууллага дээр хийгдээгүй, хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээр хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор ҮЭХорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулаагүй энэ асуудлыг гацаанд оруулж байна. Цаашлаад ажил олгогчоос 2016 оны 03 дугаар сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Байгууллага татан буугдсанаар хамтын гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хүчингүй болсон тул бид дагаж мөрдөхгүй. Мөн дахин гэрээ байгуулах талаар бид ярилцаж, гэрээний төслийг гаргасан байгаа боловч энэ ажил ҮЭХ-ноос болоод гацаанд орчихоод байна. Энэ асуудлаар бид холбогдох газар нь хандсан байгаа. Нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь тэтгэмж 1.612.500 төгрөгийг олгосон. Бид 3 сарын тэтгэмжийг олгохдоо цалинг 537.500 төгрөгөөр тооцсон. Өөрөө ч энэ байгууллагад ажиллаж байсан хүн болохоор нөхцөл байдлыг мэдэж байгаа. Бид санхүүгийн хувьд хэцүү байдалд байгаа тул 5.779.896 төгрөгийг олгох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.          

           

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01452 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “З” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 4.837.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Г-олд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 942.396 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 92.320 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1971 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  06  дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч З Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 5.779.896 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Г-од олгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “92.320” гэснийг “107.428” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01452 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1971 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 16.4-т “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Автобус нэг ОНӨҮГазрын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 132 дугаар тогтоолд дурьдсан өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр байна гэж дүгнэсэн атлаа Хамтын гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж талууд тохиролцсон байна” хэмээн тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг дэндүү явцуу хүрээнд харж байгаа нь тодорхой байна. Угтаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2013 онд мөрдөж байсан Хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаа болон ҮЭ-ийн төлөөлөл хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан бөгөөд харин шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд Хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд гарган өгснийг анхааралгүй хэт нэг талыг барьж тодорхойлсонд гомдолтой байна. Цаашлаад Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазрууд нь Иргэний хуулийн 31.1 дэх хэсэгт зааснаар З болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт нийцэж байгаа юм. Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч “З” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан дутуу олгогдсон тэтгэмж 5.779.896 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Автобус нэг” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь татан буугдсан учир хамтын гэрээг дагаж мөрдөхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ажилтан Ч.Г- нь “Автобус-1” компанийн захирлын 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 тоот тушаалаар кондуктороор ажилд орсон байх бөгөөд ажилтны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг үндэслэн “З” ОНӨААТҮГазрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 тоот тушаалаар тус нэгтгэлийн Нэгдүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний албаны шалгагчаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Автобус-1” ОНӨҮГазрын эрх залгамжлан авсан этгээд нь “З” ОНӨААТҮГазар байх бөгөөд “Автобус-1” ОНӨҮГазар нь ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулж, гэрээний холбогдох заалтуудад 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулахдаа 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан тэтгэмж олгохоор тохиролцсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх хамтын гэрээг хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ гэрээнд “нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх тул уг хамтын гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасныг баримталж, нэхэмжлэгч Ч.Г-од 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн боловч хариуцагч байгууллагаас олгосон тэтгэмжийн хэмжээгээр цалинг тодорхойлсноос нэхэмжлэгчид олгох тэтгэмжийн хэмжээг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь хамтын гэрээний үүрэг биелүүлэхийг ажил олгогчоос шаардсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээний зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болсон байхад анхан шатны шүүх хуулийн холбогдох заалтыг бүрэн хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хууль хэрэглээний алдааг бүрэн залруулж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд нэмэлт оруулна. 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1971 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1., 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн,   магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч “З” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.500 /нэг зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН