Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 590

 

М.Батцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06121 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Батцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Санжжав, Ц.Цэвээнжид нарт холбогдох

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 40-222В тоот 178,4 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Энхжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Өлзийбаяр,

Хариуцагч Ц.Цэвээнжидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Дугарцэцэг

Хариуцагч А.Санжжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Батцэцэг нь нөхөр Ч.Ганхуягийн  хамт 2002 онд амаар тохиролцон Дугарцэцэгээс 350 000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 40‑222 в тоотод байрлах 700 м.кв газраас 178,4 м.кв газрыг худалдан авсан. Тухайн үедээ газар өмчилж эхлээгүй, эзэмшлийнх байсан, мөн хөдөөний бичиг баримттай байсан учир газрын гэрчилгээг гаргуулж авч чадаагүй. Харин 2004.12.08-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээг бичгийн хэлбэрт оруулж, хаягаа шилжүүлэхээрээ газрын эрхээ шилжүүлж авъя гэсэн тохиролцоог  Д.Энхбат Ц.Цэвээнжид нартай хийсэн.  Ц.Цэвээнжидтэй уулзахад танайд зарсан газраас бусад газраа Санжжавд  зарсан, гэхдээ танай газрыг тусад салгаж өгөхийг Санжжавд хэлсэн гэсэн. Хуваагаад шилжүүлчихнэ гэсэн гэхээр нь итгээд өнгөрсөн. Ингээд 2009 онд газар худалдах, худалдан авах гэрээг талийгаач болсон нөхөр Ганхуягийн нэр дээр хийгдсэн байсан учир эхнэр Батцэцэг өв залгамжлагчаар тогтоогдон өв залгамжлах эрхийн гэрчилгээ авсан. Уг гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгөд  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 222в тоот 178.4 м.кв газрын өмчлөх эрх орсон юм. Гэтэл 2014 оны наадмаар манайхыг эзгүй байх хугацаагаар Санжжав манай татсан хашааг бидний зөвшөөрөлгүй, цааш татаж сунгасан байсан бөгөөд газрыг Санжжавын газартай нийлүүлж бүхэлд нь түүний өмчлөлд шилжсэн болохыг мэдээд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд гомдол гаргасан. Уг албанаас 2014.06.27-ны өдрийн 759 тоот албан бичгээр уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. Санжжав, Оюунчимэг нар нь өөрт авсан газраасаа 355 м.кв газрыг Г.Энхбатад зарж түүнд гарц гаргаж өгөхийн тулд өөрт үлдсэн газраасаа гудам гарган газраа миний газраас нөхөж авсан байгаа нь нотлох баримтаар харагдаж байна. Хэдийгээр Ц.Цэвээнжид, А.Санжжав нарын хооронд хийгдсэн бичгийн хэлцэл нь 700 м.кв газрыг бүхэлд нь бэлэглэж шилжүүлснээр бичгийн хэлцэл нь хийгдсэн байх боловч Ц.Цэвээнжид нь өөрийн өмчлөлийн 700 м.кв газраас 1778,4 м.кв газрыг Ч.Ганхуягт /М.Батцэцэгийн нөхөр/ өмнө нь зарсан, үлдсэн газраа /521,6 м.кв/ өөрт нь зарж байгаа гэдгийг А.Санжжавт хэлсний дагуу А.Санжжав 521,6 м.кв газар худалдан авч байна гэдгээ ойлгосон. Хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдах-худалдан авах гэрээ байхад, хавтаст хэрэгт бэлэглэлийн гэрээ гэж орж ирсэн нь талууд хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ гэж харагдахгүй байна. 13 хоногийн өмнө 178,4 м.кв газрыг зарж гэрээ хийж, нотариатаар батлуулчихаад, зарсан газраа хасахгүйгээр хэлцэл хийжээ.  

Иймд  М.Батцэцэг намайг Ц.Цэвээнжидээс А.Санжжавт 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 700 м.кв газраас 178,4 м.кв газрын өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Санжжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Санжжав нь маргаан бүхий 700 м.кв газрыг 2004.12.13‑нд Ц.Цэвээнжидээс худалдаж авсан. 2010 онд Г.Энхбатад газраасаа  355 м.кв газрыг зарж, 74 м.кв газрыг орц, гарц болгосон. Одоо манай эзэмшлийн газар 271 м.кв болсон. М.Батцэцэгийн маргаад байгаа 178.4 м.кв газар нь Баянзүрх дүүргийн газрын албаны мэдээллийн санд бүртгэлгүй. Нэхэмжлэгч газрыг 2002 онд худалдаж авсан гэж ярьж байна. 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулаад, уг өдрөө нотариатаар орж, 612 гэсэн дугаараар бүртгэгдсэн гэрээ байгаа. Гэрээнд Энхбат гарын үсэг зураад 0965185 дугаартай иргэний үнэмлэх хуулбарлагдсан. 0965185 дугаар бүхий иргэний үнэмлэхийг 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олгосон гэсэн байна. Гэрээний ард талд байгаа иргэний үнэмлэхийн зураг дээр 2008 онд олгогдсон гэж байна. Яагаад 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон иргэний үнэмлэх 2004 оны гэрээнд  оров. Иймд уг гэрээ нь 2008 оноос хойш нөхөж хийгдсэн хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Ц.Цэвээнжид шүүхэд гаргасан тайлбартаа: Манай хадам ээж, нөхөр хоёрын нэр дээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 40‑222в тоот 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ байсан. Бидэнд мөнгө  хэрэгтэй болоод  2002 онд  М.Батцэцэг, түүний нөхөр Ганхуяг нартай тохиролцон газраасаа 178,4 м.кв газрыг 250 000 төгрөгөөр зарсан. Дараа нь Санжжавд үлдэх газрыг зарсан. Санжжавд газрыг зарахдаа бид нар бүгдээрээ байж байгаад Ганхуяг гэдэг айлын 178,4 м.кв орсон байгаа шүү, дараа нь бичиг баримтаа авахдаа салгаж, тус тусдаа авна шүү гэдгийг маш тодорхой хэлж байсан бөгөөд бүгд зөвшөөрсөн. Манай нөхөр Д.Энхбат нь бичиг баримтаа байнга хаяж, гээдэг, тэгээд шинээр авдаг учраас иргэний үнэмлэхний дугаар нь өөр болсон байх. Түүнээс биш бид нар хуурамч бичиг баримт үйлдээгүй. Ингээд СанжжавД үлдэх газраа шилжүүлсэн учраас Батцэцэг, Ганхуяг нартай амаар тохиролцсон гэрээгээ бичгийн хэлбэрт оруулсан нь үнэн. Иймд Санжжавыг тохирсон ёсоор Батцэцэгт 178.4 м.кв газрыг нь шилжүүлэхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар, хариуцагч Ц.Цэвээнжид, А.Санжжав нарт холбогдох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 40‑222в тоотод байрлах 178.4 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч М.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч М.Батцэцэгийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч М.Батцэцэг нь нөхөр Ч.Ганхуягийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-222 а тоотод байрлах 700 м.кв газраас 178.4 м.кв газрыг 2002 онд амаар тохиролцон Ц.Цэвээнжид, Д.Энхбат нараас 250 000 төгрөгөө шилжүүлэн өгч, худалдан авсан ба талууд уг тохиролцоогоо 2004.12.08-ны өдөр бичгийн хэлбэрт оруулан гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогддог. Үүний дараа буюу 2004 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Ц.Цэвээнжид бэлэглэлийн гэрээгээр хариуцагч А.Санжжавт 700 м.кв газраа шилжүүлсэн байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэг байршил бүхий газрын 178,4 м.кв талбайтай хэсэгт давхцал бүхий 2 өөр гэрээ байгаа бөгөөд цаг хугацааны хувьд сүүлд байгуулагдсан буюу Ц.Цэвээнжид А.Санжжав нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байх боломжгүй юм. Учир нь 700 м.кв газраа бүхэлд нь бусдад бэлэглэх эрх Ц.Цэвээнжидэд байхгүй, нөгөө талаас А.Санжжавын хувьд өмнөх худалдан авагч Ганхуяг, Батцэцэг нарын хотод ирсэн үед нь үл маргах журмаар 178,4 м.кв газрыг нь шилжүүлж өгнө гэсэн амлалт өгч 521.6 м.кв газар нь өөрт нь шилжин ирж байгаа гэдгийг мэдэж байсан үйл баримт тогтоогддог бөгөөд тухайн үедээ бодит газар дээрээ хэлэлцэн тохирсон хуваалтыг хийж хашаагаар тусгаарлан маргаан гарах үеийг хүртэл 10 гаруй жил амьдарсан байгаагаас харж болно. Хариуцагч Ц.Цэвээнжидээс хариуцагч А.Санжжавт 700 м.кв газраа шилжүүлсэн 2004 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл юм.

