Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0292/З |
Дугаар | 221/МА2022/0071 |
Огноо | 2022-01-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2022/0071
Т.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/165 дугаар тушаалуудын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг, мөн ажилгүй байсан хугацааны 29,071,330 төгрөгийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 763 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг
Хэргийн индекс: 128/2021/0292/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Э нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/165 дугаар тушаалуудын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг, мөн ажилгүй байсан хугацааны 29,071,330 төгрөгийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 763 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/165 дугаар тушаалуудын Т.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг даалгаж, Т.Э-ийн өөр ажил, албан тушаалд ажиллаж байсан үеийн цалингийн зөрүүг бодож олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг тооцон бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 29,071,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.2. Шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг уг тушаал зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт өгч шийдвэрлээгүй. Харин шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9 дэх нүүрэнд “Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 155 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар яамны нийт албан хаагчдыг чөлөөлсөн тул уг тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагаваргүй” гэжээ. Хууль хэрэглэлгүйгээр ийнхүү дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн байна.
3.3. Зүй нь тус тушаалаар албан тушаал нь хасагдсан албан хаагчдыг чөлөөлөх тушаал гарах боломжтой бөгөөд харин хадгалагдаж үлдсэн албан тушаалтны тухайд бүтцийн нэрийг өөрчилсөн тухай тушаал гарч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг хэрэгжүүлэх учиртай. Тухайн яамны бүх албан тушаалтныг чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар 62.1.1-д заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчих үндэслэл биш юм.
3.4. Нэхэмжлэгч Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, хөлс болох 29,071,330 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхээс тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “ ... шийдвэрлэснээс хойш тасралтгүй ажил, албан тушаалын цалин хөлс авч, уг цалин хөлснөөс холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байх тул ажилгүй байсан хугацааны цалин 29,071,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэх үндэслэлгүй байна” гэжээ.
3.5. Нэхэмжлэгч албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөнөөс хойших тус албан тушаалын цалинг нэхэмжилсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.1-д “Албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж заасан нийтлэг баталгааг шаардсан. Ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөнөөс хойш ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх нь төрийн жинхэнэ албан хаагчийн үндсэн баталгааг хангахаас татгалзах нөхцөл болохгүй. Мөн шүүх цалингийн зөрүү гаргуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тийнхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 763 дугаар шийдвэрийн дээрх хэсгийг өөрчилж өгнө үү гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн сайдтай тохиролцон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон 2021 оны 05 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа.
4.2. Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/130, А/135 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны албан хаагчдыг чөлөөлж, томилсон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нийт албан хаагчдад сонсох ажиллагааг явуулсан бөгөөд тус ажиллагаанд нэхэмжлэгч хамрагдсан. Газар, хэлтсүүдийн дарга нарыг Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч, сонсох ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч Т.Э нь тухайн үед хүлээн зөвшөөрсөн хэдий ч хүлээн зөвшөөрөөгүй мэтээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн яамны нийт албан хаагчдын сонсох ажиллагааны хуудас байгаа боловч ганц нэхэмжлэгчийн сонсох ажиллагааны хуудас байхгүй байгаа. Нэхэмжлэгч нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт очиж ажиллаж байсан болон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаа зэрэг үйл баримтуудаас үзвэл талууд харилцан тохиролцсон болох нь харагдана.
4.3. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч Т.Э нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/165 дугаар тушаалуудын Т.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг, мөн ажилгүй байсан хугацааны 29,071,330 төгрөгийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Маргаан бүхий А/130 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийг тус яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн, Б/165 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг тус яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг баталж, мөрдүүлэх хүртэл цалин хөлс холбогдох нэмэгдлийг хэвээр тооцон, бодож олгохоор шийдвэрлэжээ.
2.3. Дээрх Б/165 дугаар тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг хянан үзээд тус зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01/694 дүгээр албан бичгээр “... Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эрүүл мэндийн яамны эрхлэх чиг үүргийн холбогдох албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаж, хариу ирүүлэх”-ээр хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн байна.
2.4. Хариуцагчаас “... нэхэмжлэгч нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж, цалин хөлсөө авч байгаа” гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгчээс үгүйсгээгүй бөгөөд уг албан тушаалд нэхэмжлэгч нь чухам хэзээ, хэрхэн томилогдсон, цалингийн ямар шатлалаар цалинжиж байгаа болох нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.
2.5. Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий А/130 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн, Б/165 дугаар тушаалаар тус яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан маргаж байх боловч хариуцагчаас “... нэхэмжлэгч нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байсан, мөн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж, цалин хөлс авч байгаа, нэхэмжлэгчийн цалин тасалдаагүй” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нь бодит байдалд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж цалин хөлс авсан эсэх, мөн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн даргын буюу төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдохдоо хариуцагчтай аливаа байдлаар зөвшилцсөн эсэх, чухам ямар журмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар дээрх албан тушаалд томилогдсон, мөн уг албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор ямар шалтгаанаар өнөөдрийг хүртэл маргаагүй талаар тодруулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж маргааны үйл баримтад холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийснээр хэргийг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэх боломжтой.
2.6. Мөн нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны 29,071,330 төгрөгийн цалин гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар маргаж байгаа тохиолдолд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснээс хойш хэдийг хүртэл ажилгүй байсан, хэзээнээс Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаа, энэ хугацааны цалингийн зөрүүг яам хэрхэн тооцож олгох, цаашлаад нэхэмжлэгчийн авч байсан цалингийн зөрүүг олгохоор бол Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хоёр тусдаа этгээдийн тушаалаар томилогдож байгаа нь цалингийн зөрүүг олгоход хамаарах эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.
2.7. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... хариуцагч маргаан бүхий актуудыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар аваагүй, зөвшилцсөн талаарх баримт байхгүй” гэж, хариуцагчаас “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нийт албан хаагчдад сонсох ажиллагааг явуулсан, тус ажиллагаанд нэхэмжлэгч хамрагдсан. Газар, хэлтсүүдийн дарга нарыг Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч, сонсох ажиллагаа явуулсан, тэр үед нэхэмжлэгч зөвшөөрч байсан, ... нийт албан хаагчдын сонсох ажиллагааны хуудас байгаа боловч ганц нэхэмжлэгчийн сонсох ажиллагааны хуудас байхгүй” гэх зэргээр тайлбарлаж байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчтай бодит байдалд зөвшилцсөний эцэст одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа эсэх, зөвшилцсөн талаарх баримт байхгүй ч одоогийн албан тушаалдаа ажиллаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн томилогдохыг хүсч буй Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох хууль зүйн боломжтой эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, энэ талаар бүрэн тодруулж, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН