Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00062

 

Г.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01517 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1980 дугаар магадлалтай       

            Г.Д-ын нэхэмжлэлтэй,

           “Монгол Солонгосын политехникийн коллеж” УТҮГ-т холбогдох

        Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Монгол-Солонгосын Политехникийн Коллежтэй хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, нягтлан бодогчийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. Гэтэл шинээр томилогдон ирсэн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбатын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/27 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр гэсэн шалтгаанаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Энэ нь миний өөрийн санаачилгаар гаргасан хүсэлт биш. Би жирэмсэн бөгөөд 9 сард төрөх хугацаатай үүнийг мэдэж байсан тул санаатайгаар ажлаас халсан гэж үзэж байна. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгсийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус сургуулийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Д- нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа өөрөө илэрхийлэн ажлаасаа чөлөөлөгдөж, эмчилгээтэй холбоотой тодорхой хэмжээний тэтгэмж олгох тухай хүсэлтийг сургуулийн захиргаанд бичгээр гаргасан тул дээрх байдлыг харгалзан үзээд өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн тус сургуулийн захиргааны зөвлөлөөс эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг нь харгалзан үзээд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгож шийдвэрлэсэн. Гэтэл Г.Д- нь өөрийн гаргасан хүсэлт биш байсан, төрөх хугацааг мэдэж санаатайгаар ажлаас халсан гэж огт үндэслэлгүйгээр шүүхэд хандаж, сургуулийн эрх ашигт ноцтойгоор халдсан байна. Иймд иргэн Г.Д-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01517 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Далайжаргалыг хариуцагч Монгол-Солонгосын Политехникийн Коллежийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.970.954 төгрөгийг хариуцагч Монгол-Солонгосын Политехникийн Коллежоос гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Монгол-Солонгосын Политехникийн Коллежоос 62.485 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1980 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

  Хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/01517 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1980 дугаар магадлал хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг дутуу буруу үнэлж, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн хяналтын шатны шүүхэд гомдлыг гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “... Дээрх ажилтны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтүүд хоорондоо зөрүүтэй байгаа болон тухайн үед хариуцагч байгууллагад бүтэц орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт болсон нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй бусдын дарамт шахалтын улмаас уг хүсэлтийг бичсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтан өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг ажил олгогчид хүлээлгэж өгснөөр ажил олгогч ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах учиртай. Гэтэл нэхэмжлэгч Г.Д-ын өөрийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзнэ.” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Г.Д- нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа өөрөө илэрхийлэн ажлаасаа чөлөөлөгдөж, эмчилгээтэй холбоотой тодорхой хэмжээний тэтгэмж олгож өгөх тухай хүсэлтийг 2 ч удаа бичгээр сургуулийн захиргаанд гаргасан тул дээрх байдлыг харгалзан үзээд өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн захирлын зөвлөлөөс эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг нь харгалзан үзээд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг өөрийнх нь цалингийн дансанд шилжүүлэн олгож шийдвэрлэсэн байхад өөрийнх нь хүсэл сонирхол биш гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Ажилтан өөрөө хүсэлт гаргаж ажлаасаа чөлөөлөгдөх санал хүсэлтийг бичгээр сургуулийн захиргаанд гаргаж байгааг сургуулийн захиргаанаас ямар нэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзах эрх зүйн ойлголт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай захиргаандаа гаргасан хүсэлт бүхий бичгийн нотлох баримтыг өөрийнх нь хүсэл сонирхол биш гэж буруу үнэлж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөр хэлбэл, ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ захиргаандаа гаргаж, ажил олгогч хүсэлтийг хүлээн авсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 39.1-д заасны дагуу ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл болж ажлаас чөлөөлнө гэж хуульчилсан. Үүний дагуу шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн энэхүү эрх зүйн үндэслэлгүй шийдвэрээс болж үүнтэй ижил төсөөтэй хөдөлмөрийн эрх зүйн маргаантай хэргийг буруу шийдвэрлэх жишиг практик тогтож байгаад хяналтын шатны шүүх дүгнэж үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Харин үнэхээр дарамт шахалтанд оруулсан, айлган сүрдүүлсэн бол ажилтан тухайн үед нь хууль хяналтын байгууллагад хандах эрх түүнд байсан атлаа цалингийн дансаар олгосон 3 сарын цалинтай тэнцэх буцалтгүй мөнгөн тусламжийн 1.682.055 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан байгаа нь ямар нэг дарамт шахалт болон өөрийнх нь хүсэл сонирхол биш гэж үзэх үндэслэл болохгүй юм. 3 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг биш өөрийн захиргаанд гаргасан хүсэлтийн дагуу 6 сарын цалинтай тэнцэх буцалтгүй мөнгөн тусламжийг хүлээн авах байсан тул шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа мэт ойлгогдож байна. Сургууль өөрийн цалингийн санд захирагдаж 3 сарын цалинтай тэнцэх буцалтгүй мөнгөн тусламжийг олгохоор захирлын зөвлөл шийдвэрлэсэн болно. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж нотлох баримтуудыг буруу үнэлж, дүгнэн хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/01517 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1980 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй.

Нэхэмжлэгч Г.Д- хариуцагч Монгол-Солонгосын политехникийн Коллежид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар шаардлага гаргасан байна. Тэрээр намайг жирэмсэн, 9 сард төрөх хугацаатай гэдгийг ажил олгогч мэдэж байсан, ажлаас халагдах тухай өргөдлийг өөрийн хүсэл зоригоор биш харин ажил олгогчийн дарамт шахалтын улмаас бичсэн өргөдлийг үндэслэж ажлаас халах тухай тушаал гарч эрх нь зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажилтан Г.Д- байгууллагад удаа дараа ажлаас чөлөөлөгдөх, эмчилгээний төлбөрт тэтгэмж хүсч өргөдөл гаргаж байсан, нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Д- Монгол-Солонгосын политехникийн коллежийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/155/15 дугаар тушаалаар нийгмийн түншлэл хариуцсан ажилтнаар, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/171 дугаар тушаалаар тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад, ажил олгогчийн  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлээр Г.Д-ыг тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, гэрээг цуцлах үед ажилтан жирэмсэн байсныг ажил олгогч мэдэж байсан байна.  

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталснаар Монгол-Солонгосын политехникийн коллеж ерөнхий нягтлан бодогч гэх нэг орон тоотой болж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монгол-Солонгосын политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс дээрх А/21 дугаар тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Д-д хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Д-ын байгууллагын захиргаанд бичсэн хүсэлтүүд хэрэгт авагдсан байх бөгөөд уг хүсэлтэд 3 сартай жирэмсэн биеийн байдлаас шалтгаалж ажил хийхэд хүндрэлтэй байгаа эмчилгээ хийлгэхээр явах тул ажлаас чөлөөлж, эмчилгээний төлбөрт дэмжлэг үзүүлж 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож өгнө үү гэх, мөн бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой бүтцийн өөрчлөлтөд орох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг харгалзан шийдвэрлэж ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 6 сараар олгож өгнө үү гэсэн агуулгатай байхаас гадна дээрх хүсэлтэд огноо тавигдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны хуулиар олгогдсон эрхийг нь хангах, мөн хууль болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй талаар, 100 дугаар зүйлийн 100.1-т ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглох бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцлах санаачилгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн зүгээс гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй гэх тайлбар үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Ажилтны ажлаас халагдах өргөдлөө ажил олгогчид хэзээ гаргасан, ажил олгогч өргөдлийг хүлээж авсан огноо, цаг хугацааг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх тухай дээрх хүсэлтүүдийн агуулга хоорондоо зөрүүтэй, түүнчлэн тухайн үед хариуцагч байгууллагад бүтэц орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт болсон нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Г.Д-ын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзнэ.

Иймээс ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтан өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлийг ажил олгогчид хүлээлгэж өгснөөр ажил олгогч ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг ажил олгогч зөрчсөн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Д-ыг хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллежийн нягтлан бодогчийн  албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.970.954 төгрөгийг хариуцагч Монгол Солонгосын политехникийн коллежоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01517 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1980 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Монгол-Солонгосын политехникийн коллежийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.480 /жаран хоёр мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН