Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0116

 

А д о б а з”

УТҮГ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн кадастрын хэлтэс, Гуравдагч этгээд “И” ХХК,

Нэхэмжлэгч: А д о б а з” УТҮГ,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: “И” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И” ХХК-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 839 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Э.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0503/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А д о б а з” УТҮГ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И” ХХК-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 839 дүгээр шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч А д о б а знаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.1. “И" ХХК-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахад Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь “И” ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NM-025274 дугаарт бүртгэж, өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт болон хуульд заасан холбогдох ажиллагааг хийсэн байна.

3.1.2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх өргөдлийн дотоод хяналтын хуудсанд тус талбай нь Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор авсан улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэж тэмдэглэгдсэн зүйлгүй байна. Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын засаг даргаас “татгалзах зүйлгүй” гэсэн саналыг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 98 тоот албан бичгээр ирүүлсэн байна.

3.1.3. Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.2.1. Анх 2003 онд авч, 2007 онд бусдад шилжсэн, хуулийн хүчин төгөлдөр хайгуулын талбайг судлалгүйгээр, зохих нөхөн олговоргүйгээр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Засгийн газар 2009 оны тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан нь хууль бус шийдвэр болсон.

3.2.2. Ийнхүү хуулийн дагуу хайгуулаар авсан газрыг ашиглалтын болгож өөрчилсөн шийдвэрийг анхан шатны шүүх тусгай хэрэгцээний газартай давхацсан гэж дүгнэх нь үндэслэлгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр болсон.

3.2.3. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хэрэгцээнд авсан талаар огт мэдэгдээгүй, мэдэгдсэн талаарх баримт байхгүй байтал “И” ХХК-ийг нөхөн олговор авах хүсэлтээ гаргаж байгаагүй гэж буруутгасан нь илэрхий үндэслэлгүй дүгнэлт болсон.

3.2.4. Нэгэнт тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргасан байгууллага тухайн үед тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй, нэг жилийн дотор нөхөн олговор олгоогүй байгаа нь Ашигт  малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу “И” ХХК үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд үүнд тусгай зөвшөөрөл эзэмшигчийг буруутгах үндэслэл байхгүй байна.

3.2.5. Гэтэл анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.2.6. Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалтайг хүлээн зөвшөөрч, ийнхүү давхцалтай байгаа нь “аливаа хүндрэл учруулахгүй, зөвхөн өвөл, хаврын улиралд мал оторлуулах зорилготой” гэж шийдвэрлэсэн байтал нэхэмжлэгч дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг зөрчиж буюу эсэргүүцэж, захиргааны шүүхэд “И” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.2.7. Гуравдагч этгээд “нэхэмжлэгчийг чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэж маргах үндэслэлгүй” талаар маргасан боловч энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй, үүнийг харгалзан үзээгүй.

3.2.8. 2009 онд тусгай хэрэгцээнд авснаас 10 жилийн дараа нэхэмжлэгч маргах нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснээр гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдсан.

3.2.9. “И” ХХК нийтдээ тэрбум гаруй төгрөгийг улсад төлсөн.

3.2.10. Захиргааны байгууллагын хоорондын уялдаагүй хууль бус үйл ажиллагаанаас болж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хууль ёсны итгэлийг зөрчиж, ийнхүү хохироож, үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4.1-д заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах шүүхийн эрхэм зорилгоо анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэн байна.

3.2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналаа.

2. Хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын газар 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрийг Засгийн газрын “Аймаг дундын отрын бүс нутаг тогтоох тухай” тогтоолын төслийн солбицлыг оруулж үзэхэд “И” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 4513 га талбай бүхэлдээ хамрагдаж байгаа” талаарх 7-884 дүгээр албан бичгийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. (1 дэх хавтсын 80 дахь тал)

2.2. Ашиг малтмалын газар “А д о б а з”-ны 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан Ашигт малтмалын газрын мэдээллийн санд оруулж, ашигт малтмалын чиглэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй байх”-аар гаргасан хүсэлтийг (1 дэх хавтсын 164 дэх тал) хүлээн авч, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлдээ бүртгэжээ. (1 дэх хавтсын 13 дахь тал)

2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг”, 26 дугаар зүйлийн 26.3.4-д “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх“-ээр заасан.

2.4. Хариуцагч төрийн захиргааны байгууллага Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тусгай хэрэгцээнд авсныг бүртгэсэн, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр тус сумын нутагт орших “У т” нэртэй 4509,44 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “И” ХХК-д давхцуулан олгосон нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

2.5. Тодруулбал, улсын тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй.

2.6. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасан.

2.7. “И” ХХК Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан холбогдох байгууллагад нөхөх олговор авахаар хүсэлт гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдсон.  

2.8. Энэ тохиолдолд гуравдагч этгээдэд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй“ гэж заасан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн гэж дүгнэх боломжгүй.

2.9. Тодруулбал, нөхөх олговор авах хүсэлтээ гаргаж, нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллагатай тохиролцсон, эсхүл тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн тогтоосон хугацаанд төрийн захиргааны байгууллага төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байна.

2.10. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

3. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь гуравдагч этгээд “И” ХХК-ийн “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан нөхөх олговор авах хүсэлт гаргах буюу Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу асуудлаа шийдвэрлүүлэх эрх”-ийг хязгаарлахгүйг дурдах зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР