| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0060/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0060/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц-т холбогдох 2039000..........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Ц
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Сансар хорооны 6-614 тоотод Л.Буянтогтохын гэрт Э.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүр рүү мөргөж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Сансар хорооны 6-614 тоотод Л.Буянтогтохын гэрт Э.Т-тай маргалдаж нүүр рүү нь мөргөж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Биндэр сумын төвд байх өөрийн гэртээ байж байгаад ойролцоогоор 14 цагийн үед өөрийн хуурай дүү Ц-ийг мод хөрөөдөөд өгчих гээд гуйсан юм. Тэгэхэд Ц тэгье гээд манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд Ц нь модыг маань хөрөөдөөд өгөхөөр нь би Ц-т баярлалаа гээд 1 шил 0.5-н хараа нэртэй архи гаргасан. Тэгээд бид хоёр уг архиа манай гэрт хувааж ууцгаасан. Тэгээд уг архи маань дуусчихаар нь би ахиад 1 шил 0.5-н ерөөл нэртэй архи гаргасан. Тэгээд бид хоёр уг архиа ахиад ууж дуусгачихаад Буяудай гэх айл руу явахаар болсон. Тухайн үед ойролцоогоор 17 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Яг цагийг нь тодорхой бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд Ц бид хоёр Буяудай ахын гэрт нь очсон бөгөөд очихдоо бид хоёр 1 шил 0.5-н ерөөл нэртэй архитай очсон. Тухайн үед Буяудай ах гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд бид гурав уг нэг шил архиа хувааж ууцгаасан ба хувааж уугаад байж байхад нээх удалгүй Ц нь Буяудай ахад агсараад Буяудай ахад хандан “та манай гэрээр битгий согтуудаа орж ирж байгаарай. Эрүүл үедээ л орж ирж бай” гээд байсан. Тэгэхээр нь би Ц-т хандан “чи яах гээд байгаа юм бэ. Настай, ядарсан хүнийг” гэж хэлэхэд Ц нь надад хандан “танд ямар хамаа байсан юм” гээд шууд л намайг мөргөсөн. Тэгээд намайг тонгойход Ц нь намайг түлхэж унагаагаад дээрээс нүүр рүү маань хальт өшиглөсөн. Тэгэхэд Буяудай ах Ц-ийг болиулсан. Тэгэхээр нь би Буяудай ахын гэрээс нь шууд гараад яваад өгсөн бөгөөд тэндээсээ би шууд гэртээ харьсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. ... Миний хамар муруйж, зүүн нүд маань хөхөрсөн. Өөр ямар нэгэн гэмтэл, шарх гэх зүйл миний биед учраагүй. ... Миний биед учирсан гэмтэл шархыг Ц нь учруулсан. Өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй. ... Тухайн үед Ц нь намайг Буяудай ахыг өмөөрлөө гээд л уурлаад зодож цохисон. ... Би тухайн үед өөрөө согтуу байсан учир Ц-ийг яг хэр согтолттой байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна. Миний хувьд бол би ямар ч байсан өөрийгөө хангалттай аваад явчих чадвартай байсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/
2. Гэрч Д.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Биндэр сумын төвд байх гэртээ байж байгаад ойролцоогоор 12 цагийн үед угаалгын машинтай айлд очиж хувцас хунараа угаахаар болоод гэрээсээ гарсан. Тухайн үед манай нөхөр Т нь гэртээ ганцаараа үлдсэн юм. Тэгээд би угаалгын машинтай айлд очиж хувцас хунараа угаачихаад орой ойролцоогоор 19 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр маань гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би гайхаад хааччихсан юм бол гэж бодоод нөхрийгөө ирэхийг нь хүлээгээд байж байхад ойролцоогоор 20 цаг орчмын үед шиг санаад байна. Яг тодорхой бол хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр Т нь хүнд зодуулсан бололтой хамар нь муруйчихсан, хамарнаас нь цус гарсан байдалтай гэртээ хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нөхөртөө хандан “яасан бэ? юу болсон” гэхэд манай нөхөр Т нь надад хандан “Ц-т зодуулчихлаа” л гэж хэлсэн. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Миний мэдэж байгаа зүйл ийм л байна. Надад өөр мэдэж байгаа зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
3. Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Биндэр сумын төвд байх гэртээ байж байхад ойролцоогоор 14 цагийн үед миний хуурай ах Т нь над руу утсаар яриад надад хандан “ахдаа түлээ хөрөөдөөд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Т ахын гэрт нь очсон. Тухайн үед Т ах гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд би Т ахын түлээг нь хөрөөдөж өгөөд дуусахад Т ах баярлалаа гээд нэг шил 0.5-н архи гаргаж ирсэн. Тэгээд бид хоёр уг архийг нь хувааж уугаад дуусахад Т ах ахиад нэг шил архи гаргасан. Тэгээд бид хоёр уг архийг нь ахиад хувааж уугаад дуусгасан. Тэгээд бид хоёр Буяудай ахынх руу очихоор болцгоосон бөгөөд тухайн үед ойролцоогоор 17-18 цагийн үе л байсан. Тэгээд бид хоёр Буяудай ахын гэрт очсон бөгөөд очихдоо нэг шил архитай очсон юм. Тэгээд уг архиа Буяудай ах, Т ах бид гурав хувааж ууцгаасан. Тэгээд би архиндаа согтоод тасарчихсан бөгөөд хальт нэг сэргэхэд би Т ахыг мөргөж байх шиг л байсан. Яг тодорхой бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд цааших үйл явдлыг нь би огт санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд л цагдаа дээр ирчихсэн байсан. Миний мэдэж байгаа зүйл ийм л байна. Надад өөр мэдэх зүйл алга байна. ... Би тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байсан учир ямар учраас Т ахтай маргалдаж муудалцсан болохоо санахгүй байгаа юм. Надад энэ талаар мэдэх зүйл алга байна. ... Т ахын биед учирсан гэмтлийг би согтуудаа учруулсан байна. Надаас өөр ямар нэгэн хүн Т ахын биед гэмтэл учруулаагүй. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. ... Би лав тухайн үед архиндаа согтоод тасарчихсан байна. Би тухайн үед тасарчихсан байсан учир Т ахыг хэр согтолттой байсан болохыг нь хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/
4. Гэрч Л.Буянтогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Ц гэх хүнийг танина. Ц нь миний төрсөн эгчийн маань охинтой гэр бүл болсон юм. Нэг ёсондоо манай хүргэн маань байгаа юм. Иймд бид хоёр хамаатан садны холбоотой. ... Би мэдүүлэг өгнө. ... Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Биндэр сумын 5 дугаар багийн нутаг Сансар хорооны 6-614 тоотод байх гэртээ хоол ундаа хийгээд байж байхад ойролцоогоор 17-18 цагийн үед шиг санаад байна. Яг тодорхой бол хэлж мэдэхгүй байна. Т, Ц нар нь 1 шил 0.5-н архитай гэрт маань ирсэн. Тэгээд бид гурав уг архийг нь хувааж ууцгаасан бөгөөд уугаад байж байхад Ц нь надад хандан “ та дандаа архи уудаг, битгий согтуу манай гэрээр орж ирээд байгаарай ” гээд надад агсарч томроод зодох гэсэн. Тэгэхэд Т нь Ц-т хандан “ чи мөрөөрөө байгаа хүнийг яах гээд байгаа юм, болиоч ” гэж хэлсэн. Тэгэхэд Ц нь Т-д хандан “ яадгийн, танд хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд Ц, Т хоёр хоорондоо маргалдаж муудалцсан бөгөөд Ц нь уурандаа Тын нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн юм. Тэгэхээр нь би Цийг болиулахад Т нь манай гэрээс гараад яваад өгсөн. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Би Цийг Тыг өшиглөсөн эсэхийг нь бол хараагүй. Миний мэдэх зүйл ийм л байна. ... Тухайн үед Т нь намайг өмөөрөөд Цтэй маргалдаж муудалцсан. Тэгэхэд Ц нь уурандаа Тын нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн юм. ... Тухайн үед Т нь Ц-т мөргүүлээд хамарнаас нь цус гойжсон ба цусаа гойжуулаад л гэрээс маань гараад яваад өгчихсөн учир би Тын биед яг ямар гэмтэл шарх учирсан болохыг нь анзаарч сайн харж чадаагүй. Иймд би энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. ... Тын биед учирсан гэмтэл шархыг Ц л учруулсан. Өөр ямар нэгэн хүн учруулсан асуудал байхгүй. ... Тухайн үед Т, Ц нар нь манай гэрт анх ирэхдээ хоёулаа согтуу байсан ба Тыг гаднаас нь харахад гайгүй л юм шиг харагдаж байсан. Харин Цийг гаднаас нь харахад нилээн л согтолттой юм шиг харагдаж байсан. Өөрөөр надад мэдэх зүйл алга байна. ... Намайг ах дүү, хамаатан садан, найз нөхөд, танилууд маань бүгдээрээ Буяудай гэж дууддаг. Уг нь миний жинхэнэ нэрийг маань Буянтогтох гэдэг юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №48 дугаартай:
“...1. Э.Т-ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 10, 49 тал/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Ц-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