| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/1667/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/166, 7/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Э.Мичидмаа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М,
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох 1839... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Э нь “Интер стандарт нефьт” ХХК-ны Хэнтий аймаг дахь салбар “Сод Монгол” шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын хугацаанд тус ШТС-аас шатахуун худалдан авах гэрээтэй аймгийн Нэгдсэн эмнэлэг, Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газрын шатахууны тооцоон дээр албан тушаалын байдлаа ашиглаж илүү бичилт хийж хувьдаа нийт 18,415,715 төгрөг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь “Интер стандарт нефьт” ХХК-ны Хэнтий аймаг дахь салбар “Сод Монгол” шатахуун түгээх станцад ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын хугацаанд тус ШТС-аас шатахуун худалдан авах гэрээтэй аймгийн Нэгдсэн эмнэлэг, Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газрын шатахууны тооцоон дээр илүү бичилт хийж хувьдаа нийт 18,415,715 төгрөг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.М ын: Би “Интер стандарт нефть” ХХК-д нягтлан бодогч ажилтай. 2018 оны 09 дүгээр сард манай компаний Хэнтий аймаг дахь салбар болох ШТС-70 буюу Сод Монгол шатахуун түгээх станцын 2018 оны 09 дүгээр сарын 7-8-ны өдрүүдийн нийт 2 хоногийн орлого байгууллагын дансанд огт ороогүй байсан уг шалтгаанаар би 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрөө Хэнтий аймагт шалгалтаар ирж ШТС-70-ын өдөр тутмын банкинд мөнгө тушаасан баримт болон борлуулалтын тайланг шалгаж үзэхэд 2018 оны 09 дүгээр сарын орлого болох 6.438.750 төгрөгийг байгууллагын дансанд тушаагаагүй байсан, энэ талаар салбарын эрхлэгч Д.Э аас ямар учиртай болох талаар асуухад би өөрөө аваад хэрэглэчихсэн юмаа манай дүү цалингийн зээл хөөцөлдөж байгаа тэгэхээр нь би аваад маргааш хийчихье гэж хэлж байсан. Тэгээд би акт үйлдэж дутсан 6.438.750 төгрөгийн төлбөрийг Д.Э дээр бичиж, Д.Эийг Туяацэцэгт ажлаа хүлээлгэж өг гэж хэлээд Улаанбаатар хотруу буцсан. Маргааш нь Д.Э тухайн мөнгийг байгууллагын данс руу буцааж хийсэн байсан. Тэрний дараа 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр сарын сүүлийн тооллого хийхээр бас Д.Эийн ажилдаа хайнга хандсан байгууллагын орлогоос хувьдаа ашигласан зөрчил гаргасан гээд ажлыг нь хүлээлцүүлэхээр Хэнтий аймагт ирсэн. ШТС-70-ын эд хөрөнгө болон шатахууныг хэмжиж үзээд хэмжээгээр нь Туяацэцэгт хүлээлгэж өгсөн. ... ШТС-70-ын 2018 оны 09 дүгээр сарын тооцоог тулгаж бодолт хийх үед манай колонкоос бензин авдаг Аймгийн Засаг даргын тамгын газар болон Нэгдсэн эмнэлэгийн 9 дүгээр сарын шатахууны тооцоо өмнөх саруудын тооцооноос хэт өндөр гарсан байсан тэгээд энэ байдлыг тодруулахаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Хэнтий аймагт ирж эрхлэгч байсан Д.Эийг дуудаж 2018 оны 09 дүгээр сарын өөрийнх нь хийж өгсөн борлуулалтын тайланг гарагж үзүүлэн аймгийн Засаг даргын тамгын газар болон Нэгдсэн эмнэлэг ийм их дүнгээр шатахуун авсан юмуу гэхэд Д.Э тиймээ наад тайлан дээр байгаа дүнгээр чинь авсан, аймгийн Засаг даргын тамгын газрын нэр дээр Онцгой байдлын газар хадлан бэлтгэх ажлын шатахууны тооцоо нэмэгдсэн гэж хэлж тайлбарлаж байсан тэгэхээр нь Д.Эийг дагуулж яваад аймгийн Засаг даргын тамгын газар болон Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газруудаар явж 9 дүгээр сард гарсан шатахууны тооцоог үзүүлэхэд манайх ийм хэмжээний шатахуун аваагүй гэсэн хариунууд өгч байсан. Тэгэхээр тухайн 3 байгууллагатай 2018 оны 01 сараас эхлээд тооцоо нийлж үзэхээр болж эхлээд Нэгдсэн эмнэлэгтэй тооцоо нийлж тулгалт хийж үзсэн тухайн үед Нэгдсэн эмнэлэгийн нярав болох Ураннавч гэдэг хүн манай ШТС-70 дээр баримтуудаа авчирч тооцоо нийлсэн харин манайхаас Д.Э өөрийнхөө компьютер дээр эксел файл хэлбэрээр хийсэн тайлангаасаа тулгаж шалгалт хийж үзсэн. Нэгдсэн эмнэлэгэтэй тооцоо нийлэх үед 2018 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаааны шатахууны тооцоог нийлж үзэхэд нийт 3.518.010 төгрөгний зөрүү гарсан үүнээс 674.240 төгрөгний шатахууныг нэгдсэн эмнэлгийн дарга Мэндбаяр нь хувдаа авсаныг нэгдсэн эмнэлгийн тооцоон дээр нэмж бичсэн байсан, тухайн үед Д.Э нь Мэндбаяр даргыг хувьдаа зээлээр авсан мөнгийг нь аваагүй байгаа юм, тэгэхээр нь эмнэлэгийн тооцоон дээр биччихсэн байгаа юм гэж хэлж байсан, тэгээд эмнэлэгийн зөрүү яг 2.843.770 төгрөг болж байсан. Тэгээд аймгийн засаг даргын тамгын газартай 2018 оны 01 сараас хойш 09 сарын 28-ны өдөр хүртэлх баримтуудыг нь үзэж тулгаж үзэхэд аймгийн засаг даргын тамгын газар дээр 2018 оны 01 сараас 07 сарыг дуустал хугацаанд ямар нэг зөрүү гараагүй харин 2018 оны 08 дугаар сар болон 09 дүгээр сарын тооцоон дээр 20.045.818 төгрөгийн их хэмжээний зөрүү гарсан, энэ байдлыг Д.Эаас тодруулахад 2018 оны 8, 9 дүгээр саруудад аймгийн Онцгой байдлын газар манайхаас шатахуун авсаныг аймгийн засаг даргын тамгын газартай нийлүүлээд биччихсэн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь Онцгой байдлын газрын дарга Чанцалтай тооцоо нийлж бодолт хийх үед Онцгой байдлын газар нь 2018 оны 8, 9 дүгээр саруудад 6,476,522 төгрөгний шатахуун ШТС-70-аас авсан байсан, тэгээд нөгөө зөрүү 20,045,818 төгрөгөөс Онцгой байдлын газрын авсан гэх 6,476,522 төгрөгийг хасахаар зөрүү 13,569,296 төгрөг гарч байсан тэгээд Д.Эаас тухайн мөнгөний зөрүүг асуухад аймгийн нөөцийн газар өвс бэлтгэх зориулалтаар авсан гэж тайлбарласан, тэгэхээр нь би Д.Э-аас яг аль ямар байгууллага авсан, хэн гэдэг хүнтэй холбогдож энэ талаар асуух талаар тодруулахад аймгийн нөөцийн өвс бэлтгэх зориулалтаар авсан шатахуун байгаа юм гээд ер олигтой тодорхой зүйл хэлэхгүй байсан тэгээд төрийн сангийн нэг хүнтэй уулзаж мэднэ гээд тухайн үед нэг нэр хэлж байсан тэр нэрийг нь одоо сайн санахгүй байна тэгээд тэр төрийн сангийн хүний дугаар гээд нэг утасны дугаар өгч байсан тэгээд тэр утас руу нь залгаад огт хариу өгөхгүй авахгүй байсан. Маргааш нь би аймгийн засаг даргын тамгын газрын хойд талын байранд байрлах төрийн сан дээр очиход нөгөө Д.Эийн хэлээд байгаа хүн огт ажилладаггүй байсан, тэгээд Д.Эийн надад өгсөн төрийн сангийн ажилтны дугаарыг Туяацэцэгт үзүүлтэл наад дугаар чинь Д.Эийн өөрийнх нь өөр нэг дугаар нь байна гэж хэлсэн, тэгээд л ерөнхийдөө бүх юм ойлгомжтой болсон. Тэр үйл явдлын дараа би Улаанбаатар хотод очиж нэгдсэн эмнэлгийн тооцоог 2018 оны 01 сараас эхлэн 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл тулгаж бодолт хийн шалгаж үзэхэд 4,847,719 төгрөгний зөрүү гарч байсан, харин бусад зөрүү буюу нөгөө 13,569,296 төгрөгний зөрүү хэвээрээ таарч байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 12-23 хуудас/
2. Гэрч М.Туяацэцэгийн: ... 2018 оны 09 дүгээр сарын 15-нд “Сод Монгол” ХХК-нд гэнэтийн тооллого хийгдээд 4,652,00/ дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөг дутсан юм. Тэгээд яагаад мөнгө дутсан талаар тодруулахад манай компанийн шатахуун түгээх станц-70 эрхлэгч ажилтай Д.Э нь орлогоосоо бэлнээр авч дүүгийнхээ төлбөрт хийх гэж авснаа хэлсэн юм. Тэгээд шалгагч нар яаралтай төлж барагдуулах талаар шаардлага тавиад явсан. Д.Э маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 16-нд авсан мөнгөө эргүүлж төлж барагдуулсан юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 21, 22-нд гэрээт аж ахуй нэгж байгууллагуудтайгаа тооцоо нийлж тооллого хийхэд программ дээр 13,083,000 /арван гурван сая наян гурван мянга/ төгрөгийн шатахуун авсан гэж дутагдал гарсан. Тэгээд үүнийг нягтлан шалгахад Онцгой байдлын газрын шатахууны тооцоон дээр 1380 литр шатахуун борлуулсан гэж хуурамч тайлан гаргаж мөнгийг нь завшсан байсан. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын шатахууны тооцоон дээр мөн адил аргаар мөнгө завшсан байсан. Би компанийхаа программ дээр шилжүүлсэн мөнгөн гүйлгээг гаргаж авахад нийт дүнгээрээ 13,083,000/ арван гурван сая наян гурван мянга/ төгрөгийн шатахуун борлуулсан мэтээр хий шивэлт хийж мөнгийг нь гаргаж авсан байсан. Д.Э нь “Сод Монгол” компаний шатахуун түгээх станцынхаа орлого зарлагыг гэрээт аж ахуй нэгжүүдтэйгээ тооцоо нийлэх эрх байдаг юм. Тэгээд өөрийнхөө кодоор нэвтэрч хуурамчаар борлуулалт хийсэн гэж шивилт хийгээд мөнгө гаргаж авсан байсан. Борлуулсан шатахууныхаа мөнгийг засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн чинь манайх тийм шатахуун аваагүй гэж баримт болон гүйлгээгээ харуулсан. Тэгээд энэ асуудлыг Д.Э үйлдсэнийг мэдээд асуухад өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны шатахууны тооцоон дээр 4,877,469 /дөрвөн сая найман зуун далан долоон мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийн шатахуун борлуулсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж тайланг хийсэн байсан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 24-25 хуудас/
3. Гэрч Б.Ураннавчийн: ... Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2016 оны 05 дугаар сарын 01-нээс хойш няраваар ажиллаж байна. Манай эмнэлэг “Сод Монгол” ХХК-тай шатахууны гэрээтэй юм. 2018 оны 10 дугаар сард “Сод Монгол” ХХК-ны төв офиссын нягтлан Мянганбаяр гэх залуу над руу яриад Улаанбаатар хотоос ирсэн нягтлан байна. Та ирж уулзаач гэсний дагуу “Сод Монгол” ХХК-ны шатахуун түгээх станц дээр очиж уулзсан, тэгэхэд танай эмнэлэг дээр зөрүү гараад байна гэж хэлсэн тэгэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш 09 дүгээр сарын 28-ныг дуустал тооцоогоо шүүж тулсан. Тэгэхэд 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 28-ний хоорондох тооцооноос 313,140 /гурван зуун арван гурван мянга нэг зуун дөчин/ төгрөгийн, 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-ний хоорондох тооцооноос 150,900 /нэг зуун тавин мянга есөн зуун/ төгрөгийн, 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 30-ны хоорондох тооцооноос 3,326,900 /гурван сая гурван зуун хорин зургаан мянга есөн зуу/ төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний хоорондох тооцооноос 189,000 /нэг зуун наян есөн мянга/ төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 05-наас 06 дугаар сарын 24-ний хоорондох тооцооноос 296,430 /хоёр зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 29-ныг хоорондох тооцооноос 147,120 /нэг зуун дөчин долоон мянга хоёр зуун/ төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 30–наас 08 дугаар сарын 27-ныг хоорондох тооцооноос 366,280 /гурван зуун жаран зургаан мянга хоёр зуун наян/ төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 28-ыг хоорондох тооцооноос 1,054,000 /нэг сая тавин дөрвөн мянган/ төгрөгийн зөрүү гарсан. Тэгээд яагаад зөрүү гарсныг “Сод Монгол” шатахуун түгээх станцын эрхлэгч Д.Э аас асууж тодруулахад илүү бичилт хийгдсэн байна би энэ мөнгөний зөрүү гарсан асуудлыг шалгуулна гэж тухайн үед хэлсэн. Манай эмнэлгийн шатахууны тооцоон дээр 2,843,770 /хоёр сая найман зуун дөчин гурван мянга долоон зуун далан/ төгрөгийг нэмж илүү бичилт хийгдсэн байсан. Мөн манай эмнэлгийн дарга Мэндбаяр хувиараа “Сод Монгол” шатахуун түгээх станцаас 301 литр түлш авсан байсныг манай эмнэлгийн тооцоон дээр нэмж нэхэмжилсэн байсан. Тэгээд учрыг даргаас лавлахад тэр түлшийг хувиараа авсан тооцоог нь хийсэн гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 26-27 хуудас/
4. Гэрч Д.Тэгшжаргалын: ... Би 2016 оноос 2019 оны 02 сар хүртэл Сод Монгол шатахуун түгээх станцад ажиллаж байна. 2018 оны 09 дүгээр сард ШТС-70 дээр ээлжийн ахлагчийн ажилтай байсан. 2018 оны 09 дүгээр сард ШТС-70 колонкын санхүүгийн тооцоон дээр их хэмжээний зөрүү гарсан гээд төвөөс шалгалт ирсэн тэгээд тухайн үед манай санхүүгийн тайлан тооцоог тулгаж үзэхэд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буюу миний ээлжинд гарч байсан өдөр манай эрхлэгч Д.Э нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нэр дээр 1370 литр дизель түлш, 490 литр А80 бензинийг авсан гэж “Интер стандарт нефть” буюу төв салбар руу явуулсан тооцоон дээр бичсэн байсан, тухайн өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Онцгой байдлын газраас тийм хэмжээний шатахуун огт аваагүй би ээлжинд гарч байсан болохоор энэ талаар сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг./Хх-ийн 35-36 хуудас/
Хохирогч А.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 9 дүгээр сард тайлан аваад харахад 9 сарын мөнгө дутуу орж ирээд байхаар нь ахлах нягтланд хэлээд асуудал үүсээд байх шиг байна. Хэнтий аймаг явж шалгаж ирье гээд Улаанбаатар хотоос энд шалгалтаар ирсэн. Тухайн үед 3 өдрийн орлого 5 000 000 төгрөг огт тушаагаагүй хувьдаа авсан байсан нь илэрсэн. Би акт бичээд Д.Э аар гарын үсэг зуруулахад би маргааш төлчихнө гэсэн. Би төв салбар руу хэлэхэд намайг Улаанбаатар хотруу буц гээд би буцахдаа салбарын менежер М.Туяацэцэгт ажлыг нь хүлээж аваарай үүрэг хүлээлгээд буцсан. Ажлыг нь аваагүй байсан. Д.Э тушаал шийдвэр гараагүй бол өгөхгүй гээд өгөөгүй байгаа юм. Маргааш нь Д.Э нөгөө мөнгөө дансруу хийчихлээ гээд ярьсан шалгахад дансанд орж ирсэн байсан. 9 дүгээр сард манай санхүү хариуцсан захирал тооллого хийгээд ажлаас нь чөлөөлөөд явсан. Тайлангуудыг нь шалгаж үзэхэд намайг явсны маргааш нөгөөдрөөс нь Засаг даргын тамгын газар, Нэгдсэн эмнэлэгээс өндөр хэмжээний шатахуун авсан байхаар нь тухайн байгууллагтай тооцоо нийлэхээр би 10 дугаар сард ирээд тооцоо нийлэхэд манайх шатахуун аваагүй гэсэн. Нэгдсэн эмнэлэг, Засаг даргын тамгын газар бэлэн мөнгөөр биш нягтлангийн гарын үсгийн бичгээр шатахуун авдаг байсан. Д.Э хий бичилт хийгээд тайлан дээрээ өсгөж тавиад өөрөө авсан байсан. Байгууллагын хохирол 18 415 715 / арван найман сая дөрвөн зуун арван таван мянга долоон зуун арван таван/ төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Интер стандарт нефт ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар “Сод Монгол” шатахуун түгээх станц-д эрхлэгчээр ажиллаж байсан Д.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 18 415 715 / арван найман сая дөрвөн зуун арван таван мянга долоон зуун арван таван/ төгрөгийн хохирол учруулсан. ... 2018 оны 09 дүгээр сард тооцоо хийхэд нийт 18 415 715 төгрөгийн дутагдал гаргасан. Уг мөнгийг Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ болон ажилчидад өгсөн тайлбар дээрээ 2, 3 янзаар тайлбарласан байдаг. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэнийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, компанийн хохирлыг шүүгдэгч Д.Э аас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Сод Монгол компанид 2016 оны 6 дугаар сард орсон. Анх ахлах түгээгчээр ороод сургалтад хамрагдаж ахлах түгээгчээр 2-3 сар ажилласан. Тухайн үед Улаанбаатар хотоос менежер ирдэг байж байгаад би тооцоог нь сураад программ дээр яаж ажиллахыг заалгаж байсан. Ирсэн менежерүүд нь 3 сар болоод яваад дараагийн менежер ирдэг байсан. Намайг эрхлэгчээр томилсон гэж хэлж байгаагүй. Надад тушаал гаргаж өгч байгаагүй. 2017 онд Улаанбаатар хотруу явах замд байдаг Сод Монгол ШТС-д ажиллаж байхад эрхлэгч нь ажилаасаа гараад аймгийн төв дээр байдаг Сод Монгол ШТС-д ирж ажилласан. 2018 оны 9 дүгээр сарын 27-нд ажилаасаа гарсан. Би 13.083.000 төгрөгийг хүнд хадлангийн мөнгө гэж өгөөд авч чадахгүй байгаа. А.М ирээд Засаг даргын тамгын газрын няравтай тооцоо нийлээд яг таг болгоод, Онцгой байдлын газрын даргатай тооцоо нийлээд яг таг болгоод явсан юм. Би А.М ын хажууд байж байгаад илүү өгөх гэж байхад нь эргэж очиж тааруулж байсан юм. А.М явах болоод би эмнэлэг дээр ирж эмнэлгийн дарга бид хоёр 2 шөнө тооцоо нийлээд 2018 оны 1 дүгээр сараас эхлээд шүүхэд 1 өдрийн 40 литр түлшний мөнгө илүү байна гээд за яахав ээлжийн ахлах, түгээгч нар нь байгаа юм чинь гээд шүүгээд дэвтэр дээрээ тэмдэглээд, мөн 2 сар дээр 40 литр түлш гэж дутсаар байгаад 2.000.000 /хоёр сая/ гаруй гарсан юм. Тэнд байсан Лхагважавыг шөнө дуудаж асуухаар аль 2 сарынх болохоор миний дэвтэр дээр байгаа гээд тэрийг нь тулгахгүй тэр чигээрээ яваад, Тэгшжаргалын 2 өдрийн гараа Лхагважавынх зэрэг дэвтэрүүдийг нь бүгдийг нь аваад шүүе гэж байгаад тооцоо нийлсэн юм байх гэж бодоод дуудахаар нь очно гэж бодож байтал шүүх дээр ирсэн байсан. Л.Мэндбаяр дарга надад тэр мөнгийг өгөөгүй. Тунгалагтуулд өгсөн гэсэн би тэр үед ажилаасаа гарсан байсан. Алдаа дутагдал гаргасан нь үнэн. Намайг уучлаарай. Би Интер стандарт нефт ХХК–г хохиролгүй болгоно.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Э ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Д.Э ид Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэсэн боловч хэрэгт Д.Э ийг томилсон тушаал, ирц, цалингийн хавтгайгаас өөр баримт байхгүй, өөрөөр хэлвэл хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт зэрэг авагдаагүй нь албан тушаалын байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд хангалтгүй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э хохирлын дүн зөрүүтэй, сүүлийн сарын цалин, барьцаа мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж авах байсан хохирлоос суутгуулмаар байна гэсэн. Тайлан дээр эксель программ дээр хөл дүнг томъёоноос гадуур зөрүүлж худал дүн бичсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан си ди дээрх тайлангийн файлаас үзэхэд тодорхой болсон тул хохирлын дүн зөрүүгүй гэж шүүх үзсэн болно. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаан дээр Д.Э ийн барьцаа мөнгө, сүүлийн сарын цалинг бодож хохирлоос суутгах боломжтой, ажилгүйдлийн тэтгэмжийн талаар хүний нөөцийн хүмүүстэйгээ ярилцаж шийдэх талаар санал хэлснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Д.Э ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр 2 дахь хэсгийн зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр 1 дэх хэсэг болгон өөрчилж түүнийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Э ид оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Э аас 18.415.715 /арван найман сая дөрвөн зуун арван таван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг гаргуулж, “Интер стандарт нефьт” ХХК-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 6 сарын дотор энэ тогтоолын 5 дахь хэсэгт заасан хохирлыг төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Э ид үүрэг болгосугай.
7. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 лэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э ид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА