Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0094/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга:                                             Э.Мичидмаа

Улсын яллагч:                                                           Ж.Батбаатар

Иргэдийн төлөөлөгч:                                                Л.Амармэнд

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                          С.Нарангэрэл

Шүүгдэгч:                                                                  Б.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1939...дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвийн Баянмод баг, Модотын 1-6 тоотод иргэн С.Э тай хэрүүл маргаан үүсгэж цээж болон баруун шуунд хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 тал/,

                 Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 тал/,     

                 Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/,

                 Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14, 17 тал/,

 

Хохирогч С.Э ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн”...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр барилга дээр ажиллаж байгаад орой ажил тарахаар нь хамт ажилладаг Б.Б гэдэг хүний гэр рүү Даваа, Б.Б бид 3 сумын дэлгүүрээс 0.75 л хараа нэртэй архи аваад очсон. Бид гуравыг Б.Бын гэрт очиход хүн байхгүй байсан. Тэгээд Батболын гэрт Даваа, Б.Б бид гурав дэлгүүрээс авчирсан архиа хувааж ууж дуусгасан. Дараа нь бид гурав дахин Цэнхэрмандал сумын зоогийн газраас 2.5 литрийн нийслэл нэртэй пиво авч уусан. Тэгээд пиво ууж дуусахад Б.Б нилээн согтуу болсон байхаар нь Б.Быг орон дээр нь унтуулах гээд хэвтүүлсэн. Тэгсэн Б.Б эргэж босож ирээд агсам согтуу тавиад байхаар нь би та одоо унтаа гээд уурласан. Тэгсэн Б.Б ах гал тогооны шүүгээнээс хамаг хутгануудаа гаргаж ирээд байсан. Тэгээд ясан бариултай нэг хутга аваад нааш цааш нь эргүүлж байгаад гэнэт намайг хатгасан байх, нэг мэдэхэд би эмнэлэг дээр сэрсэн. Тухайн үед Б.Б хутгаа эргүүлж байгаад намайг хатгасан юм шиг байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-21 тал /

 

Гэрч Ж.Даваагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 2018 оны 12 дугаар сарын 21-нд Илжигний уурхайд байшин буулгах гэж ирсэн юм. Тэгээд өмнө нь таньдаг байсан Эрхэмбаяр, Б.Б нартай 20 цагийн үед таараад сумын төвд байх Цэлмэгцэнхэр хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи 2 шилийг авч Цэнхэрмандал сумын Баянмод багийн 2-р гудамжид байх Б.Бын гэрт очиж ууцгаасан юм. Тэгээд би 1 шил архи ууж байгаад унтчихсан юм. Эхний архиа ууж байхад бид 3 маргалдсан юм байхгүй. Б.Б намайг сэрээгээд бид хоёр маргалдаад би Эрхэмбаярыг хутгалчихлаа. Эмнэлэгт хүргэсэн байгаа гээд хамт сумын эмнэлэгт очсон юм. Тэгтэл сумын эмнэлгийн ажилчид намайг Эрхэмбаяр дээр оруулаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 тал /

 

Гэрч А.Төрбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би хүүгээ хутгалсныг сонсоод 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хүүгээ сахиж байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31 тал/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07- ны 3 өдрийн 35 дугаартай шинжээчийн: “... С.Э ын биед цээжний зүүн талд нэвтэрч хутгалагдсан шарх, баруун шуунд шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо Дээрх гэмтэл нь ирт үзүүртэй зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. -Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь:  “2018 оны 12 дугаар сарын 22-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд С.Э , Ж.Даваа нарын хамт байшин буулгаж байгаад орой ажил тараад манай гэрт очсон. Хэрэг болох үед  архиа ууж дуусгаад С.Э ыг унтуулах гэж хэрүүл маргаан үүсгээд барьсан байсан хутгыг нь булаалцалдаж газраар өнхөрөөд хутгыг нь авсан. С.Э   гутлаа өмсөөд гарсан. Буцаж орж ирээд орон дээр унасан. Дээш нь эргүүлээд харахад хутгалсан байсан. Тухайн үед гараад явахад нь хутгалсан талаар мэдээгүй, орж ирсэнийх нь дараа л мэдсэн”... гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь: “Энэ хэрэг явдал гараад 1 жилийн хугацаа өнгөрч байна. 1 жилийн хугацаанд өмгөөлөгчийн зүгээс ганц хүсдэг юм бол хохирогчид гэмтэл учирсан гэдгийг няцаагаагүй, гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн юм бэ, хутга нь цустай байна шинжилгээнд явуулаачээ гэдэг асуудлыг удаа дараа тавьсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1,1.3 дахь хэсэгт  заасан нотловол зохих байдлыг заасан байдаг. Б.Бын ямар санаатай үйлдлийн улмаас гэмтэл учирсан юм бэ гэдэг асуудлыг нотлож өгөөчээ гээд бүтэн жилийн хугацаанд явж байна. Өнөөдөр шууны гэмтэл нь эхлээд үүссэн юм уу, цээжний гэмтэл нь эхлээд үүссэн юм уу шууны гэмтэл ямар үүднээс үүссэн юм,  цээжний гэмтэл ямар үүднээс үүссэн юм гэдгийг тогтоогоогүй. Улсын яллагч цээжинд хутгалсан гэмтэл нотлогдож тогтоогдсон гэж хэлж байна. Энэ үг өөрөө хариуцлагтай үг. Яагаад гэвэл  энэ асуудлын талаар хохирогч С.Э  яллагдагч Б.Б 2 мэддэг.  Хохирогч мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгөхдөө Б.Б гэх хүн намайг санаатай хатгасан гэдэг мэдүүлэг өгөөгүй. 2 удаа мэдүүлэг өгөхдөө 2 өөр байдлаар мэдүүлэг өгсөн. Эхнийх нь хутга бариад эргүүлж байхдаа хатгасан байх, дараагийн мэдүүлэгтээ  хутганы бөгсөөр цохиж байсан тэгэхдээ л намайг хатгасан байхаа би сайн мэдэхгүй байна гэж ярьдаг. Дахиад хохирогчийн мэдүүлэг авъя гэхэд  би өөрөө агсан хүн юм аа, хутга барьж энэ хүн рүү дайрсан нь үнэн, хутга булаалцалдсан нь үнэн гэсэн асуудлыг ярьдаг. Хохирогч өөрөө хувийн байдлын хувьд ямар хүн бэ гэдэг нь  Бауржан гэх хүний мэдүүлэг байгаа мөн С.Э  нь ноцолдож байгаад хутгалуулсан, 12 сард шүүх хурал болоход мөн архи ууж агсан тавьж байгаад гэмтэл авсан. Хохирогч хувийн байдлын хувьд ямар хүн байна вэ гэдгийг анхааралдаа авч өгнө үү гэж хүсэж байна. Хутга бариад булаалцалдсан, ноцолдсон асуудлыг хувцас нь урагдсан байдалтай байсан гэж тухайн сумын эмч хэлдэг, хутга булаалцалдсан гэж хохирогч өөрөө хэлдэг. Гэм буруугийн хэлбэр нь өөрөө эргэлзээтэй байгаа учраас зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас өмгөөлөгчийн зүгээс орж байна.  Улсын яллагч санаатай үйлдсэн гэж яллаж байгаа бол Б.Бын ямар үйлдлийн улмаас хохирогчийн цээж шуу 2-т нь гэмтэл гарсан юм бэ,  эхэлж алинд гэмтэл учруулсан юм бэ гэдгийг хангалттай нотлоод өгсөн бол өмгөөлөгч авах шаардлага алга эргэлзээтэй байгаа учир би энд байна. Прокурорын хариуцлагагүй ажиллагаа байсан. Хохирогчоос Б.Б намайг санаатай хутгалсан гэж мэдүүлэг өгөөгүйг мэдсээр байж хутгийг шинжилгээнд явуулаагүй. Хутганы ирмэгний урт шархтай тохирч байсан уу гэдгийг шалгуулах боломж байсан”... гэж маргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ж.Батбаатар нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч санаатай хутгалаагүй болгоомжгүй үйлдэл юмаа гэсэн байр сууринаас өмгөөллөө явуулж байх шиг байна. Улсын яллагчийн зүгээс яагаад санаатай хутгалсан гэж үзэж байгаа вэ гэхээр мөрдөн байцаалтын шатанд өөрийнх нь өгсөн мэдүүлэг байгаа. Хэрэг болсны маргааш нь мэдүүлэг өгсөн. Одоо болохоор юу ярьсанаа санахгүй байна. Өөртөө ашигтай байдлыг нь санаад, ашиггүй байдлыг нь санахгүй байгаа нь хувийн байдлыг нь харуулж байна. Иймд гэм буруутайд тооцуулах саналтай байна гэж маргажээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Быг зэвсэг ашиглан хохирогч С.Э ын биед хүнд хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчилж гэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Э ыг шууд санаатай хутгалж хүнд гэмтэл учруулах талаар сэдэлт, санаа зорилго байсан эсэх талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэм буруугийн санаатай хэлбэр байсан болох нь тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөж шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж шүүхэд хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын биед учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл үүсгэсэн, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж их зэрэг байдлыг харгалзан түүний галт зэвсэг хэрэглэх эрхийг хасаж 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай шаргал өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 150 /нэг зуун тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэнийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын галт зэвсэг хэрэглэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б-г цагдан хорьсугай.

 

6. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 150 /нэг зуун тавь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бариултай 26 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧИД                                     Ц.МӨНХТУЛГА

 

                                                       Д.ГАНЗОРИГ

 

                                                       Э.ОДХҮҮ