Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0004/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                        Э.Мичидмаа

Улсын яллагч                                           Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                Н.Д нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д холбогдох 1939006410346 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт :

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Д нь Хэнтий аймгийн Өмнөдөлгэр сумын 3 дугаар багийн нутаг Зүүн бүрд гэх газарт 2019 оны 09 сард  өөрийн үхэрт ирж  нийлсэн иргэн А.Амарбаясгалангийн алдуул мал болох 2 тооны  үхрээс 1 тооны эр  бярууг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр завшиж А.А 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч А.А өгсөн:...Манайх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын  3 дугаар багийн  нутаг Хөгнө гэх газарт  нутаглаж байна. Манайх 2019 оны  10 дугаар сард 1 тооны  улаан халзан зүсмийн  эр шүдлэн үхэр алдсан. Би яг хэдний өдөр  алдсан  гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 2019 оны 08-р сарын  сүүлээс эхэлж  ер нь үхрээ бүртгэж үзээгүй бараг үхрээ татаагүй гэж хэлж болно. Манай үхэр гэрийн ойр орчмоор  болон Хөгнө гэх газраар  бэлчдэг юм...Улаан халзан зүсмийн эр  шүдлэн үхэр  зүүн чих нь  сам имтэй, буруу чих нь цуулбар имтэй зөв талын  ташаан  толгой дээр  монгол Б тамгатай байсан...гомдолтой байна...гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 хуу/

 

Гэрч Ө.Батцэнгэлийн өгсөн: ...Манайх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг Зүүн бүрд  гэх газар нутагладаг юм.  Манайхантай ойролцоо Дарханбаяр  болон Доржоо гэх айлууд байдаг. Доржоо гэх айл нь отроор  ирээд 1 сар гаран болж байгаа, Хурх тосгоны хойноос ирсэн юм шиг байна лээ. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед  Дарханбаяр  гэх залуу утсаар  залгаад  Өмнөдэлгэр  сумын төв орох гэж байна гэхээр нь би цуг яваад  сумын төв дээрээс пад пад  трактор  ачиж ирье гээд цуг  явахаар болсон.  Тэгээд утсаар ярьсаны дараа  нь  удалгүй Дарханбаяр  өөрийнхөө цагаан өнгийн  портер  машинтай ирсэн машин дотор нь Доржоо гэх залуу суугаад явж байсан.  Ингээд би машинд нь суугаад Өмнөдэлгэр  сум руу явж байтал Доржоо хогийн цэг дээр хог хаяна  гээд сумын зүүн талын  хогийн цэг дээр ирсэн. Би машины захад  сууж явсан Доржоо жолооч бид  хоёрын голд нь сууж  яваад  бууж хогоо хаяна гэхээр нь би  буугаад Доржоог буулгасан тэгтэл машины  тэвшин дээрээс улаан халзан зүсмийн үхрийн толгой болон цус болсон гэрийн цагаан бүрээсний тасархай, үхрийн шийрнүүд  хаяж байсан, чухам  хэдэн үхрийн шийр хаясаныг би анзаарч  хараагүй. Тэгээд  сумын төв рүү хөдөлж  төвд  орж  ирээд  махны  ченж  Нараа гэх хүнд 1 үхрийн мах зарсан...Хогийн цэг дээр хаясан үхрийн толгой зүүн чих нь  сам имтэй нөгөө чих нь цуулбар имтэй үхэр байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 21-22 хуу/

Гэрч Б.Дарханбаярын өгсөн:... 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орой  гэртээ байж байхад 17 цагийн үед Д манайхаар  ирээд  сум явах унаа байна уу  гэж асууж явсан. Тэгээд би  маргааш сумын төв явна гэж хэлээд ямар  ажлаар явах гэж байгаа талаар  асуухад Д 1 бяруу ажиллаад явна цуг явья гэсэн.  Тэгээд маргааш өглөө нь  би гэрийнхээ ажлыг амжуулаад 10 цагийн үед Д ирэхэд Д гэрийнхээ гадаа  улаан халзан, 4 хөл нь цагаан бяруу  ажиллаад дуусаж байсан. Үхэр ажиллаад бараг дуусаж байхад Батцэнгэл ахын хүү Өсөхөө гэх залуу  малдаа явж байна гэж ирээд ажиллаж  байсан үхэрнээс  тусалж дуусаад  миний машин дээр ачсан  мөн Д нь гэрийнхээ  үүднээс хог  ачна гээд  машин дээр ачсан юу ачсаныг нь би хараагүй хөдөлсөн...Батцэнгэл  ахыг аваад  Д бид хэд  сумын төв рүү  явсан. Ингээд сумын төв дөхөж явахад Д хогийн цэг дээр  хог хаяна гэхээр нь би  хогийн цэг рүү  ороод зогссон...Д гэрийнхээ  гаднаас  ачсан хогоо  буулгаж байсан би ямар хог хаясаныг нь хараагүй машин дотроо сууж байсан. Тэгээд  хогоо буулгаад  сумын төв  орж  мал махны  Нараа гэх  ченжид  махаа  зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

Гэрч Ц.Наранчимэгийн өгсөн:...Би Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр  сумын төвд түүхий эд болон махны  ченж хийдэг юм. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд  манай нутгийн Дарханбаяр  гэх залуутай хамт нэг танихгүй хүн ирээд  надад 1 бярууны мах зарсан.  Тэр мах 111 кг болж 1 кг-ийг 5500 төгрөгөөр бодож  худалдаж авсан тэр мах 600.000 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

Н.Д яллагдагчаар өгсөн:..Би Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр сумын Яргайтын ар буюу Хурхын  голд  Батжаргал гэх хүний малыг  малладаг байсан юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын  сүүлээр  байх яг   хэдний өдрийг нь  санахгүй байна тэр үеэр манай  үхэрэнд  улаан, улаан халзан зүсмийн 2 эр бяруу  ирж нийлсэн байсан. Би тухайн  үед  хэний бяруунууд  гэдгийг  мэдээгүй, тэр хоёр  бяруу манай үхэрэнд ирж нийлээд 20 гаран  хоног болсон. Тэр үед тэр  хоёр бярууны  эзнийх нь сураг огт гараагүй. Тэгээд 10 дугаар сарын 10-даар  мөнгөний  хэрэг гараад  улаан халзан бярууг  нь гэрийнхээ гадаа  ганцаараа ажиллаад  саахалт айлын Дарханбаярын  машинд  махаа ачуулж аймагт  аваачиж  зарах  санаатай Давхарбаярыг гуйсан юм тэгээд  Дарханбаярын машинд  бярууныхаа  махыг ачаад  Өмнөдэлгэр  суманд ирж  махаа Нараа гэх ченжинд 600.000  төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хогийн цэг дээрээс  MN 631661, 300012 гэсэн дугаар бүхий ээмэгтэй улаан халзан зүсмийн үхрийн толгой, цагаан зүсмийн үхрийн 3 ширхэг шийрийг олж, хохирогч А.А хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааны явцад гэрэл зургууд  /хх-ийн 7-8 хуу/

Дээрх үхрийн толгой нь улаан халзан зүсмийн зөв чих сам, буруу чих чуулбар  631661, 300012 дугаар бүхий ээмэгтэй, 3-4 орчим настай эр үхэрийнх болохыг тодорхойлсон Мал эмнэлэгийн газрын лабораторийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 11 хуу/

Хохирогч А.А алдсан 1 шүдлэн үхрийг  800.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ХЦ19-47 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/

Н.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 хуу/

Н.Д иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 70, 73 хуу/

Улсын яллагчийн шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 65 дугаартай “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжийн хуулбар / хх-ийн 100-102 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Д нь Хэнтий аймгийн Өмнөдөлгэр сумын 3 дугаар багийн нутаг Зүүн бүрд гэх газарт 2019 оны 09 сард  өөрийнх нь үхэрт ирж  нийлсэн улаан халзан зүсмийн зөв чих нь  сам имтэй, буруу чих нь цуулбар имтэй 1 тооны шүдлэн эр үхрийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нядлан махыг нь бусдад зарж, хохирогч А.А 800.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 Шүүгдэгч Н.Д нь “уг үхэр нь өөрийнх нь үхэрт ирж нийлснээс хойш 20 хоносны дараа  эзэн нь ирж авахгүй болохоор нь нядалж зарсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь  гэрч  Б.Дарханбаярын “Н.Д нь үхэр нядалж Өмнөдэлгэр сумын төв рүү оруулж зарсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Батцэнгэл, Ц.Наранчимэн нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч А.А нь мэдүүлэг өгөхдөө “Би яг хэдний өдөр  алдсан  гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 2019 оны 08-р сарын  сүүлээс эхэлж  ер нь үхрээ бүртгэж үзээгүй бараг үхрээ татаагүй гэж хэлж болно” гэсэн, шүүгдэгч Н.Доржсүрэн нь  мэдүүлэг өгөхдөө “2019 оны 09 дүгээр сарын  сүүлээр  байх яг   хэдний өдрийг нь  санахгүй байна тэр үеэр манай  үхэрэнд  улаан, улаан халзан зүсмийн 2 эр бяруу  ирж нийлсэн байсан. Би тухайн  үед  хэний бяруунууд  гэдгийг  мэдээгүй, тэр хоёр  бяруу манай үхэрт ирж нийлээд 20 гаран  хоног болсон” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд уг үхрийг алдуул мал гэж үзэх үндэслэлтэй байна.  

Аймгийн Прокурорын газраас Н.Дн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

   Иймд  Н.Д алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш /300.000 төгрөгөөс дээш/ хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч  А.А 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нь шүүгдэгч нь уг хохирлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулах тухай хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан боловч энэ хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйийн 510.1 дэх хсэсэгт зааснаар түүнээс 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.А олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Н.Д нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны  өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 65 дугаартай  захирамжаар 9 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байх бөгөөд хяналтын хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөх дуусах байжээ. Гэвч шүүгдэгч Н.Доржсүрэн нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Д алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Д 400 /дөрвөн зуу/  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 50 /тавь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны  өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар  оногдуулсан  хорих ялаас эдлээгүй үлдсэн  9 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 11 / арван нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Д оногдуулсан 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдасугай.

 

6. Монгол Улсын  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйийн 510.1 дэх хсэсэгт зааснаар шүүгдэгчээс 800.000 / найман зуун мянга/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 хороо, Ногоолин 1-8 тоотод /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг/  оршин суух хохирогч А.А /рд:цг75122278/ олгосугай.

7. Шүүгдэгч Н.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.

 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ОДХҮҮ