Ц.Цэвээнжид, Д.Энхбат нар нь Ч.Ганхуяг Батцэцэг нарт 2004.12.08-ны өдөр 178.4 м.кв газар зарж, 700 м.кв газраас үлдэх газраа А.Санжжавд 2004.12.21-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ газрын хэмжээг 700 м.кв гэж бичсэн нь нэхэмжлэгч М.Батцэцэгийн нэхэмжлэл хариуцагч Ц.Цэвээнжид болон түүний төлөөлөгч Р.Дугарцэцэг нарын шүүхэд гаргасан тайлбар, гэрч Д.Энхбатын мэдүүлэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2015 оны 1/774 тоот шинжээчийн дүгнэлтийн 3, 7 дугаар хавсралтаас А.Санжжав нь Ц.Цэвээнжидээс үлдэх газрыг худалдан авснаас хойш 2013 оныг хүртэл 216 м.кв газрыг эзэмшиж байсан нь тодорхой харагддаг. Гэрээний талууд өнөөдрийг хүртэл хийсэн гэрээ хэлцлээ хүчин төгөлдөр гэдгийг шүүхэд илэрхийлсэн байгааг шүүх анхаарч үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Батцэцэг нь хариуцагч А.Санжжав, Ц.Цэвээнжид нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-222в тоотод байрлах 700 м.кв газраас  178,4 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч С.Санжжав эс зөвшөөрч нэхэмжлэгчийн худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус тул шаардах эрхгүй гэж маргажээ. Хариуцагч Ц.Цэвээнжид “ ..,2002 онд өөрийн эзэмшил газраас 178,4 м.кв газрыг М.Батцэцэг, түүний нөхөр Ганхуяг нарт 250 000 төгрөгөөр зарсан боловч газар эзэмших эрхийг зохих ёсоор шилжүүлээгүй байсан. Санжжавд 700 мкв газраа 2004 онд зарахдаа дотор нь нэхэмжлэгчийн 178,4 м.кв газар багтсан байгааг салгаж өг гэж тухайн үед нь хэлж байсан” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ц.Цэвээнжид, Ч.Ганхуяг нарын хооронд байгуулагдсан 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тодорхойлжээ. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ба энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. Гэтэл өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй 12 жил өнгөрсөн байна.

 

Дээрх гэрээ байгуулагдсаны дараа буюу 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ц.Цэвээнжид, А.Санжжав нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-222 тоотод байрлах 700 м.кв газрыг А.Санжжавын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэн нь А.Санжжавын газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

Нэхэмжлэгч тал бүртгэлд үндэслэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2002 онд худалдан авч, 2004 онд гэрээг бичгээр нөхөж байгуулсан гэх боловч уг гэрээ хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Ц.Цэвээнжид, А.Санжжав нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хууль бус, гэрээний зүйл доголдолтой байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 100, 110 дугаар зүйлд зааснаар 178,4 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхийг зохицуулсан  зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээ нь хэрэгжээгүй, уг гэрээний зүйл нь бусдын өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэгч М.Батцэцэг нь гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлэхийг шаардах боломжгүй. Харин хохирол шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

Дээрх  үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06121 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “106 дугаар зүйлийн 106.2” гэснийг “110 дугаар зүйлийн 110.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

                   ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                  Ш.ОЮУНХАНД