| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0029/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0029/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч М.Гэрэлбадрах,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б холбогдох 1939... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг Цагаан чулуут гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдөр иргэн Э.О-н алдагдсан үхэр Улаан халзан үнээ, Улаан халзан бярууг өөрийн үхэр сүрэгт нийлэхэд нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг Цагаан чулуут гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдөр иргэн Э.Отгонсүрэнгийн алдагдсан үхэр Улаан халзан үнээ, Улаан халзан бярууг өөрийн үхэр сүрэгт нийлэхэд нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр завшсан болох нь:
Хохирогч Э.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 25-26 ны өдрийн хооронд манайх зуслангаасаа 2 тооны үхрээ алдсан юм. Улаан халзан үнээ, улаан халзан бяруу алдсан юм. Ингэхдээ бэлчээр дээрээсээ алга болсон. Би бодохдоо хуучин өвөлжиж зусаж байсан галттайн тасаг руу явсан байх гэж бодож байгаа юм. Манай хүүхдүүд араас нь эрэл сурал болоод явсан боловч олоогүй. Тэгээд сүүлд мөрдлөгийн явцад Н.Б манай хоёр үхрийг авч нядалж авч явсан болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
Гэрчээр Н.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрөөсөө мал гаргаж нядлаад Улаанбаатар хот руу явуулахаар болсон. Тэгээд өөрийнхөө үхрээс шар эрээн бяруу нэгийг , ухаа хялзан бяруу нэгийг тус тус нядалчхаад ард нь дахиад айлын хоёр үхэр нядалсан. Тэр хоёр үхэр манай үхэртэй нийлсэн байсан. Энэ шийдвэрийг би ганцаараа гаргасан. Улаан халзан үнээ, улаан халзан бяруу байсан. Эхлээд би өөрийнхөө 2 хоёр бярууг нядалчихаад эхнэрийг гэрт юм хийж байх хооронд айлын хочр бярууг сүхээр цохиж унагаасан. Тэгэхдээ гэрийнхээ баруун урд нядалсан. Тэгээд эхнэр гарч ирээд чи яаж байгаа юм бэ хүнийг малыг ингэж болдог юм уу гээд их зэмлэж буруушаасан. Тэгээд уурлаж байгаад нэгэнт алчихсан юм чинь яалтай билээ гээд авч явахаар шийдсэн. Тэгээд 4 үхрээ нядлаад дууссаны дараа Биндэрээс авч явах машин ирсэн. Тэр хүн Биндэрийн Төмөр гэдэг хүн байгаа юм. Эхнэр бид хоёр өмнөх орой нь 2 бярууны мах ачуулахаар утасдаад тохирчихсон байсан юм. Тэгээд ирээ яагаад 4 болчихсон юм гэж асууж байсан. Тэгээд бүгдийг нь ачуулаад явуулсан. Манай эхнэр махаа Улаанбаатар хотод зарчихаад ирсэн. Эхнэрээ явснаас хойш хүний мал нядалсандаа санаа зовоод 3 хоног архи уусан ийм л зүйл болсон... 2019 оны 09 дүгээр сарын 27-28-ны үеэр орж ирсэн байхаа. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Үнэхээр шуналаасаа болж буруу зүйл хийсэн. Хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,
Малын үнэлгээ /хх-ийн 26-27 тал/,
Хохирол барагдуулсан тэмдэглэл /хх-ийн 48 тал/
Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б дээрх үйлдэл нь бусдын алдуул малыг завших буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Н.Б-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Э.О ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 48 тал/ гэсэн тул шүүгдэгч Н.Болор-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Бд 1.000.000 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Б-н хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс торгуулийн ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г бусдын алдуул малыг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Б нь түүнд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд сард 300.000, 300.000, 400.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогү болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА