| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0599/Э |
| Дугаар | 0621 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 0621
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008000000782 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......................................................................................................................., Н Ш /РД:............./
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.Ш нь согтууруулах унадааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFC” түргэн хоолны газрын хойд талд “найзыг хулгайд сэрдсэн” гэх шалтгаанаар хохирогч Л.Н-ыг гараараа цохиж зодон, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, дух, хамарт цус хуралт, зулгаралт, нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Гэм буруу дээр маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Л.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэтамир, Тэмүүлэн, Жаагий нарыг дуудаж юм хийлгэж байгаад бид нар хамт пиво уусан. Тэгээд дахиад пиво уух гээд Жаагийд хаан банкны картаа өгсөн. Тэгээд миний карт олдохгүй. Жаагий Шинэтамирт өгсөн. Ш хэнд өгсөн нь мэдэгдэхгүй байсан. Энэ асуудлаас болоод би Ш маргалдсан. Би Ш маргалдаад гарцгаая гээд үүд рүү явж байгаад шатны хажуу талаас Хаан банкны картаа оллоо гэхэд Ш “өөрөө картаа нуучхаад манай найз Жаагийг хулгайд хардлаа” гээд Ш бид хоёр дахиад маргалдсан. Ш “бид нар хулгай хийж үзээгүй” гээд миний нүүр лүү гараараа цохиод доошоо дараад нүүр лүү өвдөглөж цохихоор нь би “болъё” гээд гарсан. Тэгээд КFC-ийн хойд талд юм яриад зогсож байхад Ш дахиад над руу дайраад миний нүүр лүү гараараа нилээд олон удаа цохиод, нүүр лүү өвдөглөж цохисон миний хамраас цус гарахад Тэмүүлэн “боль” гээд салгасан. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Н.Ш миний нүүр, толгой чих рүү гараараа нилээд хэдэн удаа цохиж, хөлөөрөө доошоо дарж бас нүүр нүд рүү цохисон. Намайг Н.Ш-аас өөр хүн цохиж зодоогүй...Би Н.Ш-аас 2.000.000 төгрөгийг хүлээн авсан учир нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 17-20 дугаар тал)
2. Гэрч Б.Ж мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш хүрч ирээд намайг өмөөрөөд “манай найз хулгай хийдэг хүн биш” гээд тэр хоёр маргалдсан. Би цаашаа яваад нойлын өрөө ороод буцаад гарч ирэхэд Л.Н Хаан банкны картаа олчихсон байсан. Тэмүүлэн бид хоёр РС тоглоод сууж байхад Л.Н , Н.Ш хоёр маргалдаж байгаад Л.Н нүүр лүү нь гараараа цохиод авахад буцаагаад Н.Ш Л.Н-ын нүүр лүү нь гараараа цохиод тэр хоёр хоорондоо зодолдоход нь Тэмүүлэн бид хоёр очоод салгахад Л.Н-ын хамраас цус гарсан байсан. Тэгээд Л.Н , Н.Ш хоорондоо ярилцана гээд цаана очиж суусан. Тэмүүлэн бид хоёр хараад зогсож байсан. Тэгээд тэр хоёр дахиад хоорондоо маргалдаад Л.Н Н.Ш-ыг үгээр идээд хараахад Ш уурлаад Н нүүр толгой руу нь гараараа цохиод авахад нь дахиад очоод салгасан...Тэгээд гадаа гараад юм яриад зогсож байхад Л.Н дахиад Н.Ш-т хандаад “чи пизда минь амжихгүй гуйлгачин минь” гэж хэлэхэд Н.Ш дахиад Л.Н-ын нүүр лүү цохиход Тэмүүлэн бид хоёр дахиж салгасан. Л.Н цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 21-22 дугаар тал)
3. Шүүгдэгч Н.Ш-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFC” байрны 3 давхарт Нямбаяр, Тэмүүлэн, Жаргалсайхан хамт пиво ууж байгаад гараад буцаад ороод ирэхэд Жаргалсайхан, Н хоёр маргалдсан байдалтай байхаар нь би “яагаад маргалдсан юм бэ” гэж асуухад Н “миний Хаан банкны картыг Жаагий аваад алга болгосон” гэсэн. Харин Жаргалсайхан “би аваагүй” гэсэн. Би Нямбаярт “андаа чиний картыг авах хүн байхгүй” гээд маргалдсан. Тэгээд Н өөрөө Хаан банкны картаа гаргаад ирсэн. Би “андаа байгаа биз дээ” гээд маргалдаж байхад Н миний толгой руу гараараа цохиод авахад нь би зөрүүлээд Н нүүр, толгой, хамар луу нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Бид хоёрыг Тэмүүлэн Жаргалсайхан хоёр салгасан. Гараад “КFC”-ны хойд талд байхад Н дахиад нөгөө асуудлаа яриад байхаар нь би уурлаад Н нүүр, хамар, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиход цус гарсан. Н Хаан банкны карт авсан гээд Жаргалсайхан бид хоёрыг гүтгэсэн. Би Н толгой, нүүр, хамар хавьцаа 5-6 удаа цохисон. Би Нямбаярт 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 40-43 дугаар тал)
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4928 тоот дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дээд хэсэгт 2х1 см улаан ягаан өнгийн цус хуралттай. Духны баруун доод хэсэгт 1.5х1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Хамрын амьсгал зүүн талд саадтай. Зүүн дээд 2 дугаар шүд урд гадаргуугаар эмтэрсэн. Баруун нүдний дотор буланд хөх өнгийн цус хуралттай.
2020.04.21-ний өдрийн Толгойн КТГ-д: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Зүүн талын нүдний ухархайн доод хана 1.3 см өргөн хэсэгт доош гайморовын хөндий рүү 0.4 см гүн хэмжээний цөмөрсөн хугаралтай. Зүүн нүдний ухархайн доод эслэг зайд хий тодорхойлогдоно. Хамар яс хянга хэсгээрээ цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүтэй хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч дунд 1\3 хэсгээр зүүн тийш мурийлттай...зүүн нүд, хацар болон шанаа орчмын зөөлөн эдэд хавдартай бөгөөд хий тодорхойлогдоно.
1. Л.Н-ын биед зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, дух, хамарт цус хуралт, зулгаралт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал)
5. Шүүгдэгч Н.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 53 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 54, 55 дугаар тал), шүүгдэгч Н.Ш-ын нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтас хэргийн 56-59 дүгээр тал), “Таван цамхаг орд” ХХКомпанид ажилладаг талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал), хохирогч Л.Н аас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 65-67 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ш нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 75 дугаар тал) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 76-77 дугаар тал)-ыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Ш-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Ш нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFC” түргэн хоолны газрын гадна иргэн Л.Н тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дугаар тал), гэрч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-20 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4928 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал), Н.Ш-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-43 дугаар тал), шүүгдэгч Н.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 53 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал), Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтас хэргийн 56-59 дүгээр тал), “Таван цамхаг орд” ХХКомпанид ажилладаг талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Н.Ш-ыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Н эмчилгээний зардалд баримтаар 255.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Ш 2.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь (хавтаст хэргийн 69, 70, 74 дүгээр тал) баримтаар тогтоогдсон, хохирогч Л.Н гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Н.Шинэмтамир нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба дээрх дүгнэлттэй шүүгдэгч Н.Ш мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ш-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “... учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ш нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч тохиролцож, шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Ш-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2008000000782 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Ш-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Н.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР