| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0031/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0031/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар М.Мичидмаа
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэлүүд овогт Хүрэлтогоогийн Х.Г д холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Г нь нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 26-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг “Жаргалат” гэх газар иргэн Д.Г нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг “Жаргалат” гэх газар иргэн Д.Г-н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “ Батхуягийн гэрээс гараад хүргэн дүүгийн хамтаар хүргэн дүү Анхбаярын гэрт очих гэж явж байгаад замд нэг хүн гараа өргөөд зогсож байсан. тэгээд зогсоод цонхоо онгойлгоод юу болсон талаар асуух гэтэл миний зүүн хацар хэсэг руу гараараа цохих үйлдэл хийсэн. Тэгтэл хутгаар зүссэн байсан. хацар хэсгээс цус гойжиж байхаар нь цоноо хаагаад шууд давхисан... Би дахиад Хэрлэнгийн гүүрний урд байдаг нэг колонкийн гадаа очоод түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 тал/
Гэрч Д.Түвшинжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өчигдөр өглөө 10 цагийн орчим өөрийн эзэмшлийн 83-82 БРА улсын дугаартай хөх өнгийн Bongo маркийн хэрэгсэлтэй Багануур дүүргээс нүүр авах зорилготой Ган-Эрдэнэ гэх манай бага ангийн найзын хамтаар явсан. Тэгээд нүүрсээ авчихаад Цэнхэрийн Согоот багийн Согоотын аман дахь өвөлжөөн дээрээ буулгаад Даваадорж гэх айлд очсон. Тэднийх тамганы найр хийж байсан... Тэгээд Даваадоржийнхоос гараад Батхуяг гэх айлд очсон. Тэнд Д.Ганболд байсан Анхаа гэх Ганболдын хүргэн дүү, би, манай найз Ган-Эрдэнэ байсан... Ганболд, Ган-Эрдэнэтэй ам муруйж эхлэх гээд байх шиг байсан. Би байдал муугаар эргэж магадгүй гэж бодоод Ган-Эрдэнийг аваад гарсан. Тэгсэн Ган-Эрдэнэ миний Bongo-ний жолоон дээр суугаад гэр рүү явах санаатай хөдөлсөн. Би бас тухайн үед согтуу байсан болохоор санахгүй байна. Нэг сэрэхэд машин араас хөөгөөд байсан. Нэг мэдэхэд би гадаа унтаж байсан. Тэгээд би өглөө хээр сэрсэн...” гэх мэдүүлэг......./хх-ийн 11 тал/
Гэрч Х.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн Жаргалант гэх газарт нутаглаж байсан Тунгалаг гэх айл найз Түвшинжаргалын хамт очсон. Тэгтэл гаднаас хойш согтуу залуу орж ирсэн. Тэгээд намайг хүнтэй андуурсан юм шиг хэл амаар ална шулна гээд нэг залуу нь доромжлоод байсан. Тэгэхээр нь Түвшинжаргалыг суулгаад машинтай нь хөдлөөд явж байтал Тунгалаг эгчийн гэрээс 2 км орчимд машины гэрэл маслод унтарсан. Тэгээд би машинаа зогсоогоод байж байтал араас ирсэн машин гэрлээ тусгаад зогсохоор нь очсон чинь Тунгалаг эгчийн гэрт намайг хэл амаар доромжлоод байсан залуу машинаас бууж ирэх гэхээр нь би онгорхой цонхоор нь баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь машинтайгаа хөдлөөд явсан. Тэгээд би машиныхоо салоныг цохиод байсан чинь гэрэл асахаар нь би явсан. Намайг машинаас буусны дараа Түвшинжаргал машинаас буусан байсан. Би тэр хариад хайгаад олоогүй... Ингээд би маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Би тэр залууг гараараа цохисон. Ямар нэгэн юм гартаа бариагүй байсан. Харин миний баруун гарт том саран цохиотой монетон бөгж байсан. Би тэр бөгжөө Улаанбаатар хотод Драгон төв дээр явж байгаад мөнгөний хэрэг гарахаар нь зарсан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/
Гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр найранд манай сумын Түвшинжаргал, Ган-Эрдэнэ нар цуг явж байсан. Бид хоёрыг очсоноос хойш 20 гаран минутын дараа Түвшинжаргал, Х.Г 2 машинтайгаа хөдлөөд явсан. Үүнээс хойш удалгүй манай гэр рүү явж байтал Бонго машины хажууд нэг хүн гараа өргөөд машиных нь гэрэл унтарчихсан зогсож байсан. Ингээд Ганболд ах машинаа зогсоогоод жолооч талын цонхоо онгойлгоход цаанаас нөгөө Ган-Эрдэнэ гараараа цохиод авах шиг болсон. Тэгтэл Ганболд ах яаж байна аа гээд цонхоо хаагаад хөдөлсөн. Тэгээд жоохон явж байгаад заалны гэрлээ асаагаад гараараа хацраа барьж үзэхэд гар нь цус болсон байсан. Тэгээд намайг ахиулаад харахад зүүн хацрыг нь юмаар зүссэн юм шиг цус гараад байсан. Ингээд цаашаа Хэрлэнгийн гүүр ойртож очоод Багануур дүүрэг рүү түргэн дуудаад түргэний машинаар Багануур руу бид хоёр цуг явсан. Тэгээд эмнэлэгт очоод хацартаа хоёр оёдол тавиулсан. Х.Ган-Эрдэнийн гарт хутга харагдаагүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №227 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “... Д.Ганболдын биед зүүн хацарт нэвтэрсэн оёдолтой шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 15 тал/
Шүүгдэгч Х.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Ган-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Г д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Г нь “гомдол саналгүй, бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролд эмчилгээний төлбөр 250.000 төгрөгийг авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 58 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Х.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Г д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Х.Г д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сард 200.000, 200.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Г д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА